Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/01184

 

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/01184

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 35а-24 тоотод оршин суух Бугат овогт Чинбаатарын Түвшинбаяр /РД:уш86111931/-ын  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 18 дугаар байрны, 4 тоотод оршин суух, Тайжууд овогт Сэрээтэрийн Баттогтох /РД:иц69012710/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, 32 дугаар тойргийн “Сансар 32” худалдааны төвийн байранд оршин байх, “Голомт” банкны 32 дугаар тойргийн тооцооны төв-д холбогдох,

 

2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ”, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Ипотекийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр, хариуцагч С.Баттогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Түвшинбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 11 дүгээр сард танил ах С.Баттогтох нь банкнаас зээл авахад барьцаа хөрөнгө байхгүй, байраа барьцаанд тавьж өгөхийг гуйсан. Тэгээд “Голомт” банкны 32-ын тойрогийн “Тооцооны төв” дээр очоод банкны менежер н.Баттулга гэдэг хүнтэй уулзахад “орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр хамтран өмчлөгч болгоод ир” гэсний дагуу  С.Баттогтохын хамт нотариатын газарт очиж 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ” хийлгэж, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж, 51/7 байрны 18 тоот хаягт байрлах Ү-2205058426 дугаартай үл хөдлөх өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хамтран өмчлөгч болгон шилжүүлсэн. Ингээд С.Баттогтох нь “Голомт” банкнаас 51,000,000 төгрөгийн зээл авсан ба зээлийн гэрээнд гарын үсэг зурсан мөртлөө 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Ипотекийн гэрээ”-нд надаар гарын үсэг зуруулсан, банкнаас надад “Ипотекийн гэрээ”-ний хувийг өгөөгүй. Гэтэл 2016 оны 10 дугаар сард “Голомт” банкнаас Ч.Түвшинбаяр над руу утасдаж “С.Баттогтох нь зээлээ төлөхгүй байгаа тул таны орон сууцыг хурааж, худалдана” гэж мэдэгдсэн. 2016 оны 12 дугаар сарын 12-нд С.Баттогтохоос гуйж авч “ипотекийн гэрээ”-г “зээлийн гэрээ”-тэй хамт үзсэн. Иймд С.Баттогтох нь зээлээ төлөхгүйгээс болж орон сууцаа хураалгахад хүрч намайг хохироож байгаа тул 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ”-г хүчингүй болгож, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Ипотекийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ”-г байгуулсан нь Ч.Түвшинбаяр миний өмчлөх эрхэд халдсан хууль зөрчсөн хэлцэл хийсэн гэж үзэж байгаа тул бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Голомт” банктай хийсэн “ипотекийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай болгож нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

2015 оны 11 дүгээр сард танил ах С.Баттогтох “банкнаас зээл авахад барьцаа хөрөнгө байхгүй, байраа барьцаанд тавьж өгөөч” гэж гуйсан. Бид “Голомт” банкны 32-ын тойрогийн “Тооцооны төв” дээр очоод банкны менежер н.Баттулга гэдэг хүнтэй уулзахад “орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр хамтран өмчлөгч болгоод ир” гэж хэлсэн. С.Баттогтох бид хоёр нотариатын газарт очоод 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ” хийлгэж Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж 51/7 байрны 18 тоот хаягт байрлах Ү-2205058426 дугаартай үл хөдлөх өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хамтран өмчлөгч болгон, нэг өдрийн дотор буюу 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн. Дээрх гэрээгээр С.Баттогтох нь миний өмчлөх эрхэд халдаж, хууль зөрчсөн хэлцэл хийлгэсэн. Мөн С.Баттогтох нь “Голомт” банкнаас 51,000,000 төгрөгийн зээл авч, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан мөртлөө 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр буюу 3 хоногийн дотор “Ипотекийн гэрээ”-нд өөрөө болон надаар гарын үсэг зуруулсан. 2016 оны 10 дугаар сард “Голомт” банкнаас Ч.Түвшинбаяр над руу утасдаж “С.Баттогтох нь зээлээ төлөхгүй байгаа тул таны орон сууцыг хурааж, худалдана” гэж мэдэгдсэн. “Голомт” банк нь барьцааны гэрээ байгуулах ёстой байж надад ямар ч бодох хугацаа өгөлгүй С.Баттогтохтой бэлэглэлийн гэрээг байгуулж, миний өмчлөлийн орон сууцанд хамтран өмчлөгч болгон бүртгүүлж, надтай “ипотекийн гэрээ” байгуулж хохироосон. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ”, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Голомт” банктай хийсэн “Ипотекийн гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Түвшинбаяр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч С.Баттогтохын тайлбартай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч С.Баттогтох нь миний байрыг бэлэглэлийн гэрээ хийгээд тавих уу, тавихгүй юу гээд нотариатын газар очиж гэрээ хийсэн гэж худлаа бичжээ. Ч.Түвшинбаяр би “бэлэглэлийн гэрээ хийе” гэж огт хэлээгүй, тэр талаар бодоогүй. Харин “Голомт” банкны менежер н.Баттулга нь “бэлэглэлийн гэрээ хийгээд хамтран өмчлөгч болгоод ир” гэсний дагуу С.Баттогтох ах нотариат руу очоод гэрээ хийлгэсэн. Бэлэглэлийн гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулаад 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр буюу нэг хоногийн дотор байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээр С.Баттогтох Ч.Түвшинбаяр бид нарын нэр бичигдэж гарсан ба 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ болон ипотекийн барьцааны гэрээ хийгдсэнээс үзэхэд орон сууцаа С.Баттогтоход бэлэглэх гэрээг хийхэд ямар ч бодолгүй, цаг хугацаа байхгүй, банкны менежер н.Баттулгын шаардсанаар хийсэн гэж үзэж байна. Банк богино хугацаанд зээл өгөх гэж анхнаасаа бэлэглэлийн гэрээ хийх шаардлага байхгүй байхад мөн надтай барьцааны гэрээ хийж болох байхад бэлэглэлийн гэрээг хийлгэж, хамтран өмчлөгчөөр С.Баттогтохыг оруулж, миний орон сууцыг худалдаж зээлийг төлүүлэх гэж давуу эрх эдэлж байгаа гэж үзэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ”, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн БГ/2805102793 дугаар “Ипотекийн гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шүүхэд хандсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Нэхэмжлэгч Ч.Түвшинбаяр нь 2015 оны 11 дүгээр сард хариуцагч С.Баттогтохтой төслийн шугамаар зээл авах гэж яваад танилцсан. Тодруулбал, С.Баттогтох болон Ч.Түвшинбаяр нар эхлээд хүнс, хөдөө аж ахуйн төслийн чиглэлээр 250,000,000 төгрөгийн зээл авах гэж хөөцөлдөж явж байгаад анх танилцсан байдаг. Хариуцагч С.Баттогтох нь нэхэмжлэгчид “...би зээлийг чинь бүтээж өгнө, гэхдээ эхлээд 51,000,000 төгрөгийн зээл авья, дараа нь зээл бүтсэн хойно нь 51,000,000 төгрөгийн зээлийг чөлөөлөөд өгнө” гэж хэлэхэд нь хариуцагч итгэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Ч.Түвшинбаяр нь С.Баттогтоход хууран мэхлэгдсэн. Ингээд “Голомт” банкны 32 дугаар тойргийн салбар дээр очиход тус салбарын зээлийн эдийн засагч нь С.Баттогтоход “таны зээл бүтнэ, гэхдээ барьцаа хэрэгтэй байна, барьцаа хөрөнгө нь таны нэр дээр байх шаардлагатай” гэж хэлсэн байдаг. Мөн эдийн засагч нь Ч.Түвшинбаярт “...чи бэлэглэлийн гэрээ хийгээд С.Баттогтохтой хамтран өмчлөгч болоод ир, тэгвэл зээлийг хурдан бүтээж өгнө” гэж хэлсэн байдаг. Ингээд С.Баттогтох болон Ч.Түвшинбаяр нар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бэлэглэлийн гэрээг хийж, мөн өдрөө хамтран өмчлөгч болсон. “Голомт” банк уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг үзээд зээл олгосон ба нэхэмжлэгчид “Ипотекийн гэрээ” хийхэд бодох хугацаа олгоогүй, хэтэрхий хурдан хийж нэхэмжлэгчийг төөрөгдүүлсэн. “Голомт” банк зээлийг С.Баттогтоход олгосон ба одоо С.Баттогтох зээлээ төлөхгүй байгаагаас нэхэмжлэгч өөрийн орон сууцыг алдахад хүрээд байна. Ер нь бол нэхэмжлэгч энэ хоёр гэрээг хийхдээ төөрөгдсөн, мөн С.Баттогтоход хуурагдсан гэдгийг шүүх анхаарч үзнэ үү.     

