Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/78

 

 

 

 

 

 

 

 

 

   2022           03                01                                                2022/ШЦТ/78                                        

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч Г.Энхбат,

хохирогч М.Б /онлайнаар/,

шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А Д.Эд холбогдох эрүүгийн 2234000000067 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Лүн суманд 1971 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Төв аймгийн Лүн сумын Эрүүл мэндийн төвд жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, дугаарын регистртэй, А Д.Э,

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн Рашаантын 76 тоотод М.Бийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Д.Э:

... Гэм буруу дээрээ маргахгүй байгаа учраас нэмж ярих зүйлгүй... гэж,

 

Хохирогч М.Б:

Бид хоёр нэг шил архи уучхаад байж байтал утас нь алга болчихлоо гээд над руу хэлсэн. Тэгээд утсаа хайгаад гараад машин руугаа гарчхаад орж ирээд над уу уурлаад ногоон Билгээ чи манайд юу хийж байдаг юм гээд өөр хүний нэр хэлээд над руу дайрсан. Тэгээд намайг унагаагаад өшиглөж зодоод хөл хугалсан. Хөл хугалчихлаа гэж олон хэлсэн чинь яахаараа ганц цохиход хөл чинь хугардаг юм гээд дээшээ доошоо хөдөлгөөд байсан. Тэр орой эмнэлгийн анхан шатны туслалцаа үзүүлээгүй. Өглөө нь архи нь жоохон гараад юу болсон бэ уучлаарай гээд байсан. Тэр өдрөө үзүүлэх гэсэн үзүүлээгүй. Нэг айлд аваачаад тариа хийгээд орхисон. Маргааш нь 11 цагийн алдад эмнэлэг явсан. Одоо ажил төрлөө хийж чадахгүй. Ажил одоо эхлэх гэж байгаа надад гомдолтой байна. Одоо 3 сарын 1 гээд миний ажил эхэлдэг. Би сардаа 800.000-1.200.000 төгрөгийн цалинтай ажил хийдэг. Одоо хөл дээрээ босож чадахгүй хохирчхоод байж байна. Трактор барьж газар тариалангийн ажил хийдэг... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234000000067 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Д.Эын 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн Рашаантын 76 тоотод М.Бийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан 67 дугаартай ... М.Бийн биед зүүн шаант яс, тахилзуур ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тэр эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.... талаарх дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/,

сэжигтэн Д.Эийн ... Тухайн 2022 оны 01 сарын 02-ны өдөр 20 цагийн үед би гэртээ манай хадам ээжийн дүү болох Батхишиг гэх эгчийн хамт Хараа нэртэй 0,5 литрийн архийг хуваагаад уугаад сууж байхад танил болох Б манай гэрт цэнхэр өнгийн шилтэй архи бариад халамцуу бололтой орж ирсэн. Тэгээд Б орж ирэхэд Батхишиг эгч бид хоёрын ууж байсан архи гурван хуруу багцааны үлдсэн байсныг бид гурав хувааж уусан. Тэгээд хувааж уучхаад Батхишиг эгч гараад явсан. Б манай гэрт орж ирэхдээ авч орж ирсэн архи нь нэлээд хүйтэн байсан болохоор би хүйтэн архи яаж уух юм гээд галын дэргэд тавьчихсан байсан. Тэгээд би хоёр юм яриад сууж байхад тухайн авч ирсэн архи хүйтэн нь гайгүй болсон байсан болохоор бид хоёр ууж байсан санагдаж байна. Тэгээд бид хоёр ахиад архи авахаар Лүн суманд үйл ажиллагаа явуулдаг "Урьхан" зоогийн газар руу Бийн цагаан өнгийн Верна маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Тэгээд явахад Б машинаа бариад явж байсан санагдаж байна. Тэгээд урьхны гадаа очоод Б дэлгүүр орчиход гарч ирэхдээ архи зарахгүй байна гээд гарч ирэхээр нь Олимп орье гээд бид хоёр Олимп зоогийн газар очиход дэлгүүр нь хаалттай байсан. Тэгээд манай гэрт ирж байсан санагдаж байна. Тэгээд гэнэт Б надад хандаад Чи хөл хугалчихлаа шдээ гэхээр нь би яагаад чиний хөлийг хугалсан гэж хоёулаа ямар зодолдсон биш гээд сандал дээр суулгаж байсан санагдаж байна. Тэгээд маргааш нь сумын эмчээр хөлийг нь шохойдуулсан. Тэгээд 2022 оны 01 сарын 04-ний өдөр би Төв аймгийн нэгдсэн эмнэлэг рүү жирэмсэн хүн авч явахдаа Бийг хамт авч явж эмнэлэгт хэвтүүлсэн. Тэгээд нөгөөдөр нь буюу 2022 оны 01 сарын 06-ны өдөр Бийн эрүүл мэндийн даатгалын мөнгө гэж 100,000 төгрөгийг Бийн дүүгийнх нь данс руу шилжүүлсэн. Тэгээд дараа нь хадаасны мөнгө гэж 510,000 төгрөг эмчлэгч эмч рүү нь шилжүүлсэн.... /хх-ийн 6-7 хуудас/,

