Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 480

 

2017 оны 07 сарын 04 өдөр      Дугаар 156/ШШ2017/00413                Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00308/И

        Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Багануур дүүргийн 1 дүгээр хороо 10 дугаар байрны 03 тоотод оршин суух, Боржигин овогт Батчулууны Цэрэнхүү /РД:СБ82120109/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багт оршин суух, Шарайд овогт Намжилийн Алдарбат /РД:СБ81091813/-д холбогдох

    “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудтай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Цэрэнхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ, хариуцагч Н.Алдарбат, хариуцагчийн өмгөөлөгч Д.Чимгээ, гэрч                 Б.Лхамсүрэн, Б.Цэрэнлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

   Нэхэмжлэгч Б.Цэрэнхүү нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие  Намжил овогтой Алдарбаттай 2000 оны 10 дугаар  сарын 19-ны өдөр гэр бүл болж,  2001 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хүү Тэмүүжин, 2003 оны  12 дугаар сарын 03-ны өдөр хүү Эрдэнэхүү нарыг төрүүлж, 2006 оныг хүртэл 5 жилийн хугацаанд хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаанд хадам ээж болох Дэлгэрмаа нь байнга зоддог. Одоог хүртэл хоёр мөр маань байнга мултардаг өвчтэй болсон. Миний бие Цэрэнхүү нь энэ айлд бэр болж очихдоо 18 настай хадам ээж Дэлгэрмаагийн хурц аашинд өглөө эрт 5 цагт босон үнээ саах мөн түүний хялалзах харцаар хөдөлж хатуу дэглэмд нь орж эхэлсэн. Аав ээжийн ажилсаг нямбай чанарыг нь өвлөж авсан болохоор гэрийн ажлыг сайн хийдэг болсон ч нутагтаа биерхүү биетэй зодоонч Дэлгэрмаа хадмын авир ааш нь хэцүү байсан. Нэг удаа баруун гарын мөрийг гартал зодоод 6 хоног сумын төв рүү түргэн дуудаж өгөхгүй хэл амаараа хохь чинь гэж хэлээ гарган, хэвтрийн байхад дайрч доромжилж байсан. Тэр үед тэсэхийн аргагүй өвдсөн бас айсан. Би нөхөр  Алдарбатад түргэн дуудаад өгөөч гэж гуйсны эцэст эмнэлгийн бараа харсан. 4 хоног бариачид бариулаад мултарсан мөрөө хийлгэж байсан. 10 хоног ингэж мултралтай байсан мөр шар үегүй болж одоог хүртэл байн байн гарч нөгөө мөрөндөө хүртэл нөлөөлөөд бас гарч норкозонд байнга орж оруулдаг болсон. 2 000 000 төгрөгөөр хагалгаанд орж хадуулах ёстой гэж эмч хэлсэн.  Энэ мөнгө байхгүй учир эмчилгээ хийлгэж чадаагүй өдий хүрсэн. Мөн бага хүү Эрдэнэхүүг гэдсэнд дөнгөж 3 сартай байх үед мөн л хадам ээж Дэлгэрмаа нь би өнөөдөр хажуу байшинд унтлаа гэж хэлэхийн төлөө маш аймшигтайгаар зодуулж, миний ухаан балартаж байсан удаа бий. Энэ уршгаас болж миний ураг дутуу гарах гээд сандаргаж Багануурын эмнэлэгт бүтэн 2 сар эмчилгээ хийлгэж сүүлдээ биеийн байдал минь улам муудаж хоёр нүд рүүгээ цус харван ухаангүй хоёр хонож эцэст нь эмч нар эх ураг хоёрыг салгах хэрэгтэй гээд хийсвэр хийлгэж дутуу төрсөн. Ингээд хүү минь 1 кг жинтэй жоохон өсөлт муутай төрсөн ээж хүү хоёр хоёулаа эрчимт эмчилгээ хийлгэн олон сар эмнэлгээр явсны эцэст хүүгээ хүн болгож авсан. Одоо хүү Эрдэнэхүү 12 настай өсөлт хөгжил сайтай ч уншиж бичиж сураагүй байгаа. Нөхөр Алдарбат нь гэрээсээ олон хоногоор явж сараар хүртэл ирэхгүй их хэмжээгээр байнга архи уудаг. Мөн архи уусан үедээ согтууран гар хөлийг минь чимхэн хөхрүүлдэг бас гадуур завхайрч зовоож байсан учир амьдрах гэж нилээн үзсэн. Намайг тэсвэрлэхийн аргагүйд хүргэж 5 жилийн хугацаанд амьдраад салсан. Хоёр хүүгээ хүний зэрэгт хүргэх гэж бүхий л өөрийнхөө хүч чадлаар сэтгэлийн тэнхээгээрээ амьдрах гэж айлын хажуу өрөө мөн түрээсийн  хашаа гэр, хөлслөн амьдарч явна. Хүүхдүүдээ харж үзэхгүй мөнгө асуухаар утсаа хааж, амралтаараа очоод ирэхдээ 5-10 цаастай үүнийгээ өгөхдөө бөөн юм болж байж өгдөг байсан. Намайг хадамд гарахад аав, ээж минь өвөл зуны дүнзэн байшин 8 тооны үхэр бяруу, айлд хэрэгтэй ор дэвсгэр, сав суулга зэрэг амьдралд хэрэгтэй бүхий л зүйлтэй минь тусад нь гаргаж байсан боловч салахдаа би юу ч аваагүй. Дараа хэд хэдэн удаа авах гэж очсон боловч хэл амаар доромжлуулан мөн л зодуулаад явж байсан. 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл хамт амьдраагүй тул  гэрлэлтийг минь цуцалж, хүү Тэмүүжин, хүү Эрдэнэхүү нарыг минь миний асрамжинд үлдээж тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ. 2001 онд Н.Алдарбаттай гэр бүл болж очихдоо авч очсон эд хөрөнгө болох 5 000 000 /таван сая/ төгрөгийн үнэ бүхий одоо 4*5 харьцаатай өвлийн дүнзэн байшин, ширмэн тогоо 4 ширхэг, 2*5-3*5 харьцаатай зуны дүнзэн байшин, 8 тооны үхэр бяруу, 3 ширхэг ширмэн тогоо, хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, 100 литрийн хөх поошиг, сүүний жижиг машин, 40 литрийн бетон, дээлийн өнгө торго 6 ширхэг, масло хийдэг машин, түлээний сүх 2 ширхэг, цагаан толгойтой ор 2 ширхэг, 30 литрийн хөнгөн цагаан учаатаг 1 ширхэг зэргийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-3/

