Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/76

 

 

 

 

 

 

 

 

 

   2022           02                24                                                2022/ШЦТ/76                                        

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Ө.О, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,

насанд хүрээгүй хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Х,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржгин овгийн Өлзийбалын От холбогдох эрүүгийн 2134000000154 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Бүрд суманд 1987 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, дугаарын регистртэй, Б Ө.О,

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ө.О нь 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутагт хонины бэлчээр дээр Б.Бтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Ө.О:

...Гэм буруу дээрээ маргахгүй байгаа учраас нэмж ярих зүйлгүй... гэж,

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Б:

2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өглөө хонио ус руу туусан. Тэгсэн О ах буцаагаад гэр рүү туусан. Тэгээд би очоод асуусан чинь өөдөөс загнаад танай газар юм уу гээд намайг цохисон. Хамар болон чихний дээд хэсэг рүү цохисон. Тэгээд би газраас жижиг төмөр барьсан чинь төмөртэй хамт хуруу мушгисан. Дараа нь гэртээ хариад ээж аавдаа хэлсэн. Хамар руу 2-3 удаа цохисон... гэж,

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Уянга:

...2021 оны 04 сарын 04-ний өдөр манай хүүхэд хонь руугаа явсан. Тэгээд яагаад хөөгөөд байгаа юм бэ гэж хэлсэн чинь О чиний газар  юм уу гээд манай хүүхдийг зодсон байсан. Зодуулаад гар нь мурийлттай, нүүр нь хавдартай ирсэн. Тэгээд Жаргалант сум руу орж эмчид үзүүлээд Жаргалантаас түргэний машинаар хот руу авч явсан. Тэр үед ковидтой байсан болохоор би үлдээд хүүхдээ ганцааранг нь явуулсан. Тэгээд үзүүлэхэд хамар нь мурийлттай гэж гарсан... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134000000154 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Ө.Оын 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутагт хонины бэлчээр дээр Б.Бтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан 3176 дугаартай ...Б.Бд зүүн чигчий хурууны угийн шивнүүрийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн, цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/,

шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 587 дугаартай ...Хохирогч Б.Б2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн болон 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн гавал, тархины компьютер томографын зургийг дүрс оношлогооны эмчээр дахин уншуулахад хамрын ясанд хугарал тогтоогдсонгүй. Харин хамрын таславч дунд хэсгээр мурий, нүүр, хамар, орчмын зөөлөн эд гэмтэлгүй гэсэн байх тул Б.Бхамрын таславчийн мурийлт нь хуучин гэмтэл байх боломжтой байна. 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 3176 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Ббиед учирсан зүүн чигчий хурууны угийн шивнүүрийн далд хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 106-109 дүгээр хуудас/,

насанд хүрээгүй хохирогч Б.Б...2021 оны 04 сарын 04-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутагт манай хаваржиж байсан юм. Тэгээд би хонио услах гээд урагш нь туучхаад гэрийн гаднаас харж байсан чинь манай хонийг О хөөж байгаа харагдсан. Тэгээд би цайгаа уучхаад О дээр очсон чинь танайхаар юу байна, хэн ямаагаа самнаж байгаа юм бэ? гэхээр нь би тайван, агаа ээж хоёр ямаа самнаж байгаа гэж хэлчхээд Та яагаад өглөө манай хонийг хөөсөн юм бэ? гэж асуусан чинь энэ ямар танай газар юм уу? Гээд О ах намайг заамдаж аваад хамар руу, чихний дээд тал руу цохихоор нь би газар байсан төмрийг аваад цохих гэсэн чинь миний төмрийг булааж аваад миний зүүн гарын чигчий хуруу мушгиад, миний цээж рүү цохичхоод О явчихаар нь би ээж дээр очоод О намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд ээж, аав хоёр О руу очих гээд явсан. Тэгээд би гэртээ байж байгаад уурлаад гэрт байсан үзүүргүй хутга аваад аав, ээж хоёрын ардаас очсон чинь ээж миний хутгыг булаагаад авчихсан. Тэгээд би ээжтэй Жаргалант сумын эмнэлэг дээр очиж үзүүлээд шууд эмнэлгийн автомашинаар Улаанбаатар хот руу ГССҮТ-д үзүүлэхээр явсан... /хх-ийн 6-7 хуудас/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У ...Манайх Төв аймгийн Жаргалант суманд отроор явж байгаа айл юм. Тэгээд 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр манай хүү Б.Б нь хонины бэлчээр дээр явж байхдаа Отай муудалцсан юм тэгээд уг муудалцсан асуудал нь О нь манай хонийг усанд орох гээд очихоор нь хөөгөөд байдаг юм. Үүнээс болоод л муудалцсан гэсэн. Миний хүү Оыг төмрөөр цохих гэж байсан би төмрийн булааж авсан гээд л О нь тэгээд байгаа юм. Яагаад манай хүүг зодох болсон талаар надаа мэдэх зүйл байхгүй. Би хүүгээ аваад Бат-Эрдэнийг сумын эмнэлэгт үзүүлсэн чинь гар нь хугарсан байна гэсэн тэгээд хот орж гарын үзүүлсэн шохой тавиулсан хамар нь хугарсан байх гэж хэлсэн... /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,