хохирогч М.Бийн ...Би Төв аймгийн Аргалант сумын харьяат хүн бөгөөд Төв аймгийн Лүнд хүү Бат-Эрдэнэтэй хамт амьдардаг юм. Би Б.Төрбатыг 2020 оноос хойш 1 суманд амьдардаг учир танилцсан. Б.Төрбат нь Төв аймгийн Лүнгийн эмнэлэгт жолооч хийдэг. Тэгээд ер нь танилууд л юм даа. Өөр бол дотно харилцаагүй, хааяа таарахаар мэнд устай байдаг. Би тухай үед Б.Төрбатын гэрээр шинэ жил болчихлоо мэнд мэдчихээд гарья гэж бодоод 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр орсон. Тэгсэн чинь Б.Төрбат хадам эгчтэйгээ 2-лаа сууж байсан би жаахан архи уугаад халамцуу шинжтэй байсан. Би орохдоо ганц шил архи аваад орсон би хүйтэн байна гээд уугаагүй, тэгснээ эгчийгээ гар ор гээд хэлж байснаа гаргаад явуулсан. Тэгээд Б.Төрбат бид 2 байдаг дэлгүүрлүү явж 1 шил архи 2 лаад пиво аваад Б.Төрбатынх руу явсан. Б.Төрбатынд очоод архиа уугаад сууж байтал гар утас алга болчихлоо миний гар утас гаргаж ир гээл хэрэлдэж эхэлсэн би гар утсыг хайгаад гадуур, дотуур явж байгаад орж ирээд сууж байтал Төрөө намайг өшиглөж, цохиж унагаагаад чи муу ногоон Билгээ чи утас авсан гээд гутал хувцас тайлж үзээд гутал тайлж хөл рүү дэвслээд байсан тэгээд чи одоо боль би юу гэж утсыг чинь авдаг юм. Чи ногоон Билгээ гэж андуураад байна гэж хэлсэн тэгээд үүр цайх шинжтэй болоод ирэхэд Төрөө нөгөө өрөөндөө ороод унтаад өгсөн ба тухайн үед би Төрөөг сэрэхээр ярье гэж бодоод тэднийд буюу Төрөөгийнд хоносон. Тэгээд маргааш нь Төрөөд хөл хугарсан юм шиг байна гэж хэлсэн чинь яахаараа хугардаг юм гэхээр чи зодсон шдээ гэсэн. Тэгээд тухайн үедээ эмнэлэг гэх мэтээр ярьж үзүүлж харуулж байгаад ямар ч дуу чимээгүй Төрбат алга болсон юм тиймээс би гомдолтой байна. Миний зүүн талын хөл нарийн шилбэний дээд тадаар хөндлөн хугарч мөн савхан шилбэ нь хугарсан гээд нийт 2 хугарч гэмтсэн байгаа. Өөр гэмтэлгүй байгаа. Миний хөл дээр 1 удаа хөлөөрөө дэвсэлж гараараа 2 тийш мушгиж эргүүлж байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би одоо ажил төрөл хийж чадахгүй байна. Гомдолтой байна... /хх-ийн 14-17 дугаар хуудас/,

гэрч Б.Бат-Эрдэнийн ...Би тухайн 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр юу болсон талаар мэдэхгүй. Би 02-оос 03-нд шилжих шөнө 01 цагийн үед Лүн суманд үйл ажиллагаа явуулдаг “Урьхан” зоогийн газарт найздаа хоол хүргэж өгөхөөр очих үед манай аав Бийн машиныг Э ах унаад аав хажууд нь суугаад явж байсан. Тэгээд аав, Э ах хоёр намайг нэг шил архи аваад өг гэхээр нь би үгүй гэсэн чин Олимп зоогийн газрын зүг хөдлөөд явсан. Тэгээд өглөө 08 цагийн үед би гэртээ байж байхад манай аав Б өөрийн 95638182 дугаарын утсаар миний өөрийн 95150718 дугаарын утас руу залгаад аавынх нь хөл хугарчихлаа Э ахындаа хүрээд ирээ гэхээр нь би яваад очиход гуталнууд нь энэ тэнд тарчихсан аавын хөлийг Э ах оролдчихсон сууж байсан. Тэгээд би яасан юм гэж асуухад тухайн үед надад тодорхой хариулт өгөөгүй харин дараа нь асуухад би Эийн гэрт хөргөгч ширээ хоёрын завсар хөлөө хийчихсэн сууж байхад Э гэнэт намайг чи муу ногоон билгээ яагаад манайд байж байгаа юм гээд алгадаад унагачихсан юм тэр үед л хөлөө байх гэж ярьж байсан. Аав тухайн үед болсон зүйлийг яриагүй харин эмнэлэгт очоод эмч яагаад хугалчихсан юм гэхэд болсон зүйлийг ярьсан. Аав Э ахын гэр 02-ны өдөр ороход Э ах гэртээ өөрийн хадам эгчтэй архи уугаад сууж байсан гэсэн.... /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