 

Хариуцагч Н.Алдарбат нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Батчулуун овогтой Цэрэнхүүтэй 2000 оноос үерхэж байгаад 2001 онд албан ёсоор гэр бүл болсон. 2001 онд хүү Тэмүүжин, 2003 онд хүү Эрдэнэхүү төрсөн. Бид 6 жил амьдарсны эцэст 2007 оноос тусдаа амьдарч байна. Бид өрх тусгаарлахдаа 31 тооны мал мал ахуйтай байсан. Миний зүгээс 25 тооны мал эхнэр Цэрэнхүүгийн зүгээс 6 тооны үхэр малтай нийлсэн. Хадам эцэг Батчулууны зарна гэж байсан 4-5 хэмжээний дүнзэн байшинг, торхыг ээж Дэлгэрмаа 3 эр үхрээр худалдан авч  шар нуга гэдэг газар өрх тусгаарлан амьдарч эхэлсэн. Амьдарч байх хугацаандаа бидний хувьд аар саар жижиг маргаан хэрүүл гардаг байсан ч олон хоног сараар архи уух болон завхай зайдангаар явж байгаагүй. Тэгж явах сэтгэл цаг зав ч муутай хоёр хүү минь бага балчир хөдөөний нөхцөл мал ахуй, өвс хадлангийн ажил ихтэй байдгаас үндэслэн явж байгаагүй. Биднийг амьдарч байх хугацаанд ээж Дэлгэрмаагийн зүгээс эхнэр Цэрэнхүүд дарамт шахалт үзүүлэх гадуурхан зовоох халдлага үйлдэж байгаагүй. Харин ч бидэнд ихээхэн нэмэр тус дэм болж байсан. Ээж бид хоёр 2 хүү, ач нартаа эцэг, эмэг, эхийнх нь зүгээс үүргээ ухамсарлан бидний өмсөж зүүх идэж уухаар дутаахгүй гэсэн сэтгэлээр хандаж өдий хүрсэн. Миний бие хоёр хүүгээ өвдөж зовоход нь асран халамжилж эхнэр Цэрэнхүүг ч гэсэн чадлынхаа хэрээр тэжээж хувцаслаж байсан. Хүү Эрдэнэхүүг төрөх үед эхнэрээ сахин хамт буцаж эмнэлгийн төлбөр зэргийг барагдуулж байсан. Бид 2001 онд Багануур луу хадмууд дуудсанаар шилжүүлэг хийлгэн өөрсдийн гар дээр байсан үхэр малаа бүгдийг нь худалдаж нүүж байсан. Очоод хадмуудтай хэсэг хугацаанд хамт амьдарч байр хөлслөх зэргээр амьдарч байсан. Худалдсан малынхаа өртөгөөр төв газар хэрэгцээтэй эд зүйлсийг худалдан авсан. Бид Багануурт байх хугацаандаа ажил төрөл хийж байгаагүй хоёр хүүгээ тэжээх аргагүй, мөнгө төгрөг орлогогүйн улмаас цаашид амьдрах аргагүй байдлаас нутагтаа буцан ирэхээр шийдсэн. Энэ үед дүү сургуульд ээж минь ганцаараа байсан тул ээжийгээ асран малыг нь маллах зэрэг ажил гарч ирсэн. Эхнэр Цэрэнхүүг мэргэжил боловсролтой болох хүсэлтэй байна гэсэн учир дэмжин ээжээсээ төлбөр зардалд нь зориулан сувай үнээ, хязаалан шүдлэн үхэр зэргийг нь гаргуулан хамт явж борлуулан мөнгө төгрөгтэй болгож ах дүү нарт нь орхин ирсэн. Ирэхдээ хоёр хүүгээ Багануураас авчирсан. Ингээд хоёр хүүгээ хамт ээжтэйгээ цуг амьдарч байсан. Гэтэл эхнэр Цэрэнхүүгийн талаар сургуульд ч орсон зүйл байхгүй миний үеэл болох Ц.Одбаясахтай хамт байдаг гэсэн сураг олонтоо сонсогдож байсан боловч би итгэж үнэмшээгүй явдаг байсан. Цэрэнхүүг энэ хугацаанд хоёр хүүгээ нь эргэж тойрч байгаагүй. 