Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/01183

 

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/01183

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, өнөр хороолол 14 дүгээр байр, 6 тоотод оршин суух, Барга овогт Дорждагвагийн Жанчивсэмбэ /РД:чс84031717/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 30 дугаар байр, 5 тоотод Магалан овогт Энх-Амгалангийн Өргил /РД:уу95111556/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 30 дугаар байр, 30-5 тоотод оршин суух, Норолхоогийн Мөнхбаяр нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 5,924,432 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Жавчивсэмбэ, хариуцагч Э.Өргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Жавчивсэмбэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо зүтгүүрийн дипогийн хойд зам дээр Toyota Estima маркийн 17-12 УНЕ улсын дугаартай суудлын авто машиныг жолоодож явсан Э.Өргил гэгч Hummer H3 маркийн суудлын авто машины араас гүйцэж түрүүлэх үедээ баруун хойд талаас мөргөж гэмтэл учруулсныг Э.Өргил нь 17-12 УНЕ улсын дугаартай суудлыг машиныг жолоодож хурд хэтрүүлсэн, 1,15 хувийн согтолтын зэрэгтэй, Э.Өргил нь машиндаа дөрвүүлээ явсан, тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхгүй, бусдын өмчлөлийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан, Жанчивсэмбийн Hummer жийп машинд түүний жирэмсэн эхнэр хамт явсан зэргийг Замын Цагдаагийн газрын хэргийн газрын үзлэгийн актаар тус тус тогтоосон байна. Мөн Замын цагдаагийн актаар хохирогч Д.Жанчвсэмбийн машин эвдэрэл ихтэй гэсэн тэмдэглэлтэй. Хойд босоо тэнцүүлэгч эвдэрсэн, хойд нум хугарсан, хойд хоёр амрозатор доошоо суусан, хойд гупер зурагдсан гэмтэл тогтоогджээ. Э.Өргил нь оюутан төлбөрийн чадваргүй гэсний дагуу Замын цагдаагийн дэслэгч Ууганбаяр нь Э.Өргилийн төрсөн ээж Чойжхорлоо овогтой Энхцацралыг дуудан ирүүлэн Жанчивсэмбийг хохиролгүй болгох, машины гэмтлийн үнэлгээг хийлгэх зөвлөмж өгсөн боловч завгүй, чадахгүй гээд явснаар өнөөдрийг хүртэл хохирогчтой уулзаагүй, түүний хохирлыг барагдуулаагүй, утсаа салгаад олдохгүй байсан юм. Иймээс хохирогч арга буюу өөрөө зардлаа гаргаж машин техникийн хохирлын үнэлгээ хийлгэсэн болно. Жанчивсэмбийн бие осол болсны 3 хоногийн дараа бие нь муудаж толгой нь эргэж нүд нь юм харахгүй болсноос эмнэлэгт хэвтсэн төгрөг, эмчилгээ, эм тариа, үзлэгийн зардал гаржээ. Э.Өргил 2014 оны 5 дугаар сарын 08-ны өглөө 07 цагийн үед 3 найзынхаа хамт 25 дугаар эмийн сангийн хажууд 1 шил архи уучихаад зүтгүүрийн депо руу явж хоол авчихаад буцаад 25 дугаар эмийн сан руу явж байгаад хашлага мөргөөд, сандраад хажуу тийш нь дарахдаа 38-88 дугаартай машиныг мөргөсөн. Миний машинд урд хэсэг нь гэмтсэн. Би жолооч биш жолоодож явсан машин бол миний машин биш манай найзын ахын машин миний буруу гэдгээ хэлсэн байна гэжээ.