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд байх хэлцэлд тооцож өгнө үү. Мөн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Голомт” банктай хийсэн “Ипотекийн гэрээ” нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Ингэснээрээ Ч.Түвшинбаяр нь “Голомт” банкны барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө буцаан авч, өөрийн өмчлөлдөө байлгах боломжтой болох юм гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хариуцагч С.Баттогтох нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 51,000,000 төгрөгийн зээлийг манай банкнаас авсан ба барьцаанд нь С.Баттогтох болон Ч.Түвшинбаяр нарын өмчлөлийн орон сууцыг тавьсан. Бэлэглэлийн болон барьцааны гэрээг аль альнийг нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Учир нь С.Баттогтох болон Ч.Түвшинбаяр нар нь өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлж өөрсдөө л гэрээ байгуулсан, нотариатаар баталгаажуулсан. Хэн ч тэднийг албадаагүй. Нэхэмжлэгч өөрөө хууль мэдэхгүй байх нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. “Голомт” банк 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр С.Баттогтох, Ч.Түвшинбаяр нартай  “Ипотекийн гэрээ” хийж үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж авахдаа бүхий л хууль тогтоомжийг мөрдөж ажилласан. Тэгээд ч барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх талаар тогтоосон журам зөрчсөн эсэхийг үл харгалзан тухайн барьцааг хүчинтэй гэж үзэхийг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасан. Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох ямар ч үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.   

 

Хариуцагч С.Баттогтох шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Түвшинбаяртай 2015 оны 11 дүгээр сард уулзаад “...ах нь зээл авах гэсэн барьцаа байдаггүй, барьцаа хэрэгтэй байна” гэсэн. Тэрээр “...миний байрыг бэлэглэлийн гэрээ хийгээд барьцаанд тавьж болно” гэсэн тул бид хоёр нотариат дээр очиж гэрээ хийсэн. Тэгээд “Голомт” банкны 32 дугаар тойргын салбар дээр очиж эдийн засагч н.Баттулгатай уулзаад “зээл авах гэсэн юм” гэхэд тэрээр “шуурхай зээл 2.3 хувийн хүүтэй байна” гэж хэлсний дагуу зээл авахаар болсон. Гэтэл зээлийн хүү нь 2.9 хувь болсон. Учрыг нь асуухад баахан тайлбар хэлсэн. Гэсэн хэдий ч зээл авсан. Зээлийг одоохондоо төлөх боломжгүй байна. Зээлийг төлнө гэжээ. 

 

Хариуцагч С.Баттогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх Ч.Түвшинбаяртай 2015 оны 4-5 сарын үед Хүнс хөдөө аж ахуйн яамнаас 5 жилийн хугацаатай, 9 хувийн хүүтэй зээл хөөцөлдөж яваад танилцсан. Мах бэлтгэх чиглэлээр төслийн зээл авах гэж хөөцөлдөж байсан юм. Миний төсөл яаман дээр дэмжигдсэн бөгөөд “Голомт” банк ч зээл өгнө гэж надад хэлсэн. Нийтдээ 250,000,000 төгрөгийн зээл яригдаж байсан. Уг төслийг “Голомт” банк санхүүжүүлж байсан боловч сонгууль болж эхэлсэнтэй холбогдуулж зээлийг зогсоосон. Ингээд би Ч.Түвшинбаяр руу ярьж болсон нөхцөл байдлыг хэлсэн. Би өөр бусад өрөө дарах зорилгоор мөнгөний хэрэгцээ гарсан байсан тул түүнд барьцаа хөрөнгө байгаа эсэхийг асуусан. Нэгэнт сонгууль өнгөрөхөөр 250,000,000 төгрөгийн зээл орж ирэх нь тодорхой учир Ч.Түвшинбаярын байрыг барьцаанд тавиад 250,000,000 төгрөгийн зээл бүтэхээр 81,000,000 төгрөгийг түүнд өгье гэж хэлсэн. Ингээд бид хоёр “Голомт” банкны эдийн засагч н.Баттулгатай уулзаад хэдэн төгрөгийн зээл авч болохыг асуухад тэрээр “51,000,000 төгрөгөөр барьцааг нь үнэлээд зээл өгч болно, гэхдээ та хоёр бэлэглэлийн гэрээгээр наад орон сууцныхаа хамтран өмчлөгч болоод ир” гэж хэлсэн. Ингэж хэлснийх нь дагуу бид хоёр бэлэглэлийн гэрээ байгуулж, улмаар Ч.Түвшинбаярын байрны хамтран өмчлөгч болсон. Улмаар байрыг хамт очиж “Голомт” банкинд барьцаалж, би 51,000,000 төгрөгийн зээлийг авсан. Бэлэглэлийн гэрээг бол Ч.Түвшинбаяртай харилцан тохирч хийсэн, түүнийг ямар нэг байдлаар хуурч, мэхлээгүй. Ер нь бол намайг 250,000,000 төгрөгийн зээлийг авахаар бид хоёр хамтарч ажиллахаар тохирсон байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөв гэж бодож байна гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ч.Түвшинбаяр нь С.Баттогтохтой “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ”-г байгуулж, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж, 51/7 байрны 18 тоот хаягт байрлах 56.7м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өөрт ногдох хэсгээс тодорхой хувийг буюу 20 хувийг С.Баттогтоход шилжүүлсэн байна.

 

Дээрх гэрээг үндэслэж Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж, 51/7 байрны 18 тоот хаягт байрлах 56.7м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр С.Баттогтохыг эрх бүхий байгууллага бүртгэсэн болох нь зохигчийн тайлбар, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 7/2554 дүгээр албан бичиг, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205058426 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар нотлогджээ.

 

2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч С.Баттогтох нь “Голомт” банктай ЗГ2805102793 дугаартай “Шуурхай зээлийн гэрээ” байгуулж 51,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 35.40 хувийн хүүтэй зээлж авсан ба үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож мөн өдрөө БГ/2805102793 дугаартай “Ипотекийн гэрээ”-г байгуулан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж, 51/7 байрны 18 тоот хаягт байрлах 56.7м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан, уг гэрээнд Ч.Түвшинбаяр болон С.Баттогтох нарын гарын үсэг зурсан үйл баримт болон талуудын байгуулсан гэрээнүүд хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Түвшинбаяр нь хариуцагч С.Баттогтох болон “Голомт” банкны 32 дугаар тойргийн тооцооны төвд холбогдуулж 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ”-г хүчингүй болгуулах, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн БГ/2805102793 дугаар “Ипотекийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шүүхэд хандсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн шаардлагыг дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах болгон өөрчилсөн.

  

2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ”-г хийхдээ нэхэмжлэгч ноцтой төөрөгдсөн, хууран мэхлэгдсэн бөгөөд уг гэрээ нь өөрөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл. Уг хэлцлийг үндэслэж хариуцагч С.Баттогтох нь Ч.Түвшинбаярын хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж, 51/7 байрны 18 тоот хаягт байрлах 56.7м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч болсон ба анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд авснаараа зохигчдын хооронд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан  БГ/2805102793 дугаар “Ипотекийн гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм гэж нэхэмжлэгчээс өөрийн шаардлагын үндэслэлийг тайлбарлаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Аливаа этгээд хуулийн хүрээнд, бие даан, чөлөөтэй хэлцэл хийх эрхийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгээр хамгаалдаг бөгөөд хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй болохыг уг хуулийн заалтаар зохицуулжээ. Түүнчлэн, ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болохыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан. 

 

Нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ”-г байгуулахдаа хариуцагчид хууран мэхлэгдсэн, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2., 58.3.-т заасан ноцтой төөрөгдсөн гэж үзэх үйл баримт нотлогдохгүй, мөн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан БГ/2805102793 дугаар “Ипотекийн гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтууд, зохигчийн тайлбаруудаар тогтоогдохгүй байна. 

 

Тодруулбал, нэхэмжлэгч Ч.Түвшинбаяр хариуцагч С.Баттогтохтой цаашид хамтран ажиллах зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ”-г хийж, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж, 51/7 байрны 18 тоот хаягт байрлах 56.7м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч болгосон, улмаар уг орон сууцыг зээлийн барьцаанд тавиулсан явдал нь нэхэмжлэгчийн “...би хууран мэхлэгдэж, ноцтой төөрөгдсөн” гэх тайлбарыг үгүйсгэж байна гэж шүүх дүгнэлээ.  

 

Нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 413,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 913,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 58, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч С.Баттогтох, “Голомт” банкны 32 дугаар тойргийн тооцооны төв-д холбогдох, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ”, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн БГ/2805102793 дугаар “Ипотекийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай Ч.Түвшинбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 413,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 913,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн  төлөөлөгч  буюу  өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Н.ХАНГАЛ