гэрч З.Буянбадрахын ...би хургатай хонио хариулаад явж байсан. Манай хүү Б.Б сувай хонин дээрээ явж байтал О нь ирээд зодсон гээд нүүр нь хавдсан, гар нь хавдар болсон хүрээд ирсэн тэгэхээр нь би эхнэр Уянгын хамтаар Отай очиж уулзсан манай хонийг усанд гол руу орохоор л хонийг нь хөөгөөд байхаар нь манай хүү Бат-Эрдэнэ хэлсэн гэсэн тэгсэн л зодсон ийм л юм болсон. Хоёр хацар нь хөхөрсөн, гар нь хавдсан уйлаад ирсэн... /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

яллагдагч Ө.О ...Яллагдагчаар татах тогтоол болон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би Бат-Эрдэнийн барьсан төмрийг авах гэж нэг удаа ноцолдсон, дараа нь шанаа руу 1 удаа цохисон... /хх-ийн 25-26 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Ө.О хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 33, 72-75 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Шүүгдэгч Ө.Оын хонины бэлчээр дээр Б.Бтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

            Гэм буруугийн болон хууль зүйн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ:

            ...Шүүгдэгч Ө.О нь 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Загдал багийн нутаг хонины бэлчээр дээр бэлчээрийн асуудлаас бол насанд хүрээгүй хохирогч Б.Бтэй маргалдаж улмаар түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгаж ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг болон түүний биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгч Ө.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Ө.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна.

            Хэрэгт өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага болгож 1.260.000 төгрөгийн хохирол гаргасан. Хохирогчийн өмгөөлөгч нь 3.000.000 төгрөгийн хохирол гэж яриад байна. Нэхэмжлэлийн шаардлага хангасан баримтуудыг шүүгдэгчээс насанд хүрээгүй хохирогчид төлүүлэх саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Бөмгөөлөгч Г.Х:

...Шүүгдэгч Ө.Оыг гэм буруутай гэж үзэж байна. Хамрын асуудлын талаар шүүх эмнэлгийн дүгнэлт болон бусад баримтууд дээр хамрын таславч мурийсан гэмтэл байна. Үүнийг засах шаардлагатай гэж бичигдсэн байгаа. Хамар болон зүүн чигчий хурууны угийн шивнүүрийн хугарал гэмтэл нь хүндэвтэр хохиролд хамаарах бөгөөд энэ хохирлыг учруулсан гэм буруутай байна гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Уянга:

...Хамар болон гарын гэмтэл байгаа. Урьд нь манай хүүхэд өвчин ярьдаггүй байсан. Энэ хэрэг гарснаас хойш толгой нь өвддөг болсон. Хохирлоо төлүүлчихвэл гомдол санал байхгүй... гэсэн саналыг,

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Б:

...Гомдолтой байна... гэсэн саналыг,

 

            Шүүгдэгч Ө.Оын өмгөөлөгч И.Отгонсүрэн:

            ...Ө.О нь насанд хүрээгүй хохирогч Б.Бат-Эрдэнийг зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Энэ зүйл анги болон гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрдөг. Ийм учраас гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй. Гэм буруугийн улмаас учруулсан хохиролд хохирогч талаар 3.158.305 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс 446.000 төгрөгийг төлсөн. Энэ нь хохиролд орохгүй гэж байна. Өнөөдрийн гаргаж өгсөн баримт нь 1.261.257 төгрөгийн баримт гарсан байгаа. Шүүхээс баримтуудыг үнэлж хохирол төлбөр гаргах юм бол уг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж оролцож байгаа... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Ө.О:

            ... Хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Ө.Оыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Учир нь шүүгдэгч Ө.О гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутай гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Ө.О дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

           

Прокуророос шүүгдэгч Ө.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэгт хамааруулсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдэд багтдаг ба энэ бүлгийн гэмт хэргүүд нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас ямар нэгэн хохирол, хор уршиг, гэмтэл учирсан байхыг шаарддаг.