2008 оны өвөл Цэрэнхүүтэй уулзаж учир байдлыг сонсож нүдээр үзэхээр шийдэж очтол Одбаясахтай хамт байсан. Намайг Цэрэнхүүтэй ярилцаж учир зүйгээ ололцоё гэхэд хөөж тууж элдвийн ааш авир гаргаж байсан тул би арга буюу итгэж үнэмшсэн. 2007 онд хүү Тэмүүжин сургуульд орохоор Багануур явсан. Сургуульд орохдоо уншдаг бичдэг болж орсон. Ээж минь үсэг тоо зааж сургасан. 2009 онд хүү Эрдэнэхүү сургуульд орохоор Багануур явсан. 2 хүү маань зун өвлийн амралтаараа байнга ирж очдог байсан. 2011 онд 12 сард хүү Эрдэнэхүүг сургуулиас нь гаргаад сурч чадахгүй байна оюуны хомсдолтой гэх шалтгаанаар аавдаа оч гээд явуулсан байсан. Эрдэнэхүү Батширээт суманд албан бус сургалтанд сургаж байсан. Бид 2007 оноос тусдаа амьдарч байна. Цэрэнхүү нь Одбаясахын 2 хүүхдийг төрүүлсэн. Цэрэнхүү нь Одбаясахтай амьдарч байх үедээ ээжийн үхрээс 2 тугалтай үнээг мал мах авч байсан хүмүүст худалдан мөнгийг нь авч явсан байсан. Иймд миний зүгээс 2 хүүгээ өөрийн асрамжинд авч өсгөх хүсэлтэй байна. Тэтгэлгийн хувьд өөрийн гэсэн мал хөрөнгөгүй эхийн малыг малладаг учир тэтгэлэг өгөх чадваргүй. Цэрэнхүүгийн хэлснээр үхэр мал гэж байхгүй. Багануур нүүж очихдоо өөрсдийн гэсэн малаа бүгдийн хамт борлуулсан. Хадмууд Багануур нүүхдээ төв газар хэрэглэхээргүй хуучин сав суулга, эд хогшил, 2 ор зэргээ орхин нүүсэн нь манайд байгаа бид хэрэглэх шаардлагагүй учир буцаан өгөх хүсэлтэй байна. Зуны байшингийн тухайд / 2,5-3,5 харьцаатай/  2006 онд Цэрэнхүү нь Д.Ундармаад зарж мөнгийг нь өөрөө авсан гэжээ. Манай ээжийн эгчийн хүүхэдтэй суугаад хоёр хүүхэд төрүүлсэн. Би дахин энэ хүнтэй суух хүсэлгүй болсон. Ээжийг маань улаан цайм зодсон гээд байна. Би ханийгаа зоддоггүй байсан. Үхэр малгүй болоод Багануурт 2, 3 жил амьдраад эхнэр өөр хүнтэй суугаад би жаахан хоёр хүүхэдтэй ээж дээрээ очсон. Ээж дээрээ очоод самар жимсэнд яваад мөнгө явуулдаг байсан. Гэтэл үеэлтэй маань суугаад хүүхэд төрүүлсэн учраас эргэж суух хүсэл төрөөгүй. Энэ хүн анх суухдаа нэг тугалтай үнээ, нэг хязаалан үнээ, бяруу, инж гэж аав ээжээс нь өгсөн эд зүйлтэй ирсэн хүн юм. Миний инж гэж 30 гаран үхэр мал өгсөн. Би ээжтэй чинь таарахгүй байна гээд байхаар нь дагаад Багануурт ирж амьдарсан. Би хоёр хүүгээ өөр дээрээ авч хүмүүжүүлмээр байна. Сүүлд сонсоход өөр хүнтэй суугаад  2 хүүхэд гаргасан. Мөн Гонгор эмчийн хүүтэй суугаад 1 хүүхэд гаргаад өөрт нь өгсөн байна лээ. Энэ хавар хүнтэй сууна гээд хүнд яриад явж байна гэсэн. Тэр хүнээс болгоомжилж хоёр хүүгээ хойд эцгийн гар харуулмааргүй байна. Цаашдаа хүүхдүүдийнхээ ирээдүйг бодмоор байна. Энэ хүнтэй суугаад салснаас хойш би өөр хүнтэй янз бүр болоогүй ээжийгээ ачлаад явж байна. Би гомдолтой байна гэв. /хх-ийн 23-25х/

 

Гэрч Б.Цэрэнлхам нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Б.Цэрэнхүү нь зуны амралтаар аав ээж дээр очиход Алдарбаттай үерхдэг байсан. Дараа нь очиход Алдарбаттай суусан гээд нийт 8 тооны мал өгсөн гэсэн. 2001 оны 12 сард нэг эр үхэр, тумбай гунж, хоёр бяруу гээд өөрийнх нь малыг өглөө гэж ээж аав хэлж байсан. Аав Батчулуун, ах, дүү нар маань зуслангийн байшин барьсан. Бас өвлийн байшин барьж  өгсөн. Зун болгон амардаг байсан. Н.Алдарбат нь хүүхдүүддээ огт юм өгдөггүй байсан. Нэг удаа хүүдээ гар утасны 250 000 төгрөг өгсөн. Нэг удаа юм явууллаа гээд би очиж авсан. Хэдэн яс, жижиг саванд хөлдөөсөн сүү, аарц зэргийг нэг удаа л өгч байсан. Том хүү нь сургуульд ортлоо манайд байсан. Би хоёр хүүхдийг нь хүн болгож өсгөсөн. Тусдаа 10 гаран үхэр саагаад амьдарч байсан. Их цагаа идээ хураагаад байсан. Цэрэнхүү хадам ээждээ зодуулсан гээд байсан. Бага хүүхэд нь дутуу төрөөд Алдарбат ч гэсэн сахиад байж байсан. Одоо тэр хүүхэд жижиг биетэй нэг дүгээр ангидаа хоёр удаа суусан. Манай нөхөр тэр хоёр хүүхдэд өөрийн хүүхэд шигээ ханддаг гэв.

 

Гэрч Б.Лхамсүрэн нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2000-2001 онуудад Улаанбаатар хотод байсан. Манай дүү 10 жилээ төгсөөд хотод ирэхэд нь би сургуульд оруулах гэхэд Алдарбаттай суугаад яваад өгсөн. Тэгээд хурим найр цайллага хийсэн. Ээж, аав хоёр дүүд чинь мал өгсөн, хоёр тугалтай үнээ, хоёр бяруу, шүдлэн 2, эр үхэр 2, гээд 8 тонны мал өгсөн гэж байсан.  Өвлийн байшинг газартай нь Алдарбатад зарсан талаар сонсоогүй. Ёл гэх газар өвлийн байшин байсан. Зуны байшин Живхээстэйн аралд байгаа байх. Хадам ээж нь байнга зодож байснаас болоод одоо хүртэл мөр нь мултардаг. Байнга норкозонд ордог. Ажлын чадвар байхгүй гэв. 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                             

                                                                                                                        

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Цэрэнхүү нь хариуцагч Н.Алдарбатаас “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгө хуваалгах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

           Нэхэмжлэгч Б.Цэрэнхүү нь хариуцагч Н.Алдарбаттай 2001 онд гэр бүл болж, 2002 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас  2001 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хүү Тэмүүжин, 2003 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүү Эрдэнэхүү нар төрсөн болох нь  №03 дугаартай зохигчдын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 10х/, хүү Алдарбатын Эрдэнэхүү, Алдарбатын Тэмүүжин нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 11х/ зэрэг  баримтуудаар тогтоогдож байна. 

           Нэхэмжлэгч Б.Цэрэнхүү, хариуцагч Н.Алдарбат нар нь хоорондын таарамжгүй харьцаа, хадам бэрийн таарамжгүй байдал, Багануур хот, Батширээт суманд хоёр тусдаа амьдрах болсон амьдралын бэрхшээлт нөхцөл байдал, Б.Цэрэнхүүгийн хувьд гэр бүлийн гадуур Н.Алдарбатын төрөл садангийн залуутай хамтран амьдарч түүний 2 хүүхдийг төрүүлсэн зэрэг шалтгааны улмаас 2006 оноос хойш одоог хүртэл тус тусын амьдралтай болсон байх бөгөөд зохигчид цаашид хамтран амьдрах боломжгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна. 

 

          Хүүхдүүдийн асрамжийн тухайд тэдний өсч хүмүүжиж буй орчин, 2 хүүхдийн өөрсдийнх нь санал зэргийг харгалзан нэхэмжлэгч Б.Цэрэнхүүгийн асрамжинд хүү    А.Тэмүүжин, А.Эрдэнэхүү нарыг өгөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Нэгэнт хүүхдүүдийг эхийнх нь асрамжинд үлдээж шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлгийг гаргуулж олгох нь зүйтэй байна.  

           Дундын эд хөрөнгө хуваалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч Б.Цэрэнхүү нь хариуцагч Н.Алдарбатаас 5 000 000 төгрөгөөр үнэлсэн  5*4 харьцаатай өвлийн дүнзэн байшин 1 ширхэг, 2 000 000 төгрөгөөр үнэлсэн зуны дүнзэн байшин 2,5*3,5 харьцаатай 1 ширхэг, 8 тооны үхэр /тугалтай үнээ 2 ширхэг      2 000 000 төгрөгөөр үнэлсэн, эр үхэр 1 ширхэг 2 400 000 төгрөгөөр үнэлсэн, шүдлэн үхэр 1 ширхэг 1 600 000 төгрөгөөр үнэлсэн, бяруу 2 ширхэг 600 000 төгрөгөөр үнэлсэн/ нийт 13 600 000 төгрөгийг гаргуулахаар, түүнчлэн анх гэр бүл болохдоо авч очсон ширмэн тогоо 4 ширхэг, хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, 100 литрийн хөх поошиг 1 ширхэг, сүүний жижиг машин 1 ширхэг, 40 литрийн бетон 1 ширхэг, дээлийн өнгө торго 6 ширхэг, масло хийдэг машин 1 ширхэг, түлээний сүх 2 ширхэг, цагаан толгойтой ор 2 ширхэг, 30 литрийн хөнгөн цагаан учаатаг 1 ширхэг зэргийг нэхэмжилж байна.

