Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2014/0263

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, Т.Б, хариуцагч О.А, түүний өмгөөлөгч Р.М нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэн даган мөрдөж, үйл ажиллагаагаа алдаа дутагдалгүй явуулж, улсад төлөх татвар болон бусад төлбөр тооцоог цаг тухайд нь төлсөн байхад манай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Иймд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 107 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газар, эзэмших ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох талаар шийдвэр гарсан. Энэ газар нь бүрэн хэмжээнд ашиглагдаагүй, малчдын мал бэлчээх бэлчээрийг их хэмжээгээр хаасан, эзэмшүүлсэн газрын байршлыг өөрчилсөн, газар зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөөнд энэ газар зөрчилтэй тусгагдсан. Мөн “Б” ХХК усны шуудуу татаж, услалтын систем хийж байгаа нь Усны тухай болон Байгаль орчны тухай хуулийг зөрчиж байгаа бөгөөд ус ашиглах гэрээ хийгээгүй байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дэлгэрхаан сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 107 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Дэлгэрхаан сумын Засаг дарга давж заалдах гомдолдоо: Хэнтий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Газрын тухай хуулийн 20.2.3. аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх,

20.2.9. газар эзэмшигч, ашиглагч нь хууль тогтоомж, гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлснээс байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан санал, гомдлын талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргуулах хүсэлтээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргах,

  1. аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх,
  2. энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулахаар заасан.

Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2. Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.

  1. Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.

34.8. Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ.

35.1.6. газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно гэж газар эзэмшүүлэх шаардлагыг нэг бүрчлэн заасан.

Гэтэл нэхэмжлэгч компанид газар эзэмшүүлэхдээ хуульд заасан дарааллын дагуу явагдаагүй байна. Иймд “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх дүгнэхдээ нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 107 дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Б” ХХК-с Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 107 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба уг захирамжаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийг “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, тус эзэмшил газарт малын бэлчээр, отрын нутаг хамаарч байгаа” гэж хүчингүй болгожээ.

“Б” ХХК нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаар захирамжийн дагуу зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцож, тус сумын 1 дүгээр багийн Хэрлэнбаян Улаан тосгоны нутаг дэвсгэрт газар тариалан эрхлэх зориулалтаар 2400 га газрыг сумын Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 46 дугаар захирамжаар эзэмших эрхтэй болжээ.

“Б” ХХК-с дуудлага худалдааны дагуу авсан, эзэмших эрх бүхий 2400 га эзэмшил газрын байршил өөрчлөх хүсэлт гаргасан байх ба Дэлгэрхаан сумын Засаг даргын 2012 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дүгээр захирамжаар газрын байршлыг өөрчилж, Хэрлэнбаян Улаан тосгоны атаршсан талбайн 2320000014 нэгж талбарт 1200 га газрыг, 2320010002 нэгж талбарт 860 га газрыг, услалтын системийн талбайн 2320010003 нэгж талбарт 340 га газрыг нь эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

1. “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил ашиглаагүй” гэх үндэслэлийн тухайд:

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д зааснаар нэхэмжлэгч нь газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх үүрэгтэй атал 2012 оны 6 дугаар сараас эхлэн тус компани услалтын систем бүхий 340 га газарт эмийн ургамал тариалж, харин үлдсэн газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-н “манайх нутгийн мал бүхий иргэдтэй аль болох зохицох үүднээс хандаж, бүх газраа хашихгүй хэсэгчилсэн байдлаар хашсан. Усалгаа бүхий талбай газартаа 650.000.000 төгрөгийн үр тариа тариалсан” гэх тайлбар, гэрч Б.Б-н “тус компани эмийн ургамал тариалж, 340 га газраа ашиглаж байгаа. 2013 онд огт гэрээ хийгээгүй”, гэрч С.Б-н “анх газар тариалангийн бүс нутагт 2400 га газрыг дуудлага худалдаагаар аваад, 2012 онд хүсэлт гаргаад 340 га газрыг усалгаатай талбай руу сумын Засаг даргын захирамжаар шилжүүлсэн, газраа хэсэгчилж ашиглаж байгаа” гэх мэдүүлэг, бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Гэтэл анхан шатны шүүхээс нотлох баримтыг буруу үнэлж, “газраа хэсэгчлэн ашиглаж байсан” гэх үндэслэлээр газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан гэж дүгнэсэн нь буруу байна.

  1. “Б” ХХК-ийн эзэмшил газарт малын бэлчээр, отрын нутаг хамаарч байгаа” гэх үндэслэлийн тухайд:

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “бэлчээр гэж мал, амьтан бэлчээх зориулалттай байгалийн болон таримал ургамлын нөмрөг бүхий хөдөө аж ахуйн газарт хамааруулсан газар” гэж, 11 дүгээр зүйлийн 11.1-д “хөдөө аж ахуйн газарт бэлчээр, хадлан, тариалан, атарсан газар, хөдөө аж ахуйн дэвсгэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулсан бусад газар хамаарна” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газар нь тус тосгоны 20 гаруй өрхийн 16000 гаруй малын бэлчээр, отрын газар болох нь 2011 онд хийгдсэн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын тариалангийн ба атаршсан газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны нэгж талбарын сүлжээний зураг, фото зураг, мал бүхий иргэдээс сумын захиргаанд удаа дараа гаргаж байсан өргөдлүүд, Тосгоны зөвлөлөөс зохион байгуулсан Иргэний танхимын хэлэлцүүлгийн 2013 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий актын үндэслэл болсон газар нь малчдын бэлчээрийн газар мөн эсэхэд дүгнэлт өгөлгүй, “Б” ХХК-ийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

  1. “Б” ХХК нь гадаад худалдаа, газар тариалангийн чиглэлээр, БНСУ-ын иргэн К-н 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдөр үүсгэн байгуулсан, 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани байна.

Газрын тухай хуулийн 3.1.7-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичиг байхаар, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д “газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох”-оор, 44 дүгээр зүйлийн 44.5-д “гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид

энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтоох”-оор заасан байдаг.

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр газар ашиглагч байж болохоор хуульчилсан байхад Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг дарга гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанид газар тариалангийн зориулалтаар 2400 га газар эзэмшүүлж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтуудыг зөрчжээ.

Энэ тохиолдолд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3-д зааснаар Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид төрийн өмчийн газар ашиглуулах гэрээг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Тэргүүлэгчдийн зөвшөөрснөөр Монголын талын өмчлөгч гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулах ёстой.

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч “Б” ХХК-д газар ашиглах эрх хуульд заасан журмын дагуу үүссэн гэж үзэхээргүй байна.

  1. Тус сумын Засаг дарга “Б” ХХК-ийн хүсэлтийн дагуу газрын байршлыг өөрчилж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.2-д “аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх”, 21 дүгээр зүйлийн 21.4.3-д заасан “сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” заалтыг зөрчсөн байна.

Мөн газрын байршлыг нь өөрчилсөн хэмжээгээр газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэн гэх боловч уг гэрээнүүдэд газар эзэмшигчийг төлөөлж гарын үсэг зурагдаагүй, 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 860 га газар эзэмшүүлсэн гэрээнд С.Н гарын үсэг зурсан боловч тухайн үед компанийг төлөөлөх эрх бүхий этгээд байсан гэдэг нь нотлогдоогүй зэрэг зөрчилтэй байна.

Дээрх байдлаар Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг дарга хуульд заасан газар эзэмшүүлэх журмыг зөрчиж, тус компанид 2400 га газар олгосон боловч 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 107 дугаар захирамжаар 2040 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, 340 га газрыг эзэмшүүлэхээр үлдээж шийдвэрлэсэнтэй хариуцагч маргаагүй байна.

Ийнхүү, “Б” ХХК-д олгосон 2400 га газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүсээгүй, уг компани 2040 га газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, уг

<

 газар нь малын бэлчээр, отрын нутагт хамаарч байгаа үндэслэлээр газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 107 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай нийцсэн байна.

 

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 27 дугаар зүйлийн 27.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан “Б” ХХК-ийн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 107 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 -д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

 

                        ШҮҮГЧИД                                                 Ц.ЦОГТ

 

                                                                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН