Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/57

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал,

Шүүгдэгч Х.С, Н.Т, тэдгээрийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Т, Г.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Х.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2134000000371 дугаартай, 2 хавтаст хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, Х.С, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны 1120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, НМ регистрийн дугаартай,

2.Монгол улсын иргэн, Н.Т, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, эмээ, дүүгийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

Нийслэлийн Багануур дүүргийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай,

3.Монгол улсын иргэн, Г.Б, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эх, эгч, дүү нарын хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б, Н.Т нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Х.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Г.Б, Х.С, Н.Т нар нь бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын Загдал 3 дугаар багийн нутаг "Загдалын бригад" гэх газраас НҮБ-ийн 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис"-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, мөн 5407 УНУ улсын дугаартай "Hyundai Tuscani" маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан,  

шүүгдэгч Х.С нь 2021 оны 8 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 15 дугаар байрны зүүн талын автомашины зогсоолд байсан хохирогч М.Эын эзэмшлийн 3416 УАА улсын дугаартай "Марк-2" маркийн автомашины 2 ширхэг "Т37 загварын цагаан обуд, 225/45/17 хэмжээтэй" өвлийн дугуйг  хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2134000000371 дугаартай хэрэгт авагдсан

 

            Шүүгдэгч Г.Бын өгсөн: “Би 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд манай найз Сын эмээгийн төмсийг хураахаар ирсэн. Тэгээд тэдний пойлонд Каннабис ургамал ургаж байсан. Манай 2 найз хараад шууд таньсан. Тэгээд явахдаа авч явахаар болсон. Ингээд 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот буцах болоод 18-19 цагийн орчим пойлон дотроос түүж аваад найзын машинтай Улаанбаатар явж байгаад Борнуур сумын цагдаа нарт баригдаж Борнуур сумын Цагдаагийн хэсэг дээр ирсэн. Би найз Т, С нарын хамт Төв аймаг Жаргалант сумын Загдал сангийн аж ахуй гэх газар ногооны пойлноос түүж бэлтгэсэн. Би энэ ургамлын талаар мэдэхгүй байж байгаад 2 найзыгаа дагаад 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр буюу өчигдөр хэд хэдэн удаа хэрэглэж үзсэн. Би энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Тухайн тээврийн хэрэгсэл манай найз Сын нэр дээр байдаг. Тэр тээврийн хэрэгслийг манай найз Т жолоодож явсан. Бид нар 1 шуудайны тал, 1 тор, 1 жижиг тороор түүж бэлтгэсэн. Бид гурав хэрэглэх зорилгоор түүж бэлтгэсэн. Би хуулийн хариуцлага хүлээхэд татгалзах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 25-26, 184/,

           Шүүгдэгч  Х.Сын өгсөн: “Би 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд байх эмээгийн төмсийг хураахаар Улаанбаатар хотоос гарсан. Ингээд 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр буцах болсон. Тэгээд буцахдаа пойлонд ургаж байсан Каннабис ургамлыг Т, Б найзуудын хамт түүхээр болоод 1 шуудайны тал, 1 цагаан тор, 1 жижиг уутанд түүж аваад Улаанбаатар хот руу явж байгаад Борнуур сумын цагдаа нарт баригдаад Борнуур сумын цагдаагийн хэсэгт хүргэгдэж ирсэн. Би найз Т, Б нарын хамт Төв аймгийн Жаргалант сумын Загдал сангийн аж ахуй гэх газар ногооны пойлон дундаас түүж бэлтгэсэн. Би 2020 оны 8 дугаар сарын сүүлээр цэргийн албанд ногоо хураалтын ажлаар явж байхдаа энэ зүйлийг хараад таньж, хэрэглэдэг болсон. Тэр тээврийн хэрэгслийг манай найз Т жолоодож явсан. Бид нар 1 шуудайны тал, 1 тор, 1 жижиг тороор түүж бэлтгэсэн. Бид гурав хэрэглэх зорилгоор түүж бэлтгэсэн. Би хуулийн хариуцлага хүлээхэд татгалзах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 29-30, 176/,