            Хариуцагч Н.Алдарбат нь 5 000 000 төгрөгөөр үнэлсэн  5*4 харьцаатай өвлийн дүнзэн байшин 1 ширхэг, ширмэн тогоо 4 ширхэг, хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, 100 литрийн хөх поошиг 1 ширхэг, сүүний жижиг машин 1 ширхэг, 40 литрийн бетон 1 ширхэг, дээлийн өнгө торго 6 ширхэг, масло хийдэг машин 1 ширхэг, түлээний сүх 2 ширхэг, цагаан толгойтой ор 2 ширхэг, 30 литрийн хөнгөн цагаан учаатаг 1 ширхэг зэргийг буцаан өгөхийг зөвшөөрсөн тул эдгээр эд хогшил болон өвлийн байшинг нэхэмжлэгч Б.Цэрэнхүүд олгох нь зүйтэй байна. 

           Харин зуны байшин болон 8 тооны үхрийн хувьд зохигчид нь гэр бүл болон амьдарч байх хугацаандаа 2001-2006 онд өөрсдийн ахуй амьдралын хэрэгцээ шаардлага, хүүхдийн эмчилгээний зардал зэрэгт  /жич: үүнд Н.Алдарбатын              Б.Цэрэнхүүтэй ханилан суухдаа авч очсон 25 тооны үхэр хамаарна/ зарж борлуулан гэр бүлийн дундын хэрэглээнд зарцуулсан болох нь зохигчдын тайлбаруудаар тогтоогдож байна.

           Түүнчлэн хариуцагч Н.Алдарбат нь хувьд ногдох эд хөрөнгийн хувьд                 А дансандаа 1 тооны уналгын мориноос өөр мал хунаргүй, ээжийнхээ хамт амьдардаг болох нь Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн дарга Д.Хонгорзулын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 108 тоот албан бичиг /хх-ийн 29х/-ээр тогтоогдож байх тул нэхэмжлэлээс 2 000 000 төгрөгийн үнэ бүхий зуны дүнзэн байшин, тугалтай үнээ 2 ширхэг /2 000 000 төгрөг/, эр үхэр 1 ширхэг / 2 400 000 төгрөг/, бяруу 2 ширхэг /600 000 төгрөг/ нийт 8 600 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

     

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

ТОГТООХ НЬ:         

          1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч Боржигин овогт Батчулууны Цэрэнхүү /РД:СБ82120109/, хариуцагч Шарайд овогт Намжилын Алдарбат /РД:СБ81091813/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

           2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2001 оны 12 дугаар сарын  14-ны өдөр төрсөн хүү А.Тэмүүжин, 2003 оны  12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү А.Эрдэнэхүү нарыг нэхэмжлэгч /эх/ Б.Цэрэнхүүгийн асрамжинд үлдээсүгэй.

          3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2.1-т зааснаар хүү А.Тэмүүжин, А.Эрдэнэхүү нарыг 18 нас хүртэл нь хүүхдийн тэтгэлгийг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч /эцэг/ Н.Алдарбатын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос сар бүр мөнгөн хэлбэрээр тооцон гаргуулж, хүү А.Тэмүүжин, А.Эрдэнэхүү нарыг тэжээн тэтгүүлсүгэй.

          4. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар хариуцагч Н.Алдарбатаас 5 000 000 /таван сая/ төгрөгийн үнэ бүхий одоо Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн нутаг Шар нуга гэдэг газарт байх 5*4 метрийн харьцаатай өвлийн дүнзэн байшин 1 ширхэг, ширмэн тогоо 4 ширхэг, хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, 100 литрийн хөх поошиг 1 ширхэг, сүүний жижиг машин 1 ширхэг, 40 литрийн бетон 1 ширхэг, дээлийн өнгө торго 6 ширхэг, масло хийдэг машин 1 ширхэг, түлээний сүх 2 ширхэг, цагаан толгойтой өргөн ор 2 ширхэг, 30 литрийн хөнгөн цагаан учаатаг 1 ширхэг зэргийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Цэрэнхүүд олгосугай. 

          5. Нэхэмжлэгч Б.Цэрэнхүүгийн 2 000 000 төгрөгийн үнэ бүхий зуны дүнзэн байшин, тугалтай үнээ 2 ширхэг /2 000 000 төгрөг/, эр үхэр 1 ширхэг /2 400 000 төгрөг/, бяруу 2 ширхэг /600 000 төгрөг/ нийт 8 600 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

          6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Б.Цэрэнхүүд даалгасугай.

          7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан нь хүүхдийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүй ба хүүхдийн эцэг, эх болохын хувьд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг хэн алинд нь анхааруулсугай.

         8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

         9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Цэрэнхүүг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдсугай. 

        10. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

       11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР