Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 92

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг, 

улсын яллагч В.Төгсбаяр,   

иргэдийн төлөөлөгч Б.Он-ой,

шүүгдэгч Б.Ганболд, түүний өмгөөлөгч Б.Уранчимэг (Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1056),

шүүгдэгч Д.Баатарцогт, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин (Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0938) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Бадарчийн Ганболдод Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, Цавчуур овогт Дэмидийн Баатарцогтод мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626010889 дугаартай, 1 хавтаст хэргийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Боржигон овогт Бадарчийн Ганболд, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1968 оны 6 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2 дугаар гудамжны 141 тоотод оршин суух бүртгэлтэй гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ЧВ68060712.

2. Цавчуур овогт Дэмидийн Баатарцогт, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1964 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 12 дугаар гудамжны 30 тоотод түр, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, 6 дугаар гудамжны 18 тоотод байнгын оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай регистрийн дугаар ЖЯ64111713, урьд

- Дорнод аймгийн 5 дугаар хэсгийн ардын шүүхийн 1982 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 47 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын (1961 он) Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн “Б”-д зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлд заасныг журамлан биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож шийтгэсэн, Сэлэнгэ аймгийн шүүхийн 1984 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 49 дүгээр магадлалаар эдлээгүй үлдсэн 1 сар 27 хоногийн ялыг тэнсэж сулласан.

- Барилгын цэргийн тусгай шүүхийн 1985 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 138 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын (1961 он) Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн “А” зааснаар 3 жил, 200 дугаар зүйлийн “А”-д зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулж нийт биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож шийтгэсэн, БНМАУ-ын Ардын Их Хулын Тэргүүлэгчдийн өршөөл үзүүлэх комиссын 1987 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 45 дугаар тогтоолоор эдлээгүй үлдсэн 4 сар 21 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлж сулласан.

- Дорнод аймгийн шүүхийн 1988 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 24 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын (1986 он) Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, Хэнтий аймгийн шүүхийн 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн магадлалаар эдлээгүй үлдсэн 03 сар 28 хоногийн ялыг  тэнсэж сулласан,

- Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн 1994 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 3 жил, мөн хуулийн тусгай ангийн 200 дугаар зүйлд зааснаар 2 жил хорих ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлд зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож шийтгэсэн, 1996 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2000 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлсэн,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 157 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 1 жил 06 сарын хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.Баатарцогтын өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр одоогийн тогтоолоор оногдуулсан 1 жил 06 сарын хорих ялаас зарим болох 6 сарыг нэмж нийт биечлэн эдлэх хорих ялыг 02 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 18 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 2003 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 140 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 21 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Д.Баатарцогтод оногдуулсан 6 сарын баривчлах ял дээр Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 18 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 21 хоногийн ялын зарим буюу 7 сарыг нэмж нэгтгэн бүгд 1 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 310 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар Д.Баатарцогтыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хугацаа дуусч суллагдсан.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Д.Баатарцогт нь урьд онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон ялтай байх хугацаандаа Б.Ганболдтой бүлэглэн согтуугаар 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 27 дугаар байрны урд талд иргэн Б.Хуягбаатарыг “10.000” төгрөг гуйхад өгсөнгүй” гэж эд хөрөнгийг нь авах зорилгоор түүнийг хүзүүний ороолтоор нь боож унаган амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж хохирогчийн өмдний халаасанд нь байсан 220.400 төгрөгийг дээрэмдсэн,

