Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
Хэргийн индекс | 176/2022/0008/Э |
Дугаар | 2022/ШЦТ/58 |
Огноо | 2022-02-16 |
Зүйл хэсэг | 27.10.3., |
Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхтулга,
Шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Пд холбогдох эрүүгийн 2134003600480 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, Б.П, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.П нь Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар багийн нутаг Хар хошуу гэх газар Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг явах замд 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр УБЭ улсын дугаартай Т.Марк 2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын холбогдох заалтыг зөрчсөний улмаас эгнээ байрандаа хөдөлгөөнд оролцож байсан Т.Приус 20 маркийн УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 1 УБЭ улсын дугаартай Т.Марк 2 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн М.Бын эрүүл мэндэд хүндэвтэр, С.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол, УАС улсын дугаартай Т.Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Г.Уын амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2134003600480 дугаартай хэрэгт авагдсан
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эын өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр манайд Г.Уын найз нь Е гэдэг хүүхэд зар барьж орж ирээд Уыг хамт ажил хийе гэж байсан. 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 10 цагийн орчим ажилдаа явчхаад 16 цаг гээд гэртээ ирсэн чинь Г.У эмээгийнхээ үгэнд орохгүй ажил хийнэ гээд гараад явчихсан байсан. Г.У нь ажил хийнэ гээд яриад байдаг байсан. Би уг нь ажилд явуулахгүй гээд дургүй байсан юм. 2021 оны 10 дугаар сарын 11-нд 00 цаг өнгөрч байхад Е над руу залгаад “Бид нар аваарт орчихлоо, Улсаа ухаан орохгүй байна. Та яаралтай ир, ухаан орохгүй унтаад байна.” гэхээр нь би Төв аймгийн Баянчандмань суманд ирсэн чинь У нас барчихсан байсан. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх 40-41/,
Хохирогч М.Бын өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 17 цаг өнгөрч байхад Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу нөхөр С, эгч Н, охин С, Пүүжээ гэх залуу бид 5 явсан. Анх тээврийн хэрэгслийг нөхөр С жолоодож явж байгаад Пүүжээ гэх залууд рүлээ шилжүүлсэн. Би жолоочийн хажуу талын суудал дээр охин Сыг тэврээд сууж явсан. Пүүжээ 60 км/цагийн хурдтай явж байхад “Хар хошуу” гэх газарт урдаас их гэрлээ анивчуулаад машин ороод ирэх шиг болсон. Тэгээд осол болсон. Би эмчилгээний зардлаа нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх 44/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сгийн өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 17 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот руу Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багаас эхнэр Б, охин С, эгч Н, П нарын хамт 16-37 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Баруун хараа орох үед миний нойр хүрээд байхаар нь Пгээс “Жолооны үнэмлэхтэй юу, машин бариад явж чадах уу” гэхэд П чадна гэхээр нь машинаа бариулаад өөрөө арын суудалд суугаад унтсан. “Урьхан” зоогийн газар өнгөрөөд явж байхад би сэрсэн. Баянчандмань сум орох гээд явж байхад холын цагаан гэрэл асаасан “Приус-41” маркийн машин маш хурдтай ороод ирсэн. Тэгээд хоёр машин мөргөлдөж зогссон зам бартаа ихтэй 2 талдаа овоолсон элстэй байсан. Би Пг зөөлөн яв гэж хэлээд осол болох үед ойролцоогоор 40 км/цагийн хурдтай явж байсан. Осол болсон шалтгаан нь урдаас ирж яваа тээврийн хэрэгслийн гялбаанд ороод юм харагдахгүй байсан. Ослоос болж манай охин Сын тархинд цус хурсан, эхнэр Бын зүүн хөлний дунд чөмөг хугарсан, миний биед уруул сэтэрч, зүүн мөр, зүүн гуя хөхөрч хавдсан. Тээврийн хэрэгслийн зүүн урд суудалд Б, Сыг тэврээд сууж явсан. Арын суудалд Н эгч бид хоёр сууж явсан. Урдаас ирсэн тээврийн хэрэгсэл их гэрлээ шилжүүлэхгүй хурдтай явж байсан. Зам донсолгоо ихтэй, шороо ихтэй байснаас осол гарсан гэж үзэж байна. Тээврийн хэрэгслийн болон эмчилгээний зардлыг буруутай жолоочоос гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /хх 47-48/,
Гэрч О.Тын өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сарын 10-ны орой 21 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос Угтаалцайдам сум руу ажил хийлгэхээр зараар холбогдсон 3 залууг аваад дөрвүүлээ явсан. Тэгээд замдаа Төв аймгийн Баянчандмань сумаас 1 хүн аваад Жаргалант сумаар гараад цааш Угтаалцайдам сум руу явах гэж байсан юм. Тэгээд Баянчандмань сумаас 22:15 цагт 1 хүнээ аваад “Хар хошуу” тойроод явж байтал эсрэг урсгалд явж байсан тээврийн хэрэгсэл надтай яг зөрөх гэж байгаад миний жолоодож явсан автомашины зүүн урд тал руу дараад гэрэл гялбаад ороод ирсэн. Би машиндаа авч явсан 4 хүнээр Төв аймгийн Угтаалцайдам суманд аваачиж манжин хураалтанд ажиллуулах гэж байсан юм. Осол болсны дараагаар зорчигч нараас харсан чинь автомашины зүүн хойд талд зорчиж явсан нэг залуугийн толгойноос цус гарчихсан биеийн байдал нь муу юм шиг байхаар нь автомашинаас буулгаад газар хэвтүүлээд цагдаа, түргэн тусламж дуудсан. Тэгээд удалгүй эмч, цагдаа нар ирсэн. Би эгнээндээ явж байгаад тухайн автомашинтай зөрөх гэсэн чинь л над руу дарчихсан. Тэр автомашины жолооч нойрмоглосон юм уу, эсхүл донсолгоо гаргах гэж байсан байх. Би Төв аймгийн Угтаалцайдам суманд манжин хураалтанд ажиллуулах гэж авч явсан 4 зорчигч байсан. Би нэрийг нь сайн мэдэхгүй. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Би жолоочийн хажуу талын хүн суудлын бүс зүүсэн байсан. Арын суудалд зорчиж явсан зорчигч нарын суудлын бүс хэрэглээгүй байсан. Би 60 орчим км/цагийн хурдтай явж байсан. Би Баянчандмань сумаас гараад гэрлээ ойр дээрээ шилжүүлсэн байсан. Миний автомашин завод нэмэлт лед гэрэлтэй тэр нь асаалттай байсан. Хүмүүс тэр гэрлийг их хурц гээд байдаг юм. Би заримдаа гэрлээ шилжүүлэхгүй байгаа автомашинд асааж дохио өгдөг. Өчигдрийн хувьд осол болох үед миний нэмэлт лед гэрэл асаалттай байсан. Би тэр автомашинд ойр дээр явж байгаа гээд их гэрлээрээ дохисон. Надтай мөргөлдсөн автомашины жолооч ч гэсэн их гэрэл дээрээ яваад ороод ирсэн. Би гэрэлд цохиулахад нь баруун тал руугаа шахаад явж байсан.” гэх мэдүүлэг /хх 55-56, 58/,
Шүүгдэгч Б.Пгийн өгсөн: “Би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багаас явж хөдөө цуг зусдаг ах Сгийн машинтай Улаанбаатар хот руу явж байхад С ах “хоёр өдөр нойр дутуу явсан чи жоохон бариадах” гэхээр нь би 1637 УБЭ улсын дугаартай “Гранд марк-2” маркийн машиныг Баруун хараагийн цаанаас барьж Баянчандмань сум хүрэх замд явж байхад урдаас хурц гэрэлтэй машин гарч ирсэн. Тэгээд юу болсон талаар мэдээгүй байна. Өдрөөс ирсэн машин гэрлээ шилжүүлээгүй. Тэгээд би гэрлийн гялбаанд орж зам харагдаагүй, үзэгдэх орчин хязгаарлагдсан. Тэгээд баруун тийш дар гэхээр замын хажуу талын өндөр далан байсан болохоор зүүн тийш дараад буцаад баруун дараад тоормос гишгээд зогссон чинь өөдөөс машин ирж мөргөсөн. Өөдөөс ирж байсан машин гэрлээ шилжүүлээгүйн улмаас зам тээврийн осол гарсан. Би 50 км цагийн хурдтай явж байсан. С ах 80 дээш гарвал бензин их идээд байдаг гэхээр нь 50-70 км хурдтай явж байгаад осол болохын өмнө 50 км цагийн хурдтай явж байсан. Намайг бодвол арай хурдтай явж байсан. Би “А” цэг дээр маргаад байх зүйл байхгүй гэрлийн гялбаанд ороод хажуу тийш дараад буцаад зүүн тийш дараад тоормос гишгэж зогссон. С, эхнэр, хүүхэд нь эгч нь бид 5 явсан. С ахын эхнэрийн хөл хугарсан. Хүүхэд нь толгойндоо жоохон гэмтэл авсан. С ах хойноос наад машин чинь ямар хурц гэрэлтэй юм бэ гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх 62-63, 66-67/,
Гэрч Б.Аийн өгсөн: “Би ногоо хураалтын ажилд явах гээд зарын дагуу нэг хүнтэй ярьсан. Тэгээд намайг авсан. Тэгээд бид 5 Төв аймгийн Угтаалцайдам сум руу явсан. Тэгээд “Хар хошуу” тойроод явж байтал урдаас суудлын автомашин ирж яваад гэнэт л ирээд мөргөчихсөн. Миний сууж явсан автомашин бол ер нь их гэрэлтэй л байсан. Яг осол болох үед гэрэл хол, эсхүл ойр дээр байсныг мэдэхгүй байна. Би тухайн үед жолоочийн хажуу талын суудал дээр зорчиж явсан. Миний цээж, толгой хүзүү хэсэг хөндүүртэй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний зорчиж явсан тээврийн хэрэгсэл ойролцоогоор 60-70 км цагийн хурдтай явж байсан. Би тэр тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч нарыг танихгүй. Тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч эрүүл байсан.” гэх мэдүүлэг /хх 70-71/,
Гэрч Б.Нийн өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 17 цаг өнгөрч байхад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багаас С, Б, С, нэг залуу 5-лаа “Марк-2” маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хот руу явсан. Тэгээд замд С нь ядраад байна гээд Пд жолоочоо шилжүүлсэн. Би замын турш унтаагүй явж байсан. 22:40 цагт Баянчандмань сум орох гээд явж байтал урдаас тод цагаан гэрэлтэй машин орж ирээд мөргөлдөх шиг болсон. Ослоос болж миний биед ил харагдах гэмтэл учраагүй. Гэхдээ бие хөндүүртэй байна. Тухайн үед Пүүжээ гэх залуу жолоодоод явсан. Эрүүл байсан. Миний зорчиж явсан тээврийн хэрэгсэл 40-50 км цагийн хурдтай явж байсан.” гэх мэдүүлэг / хх 73/,
Насанд хүрээгүй гэрч Л.Чын өгсөн: “2021 оны орой 20 цаг өнгөрч байхад намайг гэрийн гаднаас Т гэх залуу автомашинтайгаа ирж авсан. Т гэх залуу надаас гадна 2 хүүхэдтэй хамт явж байсан. Тэгээд Улаанбаатар хотоос гарч яваад Баянчандмань сум дээр очиж А гэх залууг аваад 5-лаа сумын төвөөс гараад явж байсан. Би автомашины баруун хойд талын суудал дээр зорчиж явсан. Би осол болох үед суудлаа налчихсан унтах гээд хэвтэж байсан чинь гэнэт гэрэл тусаад осол болсон. 8300 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн Т гэх залуу жолоодож явсан. Осол юунаас болж гарсныг би сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 76/,
Насанд хүрээгүй гэрч У.Еы өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 09-ний орой зар харж байгаад зарын дагуу 2021 оны 10 дугаар сарын 10-ны өглөө залгаж яриад Төв аймгийн Угтаалцайдам суманд очиж манжин хураалтын ажилд явахаар тохиролцсон. Тэгээд орой 17 цагийн орчим У бид хоёрыг Нисэхээс Т гэх залуу автомашинтайгаа очиж авсан. Бид гурав Драгон дээрээс Ч гэдэг хүүхдийг аваад Төв аймгийн Баянчандмань сум ороод 22 цаг өнгөрч байхад нэг ахыг авсан. Би тээврийн хэрэгслийн арын суудлын голд сууж явсан. Миний зүүн гар талд У, баруун гар талд Ч, Т нь автомашин жолоодчихсон, урд талын зорчигчийн суудал дээр сүүлд авсан ах суугаад явж байсан. Бид нар юм яриад явж байсан. Баянчандмань сумаас гараад хошуу тойроод явж байтал гэнэт гэрэл гараад мөргөлдчихсөн. Миний сууж явсан автомашин 58 км цагийн хурдтай явж байсан. Ослоос болж миний хөл жоохон өвдөж байна. Одоо бол гайгүй байгаа. Надад осолтой холбоотой санал хүсэлт гомдол байхгүй.” гэх мэдүүлэг /хх 78/,
Техникийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11/11 дугаартай дүгнэлтэд: “1.1637 УБО улсын дугаартай "Марк-2" маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б/. "Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх", 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. 2.8300 УАС улсын дугаартай Приус-40 маркийн тээврийн хэрэгслийн жолооч О.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б/. "Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" заалтыг зөрчсөн байна. 3.1637 УБО улсын дугаартай "Марк-2" маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.6 "Суурийн газрын гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно." гэсэн заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол болох шалтгаан болсон байна. 4.Осол болоход замын нөхцөл байдал, үзэгдэх орчин нөлөөлөөгүй байна. 6." гэх /хх 157-158/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 134 дугаартай дүгнэлтэд: "1.Талийгаач Г.Уын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр духанд шарх, дух ясны цөмөрсөн хугарал, суурь ясны хугарал, орой ясны хугарал, тархины эдийн няцрал, баруун зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хатуу хальсан доорх цусан хураа, хуйхан дор цус хуралт, баруун шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд амьддаа үүссэн шинэ гэмтэл байна. 2.Талийгаач Г.У нь авто осол гавал тархины ил гэмтлийн улмаас нас баржээ.” гэх дүгнэлт /хх 94/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 99 дугаартай дүгнэлтэд: "1.С.Сын биед зүүн чамархайн хэсгийн хатуу хальсан дор ялтаслаг цус харвалттай, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 103/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 98 дугаартай дүгнэлтэд: "1.М.Бын биед зүүн дунд чөмөгний толгой хэсгийн хугарал, мултрал, аарцаг ясны зүүн тогооны сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 105/,
“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 06-384 дугаартай үнэлгээний тайланд: “8300 УАС улсын дугаартай Приус-41 маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 6 690 500 төгрөг, 1637 УБЭ улсын дугаартай "Марк-2" маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ нь 3 455 100 төгрөг болно.” гэх /хх 115-127/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б/. "Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх", 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.", 11.6 "Суурийн газрын гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно." гэсэн заалтыг тус тус зөрчсөн буруутай үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэн шүүгдэгч Б.Пг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргаж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал миний үйлчлүүлэгч гэм буруутай үйлдэлдээ маргаагүй тул тэнсэж өгнө үү гэх санал тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Б.П нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3-р багийн 6-31 тоотод эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй талаархи ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан /хх 179/, одоо 22 настай байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон,
шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.П нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт оршин суудаг байх тул шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3-р багийн нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Амь хохирогч Г.Уын хууль ёсны төлөөлөгч Д.Э нь шүүгдэгчээс 11 сая төгрөг авсан нэхэмжлэх зүйлгүй гэх, хохирогч М.Б, насанд хүрээгүй хохирогч С.Сын хууль ёсны төлөөлөгч Б.С нар хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.
Шүүгдэгч Б.Пгээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн эвдрэлд 3 840 500 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч О.Тад олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч гэм буруугийн шүүх хуралдаанд нөхөн төлсөн болохыг дурдав.
Эрүүгийн 2134000000459 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Пг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Б.Пд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3-р багийн нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6.Эрүүгийн 2134003600480 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