            Би 2021 оны 8 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 шарын автобусны буудал дээр байж байгаад 02 цагийн үед Tэcоoгын урд талын чулуун замаар өөрийн эзэмшлийн 05-50 УАВ улсын дугаартай “Чезер” маркийн машинтай явж байгаад баруун гар талд 5 давхар цагаан байрны зүүн талд замын хажуу талын шороон зогсоол дээр байсан саарал өнгийн марк 2 маркийн автомашины жолооч талын 2 ширхэг обудтай дугуйг тайлж аваад өөрийн машины урд талд тавиад маргааш нь 54-07 УНУ улсын дугаартай "Hyundai Tuscani" маркийн машинаар өөрийн машиныг сольсон. Тэгээд хэд хоногийн дараа машин сольсон залуу над руу залгаад Сонгинохайрхан дүүрэг дээр хүрээд ир гэхээр нь ирсэн чинь хулгайн обудтай машин сольсон байна гэж хэлээд буцаагаад машинаа авчихсан. Би тухайн үед анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохоор айсандаа мэдүүлэг өгсөн. Хамаатны ах Тэмүүлэнтэй өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Би тухайн машиныг хажууд нь очиж зогсоод өөрийн машинаас данхраат гаргаж ирээд өргөж байгаад өөрт байсан дугуйн дорцовоор тайлж авсан. Би тухайн үед ганцаараа явж байсан хэн нэгэн хүнтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн асуудал байхгүй.  Би машиныхаа урд талын 2 дугуйг хагалчихсан байсан бөгөөд тухайн үед замаар явж байхад гоё харагдаад байхаар нь тайлаад авчихсан. Би Төв аймгийн Борнуур суманд каннабисын төрлийн ургамал тээвэрлэж явсан гэх хэргээр шалгагдаж байгаа.” гэх мэдүүлэг /хх 221-222/,

            Шүүгдэгч Н.Тийн өгсөн: “Би 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд манай найз болох Сын төмсийг хураах зорилгоор ирсэн. Тэгээд ажлаа хийж байхад пойлонд Каннабис гэх ургамал ургасан байсан. Тэгээд манай ар гэрээс өөр ажилд явах гээд дуудсан. Ингээд явахдаа нөгөө ургасан байсан Каннабис ургамлыг 1 шуудайны тал, 1 цагаан тор бас нэг жижиг торонд түүж авсан. Түүнийгээ аваад найзын "Hyundai Tuscani" маркийн 54-07 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад явж байхдаа Төв аймаг Борнуур сумын нутагт цагдаад баригдан цагдаагийн хэсэгт ирсэн. Би найз С, Б нарын хамт Төв аймаг Жаргалант сумын Загдал сангийн аж ахуй гэх газар ногооны пойлноос түүж бэлтгэсэн. Би 2020 оны намар ажил хийж байхдаа таньж хэрэглэдэг болсон. Бид нар 1 шуудайны тал, 1 тор, 1 жижиг тороор түүж бэлтгэсэн. Бид гурав хэрэглэх зорилгоор түүж бэлтгэсэн. Би хуулийн хариуцлага хүлээхэд татгалзах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг / хх 31-32, 166/,

             Хохирогч М.Эын өгсөн: “Би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 15-12 тоотод оршин суудаг бөгөөд 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр манай эхнэр С миний эзэмшлийн 3416 УАА улсын дугаартай марк2 маркийн автомашиныг унаж явж байгаад орой 20 цаг өнгөрч байхад байрны зүүн талын шороон зогсоол дээр байршуулсан. Тэгээд маргааш өглөө нь би ажилдаа явчихсан байтал эхнэр залгаад 2 дугуй алга болсон байна гэхээр нь цагдаад мэдэгдсэн. Миний хулгайд алдсан гэх обуд нь Т37 загварын цагаан обуд байсан, дугуй нь 225/45/17 хэмжээтэй өвлийн дугуй байсан. Би 4 ширхэг обудыг 2 жилийн өмнө 800 000 төгрөгөөр худалдаж авч байсан одоо 2 ширхэг обудыг 400 000 төгрөгөөр үнэлж байна. Харин 2 ширхэг дугуйгаа 100 000 төгрөгөөр үнэлнэ. Миний машин байсан газрын ойр орчим хяналтын камер байхгүй.” гэх мэдүүлэг /хх 202-203/,

