Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/64

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

  Шүүгдэгч Х.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х.Эод холбогдох эрүүгийн 2134000000304 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Х.Э, 56 настай, эрэгтэй, яс үндэс халх,  бүрэн дунд боловсролтой, ХАА-н механик мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, ажилтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Х.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

  Шүүгдэгч Х.Э нь 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Шивээ ухаагийн өвөр” гэх газарт хохирогч Б.Дийн өмчлөлийн 3 тооны адууг хууль бусаар тээврийн хэрэгслээр хөөсний улмаас 1 тооны унага эндэж, 2 тооны гүүг гэмтээн бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 1 725 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2134000000304 дугаартай хэрэгт авагдсан 

           

           Хохирогч Б.Дийн өгсөн: "Өөрийн эзэмшлийн адуу маань Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2-р багийн нутагт тариалан эрхлэгч хүн адууг тариан талбай руу ороогүй байхад тээврийн хэрэгслээр хөөсөн байна. Ингээд манай адуучин харсан боловч очиж чадаагүй. Учир нь нутгийн айлууд очвол алуулчхаж магадгүй гэсэн учраас адуучин маань айгаад очоогүй. Энэ тухай 2021 оны 7 дугаар сарын 24-ний өглөө утсаар залгаж хэлсэн. Ингээд адуугаа очиж авахад нь 2 гүүний хондлой, ташаа хэсгийг хурц үзүүртэй зүйлээр маш гүн зүсэж шархдуулсан байсан. Мөн 1 унага бахардсан байдалтай байхад нь гэртээ авчирч ирсэн боловч үхсэн. Ингээд 2021 оны 7 дугаар сарын 24-ний өглөө манай ээж, эгч, дүү нар маань Багануураас очиж байдалтай танилцаж тариалан бригадад очиж уулзах гэсэн боловч дахин ирвэл буугаар буудна. Надад хууль үйлчлэхгүй гэж сүрдүүлсэн байсан. Тэгээд арга буюу Цагдаагийн байгууллагад тухайн тариалан эрхлэгчийг шалгуулахаар хандсан. Би маш их гомдолтой байна. Гэмтэж шархадсан адууныхаа хохирлыг төлүүлмээр байна.” гэх мэдүүлэг / хх 12-14, 15/,

         Гэрч Б.Тын өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 23-ны орой гадаа бүрийн болох үед адуугаа Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар баг Ногоон уул гэх газарт гэрээсээ урагш чиглэл рүү хөөчихөөд удалгүй миний хариулдаг цагаан азаргатай ногттой 22 тооны адуу эргээд хойшоо төмөр замын түнел рүү цувааж байхаар харчхаад гэртээ орж хувцсаа сольчхоод мотоциклтойгоо адууныхаа араас явахад хайгаад олоогүй явж байтал харанхуйд хар машинтай хүн олон адуу хөөж явахаар нь араас нь яваад орсон адуугаа олоогүй тэр хавийн нэг айлаас асуутал нэг эмэгтэй энэ овгор шороо руу нэлээн олон адуу орчихсон гэхээр нь орж уэтэл миний хардаг адуу мал байсан тэгээд гэрлуугаа адуугаа туугаад шөнө 03 цагт гэртээ харьсан, намайг очиход адуунаад тоо ёсоор бүрэн байсан ба нэг унага адууны суулд хоцроод явахгүй, нэг гүү буруу талын бүдүүн гуя нь зүсэгдэж ангайсан байдалтай, мөн нэг гүү ахар сүүл хэсэг нь ярагдсан байсан, холоос харахад нэлээн эрчтэй хөөж байгаа харагдсан тас харанхуй учраас хэдэн км/цагийн хурдтай байсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг / хх 17-18/,

         Гэрч Д.Оын өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 23-ны орой нар жаргаж байх үед газар тариалангийн талбай руу ногттой цагаан азаргатай 17-18 тооны адуунууд, бөөн сүүлтэй хар азаргатай адуу 20 гаруй тооны адуунууд босоо саран тамгатай хүрэн морьтой 10 гаруй адуунаад хул азаргатай 20 гаруй тооны адуунууд, хүрэн азаргатай 30 тооны адуунууд талбай руу орж ирэхээр нь Э бид хоёр хамтран тариалалт хийдэг Мийн тээврийн хэрэгслийг Э анх жолоодон би талбай руу орсон адуунуудыг гаргах гэж явганаар талбай руу гуйж ороод гэтэл адуунууд тариалангийн талбайн гүн руу орчихсон явган хөөх боломжгүй адуунууд гүйцэгдэхгүй болохоор нь Э ах тээврийн хэрэгсэлтэй талбай руу шууд орж хөөсөн тэгээд намайг талбайн голоос аваад тээврийн хэрэгслийн хажуудаа суулгаад бид хоёр тээврийн хэрэгсэлтэй хөөж явж байтал адуунууд машинаас үргэж ийш тийш хулжиж давхиад байсан шороон зүсмийн адууг Э ах мөргөчих шиг болсон тэр адууны бөгсөн хэсэгт мөргөсөн, зүүн хойшоогоо төмөр замаа дагуулаад 4-5 км газар хөөгөөд төмөр замын хэддүгээр гарам гэдгийг сайн мэдэхгүй байна тэрхүү гарам хүртэл хөөгөөд адуунуудыг орхисон. Бид хоёр адуунуудыг хөөчихөөд буцаад талбай дээрээ  ирэхэд талбайг адуунууд хөлөөрөө талхалж идсэн байсан.” гэх мэдүүлэг / хх 23/,

         Шүүгдэгч Х.Эын өгсөн: "Би 2009 оноос хойш Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутагт газар тариалан эрхэлж амьдардаг юмаа. Төв аймгийн Баяндэлгэр сум Галуут 2 дугаар багийн нутагт 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс хойш "Ширээ ухаагийн" өврийн газар тариалангийн пойлны талбай дээрээ ногоон тэжээл, арабас тарьсан байсан ба хашаа барих ажлыг эхлээд явж байсан тэрхүү тариалангийн талбай дээрээ бид бүгд байрлаж бэлчээрээр ирсэн адуу малыг хөөж тариалалтаа хийж байсан. Тэгээд 2021 оны 7 дугаар сарын 23-ны орой) нь 21 цагийн үед манай тариалалт хийсэн тариалангийн талбай руу ногттой цагаан азаргатай адуунууд халиун азаргатай адуунууд, ташаан дээрээ халцархайтай хүрэн азаргатай адуунууд өндөр хар азаргатай адуунууд нийт 4 азарга адуу нийлээд 80 гаруй тооны адуу тариалангийн талбай руу баруун урд талын түнелээс ороод ирэхээр нь явган хөөх боломжгүй учраас манай ажилтан О бид хоёр Мийн Прадо-76 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож уг адуунуудыг хөөж гаргах гээд хөөж байтал олон адуун дундаас нэг гуу хажуу тийшээгээ азаргандаа хөөгдөөд урдуур гэнэт ороод ирсэн миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн баруун урд талын гуферыг бөгсөн хэсгээрээ мөргөх шиг болсон. Тэгээд л адуу руугаа буцаад нийлээд явсан гүүг шархдсан зүсэгдсэн байсныг анзаараагүй адуунуудыг зүүн хойшоо Багануурын уурхайн шороо руу сайндаа л орчим километр газар хөөгөөд орхисон. Маргааш нь 2021 оны 7 дугаар сарын 24-ны өглөө сумын төв дээр ажилтай явж байгаад өөрийн бригад дээрээ ирэхэд манай ажилтнууд хэлсэн хэдэн хүмүүс ирээд машины зураг энд тэндээс дараад, адуу дайрсан байна гээд дайраад байсан гэсэн би тэдгээр хүмүүстэй очиж уулзахад адууны эзэд нь гэх хүмүүс та нар монгол хүмүүс мөн юм уу ингэж адуу дайрчхаад гээд хэрэлдээд загнаад байхаар нь би явдаг газраар яваа шийддэг газраар шийдүүлээ гэж хэлэхэд чамд хууль үйлчилдэггүй юм уу намайг буудна гэж хэллээ гэх мэтээр миний үгийг мушгиад байсан миний хувьд хойд сангийн аж ахуйнуудаар бууддаг юм байна лээ ш дээ гэхэд хүн бууддаг юм байна гээд орилоод дайраад байсан. Намайг адууг хөөж явахад ямар ч унага бахархаж унагаагүй ба гүү дайрсан зүйл болоогүй. Ойр орчимд ямар ч хүн байгаагүй бид хоёр дээр хэн ч ирээгүй. Нэг л гүүг мөргөх нь мөргөсөн гэхдээ ийм шарх авсан гэж бодоогүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөр ч байна. Манай ажилтан О бид хоёр байсан. Бид хоёр адууг хөөж цугтаа гаргасан. Нутгийн малчид нь намайг муулж байсан удаа байхгүй намайг ажил төрөлтэй хүн гэдгийг бүх л малчид мэднэ. Өвөл, хавартаа миний эзэмшлийн талбайд өөрсдийн малаа оруулж онд оруулдаг даа. Тээврийн хэрэгслээр 30 км/ цагийн хурдтай л хөөж явсан. Прадо-76 маркийн улсын дугаарыг мэдэхгүй эзэмшигч нь М байгаа юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 20-21, 71/, 

 

 “Хан Үнэлэмж” ХХК-ын үнэлгээний тайлан: “2 тооны адуу, унага зэрэгт хохирсон хохирлын зах зээлийн бодит хохирол 1 725 000 төгрөг” гэжээ /хх 158164/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Х.Э дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Х.Эод ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Х.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгч нарын хүсэлтийг харгалзан 500 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Х.Э нь хохирогч Б.Дид  хохирол 1 725 000 төгрөг төлсөн, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт хавтаст хэргийн 169-р хуудсанд авагдсан.

 

Эрүүгийн 2134000000304 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х.Эыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2.Шүүгдэгч Х.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эод оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

  5.Эрүүгийн 2134000000304 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Э нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  7.Шийтгэх тогтоод давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