 

Хариуцагч Э.Өргил шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Жанчивсэмбэ нь Э.Өргил надаас 5,924,432 төгрөгийн нэхэмжлэл гаргаж, хохирол төлүүлэх гэснийг хүлээн зөвөөрөх боломжгүй. Энэ хүн биднээс өөрийн танил талын тусламжтайгаар хуулийн цооройг ашиглаж дааж давшгүй их хэмжээний хохирол төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 10 цагийн үед зүтгүүрийн вагон депогийн арын зам дээр депогийн уулзвар дээр эргэх үед хажуугаас Hummer H3 маркийн автомашин гэнэт гарч ирсэн тул би өөрийн унаж явсан машиныхаа тормосыг гишгэж хурдаа хассан боловч баруун хойд талын дугуйг нь мөргөж зогссон юм. Намайг мөргөх үед 38-88 УНЭ улсын дугаартай автомашинд ийм олон тооны гэмтэл ураагүй. Тухайн үед би Д.Жанчивсэмбэ ахтай уулзахад чи 500,000 төгрөг төлж чадах юм уу гэж загнаж байсан. Би ээжтэйгээ ярья гээд хариу хэлээгүй. Бид хоёрыг ярилцаж байхад замын цагдаа ирж намайг өөрийнхөө машинд суулгаад УБИС-ийн уулзварт байдаг замын цагдаагийн постон дээр аваачсан. Бидний машинд ггазар дээр биечлэн үзлэг хийгээгүй, нөгөө машины жолооч Д.Жанчивсэмбээс чиний машинд ямар гэмтэл учирсан бэ гээд амаар асууж байсан. Тэгээд хойд босоо тэнцүүлэгч, хойд нум хугарсан, хойд 2 амартизатор доошоо суусан ходй гупер зурагдсан гэж түүний амаар их хэмжээний гэмтэл бичиж байсан. Би үүнийг зөвшөөрөхгүй. Учир нь гэвэл тэр замын цагдаа Д.Жанчивсэмбийн тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлийг бодитойгоор хийгээгүй хуурамч акт үйлдсэн. Уг актыг надад танилцуулаагүй би гомдолтой. Уг актад надаар гарын үсэг зуруулаагүй. Би ийм их хэмжээний хохирол Д.Жанчивсэмбийн машинд учруулаагүй. Учир нь миний унаж явсан машины урд хэсэгт 3 хэсэг газарт жижигхэн хонхойж будаг нь ховхорсон. Гэрэл нь ч хагараагүй байхад Д.Жанчивсэмбийн машинд ийм их эвдрэл гарсан гэх нь итгэл үнэмшилгүй зүйл болсон. Иймд нэг ч төгрөг төлөхгүй гэжээ. 

 

Нэхэмжлэгч Д.Жанчивсэмбэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н.Мөнхбаярт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа бөгөөд хариуцагч Э.Өргилтэй эвлэрч байгаа тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Өргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид эвлэрч байгаа тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Д.Жанчивсэмбэ 5,924,432 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,924,432 төгрөгт холбогдох шаардлагаасаа татгалзаж байна. Үлдэгдэл 2,000,000 төгрөгийг Э.Өргил нь дараах графикийн дагуу төлж барагдуулна. 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 15-нд 1,000,000 төгрөгийг төлж барагдуулна. Хариуцагч Н.Мөнхбаярт холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзаж байна гэжээ. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Жанвчивсэмбэ нь хариуцагч Н.Мөнхбаяр, Э.Өргил нарт холбогдуулж гэм хорын хохиролд 5,924,432 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ. 

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч Д.Жанвчивсэмбэ нэхэмжлэлийн шаардлага болох 5,924,432 төгрөгийн 3,924,432 төгрөгт холбогдох хэсгээс, мөн хариуцагч Н.Мөнхбаяраас татгалзсан ба хариуцагч Э.Өргил үлдэх 2,000,000 төгрөгийн 1,000,000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр, 1,000,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохирч, эвлэрлийн гэрээ байгуулж байна. 

 

Зохигчид дээр дурдсан байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

             ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Жанчивсэмбэ өөрийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,924,432 төгрөгийн 3,924,432 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Н.Мөнхбаярт холбогдуулж гаргасан шаардлагаасаа тус тус татгалзсан ба хариуцагч Э.Өргил үлдэх 2,000,000 төгрөгийн 1,000,000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр, 1,000,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Өргилөөс 46,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шүүхийн тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.ХАНГАЛ

                  

                                ШҮҮГЧИД                                      Ч.МӨНХЦЭЦЭГ

              

                                                                                       Ч.ЦЭНД