           Гэрч М.Сгийн өгсөн: “2 жилийн өмнө манай нөхөр Э нь 3416 УАА улсын дугаартай “Марк-2” саарал өнгийн машин худалдаж авсан. 4 ширхэг цагаан өнгийн обуд, дугуйтай. Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо 15-р байрны хойд талын зогсоолд машинаа байрлуулдаг бөгөөд хамгийн сүүлд 2021 оны 8 дугаар сарын 21-ний орой 22 цагт машинаа байрлуулаад дахин асаагаагүй. Цонхоор харахад бид нарын харагдах хэсэгт буюу машины зүүн талын хоёр дугуй нь хэвийн байсан. Өчигдөр буюу 2021 оны 8 дугаар сарын 24-ний 16 цагийн орчимд манай дүү гэрт ирэхдээ бид нарын харагдахгүй байсан талын дугуй алдагдсан талаар хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх 206/,

           Гэрч Ш.Пын өгсөн: “Миний эзэмшилд 5407 УНУ улсын дугаартай "Hyundai Tuscani" маркийн тээврийн хэрэгсэл байсан уг тээврийн хэрэгслээ хэн гэж хүнээс авснаа мэдэхгүй Фэйсбүүкээр чатлаад Налайх дүүрэгт уулзаад “Марк-2” маркийн тээврийн хэрэгслээр сольж байсан. Гэрчилгээн дээр бас өөр хүний нэр байсан. Өөрийн нэр дээрээ шилжүүлж аваагүй байсан. 7 хоногийн дараа С гэх хүнд “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгслээр сольсон. Би тухайн үед тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт өгсөн. Харин 5407 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь одоо Сын эзэмшилд байдаг боловч гэрчилгээ нь өөр хүний нэр дээр байгаа байх. Ямар ч байсан миний нэр дээр болон эзэмшилд байдаггүй.” гэх мэдүүлэг /хх 36, 209-210/, 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 4033 дугаартай дүгнэлт: "1.Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн нойтон өвс ургамал мэт зүйл шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн 38,9 гр цэвэр жинтэй ногоон өнгийн нойтон өвс ургамал мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол  /delta-9 tetrahydrocannabinol/ илрэв. 3.Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ийн 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенцын жагсаалтад багтдаг. 4.Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамал болон түүний түүхий эдийг хэрэглэсэн тохиолдолд тухайн хүний бие физиологиос шалтгаалан тархи, төв мэдрэлийн болон амьсгал, зүрх судасны системд нөлөөлж хөөрлийн байдалтай зан үйл, ухаан санаа, өөрийгөө үнэлэх, орчин, цаг хугацааны мэдрэмж, хоолны дуршил буурах гэх мэт өөрчлөлт өгнө.” гэх /хх 43/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 44/,  

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 4032 дугаартай дүгнэлтэд: 1.Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг шээсний хэмжээ хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ. 2.“ Х.С 2021.09.01”, Г.Б 2021.09.01”, " Н.Т 2021.09.01” гэж тус тус хянасан шээс тус бүрд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. 3.Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ийн 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг.” гэх /хх 48/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 49-50/,

           2134000000371 дугаартай хэрэгт хатаж, муудаж жингээ алдах боломжтой нойтон ногоон өнгийн шуудайны талаас доогуур хэсэгт байх ногоон өнгийн ургамал, ногоон өнгийн бичигтэй өнгөгүй жижиг ууттай ногоон өнгийн ургамал, шар өнгийн логотой цагаан өнгийн ууттай ногоон өнгийн ургамал нийт 3 хэсэг нойтон ургамлыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх 145/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 146/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үнэлгээний тайлан: “54-07 УНУ улсын дугаартай "Hyundai Tuscani" маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 811 500 төгрөг болно.” гэжээ /хх 148-159/, хэргийн газар үзлэг  хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-4, 7-8/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-9-16, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 192-195/,  ТЗ7 загварын 6 салаа цагаан өнгийн обудын нэг бүрийг 200 000 төгрөгөөр үнэлж нийт 400 000 төгрөг, 225/4/17-ийн хэмжээтэй өвлийн дугуй нэг бүрийг 50 000 төгрөгөөр үнэлж нийт 100 000 төгрөгөөр үнэлсэн "ТЭНЦВЭР ЭСТИМЭЙТ" ХХК-ний үнэлгээний тайлан /хх 225-226/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргалдаж мэтгэлцээгүй болно.