 

Өөрөөр хэлбэл гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Аливаа нэг гэмт хэрэгт объектив тал буюу гадаад илрэх шинж, субъектив тал буюу хүний ухамсар, сэтгэхүйгээс илрэх шинж гэсэн хоёр үндсэн шинж байдаг.

 

Шүүгдэгч Ө.Оын холбогдсон “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн тухайд шүүгдэгч Ө.О нь насанд хүрээгүй хохирогч Б.Бтэй малын бэлчээр булаацалдсанаас болж муудалцсаны улмаас түүнийг цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж буй нөхцөл байдал нь субъектив тал буюу түүний ухамсраас цохиж, зодох сэдэлт, санаа зорилго илэрч байгаа шинжийг,

мөн цохиж, зодох санаагаа хэрэгжүүлж цохиж, зодсоны улмаас насанд хүрээгүй хохирогчийн биед гэмтэл учирч, хүндэвтэр хохирол учруулсан үр дагавар, гэмт үйлдэл болон гэмт үр дагаврын хоорондох шалтгаант холбоо бий болж буй нөхцөл байдал нь объектив тал буюу хүний бие махбодид гадаад харагдах байдлаасаа илэрч байгаа шинжийг тус тус хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд зүүн чигчий хурууны угийн шивнүүрийн хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгчийн санаатай гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ө.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ:

...Шүүгдэгч Ө.Оын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул өршөөн хэлтрүүлэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Г.Х:

...Эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Уянга:

...Байхгүй... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:

            ...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байна... гэсэн  дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Ө.О:

            ...Хэлэх зүйл байхгүй... гэсэн  мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчийн шүүгдэгчийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул өршөөн хэлтрүүлэх тухай дүгнэлтийг насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ө.Оыг гэм буруутайд тооцсоны дараа эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах гэсэн боловч түүний холбогдсон тухай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.

 

Түүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулсан энэ хуулийн зорилтод нийцүүлсэн байхаар хуульчилсан.

 

Тиймээс шүүгдэгч Ө.Оын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн оногдуулах үндсэн ял нь энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Улмаар шүүгдэгч Ө.О нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж үзлээ.

       

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ө.Оын гэм буруугийн санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Бэрүүл мэндэд зүүн чигчий хурууны угийн шивнүүрийн хугарал, хамрын таславч дунд хэсгээр мурийлт бүхий хүндэвтэр хохирол учирчээ.

 

Шүүгдэгч Ө.Оаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Уянга нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нийт 4.032.218 /дөрвөн сая гучин хоёр мянга хоёр зуун арван найм/ төгрөг нэхэмжилснээс мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал төлсөн 446.000 /дөрвөн зуун дөчин зургаан мянга/ төгрөгийг хасаж, нотлох баримтын шаардлага хангаагүй 2.247.661 /хоёр сая хоёр зуун дөчин долоон мянга зургаан зуун жаран нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 1.338.557 /нэг сая гурван зуун гучин найман мянга таван зуун тавин долоо/ төгрөгийг шүүгдэгч Ө.Оаас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Уянга, насанд хүрээгүй хохирогч Б.Б нарт олгох нь зүйтэй байна.

 

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У нь хамрын таславчийн муруйлт засах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Ө.Оаас тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2134000000154 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ө.О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

      Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

              шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

                        36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                                    хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржгин овгийн Өлзийбалын Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Боржгин овгийн Өлзийбалын Оын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

3. Эрүүгийн 2134000000154 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ө.О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржгин овгийн Өлзийбалын Оаас 1.338.557 /нэг сая гурван зуун гучин найман мянга таван зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч дугаарын регистртэй, Б овгийн Г.У олгосугай.

 

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У нь насанд хүрээгүй хохирогч Б.Бхамрын таславчийн мурийлт засуулах эмчилгээний зардалтай холбоотой энэ талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Боржгин овгийн Өлзийбалын От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Боржгин овгийн Өлзийбалын От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ш.ГАНДАНСҮРЭН