Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
Хэргийн индекс | 176/2022/0085/Э |
Дугаар | 2022/ШЦТ/83 |
Огноо | 2022-03-03 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/83
2022 03 03 2022/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Д.Сүхням,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч М.М, У.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б М.М, Б У.Б нарт холбогдох эрүүгийн 1934007260200 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Архангай аймагт 1987 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал,
урьд 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Дархан аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэгдэж байсан, бие эрүүл, дугаарын регистртэй, Б М.М,
Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 1990 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, дугаарын регистртэй, Б У.Б,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч У.Б нь М.Мтай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч, үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг Өгөөмөрийн 13-01а тоотод оршин суух иргэн С.Баатархүүгийн гэрт засварын ажил хийх хугацаандаа гэрийн авдарт байсан эрх, бурхан, хөөрөг, зэрэг эд зүйлсийг хулгайлж 3.474.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч М.М:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж,
Шүүгдэгч У.Б:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 1934007260200 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч У.Б, М.М нарын урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч, үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг Өгөөмөрийн 13-01а тоотод оршин суух иргэн С.Баатархүүгийн гэрт засварын ажил хийх хугацаандаа гэрийн авдарт байсан эрх, бурхан, хөөрөг, зэрэг эд зүйлсийг хулгайлж 3.474.800 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-22 дугаар хуудас/,
шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 07/123 дугаартай ... Ю.Цийн өмчлөлийн хулгайд алдагдсан 4 төрлийн эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2019 оны 08 дугаар сарын 23-ны байдлаар 3.474.800 /гурван сая дөрвөн зуун далан дөрвөн мянга найман зуу/ төгрөг болно... талаарх дүгнэлт /хх-ийн 61-75 дугаар хуудас/,
хохирогч Ю.Цийн ...2019 оны 08 сарын сүүлээх манайх байшиндаа засвар хийлгэхээр 3 хүн хөлсөлсөн. Уг хүмүүс архи ууж байгаад эхнэр нөхөр хоёр нь манайхаас 2 эрх, 1 бурхан, 1 хөөрөг, мөнгөн бүс зэргийг аваад явсан. Ийм учраас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Буцааж авсан. Б, М нартай утсаар холбогдож байгаад Драгон төвийн урд хамаатны хөгшиндөө өгөөд үлдээсэн байсан. Тэгээд би найздаа хэлээд очиж авхуулсан. Бүгдийг нь тоо ёсоор өгсөн. Би мөнгөн бүсээ М, Б нарыг аваад явсан гэж бодож байтал өөрийнхөө гэрээс олсон. Би 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр холбоо барьсан. Тэрнээс хойш огт холбогдоогүй. Надад тийм зүйл байхгүй... /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,
гэрч С.Баатархүүгийн ...Би гэртээ эзгүй ажилдаа явсан хойгуур манай эхнэр зүс мэдэх гурван хүнээр гэрийн засвар хийлгэсэн. Би уурхайд байрлаж тэндээ байнга байдаг тэр гурван хүн манай гэрт засвар хийгээд байрлаж 3 хоносон. Тэгтэл манай эхнэр 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ажил дээр ирээд гэрээс юм алга болчихлоо нөгөө засвар хийсэн хүмүүсийн хоёр нь аваад явчихлаа нэг нь гэрт үлдсэн гэж хэлсэн. Би маргааш нь гэртээ очоод юм аа шалгаж үзэхэд миний хөөрөг, бурхан, эхнэрийн хоёр эрх, мөнгөн бүс нь байхгүй байсан учир цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би Мөнхнаранг танина манай эхнэртэй хамт ажилладаг байсан. Нөгөө хүмүүсийг танихгүй. Би хөөргөө хотоос 7 жилийн өмнө 120.000 төгрөгөөр авч байсан. Бусад зүйлийг сайн санахгүй байна... /хх-ийн 35-37 дугаар хуудас/,
