Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/91

 

 

 

 

 

 

 

 


   2022             03               07                                                   2022/ШЦТ/91

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

улсын яллагч С.Сүрэнхорол,

шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б С.Нд холбогдох эрүүгийн 2134004240035 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн 1998 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эх, дүүгийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ялаар шийтгүүлсэн,  дугаарын регистртэй, Б С.Н,

 

  Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч С.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 22 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар багийн нутаг Дундах гэх газарт хохирогч М.Дийг малын хулгайч гэж хэллээ гэх шалтгааны улмаас зодож, түүний биед хамар ясны хугарал, 11, 12, 22-р шүдний сулрал, 21-р шүдний хугарал, хамарт зулгаралт, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстад шарх бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч С.Н:

... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134004240035 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч С.Н архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 22 цаг 30 минутын орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар багийн нутаг Дундах гэх газарт хохирогч М.Дийг малын хулгайч гэж хэллээ гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-2 дугаар хуудас/,

шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №479 дугаартай ... М.Дийн биед хамар ясны хугарал, 11, 12, 22-р шүдний сулрал, 21-р шүдний хугарал, хамарт зулгаралт, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/,

хохирогч М.Дийн ...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр манай саахалт Баадай гэх айлд би 14 цагийн үед очиж 2 үхэр 1 удаа хийлцэж өгсөн. Тэнд идэш авч байсан хүмүүс болон Нарантулгын найз гэх Бөмбөөрэй залуу байхаар би тэр залууд хандаж чи надаас нодлин хавар нэг байдас авч үлдэж байсан дараа нь чамаас Байдсаа авах гэхэд чи алга болчихсон гэж надад хэлж байсан одоо чамаас би Байдасныхаа орыг авна шүү гэж хэлэхэд Бөмбөөрэй алга болчихсон байхгүй байгаа юмыг чинь би яах бэ тэгэхээр нь би чи миний алга дааганы сургийг хойгуур гаргаад өгөөрэй чи чадах байх гэж хэлчхээд малаа гаргаж дуусчхаад гэр лүүгээ явсан. Гэртээ очоод малаа хотлуулчхаад эхнэртэйгээ зурагт үзээд сууж байтал гаднаас Н гэрт согтуу орж ирээд шууд намайг өшиглөж унагасан тэгтэл миний зүүн мөр мултарчихаар нь би мөрөө оруулах гээд байж байх xoopoнд Н миний нүүр лүү өшиглөөд байсан дараа нь гараараа миний толгой руу цохиод байсан тэгсэн гаднаас Нарантулгын хоёр найз болох Лхагва-Эрдэнэ, Жаргалболд нар гэрт орж ирээд Нарантулгыг салгаад гэрээс аваад гарсан. Дараа нь би газарт уначихсан байсан шүдээ аваад нүүрнийхээ цусыг арилгаад байж байтал Н манай гэрт иргэж хутга барьж орж ирээд аль чамайг орилоод чи намайг адууны хулгайд хардлаа гээд орилж байсан чинь Нарантулгын ах Наранцогт гаднаас орж ирээд Нарантулгыг цохиж аваад Баадай ахтай хамт гэрээс гарсан. Дараа нь ахиж орж ирээгүй... /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

сэжигтэн С.Н ...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Манай Адъяа гэх найз Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар багийн нутаг "Зүүн" гэх газраас Дундах гэх газарт ирж манайд идэш хийлцэх гэж ирсэн юм. Тэр үед манайд Довчин гэх залуу мөн идэш хийлцэж байсан Адъяа бид хоёр ишгээ хийж дуусаад "Тэрэлж" мотоциклдоо бензин авах гээд явсан. Адъяа бид хоёр Тэрэлж дээр ирээд мотоциклдоо бензин аваад мөн дэлгүүрээс 0.5 литрийн Икс нэртэй архи аваад буцаж явах замдаа Бумбат гэх газраас зогсоод 0.5 литрийн архиа хувааж ууж байхдаа Адъяа надад Довчин алга даага зээрд гүү хоёрыг авчихсан гээд хулгайд сэрдээд байна гэхээр би надад тийм зүйл яриагүй дээ дээрээс хойш харин надаас алаг даагаа байн байн асуугаад байсан тийм учиртай муу гэж хэлээд архиа ууж дуусаад бид хоёр гэр лүү явсан. Би Адъяаг гэртээ буулгачхаад ганцаараа Довчинтой уулзахаар явсан. Би Довчингийн гэрт орсон чинь Довчин гэрийнхээ хойд талд газар хэвтэж байхаар чи яагаад намайг хоёрын хооронд хулгайд сэрдээд байгаа пизда вэ гэж хэлээд Довчингийн зүүн мөр лүү нь зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгсэн Довчин босоод ирэхээр нь нүүр шүд хэсэгт нь зүүн гараараа нэг удаа цохичихсон. Тэгээд байж байтал манай Лхагва Эрдэнэ, Жаргал гэх найз нар орж ирээд намайг аваад гэрээс гарсан. Тэгэхээр нь би буцаж ороод пизда минь намайг хоёрын хооронд хулгайд сэрдэж байхаар босоод гадаа гарч ирээд надтай үзчих гэж хэлсэн. Тэгээд Довчингийн гэрт байж байтал гаднаас манай төрсөн ах болох Нармандах, Отгонбатын хамт орж ирээд та нар яагаад зодолдоод байгаа юм бэ гэж хэлээд намайг 2-3 удаа цохиод аваад гарсан... /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