яллагдагч Д.Э ...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан. Тэгээд зарим зүйлсийг огт санахгүй байгаа бөгөөд миний санаж байгаагаар Б бид хоёр манайд архи ууж байсан тэгээд нэг согтож тасраад буцаад сэрэхэд Б надад хандаад чи миний хөлийг хугалчихлаа гэхээр нь би хоёулаа зодолдоогүй биздээ гээд сандал дээр суулгаж байснаа санаж байна. Тэгээд өглөө нь сэрэхэд Бийн зүүн хөл хугарсан байсныг сумын эмч Ц.Хоролгараваар гипсдүүлсэн. Би согтуу тасраад ухаангүй байхдаа Бийн хөлийг хугалсан байх. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би Бийн нийгмийн даатгалын 100,000 төгрөг, хөл хадсан хадаасны мөнгө 510,000 төгрөгийг өгсөн. Цаашид гарах бодит хохирлыг өөрийн боломж бололцоогоор барагдуулах болно... /хх-ийн 33 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Д.Эийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 22-23 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Д.Э нь М.Бтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

            Гэм буруугийн болон хууль зүйн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Г.Энхбат:

            ...Шүүгдэгч Д.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө иргэн М.Бийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдон тогтоогдсон. Прокурорын хяналтын шатанд Д.Эийн зүгээс прокурорт хүсэлт гаргаж гэм буруугийн тал дээрээ маргаагүй мөн учруулсан хохирлыг тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн цаашид төлөхөө илэрхийлж байгаа гэсэн учраас хэргийн хялбаршуулсан журмаар хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Д.Эийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.

            Хохирогчийн зүгээс өнөөдрийн шүүх хуралдаанд 610.000 төгрөгийг авсан талаар хэлсэн. Мөн цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлыг нэхэмжилж байна. Шүүгдэгчийн зүгээс хохирогч 610.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч М.Б:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн саналыг,

 

            Шүүгдэгч Д.Э:

            ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг нь нөхөн төлнө... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Д.Эийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Учир нь шүүгдэгч Д.Э гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутай гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Д.Э дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

           

Прокуророос шүүгдэгч Д.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Д.Эийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Д.Э нь хохирогч М.Бийг цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Д.Э нь хохирогч М.Бийн нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсоны улмаас хүндэвтэр гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд зүүн шаант яс, тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Д.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Г.Энхбат:

... Шүүгдэгч Д.Эийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Д.Э:

... Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч М.Б:

            ...Байхгүй... гэсэн  мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Шүүх шүүгдэгч Д.Эд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.     

 

Шүүхээс шүүгдэгч Д.Эд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

шүүгдэгч Д.Эд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна

 

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

       

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Эийн гэм буруугийн санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирогч М.Бийн эрүүл мэндэд зүүн шаант яс, тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учирчээ.

 

Шүүгдэгч Д.Эөөс хохирогч М.Б нь мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал баримтаар нэхэмжлээгүй ч  шүүгдэгч Д.Э нь нийгмийн даатгалын 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг, эмчилгээний зардалд 510.000 /таван зуун арван мянга/ төгрөгийг, нийт 610.000 /зургаан зуун арван мянга/ төгрөгийг төлсөн.

 

Түүнчлэн хохирогч М.Б нь шүүхийн шатанд баримтгүй нэхэмжилсэн эмчилгээний зардлын 2.778.100 төгрөгийн баримтаа, ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой баримт мөн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Д.Эөөс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2234000000067 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

      Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

              шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

                        36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                                    хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А Д.Эийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч А Д.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А Д.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч А Д.Эд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2234000000067 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, хохирогчид 610.000 /зургаан зуун арван мянга/ төгрөг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч М.Б нь 2.778.100 төгрөгийн баримтаа, ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой баримтаа, мөн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А Д.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ш.ГАНДАНСҮРЭН