шүүгдэгч Б.Ганболд нь Д.Баатарцогттой бүлэглэн согтуугаар 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 27 дугаар байрны урд талд иргэн Б.Хуягбаатарыг Б.Баатарцогт нь хүзүүний ороолтоор нь боож унаган амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтлох үед хохирогчийн өмдний халаасанд байсан 220.400 төгрөгийг авч дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Д.Баатарцогт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ” 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өглөө гэрээсээ гараад 09 цагийн үед Хархорин захын 19 дүгээр байрны урд талын автобусны буудал дээр байж байхад нэг залуу таныг гуанзны цонхоор дуудаад байна гэж хэлсэн. Тэгээд очиход Ганболд, Хуягбаатар хоёр цайны газарт байсан. Нэг ширхэг мантуун бууз үлдсэн, намайг идчих гэж хэлсэн. Тэгээд Хуягбаатар архи авч өгнө гээд бид 3 цайны газраас гарсан. “Ундрал” гэх хүнсний дэлгүүрээс 0,75 граммын нэг шил архи авсан архиа уугаад дуусаж байхад Хуягбаатарыг таньдаг гэх 2 залуу ирсэн. Хуягбаатар нөгөө таарсан хоёр залуугийн нэгэнд нь 5000 төгрөг өгөөд дахин нэг шил архи авахуулсан, бид 5-лаа тэр архийг хувааж уусан. ...Тэгээд 5-лаа 19 дүгээр байрны урд талын автобусны буудал руу утас авахаар явсан. Нэг залуу нь замдаа өөр тийшээ явсан. Тэгээд бид 4, 19 дүгээр байрны автобусны буудал руу очиход...дахин нэг шил архи авч хувааж уусан. Тэгээд нэг залуу нь яваад өгсөн. Удалгүй нөгөө залуу нь явсан. Би Ганболдод чи Хуягбаатараас 10.000 төгрөг аваад өгөөч гэж хэлэхэд Ганболд өөрөө хэлж ав гэж хэлсэн. Би  Хуягбаатар дээр очоод ахдаа 10.000 төгрөг өгчих, эр улсууд байна дараа болно биз дээ гэсэн чинь  би яагаад чамд мөнгө өгөх ёстой юм бэ, өртэй юм уу гэж хэлсэн. Тэгээд бид хоёр барьцалдсан. Тэгсэн Ганболд ирээд мөнгийг нь авсан байсан. Би Ганболдыг мөнгө авахыг нь хараагүй. Хуягбаатар мөнгө авчихлаа гэж хэлсэн. Би мөнгийг нь өгөөч гэж араас нь хэлэхэд Ганболд надад 30.000 төгрөг өгсөн. Тэгээд Мөнхбат гэх залуу ирээд намайг бариад авсан...” гэв.

Шүүгдэгч Б.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016  оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өглөөний 09 цагийн үед Баатарцогттой 19 дүгээр байрны урд таарсан. Баатарцогт хүнтэй уулзана гээд яваад өгсөн. ...5 орчим минутын дараа би Хуягбаатартай 19 дүгээр байрны урд таарсан. Хуягбаатар хоол идэх үү гэхээр нь шүдээ эмчлүүлж байгаа, мантуун бууз идье гэж хэлсэн. Тэгээд Хуягбаатар бид хоёр цайны газар орсон. ... Хуягбаатар бид хоёр 3 ширхэг мантуун бууз аваад нэг, нэгийг идээд нэгийг нь Баатарцогтод үлдээсэн. Тэгээд цайны газарт Баатарцогт орж ирсэн. Баатарцогт мантуун бууз идчихээд байж байхад Хуягбаатар...дэлгүүрээс нэг шил архи авч өгье гэж хэлсэн. Тэгээд цайны газраас гараад явж байхад Хуягбаатарын таньдаг 2 залуутай таараад 5-лаа болсон. Тэгээд 5-лаа архи хувааж уусан...нэг залуу нь яваад 4-лээ үлдсэн. ...Хуягбаатар ...дахин нэг шил архи аваад бид хувааж уусан. Нийт 3 шил архи уусан. Нөгөө залуу яваад өгсөн. Баатарцогт надад 10.000 төгрөг Хуягбаатараас аваад өг гэж хэлсэн. Би өөрөө хэл гэж хэлсэн. Тэгсэн Хуягбаатар, Баатарцогт хоёр маргалдаад барьцалдсан байсан. Салгах гээд би дийлээгүй. Хуягбаатарын гарт нь мөнгө байхаар нь би авсан. Тэгсэн араас Баатарцогт мөнгийг нь өгөөч гэж хэлсэн. Тэгээд би 30.000 төгрөг өгөөд яваад буцаад ирэхэд Баатарцогт, Хуягбаатар 2 байхгүй байсан. Хүнээс асуухад цагдаад баригдаад явсан гэж хэлсэн. Би Хуягбаатараас авсан мөнгөө тоолсон чинь 65.000 төгрөг байсан. Тухайн мөнгөөр таньдаг хүнтэйгээ таараад архи уусан. Маргааш нь би 14 цагийн үед 19 дүгээр байрны автобусны буудал дээр байхад Хуягбаатар над руу залгаад цагдаагаас дуудаж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамаас 65.000 төгрөг авсан, Баатарцогтод 30.000 төгрөг өгсөн гэж хэлсэн. ...Мөнхбат гэх залууг би танихгүй намайг дэгээдэж унагаагүй” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Б.Хуягбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 14 цагийн орчимд “Цамбагарав”-ын үйлчилгээний төвийн урд танихгүй 5 хүнтэй таарсан юм. Тэднийг би танихгүй. Ганбаа (Ганболд) гэх залууг урьд нь зүс таних юм. Ганбаа (Ганболд) нь ганц юм аваад өгчих гэсэн. Тэгэхээр нь 10.000 төгрөг өгсөн. Тэгээд тэдний нэг нь архинд явж ирэхдээ 2 шил 0.75 граммын архи авч ирсэн. Бид нар “Цамбагарав”-ын баруун талын байрны хажууд авчирсан архиа уучихаад тэдний 3 нь үлдээд Ганбаа (Ганболд) гэгч нь өөр нэг залуугийн (Д.Баатарцогт) хамт бид баруун тийш явсан. Ингэж явахад замд олон гуанзнууд байсан. Тэрний нэгэнд орж би 6 мантуун буузыг 3.600 төгрөгөөр авч, бид нар идчихээд гарч баруун тийш явж байгаад яг хаана гэдгийг нь мэдэхгүй байна, гэнэт нөгөө залуу (Д.Баатарцогт) нь миний зүүж явсан бор ноосон ороолтоор хоолой боохоор нь би хүзүүнийхээ ороолтноос бариад авсан. Тэгээд намайг газар унагаж, Ганбаа (Ганболд) нь миний өмдний урд халаасанд байсан 240.000 төгрөгийг аваад зугтаасан. Тэгтэл тэнд явж байсан нэг эрэгтэй (Т.Мөнхбат) хүн ирж намайг түүнээс салгаж нөгөө залууг барьж аваад утсаар цагдаад дуудлага өгсөн. Дуудлагаар ирсэн 2 цагдаа бид хоёрыг цагдаагийн хэлтэс дээр авч ирээд намайг боодог залууг эрүүлжүүлэх байранд хийсэн. Би 2016 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл Булган аймгийн Дашинчилэн сумын Жамъяндорж гэж айлд мал маллах ажил сарын 300.000 төгрөгөөр хийж өгөөд 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр замын машинд сууж Улаанбаатар хотод шөнө ирсэн. Замын зардалд 15.000 төгрөг, Хархорин захаас жинсэн өмд худалдаж авахад 8.000 төгрөг, найз Амарсайханд 30.000 төгрөг, хоолонд 5.000 төгрөг, архи 8.000 төгрөг, 10.000 архи авахуулах гэж өгсөн, мантуун бууз 3.600 төгрөг тус тус зарцуулаад үлдсэн нь надад байсан...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 12-13 дахь тал),

“...миний хохирлыг бүрэн барагдуулсан учраас надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 14 дэх тал),

Гэрч Т.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 13-14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороололд “Солонго” рестораны урд байх “Миний дэлгүүр 112”-т бараа буулгаж байтал гурван залуу зогсож байсан ба нэг залуу нь нөгөө залууг хүзүүнийх нь ороолтоор боож газарт хажуугаараа харсан байдалтай унасан байхад нь хүзүүний ороолтоор нь бүтэн ороогоод араас нь хойш нь татаж “мөнгөө өг, өгөхгүй бол чамайг гүйцээчихье” гэж орилж байсан ба хохирогч залуу хүзүүний ороолтныхоо доод хэсэгт нь гараа оруулаад бариад авсан байсан. Энэ үед хажууд нь байсан залуу энгэрээс нь доош нь бүх халаасыг нь ухаж нэгжиж...байснаа өмднийх нь тэр хавиас мөнгийг нь олчих шиг болсон. Тэгтэл боож байсан залуу “яршиг яршиг гүйцээчихье” гээд орилоод хүзүүнийх нь ороолтыг улам татаад байхаар нь би тэсэлгүй гүйж очиж мөнгө аваад зугтаж байгаа залууг дэгээдэж унагасан ба өмсөж явсан хувцаснаас нь бариад авсан чинь тэрийгээ тайлаад зугтаасан. Тэгэхээр нь нөгөө боож байсан залууг очоод бариад авсан. Тэгтэл хохирогч залуу ухаан нь балартсан уу яасан босож ирэхгүй хэсэг хэвтээд байсан. Ингээд би 102-т дуудлага өгсөн. Удалгүй хоёр цагдаа ирэхээр нь барьж авсан хүнээ хохирогч залуугийн хамт хүлээлгэж өгөөд болсон асуудлыг хэлчихээд явсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

Гэрч Д.Базарсадын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 09-19 цаг хүртэл...Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Бүргэд 10-аас 16 дугаар хорооны Солонго рестораны хажууд 3 хүн байсан ба “Үндсэн хүнс” ХХК-ны борлуулагч Мөнхбат гэх хүн “дээрэмдсэн гэх хүнийг барьж авч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Иргэн Хуягбаатарыг унаган мөнгийг нь дээрэмдэж нэг нь зугтаасан. Энэ хүнийг нь би барьж авсан гэж” хэлсэн. Холбогдогч 2 хоёулаа согтуу байсан учраас дээрэмдсэн гэх Баатарцогтыг саатуулж Бүргэд-10-т саатуулсан талаараа мэдэгдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

Гэрч Н.Долгормаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх 2016 оны 3 дугаар сарын 05-нд мал төллөх үеэр хүн бүл муутай болохоор Улаанбаатар хотын Гурвалжин гүүрнээс Хуягбаатар гэх залууг 1 сарын хугацаатай 300.000 төгрөгөөр хонь хариулах гэж авчирсан. Хуягбаатарт манайхаас 300.000 төгрөгөө аваад 2016 оны 4 дүгээр сарын 05-нд явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

 

Шүүгдэгч Д.Баатарцогтын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “…2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр...Хархорин захын хойд талын буюу 19-ийн буудал дээр суудаг гуталчин дээр очсон. Тэгээд байж байхад Ганболд хойд талын цайны газраас намайг дуудахаар нь ороход Ганболд, Хуягбаатартай мантуун бууз идээд сууж байсан. Ганболд надад 1 ширхэг мантуун бууз өгөхөөр нь идээд цайны газраас...бид 3 гарч архи ууя, Ганболдын шарыг тайлъя, цуг явъя гээд “Цамбагарав” төвийн ард байх “Ундрам” хүнсний дэлгүүр рүү явсан. “Ундрам” дэлгүүрээс Хуягбаатар 1 шил 0.75 граммын “Найрсаг” нэртэй архи авч...14 дүгээр байрны аркны хажууд архиа ууж байхад 2 үл таних залуу ирсэн. ...архи дуусахад Хуягбаатар сүүлд ирсэн залуугийн нэгийг нь дахин архинд явуулаад бид тэндээ 5-лаа хувааж уусан. Тэгээд явах гэж байтал Хуягбаатар 5.000 төгрөг гаргаж ирээд үл таних 2 залууд “надад хямдхан гар утас олоод өг” гээд мөнгөө өгсөн. Тэгээд бид Хархорин захын арын 19-ийн автобусны буудал дээр очиход тэр хавьд байдаг гар утасны ченжүүд байгаагүй. Гэтэл Хуягбаатар үл таних залууд өгсөн мөнгөөрөө дахиад архи аваад уучихъя гээд сүүлд ирсэн үл таних 2 залуугийн нэгийг дахин архинд явуулаад бид 5 уг архийг “Хөх чоно” баарны арын гудамжинд уучихаад үл таних 2 залуу биднээс салаад явсан. Хуягбаатар хогийн бункер рүү очиж бие засах үед би Ганболдод чи найзаасаа 10.000 төгрөг зээлээд өгчих гэж хэлсэн. Тэгтэл Ганболд би гуйж чадахгүй, та өөрөө гуй гэж хэлсэн. Хуягбаатарыг бие засаад ирэхээр нь би Хуягбаатараас чи ахдаа 10.000 төгрөг өгчих, ах нь боломжтой болохоороо өгье гэж хэлсэн. Тэгтэл Хуягбаатар чи юу гээд байгаа юм, чамд яахаараа мөнгө өгдөг юм гээд бид 2 барьцалдаж авсан. Бид 2 барьцалдаад зогсож байхад Ганболд Хуягбаатарын өмдний арын халааснаас мөнгийг нь авсан. Тэгэхээр нь би Ганболдыг боль, мөнгийг нь аваад ир гэхэд Ганболд надад 30.000 төгрөг өгчихөөд цаашаа зугтаагаад явсан. ...Хуягбаатараас авсан 30.000 төгрөгийг би эрүүлжүүлэх байрнаас гараад өөрт нь 20.000 төгрөгийг өгөөд 10.000 төгрөгөөр нь тамхи, ундаа авсан. ...Би Хуягбаатарыг урьд өмнө харж байгаагүй, тэр өдөр л анх танилцсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 133, 134 дэх тал),

 

Шүүгдэгч Б.Ганболдын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2014 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр би Хархорины автобусны буудлын хажууд...зогсож байгаад урьдны танил Хуягбаатартай таарсан. ...Хуягбаатар намайг...цайны газар дагуулж ороод...3 ширхэг мантуун бууз, 1 аяга цай авч өгсөн. Авч өгсөн мантуун буузны 2-ыг нь идчихээд байж байхад Баатарцогт гаднаас орж ирэхээр нь үлдсэн мантуун буузаа Баатарцогтод өгсөн. Тэгээд байж байхад Хуягбаатар “ганц шил архи уух уу” гэж асуухаар нь Баатарцогт бид 2 зөвшөөрөөд цайны газраас гараад “Ундрам” хүнсний дэлгүүр орж 4.800 төгрөгийн үнэтэй “Найрсаг” нэртэй 0.75 граммын 1 шил архи аваад 14 дүгээр байрны аркны хажууд гудамжинд архиа уугаад сууж байхад үл таних 2 залуу ирсэн, тэдэнд архинаасаа өгсөн. Тэгээд байж байхад Хуягбаатар сүүлд ирсэн танихгүй 2 залуугийн нэгэнд мөнгө өгөөд дахин 1 шил архи авчруулаад бид 5 хувааж өгсөн. Тэгээд явах гэж байтал Хуягбаатар танихгүй 2 залуугийн нэгэнд нь 5.000 төгрөг өгөөд “хөгшиндөө нэг хямдхан утас олоод өгчих” гээд нөгөө залуу би утас олоод өгье гээд бид нар 19-ийн буудал руу явж байгаад Хуягбаатар утас авахуулахаар өгсөн мөнгөөрөө дахин архи авахуулж “Хөх чоно” баарны ард талын гадаа гудамжинд ууцгаасан. Тэгээд сүүлд бидэнтэй ирж нийлсэн үл таних 2 залуу яваад өгсөн. ...би хогийн бункерийн хажууд бие засчихаад эргээд ирэхэд Баатарцогт Хуягбаатараас “10,000 төгрөг зээлчих” гэж гуйсан. Тэгэхэд Хуягбаатар “би чамд өртэй юм уу” гээд...маргалдаад...хоорондоо барьцалдаад авсан. Тэгэхэд Баатарцогт “энэ мөнгө гартаа барьчихаад өгөхгүй байна” гэж над руу хэлэхээр нь би харсан чинь Хуягбаатарын гарт мөнгө байсан. Тэгэхээр нь би Хуягбаатарын гараас мөнгийг нь булааж аваад байж байхад Баатарцогт мөнгө өг гэхээр нь түүнд 30.000 төгрөг өгөөд цаанаас хүн ирэхээр нь би яваад өгсөн. ...би мөнгийг нь өмсөж явсан куртикны халаасанд хийсэн боловч...халаас уранхай байснаас болоод мөнгө унаад алга болчихсон байна лээ. Би багцаагаар 150.000 орчим төгрөг авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 130, 131 дэх тал),

 

Хохирогчийн өргөдөл (хавтаст хэргийн 2), хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт (хавтаст хэргийн 110), шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 71, 194-195), оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 63, 70), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 60, 68), шүүгдэгч Б.Ганболдын хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 65, 149, 151), шүүгдэгч Д.Баатарцогтын урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 73-100), Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 390 дүгээр дүгнэлт (хавтаст хэргийн 32) зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэж шүүх нотлох баримтад үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Баатарцогт, Б.Ганболд нар нь бүлэглэж согтуугаар 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 27 дугаар байрны урд иргэн Б.Хуягбаатарын 220.400 төгрөгийг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу шүүгдэгч Д.Баатарцогт нь хохирогчийг ороолтоор нь боож унагах үед шүүгдэгч Б.Ганболд нь хохирогчийн өмдний халаасанд байсан 220.400 төгрөгийг дээрэмдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.Ганболдыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, шүүгдэгч Д.Баатарцогтыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар 147.3 дахь хэсэгт зааснаар тус тус яллаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байх тул тэднийг гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Д.Баатарцогт нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 310 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн тогтоолоор Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар “Онц аюултай гэмт хэрэгтэн”-ээр тооцсон байна. (хавтаст хэргийн 74 дэх тал) Тэрээр 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.5 дахь заалтад заасан ялгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх, шүүгдэгч Б.Ганболдыг согтуурсан үедээ, шүүгдэгч Д.Баатарцогтыг ялтай байхдаа, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг тус тус хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

Түүнчлэн шүүгдэгч Б.Ганболд нь гэмт хэрэг анх удаа үйлдсэн (хавтаст хэргийн 60 дахь тал), гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан (хавтаст хэргийн 110 дахь тал), түүний хувийн байдал (хавтаст хэргийн 149, 151 дахь тал) зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг хэрэглэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, дээрх үндэслэлээр Б.Ганболдын хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Баатарцогт, Б.Ганболд нар нь энэ хэргийн улмаас 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс (хавтаст хэргийн 38, 41 дэх тал) 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нийт 122 хоног тус тус цагдан хоригдсон байх бөгөөд тэдгээрийн цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 220.400 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Б.Хуягбаатар нь “гомдол саналгүй” (хавтаст хэргийн 111) гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294,295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Бадарчийн Ганболдыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,

Цавчуур овогт Дэмидийн Баатарцогтыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганболдоос эд хөрөнгө хураахгүйгээр 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар, 

- Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар Д.Баатарцогтоос 50.000 (тавин мянга) төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 (арав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Бадарчийн Ганболдод оногдуулсан 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн,

- Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар Цавчуур овогт Дэмидийн Баатарцогтод оногдуулсан 10 (арав) жил 1 (нэг) сарын хорих ялыг онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.Ганболд, Д.Баатарцогт тус бүр нийт 122 (нэг зуун хорин хоёр) хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Хуягбаатар гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Баатарцогт, Б.Ганболд нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Баатарцогт, Б.Ганболд нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                                                                                                                         

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД                                           Г.АЛТАНЦЭЦЭГ

 

Л.БААТАР