Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/01237

 

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/01237

Улаанбаатар хот

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 34 дүгээр байр, 64 тоотод оршин суух, Чойнорын Алтанцэцэг /РД:цж62081105/-ийн  

 

иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Тогос-Эрдэнийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Бодьчимэгийн охин Тогос-Эрдэнэ гэгчид 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөгийг түүний гуйлтаар зээлдүүлсэн боловч буцаан авч чадалгүй одоог хүрлээ. Б.Тогос-Эрдэнэ нь тухайн үед 3, 4 дүгээр хороололын “Москва” их дэлгүүрт цүнх борлуулдаг лангуун дээр ажилладаг байсан. Сүүлдээ мөнгөө өгөхгүй чимээгүй болохоор нь тэр газарт нь яваад очиход “аль хэдийн ажиллахаа больсон” гэж ойр зэргэлдээ худалдаа хийдэг хүмүүс нь ярьж байсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 48 дугаар байрны 31 тоотод оршин суух гэрийн хаягаар очиход нэг залуу хаалга онгойлгож өгөөд “энд Тогос-Эрдэнэ гэгч байсан, бидэнд маш их өр төлбөртэй тул энэ байрыг нь барьцаанд авч амьдарч байгаа” гэсэн. Одоо тэр Баянгол дүүргийн “Алтай” хотхонд эх Бодьчимэгийндээ амьдарч байгаа сураг гарсан боловч олохгүй одоог хүрлээ. Иймд Б.Тогос-Эрдэнийг эрэн сурвалжилж олж өгнө үү гэжээ.

  

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

 

Ч.Алтанцэцэг нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Тогос-Эрдэнийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хүсэлтийн үндэслэлээ “...Б.Тогос-Эрдэнэ нь надаас 5,000,000 төгрөгийн зээл авчихаад төлөөгүй, түүний хаана оршин суудгийг би анхнаасаа мэдээгүй” гэж тайлбарлаж байна. 

 

Б.Тогос-Эрдэнийг эрэн сурвалжлуулах шаардлага хүсэлт гаргагчид бий болсон болох нь Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 8/284 тоот “...Б.Тогос-Эрдэнэ Баянзүрх дүүрэг, 6 хороо, 48-31 тоотод бүртгэлтэй байсан бөгөөд 2016 оны 6 сарын 13-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр Б.Балжинням, З.Энхцэцэг нарт өмчлөх эрх шилжүүлсэн байна” гэсэн албан бичгээр тогтоогдож байх тул  Б.Тогос-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Тогос-Эрдэнийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагч Ч.Алтанцэцэгт мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Тогос-Эрдэнийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Б.Тогос-Эрдэнийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч Ч.Алтанцэцэгт мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

Хүсэлт гаргагч: Ч.Алтанцэцэг

Хаяг: БГД, 17 хороо, 4 хороолол, 34-64 тоот

Утас: 9974-5697, 9909-7798

 

 

  

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Н.ХАНГАЛ