гэрч М.Чонцолдуламын ...2021 оны 11 дүгээр сарын 18-ны шөнийн 22 цаг 30 минутын орчим манай нөхөр гэртээ зурагт үзээд харин би орондоо орчихсон хэвтэж байтал гаднаас Н гэрт орж ирээд манай нөхрийг сууж байхад нь өшиглөөд газарт унагаад дараа нь хөл гараараа толгой нүүр лүү нь өшиглөөд байсан. Манай нөхрийг Н чи чинь хаанаас ирсэн нохойн гөлөг вэ гэж хэлээд зодож байтал гаднаас Нарантулгын найз болох Жаргалболд Лхагва-Эрдэнэ нар орж ирээд манай нөхрөөс Нарантулгыг салгаад гэрээс аваад гарсан. Тэгэхээр нь би нөхөр дээрээ очоод нүүрийг нь харсан манай нөхрийн амнаас нь цус гарчихсан шүд нь газар уначихсан байсан. Удалгүй Н ахиж манай гэрт хутга барьж орж ирээд манай нөхрийг ална гээд орилоод байхаар нь Лхагва-Эрдэнэ бид Нарантулгын гарт байсан хутгыг гараас нь салгаж авсан. Тэгсэн гаднаас манай гэрт Нарантулгын төрсөн ах Нараа нь орж ирээд дүүгээ аваад явсан... /хх-ийн 15 дугаар хуудас/,

гэрч Д.Отгонбаатарын ...2021 оны 11 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн үед Наранцогтын эхнэр нь Нарантулгыг Довчин-Доржийн гэр лүү явчихлаа гэхээр нь би Нарантулгын ах Нармандахтай хамт Киа маркийн тээврийн хэрэгсэлтэй Нарантулгын араас Довчиндоржийн гэрт нь яваад ороход Н, Довчин-Дорж, түүний эхнэр Дууяа нар гэр дотор байж байсан. Тэгсэн Довчин-Доржийн уруулнаас цус гарсан бололтой зогсож байсан. Тэгэхээр нь би Нарантулгыг бариад автал Нармандах Нарантулгыг чи айл амьтанд ирж зодоон зохион хийлээ гээд 1-2 алгадаад авсан тэгэхээр нь би Нарантулгыг гэрээс аваад гартал Н ахаа би гэр лүүгээ явлаа гэж хэлээд явган гэр лүүгээ явсан... /хх-ийн 17 дугаар хуудас/,

гэрч С.Нармандахын ...Би сар өдрийг нь сайн санахгүй байна ямар ч байсан Төв аймгийн Эрдэнэ төвөөс сургуульд сурдаг 4 болон 6 дугаар ангид сурдаг 2 хүүхдээ аваад мөн Лхагва Эрдэнэ, Мөнхжаргал нарыг бас аваад Эрдэнэ сумын төвөөс 16 цагийн үед гарсан тэгээд манай гэрт очиход нэлээн харуй бүрий болчихсон байсан. Тэгсэн надтай цуг ирсэн Лхагва-Эрдэнэ, Мөнхжаргал нар манай дүү Нтай уулзахаар манай гадаа байсан дүүгийн эхнэр Цогзолоос асуусан чинь Н дээшээ Довчин Доржийн гэр лүү явсан гэж хэлж байсан. Тэгээд лхагва-Эрдэнэ Мөнхжаргал нар Довчин-Доржийн гэрт очиж Нтай уулзана гээд араас нь явсан. Дараа нь би гэртээ байж байсан чинь гаднаас Лхагва-Эрдэнэ, Мөнхжаргал нар гэрт орж ирээд Довчин, Тулгаа хоёр хоорондоо зодолдоод байна та очиж салгахгүй бол болохгүй байна гэж хэлэхээр нь Лхагва-Эрдэнэ Мөнхжаргал нартай гэрээс гараад Довчин Доржийн гэрт ортол Довчин-Дорж Н хоёр хэрэлдээд зогсож байсан тэгэхээр нь Нарантулгыг юу болоод байгаа юм гээд чирээд гэрээс аваад гарсан... /хх-ийн 19 дүгээр хуудас/,

гэрч Б.Адъяагийн ...Н өмнө надад Довчин-Дорж чи бид хоёрыг хулгайд сэрдээд байх шиг байна гэж хэлж байсан юм. Тэгсэн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Нармандах гэх айлд идэшний үхэр гаргаж өгч байсан юм. Тэгсэн тэнд 16 цагийн үед Довчин-Дорж гэрээсээ ирж идэш хийлцсэн юм. Тэгснээ Довчин-Дорж надаас нэг даага асуугаад байхаар нь би мэдэхгүй байна гэж хэлсэн чинь чи сайн мэдэж байгаа гээд байсан тэгж ярьж байгаад идшээ хийж дуусгаад Н бид Тэрэлж явж мотоциклондоо бензин авахаар явсан. Замдаа 1 литрийн монгол архи уусан. Тэгээд тэрэлжид ирээд Н бид хоёр бензинээ авчхаад дэлгүүрээс 0.75 литрийн Икс нэртэй архи авсан учир нь идэш хийж байсан хүмүүс захисан болохоор авсан юм. Тэгээд бид 2 Наранмандах ахын гэрийн гадаа намайг Н буулгачхаад өөрөө гэрийн гадаа очоод зогсож байгаа харагдсан. Тэгээд би Нармандах ахын гэрт орж хүмүүсийн захисан архийг оруулж өгөөд байж байсан. тэгсэн удалгүй гаднаас Лхагва Эрдэнэ, Мөнхжаргал нар орж ирээд Н Довчиндорж нар хоорондоо зодолдоод байна гэж Нармандах ахад хэлээд гэрээс аваад гараад явсан... /хх-ийн 21 дүгээр хуудас/,

гэрч Д.Лхагва-Эрдэнийн ...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр манай ах Нармандах, эгч Оюунцэцэг нар хөдөөнөөс сумын төв дээр ирээд орой буцаад хөдөө явна гэж байсан болохоор нь би хөдөө цуг явж айл хэсэх санаатай цуг явахаар болсон. Орой 17 цагийн үед сумын төвөөс ах Нармандах эгч Оюунцэцэг найз Мөнхжаргал болон ах эгчийн хоёр хүүхэдтэй хамт Эрдэнэ сумын ТӨВӨӨС хөдөлсөн юм. Бид нар явсаар байгаад 19 цагийн үед Нармандах ахын гэрийн гадаа ирээд гэрт нь ороод цай уугаад байгаад би бэр эгчээс нь Тулгаа байгаа юм уу гэж асуусан чинь байгаа дөнгөж сая дээшээ Довчингийн очихоор явсан гэхээр нь Мөнхжаргал бид хоёр Нарантулгын араас Довчингийнд очсон. Тэгээд Довчингийн гэрт ортол Н Довчин-Дорж нар хоорондоо зодолдоод байж байсан тэгэхээр нь би Тулгааг салгах гэсэн чинь надад дийлдэхгүй байсан тэгэхээр нь би за за ахыг дуудъя гээд Мөнхжаргал бид Нармандах ахын гэрт очиж Нармандах ахад Довчингийн гэрт Тулгаа Довчинтой зодолдоод байна гэж хэл, эд Нармандах ах Довчингийн гэр лүү явсан. Харин Мөнхжаргал бид 2 гэрт үлдээд дараа нь гэр лүүгээ Эрдэнэ сумын төв рүү миний машинтай явсан... /хх-ийн 23 дугаар хуудас/,

гэрч Б.Мөнхжаргалын ...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Нармандах ах, эгч Оюунцэцэг хоёр хүүхэд болон найз Лхагва-Эрдэний хамт 17 цагийн үед сумын төвөөс ах Нармандах гэр лүү хөдөө явсан. Бид нар явсаар байгаад 19 цагаас 20 цагийн үед Нармандах ахын гэрийн гадаа ирээд гэрт нь ороод цай ууж сууж байгаад Лхагва-Эрдэнэ бэр эгчээс нь Тулгаа байгаа юм уу гэж асуусан чинь байгаа дөнгөж сая дээшээ Довчингийн очихоор явсан гэж хэлж байсан. Тэгээд Лхагва-Эрдэнэ бид хоёр Нарантулгын араас Довчингийнд гэрт очсон. Тэгээд Довчингийн гэрт Лхагва-Эрдэнэ бид хоёр ортол Н Довчин-Дорж нар хоорондоо зодолдоод байж байсан тэгэхээр нь Лхагва Эрдэнэ бид хоёр Довчин Тулгаа нарыг салгах гэсэн чинь салахгүй буцаад зууралдаад байхаар Лхагва-Эрдэнэ Нармандах ахыг дуудъя гээд Лхагва-Эрдэнэ бид Нармандах ахын гэрт очиж Нармандах ахад Довчингийн гэрт Тулгаа Довчинтой зодолдоод байна гэж хэлэхэд Нармандах ах Довчингийн гэр лүү явсан. Харин Лхагва-Эрдэнэ бид 2 гэрт үлдээд дараа нь гэр лүүгээ Эрдэнэ сумын төв рүү Лхагва-Эрдэний машинтай явсан... /хх-ийн 25 дугаар хуудас/,

яллагдагч С.Н ...Би уг тогтоолтой танилцлаа. Надад ямар нэгэн санал хүсэлт алга байна. Би гэм буруугаа ойлгож байгаа. Би 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байхаа Довчиндорж эмчилгээний зардал гээд 2.000.000 төгрөгийн мөнгөн төгрөг өгсөн байгаа... /хх-ийн 38 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч С.Н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 39-40 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч С.Н М.Дийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

            Гэм буруу болон хууль зүйн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч С.Сүрэнхорол:

            ...Шүүгдэгч С.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар багийн нутаг Дундах гэх газарт 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 22 цаг 30 минутын орчимд хохирогч М.Дийг малын хулгайч гэж хэллээ гэх шалтгааны улмаас зодож, түүний биед хамар ясны хугарал, 11, 12, 22-р шүдний сулрал, 21-р шүдний хугарал, хамарт зулгаралт, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстад шарх бүхий гэмтэ үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.Нарантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч С.Н нь хохирогч М.Дид 2.000.000 төгрөг төлсөн байна. Энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргах хохирол төлбөргүй байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч С.Н:

            ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч С.Нарантулгыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Учир нь шүүгдэгч С.Н нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч С.Н дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

                            

Прокуророос шүүгдэгч С.Нарантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч С.Н холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч С.Н нь хохирогч М.Дийн нүүрэн тус газар нь цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч С.Н нь хохирогч М.Дийн нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, 11, 12, 22-р шүдний сулрал, 21-р шүдний хугарал, хамарт зулгаралт, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстад шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч С.Нарантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

            Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч С.Сүрэнхорол:

            ... Шүүхээс шүүгдэгч С.Нарантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч С.Н:

            ...Улсын яллагчаас оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгч С.Нд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.     

 

Шүүхээс шүүгдэгч С.Нд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

шүүгдэгч С.Нд оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна

 

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.Н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Дийн биед хамар ясны хугарал, 11, 12, 22-р шүдний сулрал, 21-р шүдний хугарал, хамарт зулгаралт, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстад шарх бүхий хөнгөн хохирол учирсан байна. 

    

Хохирогч М.Д нь шүүгдэгч С.Нас мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд баримтаар нэхэмжлээгүй, шүүгдэгч С.Н нь хохирол төлбөрт 2.000.000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч М.Дийн шүүх хуралдааны товыг мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл болон Хаан банкны интернэт банкны хуулгаар тус тус нотлогдож байна.

 

Түүнчлэн хохирогч М.Д нь шүүхийн шатанд баримтгүй нэхэмжилсэн эмчилгээний зардлын 3.000.000 төгрөгийн баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч С.Нас тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2134004240035 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.Н энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид 2.000.000 төгрөг төлсөн, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

   Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Сандагсүрэнгийн Нарантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Боржигон овгийн Сандагсүрэнгийн Нарантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б С.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б С.Нд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2134004240035 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б С.Н энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид 2.000.000 төгрөг төлсөн, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч  М.Д нь 3.000.000 төгрөгийн баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б С.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б С.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

        

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.ГАНДАНСҮРЭН