| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2017/00401/И |
| Дугаар | 446 |
| Огноо | 2017-07-25 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 446
2017 оны 07 сарын 25 өдөр Дугаар 156/ШШ2017/00446 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2017/00401/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж тус шүүхийн “А”” танхимд хийсэн шүүх хуралдаанаар: Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн нэхэмжлэлтэй, “хариуцагч Н.Норжмааг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 232 дугаар анги нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Н.Норжмаа нь ангийн нягтлан бодогчоор ажиллаж байсан ахмад Ц.Баяргэрэлтэй 2004 оны 3 дугаар сарын 10-ны өдөр мал, мах бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж 7 806 175 төгрөг аваад гэрээнийхээ нөхцлийг зөрчиж алга болсон.
Иймд иргэн Н.Норжмаагаас гэрээний дагуу 7 406 175 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал )
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гантөгс нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:.. Сонгинохайрхан дүүргийн иргэн Н.Норжмаа мал мах бэлтгэлийн гэрээг тухайн үед ангийн санхүүгийн дарга байсан Баяргэрэлтэй 7 806 175 төгрөгийн гэрээ байгуулсан юм. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад Н.Норжмаагийн хаяг тодорхой бус байсан учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн хүнийг хаана байгаа нь тогтоолгох зорилгоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна гэв.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Н.Норжмааг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулахыг хүсч байна гэв.(хх-ийн 20 тал)
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Зэвсэгт хүчний 232 дугаар анги нь хариуцагч Н.Норжмаагаас “мал, мах бэлтгэн нийлүүлэх гэрээний 7 806 175 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч Н.Норжмааг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ. (хх-ийн 22 тал)
Хэргийн үйл баримтаас үзэхэд Хэнтий аймгийн Баянхутаг сумын иргэн Н.Норжмаа нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагч болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, (хх-ийн 22 тал) зарлагын баримтын хуулбар, (хх-ийн тал) аж ахуй нэгж байгууллагатай мал мах бэлтгэн нийлүүлэх гэрээний хуулбар, (хх-ийн 4-7 тал) Н.Норжмаагийн Зэвсэгт хүчний 232 дугаар ангид гаргасан өргөдлийн хуулбар, (хх-ийн 8 тал) Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийн хуулбар, (хх-ийн 9 тал) Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн хувь хүмүүстэй холбоотой авлагын жагсаалтын хуулбар, (хх-ийн 10-11 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн Н.Норжмаа нь хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд оршин суугаа газраа өөрчилсөн, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй болох нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийн хуулбар, (хх-ийн 9 тал) шүүхэд дуудсан баримт зэрэг баримтаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Норжмааг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 19-03 тоотод оршин суудаг бүртгэлтэй, РД-54090769 регистрийн дугаартай, Найданпүрэвийн Норжмааг эрэн сурвалжилсугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Их монгол овогт Найданпүрэвийн Норжмааг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн цагдаагийн газарт даалгасугай.
4. Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Норжмаагийн иргэний үнэмлэхийн хуулбарыг Хэнтий аймгийн цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах З.Отгонбаярт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