Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/98

 

 

 

 

 

 

 

 


 2022             03              10                                                   2022/ШЦТ/98

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Х Х.Аэд холбогдох эрүүгийн 22340000840083 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1971 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, рентген техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл,  дугаарын регистртэй, Х Х.А,

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Х.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн 41 дүгээр байрны 36 тоотод байрлах өөрийн гэртээ хамт архи ууж байсан Амарсанааг “хөгшин нь явлаа” гээд Х.Аийн мөрөн тус газарт нь алгадах үед цочин эргэж харахдаа “мах идэж байсан” хутгаараа Т.Амарсанаагийн хэвлийн тус газарт хатгаж, эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Х.А:

... Гэм буруу дээрээ маргахгүй байгаа учраас нэмж ярих зүйлгүй... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 22340000840083 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Х.Аийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн 41 дүгээр байрны 36 тоотод байрлах өөрийн гэртээ хамт архи ууж байсан Амарсанааг “хөгшин нь явлаа” гээд Х.Аийн мөрөн тус газарт нь алгадах үед цочин эргэж харахдаа “мах идэж байсан” хутгаараа Т.Амарсанаагийн хэвлийн тус газарт хатгаж, эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11 дүгээр хуудас/,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №25 дугаартай ... Т.Амарсанаагийн биед хэвлийн зүүн дээд хэсгийн хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд шингэн хуралдалт 12 литр, нарийн гэдэсний цоорол, зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/,

хохирогч Т.Амарсанаагийн ...Би 2022 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр найз Атэй цуг архи ууж байгаад би гэрлүүгээ явахаар болоод Аийг цаашаа хараад зогсож байхад нь араас нь би явлаа шүү гэж хэлээд мөрөн дээр нь гараараа цохиж мэдэгдэхэд А цаашаа хараад мах идэж байгаад цочоод эргэж харсан А гартаа хутга барьчихсан байсан юм билээ тэгээд намайг араас нь цохингууд цочиж эргээд намайг санамсаргүй гэдэс рүү дүрчихсэн ингээд л би шууд өөрөө эмнэлэг явж эход харуулаад эмнэлгийн тусалж үйлчилгээ авч хагалгаанд орсон. Бид хоёрын дунд зодоон цохион, хэрүүл маргаан огт болоогүй. Аийн эхнэр Дэлгэрмаа, манай найз Гантөмөр гэх хүмүүс байсан өөр хүмүүс байгаагүй... /хх-ийн 17 дугаар хуудас/,

            гэрч А.Дэлгэрмаагийн ...Хишигсүрэн овогтой А бол миний нөхөр байгаа юм бид хоёр гэр бүл болоод сүүлийн 5 жил хамтран амьдарч байгаа бид хоёр албан ёсоор гэр бүлийн баталгаа байхгүй ч бид хоёр хамтран амьдрагч байгаа юм. Иймд би Монгол Улсын үндсэн хуульд заасны дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна... /хх-ийн 19 дүгээр хуудас/,

гэрч Д.Гантөмөрийн ...Х.А гэх хүнийг танина бид хоёр найз нөхдийн холбоотой. Мөн Амарсанаа гэх хүнийг танина бид нар найз нөхдийн харилцаа холбоотой хүмүүс байгаа юм. Би 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Баян сумаас бичиг баримт хөөцөлдөх гээд Зуунмод суманд ирсэн тэгээд найз Амарсанаатай уулзах гээд утсаар ярихад Аийн гэрт нь байна хүрээд ир гэсэн тэгээд би Төв аймгийн Зуунмод сумын 6-р баг 41-р байрны 36 тоотод байрлах найз Аийнд яваад очиход Амарсанаа, А, Аийн эхнэр Дэлгэрмаа нар архи уугаад сууж байсан тэгээд би хамт суугаад архинаас нь хувааж уусан бид дөрөв том өрөөнд нь ширээ тойроод архи хувааж уугаад мах чанаж идээд байж байтал Амарсанаа явлаа гээд Аийн мөр дал хэсэг рүү явлаа хөгшөөн гээд алгадсан тэгтэл А гартаа байсан хутгаараа Амарсанаагийн гэдэс рүү хатгачихсан тэгээд би яаж байгаа юм бэ гээд цусыг тогтоож эмнэлэгт хүргэж өгсөн тухайн үед А яагаад ямар учир шалтгааны улмаас Амарсанаагийн гэдэс рүү хутгаар хутгасан болохыг би мэдэхгүй байна чи яаж байгаа юм бэ гэж Аээс асуухад юм хэлэхгүй байсан тухайн үед хэрэлдэж муудалцсан зүйл огт болоогүй... /хх-ийн 21 дүгээр хуудас/,

түүний дахин өгсөн ...Бид эхлээд архи уугаад ширээ тойроод сууж байсан юм энэ үед мах чанаад махаа идэж суусан ингээд архиа ууж байгаад А босоод гал тогооны шүүгээний орчимд түмпэнтэй махны хажууд очоод махнаас огтолж идэж байгаа харагдсан энэ үед Амарсанаа босоод Аийн араас явлаа шүү гээд дал мәр хэсэг рүү нь гараараа алгадаж мэдэгдэх үед А хутгатай гараа бариад эргээд хартал гэдэс рүү нь дүрчих шиг болсон... /хх-ийн 22 дугаар хуудас/,

сэжигтэн Х.Аийн ...2022 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр эхнэр Дэлгэрмаа бид хоёр гэртээ байж байсан тухайн өдөр 16 цагийн үед надтай хамт Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хамт ажиллаж байсан эмч Амарсанаа танил Гантөмөр гэх хүний хамтаар манайд ирсэн тэгээд бид дөрөв 2 шил 0.75 литрийн хараа архи хувааж уугаад мах чанаж идээд байж байсан тэгээд том өрөөндөө бид дөрөв хамт ширээ тойроод байж байсан би гартаа шар иштэй хутга бариад мах идээд байж байтал Амарсанаа сандал дээрээсээ босоод за явлаа хөгшөөн гээд миний хажууд ирээд миний шилэн хүзүү рүү алгадсан би яагаад байгаа юм бэ гээд гартаа байсан хутгаараа санамсаргүй нударсан тэгтэл Амарсанаагийн хэвлий хэсэг рүү хутга орчихсон тэгээд цус гараад бид эмнэлэг дуудаад эмнэлэгт хүргүүлсэн. Тухайн үед ямар нэгэн зодоон цохион маргаан болоогүй хамгийн гол нь бид нар архи уугаад согтуу халамцуу байсан учраас хайхрамжгүй болгоомжгүй анзаараггүйгээсээ болж хутгаар бусдад гэмтэл хохирол учруулчихлаа би учруулсан хохирол гэм хорыг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр арилгах болно санамсаргүй ийм зүйл болчихлоо би буруугаа хүлээж байна хуулийн хяналтын байгууллагаас гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандана.../хх-ийн 29-30 дугаар хуудас/,

яллагдагч Х.Аийн ...Би 2022 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр гэртээ байж байхад гаднаас манай найз Амарсанаа, Гантөмөр нар орж ирээд бид нар архи ууж, мах чанаж идсэн ингээд бүгд нэлээд архиндаа согтоцгоосон байсан би гартаа хутга бариад мах идэх гээд цаашаа хараад зогсож байхад Амарсанаа намайг цаашаа хараад зогсож байхад араас хүрч ирээд миний мөр хүзүү тушаа газарт би явлаа шүү гээд гараараа алгадсан тэгэхээр нь би цочоод эргээд хартал гартаа барьсан хутгаараа Амарсанаагийн гэдэс рүү хатгачихсан би анзаараагүй юм тэгтэл Амарсанаа өө гээд гэдсээ дарсан тэгтэл шууд цус гарсан ингээд шууд манай эхнэр Гантөмөр хоёр эмнэлэгт Амарсанааг хүргэж өгсөн... /хх-ийн 38 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Х.Аийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 40, 47 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Х.А нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Х.Аийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Х.Аийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэртээ хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн Т.Амарсанаагийн хэвлийн тус газарт хатгаж, эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

            Гэм буруу болон хууль зүйн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Х.Оюунцэцэг:

            ...Шүүгдэгч Х.А нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг 41 дүгээр байрны 36 тоотод байрлах гэртээ хамт архи ууж байсан Т.Амарсанааг хөгшин нь явлаа гээд Х.Аийн мөр нь тус газарт нь алгадахад зочин эргэж харахдаа мах идэж байсан хутгаараа Т.Амарсанаагийн хэвлий тус газарт хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Х.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч Т.Амарсанаагаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул өнөөдрийн шүүх хуралдаанаас шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Х.А:

            ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Х.Аийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Учир нь шүүгдэгч Х.А нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Х.Аийн дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

                            

Прокуророос шүүгдэгч Х.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн нийгэм аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Х.Аийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Х.А нь хохирогч Т.Амарсанаагийн хэвлийн тус газар хутгаар хатгасан болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүнд хохирол учирснаараа материаллаг бүрэлдэхүүнтэй төгс үйлдэгдсэн, төгссөн гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Х.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Х.Аийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Амарсанаагийн биед хэвлийн зүүн дээд хэсгийн хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд шингэн хуралдалт 12 литр, нарийн гэдэсний цоорол, зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол учирсан байна. 

    

Хохирогч Т.Амарсанаа нь шүүгдэгч Х.Аээс мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд нэхэмжилсэн зүйлгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл болон хавтас хэргийн 51 дүгээр хуудсанд авагдсан хохирогчийн хүсэлт зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Аийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

            Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Х.Оюунцэцэг:

            ...Шүүгдэгч Х.Аэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нь прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухайн хүсэлт гаргасан тул хүсэлтийг хүлээн авах үндэслэл байгаа учраас хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүгдэгчтэй ял тохиролцож шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Х.Аэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 10 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг гаргаж яллагдагч Х.Атэй ял тохиролцсоны үндсэн дээр шүүхэд шилжүүлсэн. Тохиролцсон ялынхаа хүрээнд ялын саналаа гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Х.А:

            ...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

            Эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд шүүгдэгч Х.А нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаж улсын яллагчтай ялаа тохиролцсон тул шүүгдэгчийг улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж байна гэж үзэж улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

           

Шүүх шүүгдэгч Х.Аэд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд 2 /хоёр/ жил 10 /арав/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.     

 

Шүүхээс албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

 

оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 22340000840083 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х.А энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

   Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х Х.Аийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х Х.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 10 /арав/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Х Х.Аийг шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жил 10 /арав/ сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.  

 

4. Эрүүгийн 22340000840083 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х Х.А энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х Х.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

6. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х Х.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

        

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ГАНДАНСҮРЭН