 

Улсын яллагчийн шүүгдэгч Н.Т, Г.Б нарыг бүлэглэн, хориглосон мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Х.Сыг бүлэглэн, хориглосон мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлтийг хүлээн авч,

 шүүгдэгч Н.Т, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Х.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Т, Х.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 1 жил 6 сар хорих ялаар, шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сар хорих ялаар, шүүгдэгч Х.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ст оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 7 сар хорих ялаар тогтоох санал гаргаж,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Баасанжаргал, М.Өлзийцэцэг нар шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх санал гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Х.С нь 2000 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 16 дугаар гудамжны 262-в тоотод оршин суудаг, урьд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхээр 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан /хх 58, 123-124/,

Н.Т нь 1999 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан хотод төрсөн, 22 настай, ам бүл 5, эцэг, эх, эмээ, дүүгийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо 14 дүгээр гудамжны 208 тоотод оршин суудаг, урьд Нийслэлийн Багануур дүүргийн шүүхээр 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан /хх 56, 60-82/,

Г.Б нь 1999 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, ам бүл 7, эх, эгч, дүү нарын хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 45-11 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаархи ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 57/ шийтгэх тогтоолын хуулбар авагджээ.

 

Шүүгдэгч Г.Б, Н.Т нарыг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг, шүүгдэгч Х.Сыг эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Г.Б, Н.Т нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг, шүүгдэгч Х.Сын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хорих ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгч нар нь 21-22 насны, тогтвортой гэр бүлд хүмүүжсэн, оршин суух тодорхой хаягтай, сурч боловсрох насандаа байгаа, цаашид засарч хүмүүжих боломж олгон шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

   Шүүгдэгч нар нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт оршин суудаг байх тул  шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг оршин суух нутаг дэвсгэрийн харъяалалаар тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

            

Шүүгдэгч Х.С нь хохирогч М.Эын авто машины 2 ширхэг дугуйг хулгайлж биет байдлаар буцаан өгсөн болох нь хавтаст хэргийн 237-р хуудсанд авагдсан ТЗ7 загварын 2 ширхэг цагаан өнгийн обудыг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Б, Н.Т, Х.С нар нь бусдад төлөх төлбөргүй байна.   

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг, шүүгдэгч Х.Сын үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгө түүний үнэ, ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан  техник, хэрэгслийг ойлгоно, мөн зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ...зэвсэг, зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байгаа бол хураахаар зохицуулсан тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Х.Сын 811 500 төгрөгийн үнэ бүхий 5407 УНУ улсын дугаартай "Hyundai Tuscani" маркийн тээврийн хэрэгслийг төсөвт оруулахаар шийдвэрлэв. 

 

   Эрүүгийн 2134000000371 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 хэсэг ууттай ургамлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлж, 5407 УНУ улсын дугаартай "Hyundai Tuscani" маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 49 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж,

шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

            Шүүгдэгч Х.Ст холбогдох эрүүгийн 2108020551453 дугаартай хэргийг Н.Т, Ш.Б, Х.С нарт холбогдох эрүүгийн 2134000000371 дугаартай хэрэгт нэгтгэсэн хяналтын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 32 дугаартай тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.Т, Г.Б нарыг бүлэглэн, хориглосон мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Х.Сыг бүлэглэн, хориглосон мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг  хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Н.Т, Г.Б, Х.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Х.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Х.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг бүгдийг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

 

  4.Шүүгдэгч Н.Т, Г.Б, Х.С нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нарыг хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т, Г.Б, Х.С нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 хэсэг ууттай ургамлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Х.Сын 811 500 төгрөгийн үнэ бүхий 5407 УНУ улсын дугаартай "Hyundai Tuscani" маркийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын төсөвт оруулсугай. 

           

8.Эрүүгийн 2134000000371 дугаартай хэрэгт 5407 УНУ улсын дугаартай "Hyundai Tuscani" маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 49 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж,

шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т, Г.Б, Х.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.БАТЖАРГАЛ