гэрч Ю.Цийн ...2019 оны 08 дугаар сарын 21-нд надтай хамт өмнө нь ажиллаж байсан Мөнхнаран гэх эмэгтэй Б, М нарын хамт хонох газар байхгүй манайд засвар хийж туслаад хэд хоноод явна гэж гуйхаар нь би зөвшөөрсөн. Тэгээд манай гурав хоног засвар хийж хоносон. 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр би хоолыг нь хийж өгөөд нэг шил архи авч өгөөд амраарай гээд явсан. Маргааш өглөө нь намайг ирэхэд Мөнхнаран нөгөө хоёр чинь миний утсыг аваад шөнө явсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр би авдраа үзтэл дотор нь байсан хөөрөг, бурхан, эрх миний бүс байхгүй болохоор нь нөхөр рүү очоод гэрээс юм алга болчхож гээд хэлээд буцаж ирсэн. Маргааш нь нөхөр ирж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би уг хоёр хүнийг танихгүй. Надтай хамт ажиллаж байсан Мөнхнарантай хамт ирсэн. Миний эрх хуучин цагийн шүрэн толгойтой, шүрэн бөөртэй байсан. Мөнгөн бүс нь мөнгө цутгаж хийсэн улаан шүртэй дээр үеийн бүс байгаа. Би Бын 99153220 гэсэн дугаарын утас руу мэссеж бичихэд “Уучлаарай би сайн мэдэхгүй байна согтуудаа авсан юм шиг байна таны бүх юм надад байгаа би айгаад байна” гэж надад хэлсэн. Миний мөнгөн бүс нэлээд үнэд хүрэх байх би яг сайн мэдэхгүй байна. Эртний шүр үнэтэй байх гэж бодож байна... /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,
гэрч Т.Мөнхнарангийн ...Би 2019 оны 08 дугаар сарын 23-ны орой Цэрэндэжид эгч надтай хамт засвар хийж М.М, У.Б бид гуравт нэг шил архи авч өгсөн. Тэрийгээ уугаад ахиад нэг юм ууя гээд М хэлсэн тэгэхээр нь би зөвшөөрөөд Хишиг зоогийн газар орж нэг шил аваад хоол идээд гарч ирсэн. Тэгээд засвар хийж байгаа байшиндаа ирээд авсан архиа ууж дуусгаад унтсан. Маргааш өглөө сэрэхэд тэр хоёр хоёулаа байхгүй байсан. Би гудсаа сөхөөд харахад миний утас алга болсон байхаар нь тэр хоёрын хувцсыг нь үзтэл хувцсаа аваад явсан байсан. Удалгүй Дэжээ хүрээд ирэхлээр нь тэр хоёр утас аваад явсан байна хоёулаа яваад миний дансыг шалгая гээд явж шалгахад миний дансанд байсан 150.000 гаруй мянган төгрөгийг бүгдийг нь авсан байсан. Миний алдсан утсанд 99792508 гэдэг дугаар байсан. Харин хаан банкны 5032737166 тоот данснаас мөнгөө алдсан. Миний утас S7 edge 2 сарын өмнө 250.000 төгрөгөөр авсан. Дансанд 150.000 төгрөг байсан. М, Б хоёр надад 120.000 төгрөгийн өртэй байсан. Нийт 520.000 төгрөгийн хохиролтой байна... /хх-ийн 41-43 дугаар хуудас/,
гэрч У.Бын ...Дэжээ эгч Мөнхнаран эгч рүү яриад бид нарыг будаг, заслын ажил хийж чадах уу? Мөнгө хөлсийг нь өгөөд гэртээ засвар хийлгэе гэж хэлсэн. Тэгээд бид хэд тэгье гэж хэлээд Дэжээ эгчийнд очсон. Гэрт нь очоод 3-4 хоног засварын ажлыг нь хийж өгсөн. Сүүлийн өдөр будаг хийж байгаад Дэжээ эгч будагны хор тайлж өгнө гээд 1 шил архи авч өгсөн. Тэр архийг будаг хийж байхад Мөнхнаран эгч Мэндээ 2 хувааж ууж байсан. Бид нар будгаа дуусгаад дэлгүүр орж архи авч ууя гэтэл дэлгүүр хаалттай байсан. Тэгэхээр нь паб ороод 2 шил пиво, 10 хуушуур, 1 архи авч ууж байтал 12 болсон гээд би нарыг гаргаж байсныг санж байна. Нэг мэдэхэд би засвар хийж байсан айлын гадаа сууж байсан. Тэгэхэд М хөөрөг байна энэ айлын авдарнаас авсан юм аа гэж хэлж байсан. Тэгээд Мэндээ бид хоёр маргалдаад Мэндээ намайг зодчихоод яваад өгсөн. Би тэндээ хэсэг байж байгаад засвар хийж байсан айл руу очтол Мэндээ байхгүй байсан. Тэгэхээр нь гараад Мэндээг хайж байгаад буудлаас олоод цуг архи уугаад унтсан. Нэг сэртэл Улаанбаатар хотод сэрсэн. Миний утас руу Дэжээ эгч мессеж бичээд хөөрөг бурхан тахил аваад ир гэсэн байхаар нь гайхаад Мэндээгээс асуутал цүнхтэй хувцсан дотроосоо гаргаж ирсэн... /хх-ийн 44-46 дугаар хуудас/,
гэрч М.Мын ...Яг бол санахгүй байна. Төв аймгийн Сов гэдэг газар айлын засал хийж байсан. 2019 оны 08 дугаар сарын 20-дын үеэр байсан. Эхнэр Бын хамт байсан. Мэдэхгүй байна. Яг хэзээг нь санахгүй байна. Засвар хийж дуусаад Бын хамт таксинд суугаад Улаанбаатар хот явсан. Бын цүнхэнд шаазан бурхан орчихсон байсан, ямарч байсан эзэнд нь буцаагаад өгчихсөн. Хэд хоногийн дараа Бтай манайхаас юм авч явсан байна буцаагаад өгөөрэй гэж ярьсан байсан. Б тэрийг нь буцааж аваачиж өгсөн... /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
гэрч У.Бын дахин өгсөн ...Би нөхөр Мын хамт 2019 онд Цэрэндэжид гэх зүс таних эгчийн байранд засвар хийсэн. Будаг хийгээд дууссаны дараа Цэрэндэжид эгч будагныхаа хорыг гарга гээд 1 шил архи авч өгсөн. Наадахаа уучхаад амраарай гээд өөрөө яваад өгсөн. Архиа уучхаад хажуу талын паб руу ороод 1 шил архи 2 пиво аваад уусан. М намайг хоёулаа хот явъя хувцсаа янзал гээд би Цэрэндэжид эгчийн авдар дээр нь цүнхтэй хувцсаа тавиад янзалж байхад авдрын таг нь унасан. Тэгэхэд авдран дотор нь 2 эрхэнд ороочихсон шавар бурхан байсан. Би тэр бурханыг нь авахад хөөрөгний даалинтай хөөрөг байсан. Тухайн хөөрөг, эрхэнд ороосон бурхан зэргийг би аваад цүнхэндээ хийсэн. Тэгээд бид хоёр хот явах унаанд суугаад хот руу орсон... /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
яллагдагч М.Мын ... Би Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэний 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр надад холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Би 2005 онд Архангай аймгийн 3 дугаар сургуулийг сурч төгссөн, бүрэн дунд боловсролтой. Уншиж бичиж чадна. Би энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй тул одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би 2019 оны 08 дугаар сард би тухайн үед, хамтран амьдарч байсан У.Бын хамт Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг У.Бын зус танил Цэрэндэжид гэх эмэгтэйтэй уулзаад тэдний гэрт 2-3 хоног байшинд нь дотор засал хийсэн болно. Тэгээд бид 2 тэдний гэрээс буцах Цэрэндэжид эгч 1 шил архи, сүү авч өгөөд будагны ажил хийсэн юм чинь хороо гаргаад хэрэглэчих, тэгээд амарчихаад маргааш хот явахгүй юу гэж хэлсэн. Тэгтэл У.Б бид 2 Улаанбаатар хот руу явах гээд У.Б хувцсаа цүнхэлж байхад авдарны таг нь унаад тэгээд тагыг нь буцаагаад тавих гэж байгаад дотор нь байсан бурхан, даалинтай хөөрөг, 2 ширхэг эрх зэрэг эд зүйлийг авсан, харин мөнгөн бүс бол байгаагүй. Тухайн үедээ бол би архиныхаа халуунд тэрнийг болохгүй гэж хэлээгүй, харин сүүлд Улаанбаатар хотод ирчхээд уурлаад наад юмнуудаа буцааж өг, явуул гэж хэлсэн.... /хх-ийн 133-134 дүгээр хуудас/,
яллагдагч У.Бын ... Би Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэний 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Би 2008 онд Дархан-Уул аймгийн 17 дугаар сургуулийг сурч төгссөн. Бүрэн дунд боловсролтой. Уншиж бичиж чадна. Би энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй тул одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би 2019 оны 08 дугаар сард уурхайд ажиллаж байгаад тухайн үед хамтран амьдарч байсан М.Мын хамт танил айлынхаа засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Тэгээд засварын ажил дуусахад Баатархүү ахын эхнэр Цэрэндэжид эгч нөхөр бид 2-т засварын ажил хийгээд будаг, шунхтай ажил хийсэн юм чинь хор оо гадагшлуулаад ганц юм уучихгүй юу гэж хэлээд нэг шил архи бас сүү энэ тэр авч өгсөн. Тэгээд нөхөр бид 2 тэр архийг нь хувааж уугаад тэндээсээ гарч яваад паблуу орж дахиж архи авч уугаад тэгээд тэндээсээ Улаанбаатар хот руу явье гэж ярилцаад хувцсаа авахаар буцаад байрлаж байсан засвар хийсэн байшиндаа очоод хувцсаа хамаж байхад авдарны таг унасан бөгөөд тагыг буцаагаад хийхэд дотор нь бурхан болон эрх, хөөрөг зэрэг эд зүйл харагдахаар нь би тэрнийг аваад цүнхэлчихсэн юм. Тухайн үедээ М.М намайг дээрх эд зүйлийг авсан талаар мэдээгүй, харин сүүлд нь Улаанбаатар хотод ирсний дараа мэдсэн. Тэгээд М..М намайг наад юм аа буцаагаад өг гэж байсан. Удалгүй Цэрэндэжид эгч өөрөө утсаар залгаад та 2 гэрээс юм аваад явсан байна гэхээр эхэндээ би юм аваагүй штэй гэж хэлсэн, тэгээд би цүнхээ ухаад үзэхэд дээрх эд зүйлийг авчихсан байсан. Тэгээд би тэр эгчээс уучлалт гуйгаад бух юм чинь надад байна, намайг уучлаарай, би буцаагаад явуулчье гэж хэлээд авсан эд зүйлсээ буцаагаад өгсөн. Би даалин хөөрөг, бурхан, эрх зэрэг эд зүйл авсан мөнгөн бүс бол аваагүй... /хх-ийн 133-134 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч М.Мын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 94-103, 108-110/, шүүгдэгч У.Бын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 113, 114-116 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч М.М, У.Б нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч М.М, У.Б нарыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч У.Б, М.М нарын урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч, үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж иргэн С.Баатархүүгийн гэрт засварын ажил хийх хугацаандаа гэрийн авдарт байсан эрх, бурхан, хөөрөг, зэрэг эд зүйлсийг хулгайлж 3.474.800 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Гэм буруу болон хууль зүйн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ:
...Шүүгдэгч М.М, У.Б нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2019 оны 08 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг Өгөөмөрийн 13-01а тоотод оршин суух иргэн С.Баатархүүгийн гэрт засварын ажил хийх хугацаандаа гэрийн авдарт байсан эрх, бурхан, хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлж 3.474.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.М, У.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нар нь хулгайлсан эд зүйлийг биет байдлаар нь буцаан өгсөн. Хохирогчийн зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мэдэгдсэн... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч М.М:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг,
Шүүгдэгч У.Б:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч М.М, У.Б нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч нар маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Учир нь шүүгдэгч М.М, Ц.Б нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч М.М, Ц.Б нарын дээрх нөхцлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Прокуророос шүүгдэгч М.М, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч М.М, Ц.Б нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш буюу 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөс дээш хохирол, хор уршиг учирсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн үндсэн шинжийг хангасан байна гэж хуульчилсан.
Шүүгдэгч У.Б, М.М нарын урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч, үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн иргэн С.Баатархүүгийн орон гэрээс авдарт нь байсан эрх, бурхан, хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж 3.474.800 төгрөгийн хохирол учруулсан нь хохирлын хэмжээнээс шалтгаалахгүйгээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр нөхцөл байдал харагдаж байна.
Гэвч хохирогч Ю.Ц нь шүүгдэгч У.Б, М.М нарыг өөрийн орон байранд нэвтрэхийг зөвшөөрч улмаар орон байрандаа засвар хийлгэж байсан бөгөөд хохирогчийн оронд байранд түүний зөвшөөрлөөр нэвтэрч засварын ажил гүйцэтгэх явцдаа эд хөрөнгийг мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 3.474.800 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсныг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.
Тухайлбал шүүгдэгч М.М, Ц.Б нарын хувьд хохирогч Ю.Цийн зөвшөөрлөөр гэр орон байранд нь нэвтэрч засварын ажил хийх хугацаандаа зөвшөөрөлгүйгээр, мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эд хөрөнгө болох эрх, бурхан, хөөргийг хүч авсан байна.
Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор шүүгдэгч М.М, Ц.Б нарын бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийсэн улмаас бусдад 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөс дээш хохирол, хор уршиг учирсан тул материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзэж, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Тэрээр шүүгдэгч М.М, Ц.Б нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч Ю.Цэд учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч М.М, Ц.Б нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч М.М, У.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ю.Цийн эд хөрөнгөд 3.474.800 төгрөгийн хохирол учирсан байна.
Хохирогч Ю.Цэд шүүгдэгч М.М, У.Б нар мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь түүний хохирогчоор өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл зэргээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч М.М, У.Б нар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ:
... Шүүгдэгч М.М, У.Б нар нь прокурорын шатанд хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор үндэслэлтэй байна гэж үзэж шүүгдэгч нартай ял тохиролцож шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч нар нь прокурорын зүгээс гаргасан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч тус бүрийн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч М.М:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч У.Б:
...Манай эгч хорт хавдраар эмнэлэгт хэвтэж байгаа. Би сахидаг юм. Нийтэд тустай эдлэх ялаа Дархан аймагт эдлэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд шүүгдэгч У.Б, М.М нар нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй гаргаж улсын яллагчтай ялаа тохиролцсон тул тус бүрийг дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлдэг ба харин хоёр шүүгдэгчийн хувьд шүүхээс оногдуулах нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймагт эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан.
Учир нь У.Б, М.М нар хамтран амьдардаг, шүүгдэгч У.Бын төрсөн эгчийн биеийн эрүүл мэндийн байдал хүнд байгаа учраас эгчийгээ сахих тухай хүсэлт гаргасныг хүлээн авах нь зүйтэй байна.
Жич: Шүүгдэгч У.Б, М.М нар нь Дархан-Уул аймгийн 3 дугаар баг, Улиастайн 7-42 тоотод оршин суух талаараа шүүх хуралдаанд илэрхийлсэн болно.
Шүүх шүүгдэгч М.М, У.Б нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд нийтэд тустай ажил хийлгэх ялыг дөрвөн зуун цагаар тогтоох нь тохирно гэж дүгнэлээ.
Шүүгдэгч М.М, У.Б нарт оногдуулсан дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч М.М, У.Б нарт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 1934007260200 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.М, У.Б нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б М.М, Б У.Б нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б М.М, Б У.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б М.М, Б У.Б нарт шүүхээс оногдуулсан дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б М.М, Б У.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тус бүрийн дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б М.М, Б У.Б нарт тус бүр шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн 1934007260200 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б М.М, Б У.Б нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б М.М, Б У.Б нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б М.М, Б У.Б нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН