Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/110

 

 

 

 

 

 

 

 


 2022             03              18                                                   2022/ШЦТ/110

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Ө.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б Ө.Иод холбогдох эрүүгийн 2234000000107 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Жаргалант суманд 1980 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл,  дугаарын регистртэй, Б Ө.И,

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ө.И нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт Ц.Лхагваатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Ө.И:

...Гэм буруу дээрээ маргахгүй байгаа учраас нэмж ярих зүйлгүй... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234000000107 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Ө.Иын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт Ц.Лхагваатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №97 дугаартай ...Ц.Лхагваагийн биед баруун дээд 3-р шүдний булгарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр тогтонги алдагдуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд 5% нөлөөлнө... талаарх дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/,

хохирогч Ц.Лхагваагийн ...Би 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5-р баг 22 дугаар байр 4 дүгээр орц 5 давхарт 57 тоот гэрээсээ гараад Төв аймгийн Зуунмод сумын 5-р багт байрлах Ар урт супермаркетад орж өглөө гэх нэртэй 2 сав сүү. 4 ширхэг зайрмаг, тачи гэх бичиглэлтэй 2 ундаа аваад гарах гэж байтал Өндөр савхин куртиктэй бор царайтай залуу согтуу И гэх залуу зогсож байхаар нь миний дүү чи согтуу байгаа юм биш үү гэртээ харьж амар гэж хэлчхээд гэрлүүгээ явж байтал нөгөө хар савхин куртиктэй И гэх залуу араас юм яриад яваад байсан. Би засмал зам гараад гэрийнхээ үүдэнд очоод тамхи асаагаад зогсож байтал араас нөгөө өндөр савхин куртиктэй залуу И гэх залуу ирээд асаагуур байвал өгөөч гэж хэлсэн. Би асаагуураа өгсөн чинь дахиад надаас тамхи байна уу гэж асуухаар нь би тамхи байхгүй гэж хэлээд асаагуураа авъя гээд асаагуураа авсан чинь миний асаагуурыг өгчхөөд шууд зөрүүлээд баруун гараараа миний нүүрний баруун тал руу нэг удаа цохисон. Миний үүдэн нэг ширхэг шүд хөдөлчихсөн. Би Иыг яаж байгаа юм бэ гэж хэлэхийн завдалгүй цаашаа зугтчихаар нь би цагдаа руу дуудлага дуудаад И гэх залууг бариулсан... /хх-ийн 6 дугаар хуудас/,

            гэрч П.Дэлгэрдалайгийн ...Би 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах 016-р ангид жижүүрт гаргах гээд ирсэн. Ажил руугаа явж байх замдаа Төв аймгийн Зуунмод сумын 5-р багт байрлах Ар урт супермаркетад орчхоод гараад ирсэн чинь дэлгүүрийн гадаа миний өөрийн эзэмшлийн 90-17 УАС улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын хаалгыг хар савхин курткатай өндөр залуу онгойлгочихсон зогсож байсан. Би та яах гэж байгаа юм бэ гэхэд шууд намайг хоёр гараараа заамдаад авсан. Өндөр хар савхин курткатай залуу нэг миний зүүн шанаа тус газар луу баруун гараараа 1 удаа цохисон би яаж байгаа юм бэ гээд зүгээр байсан хүнийг чи яагаад зодож байгаа юм бэ гэж хэлээд нөгөө залууг дэлгүүрийн үүд рүү түлхчихээд өөрийнхөө 92032266 дугаарын утсаар цагдаад дуудлага өгсөн. Тэгээд нөгөө өндөр хар савхин курткатай залуу миний араас чулуу аваад шидэж байснаа дэлгүүр лүү орчхоод буцаад гараад ирсэн. Тэр залуугийн өмнө нэг хөгшин хүн дэлгүүрээс гараад явсан чинь араас нь нөгөө өндөр, савхин курткатай залуу дагаад явсан. Төв аймгийн Зуунмод сумын 5-р баг Дивизийн 5 давхар байрны гадаа нөгөө өвгөн тамхи татаад зогсож байтал нөгөө өндөр, савхин курткатай залуу өвгөний дэргэд зогсож байгаад өвгөнийг заамдаж аваад нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон би цагдаа дуудчихсан байсан болохоор харж байсан юм. Би очиж салгасан цохиулсан настай хүний хамраас цус гарч байсан. Би нөгөө цохисон хүнийг дагаж явж байгаад цагдаа нарт барьж өгсөн... /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

сэжигтэн Ө.Иын ...Би 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр болсон зүйлийн талаар юу ч санахгүй байна. Нэг мэдэхэд цагдаа дээр ирчихсэн сууж байсан. Би 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл архи уусан. Манай гутлын цехэд 10 гаран жил гуталчин хийсэн Бямбажав гэх залуу өөрийгөө боомилж нас барсан тэгээд л сэтгэл санаагаар унаад олон хоног архи ууж сэтгэл гутралд орж явж байгаа Ц.Лхагваа гэх хүнийг зодсон байна. Би энэ хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Миний буруу... /хх-ийн 13 дугаар хуудас/,

яллагдагч Ө.Иын ...Би Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.Сувд-Эрдэнийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа. Тогтоолыг ойлгосон хүлээн зөвшөөрч байна. би хохирогч Ц.Лхагваагийн хохирлыг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр түүний 5029253432 дугаарын хаан банкны данс руу 500.000 төгрөг шилжүүлж хохирлыг бүрэн барагдуулсан... /хх-ийн 32 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Ө.Иын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 27, 30-35 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Ө.И нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Ө.Иын гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ө.Иын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт Ц.Лхагваатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

            Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ:

            ...Шүүгдэгч Ө.И нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт Ц.Лхагваатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ө.Иын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогч Ц.Лхагваа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учирсан шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Ө.И:

            ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Ө.Иыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Учир нь шүүгдэгч Ө.И нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Ө.И дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

                            

Прокуророос шүүгдэгч Ө.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Ө.Иын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд тухайн бүлэгт хамаарч буй шүүгдэгч Ө.Иын хохирогч Ц.Лхагваагийн нүүрэн тус газар нь цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Ө.И нь хохирогч Ц.Лхагваагийн нүүрэн тус газар нь гараар цохиж зодсон нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийн улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд баруун дээд 3-р шүдний булгарал бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ө.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

            Эрүүгийн хариуцлагын талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ:

            ...Шүүгдэгч Б Ө.Иод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Ө.И:

            ...Прокурорын саналыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

            Эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд шүүгдэгч Ө.И нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаж улсын яллагчтай ялаа тохиролцсон тул шүүгдэгчийг улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж байна гэж үзэж улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Ө.Иод хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд дөрвөн зуун таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.     

 

Шүүхээс шүүгдэгч Ө.Иод торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

шүүгдэгч Ө.Иод оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна

 

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ө.Иын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Лхагваагийн биед баруун дээд 3-р шүдний булгарал бүхий хөнгөн хохирол учирсан байна. 

    

Хохирогч Ц.Лхагваа нь шүүгдэгч Ө.Иоос мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд нэхэмжилсэн зүйлгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч Ө.И нь хохирол төлбөрт 500.000 төгрөг төлсөн, хохирогч Ц.Лхагваа нь шүүгдэгч Ө.Иод гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл болон хавтас хэргийн 42 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн хүсэлт зэргээр нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ө.Иыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2234000000107 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ө.И энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

   Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Ө.Иыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б Ө.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Ө.Иод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б Ө.Иод шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2234000000107 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б Ө.И энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б Ө.Иод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Ө.Иод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

        

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ГАНДАНСҮРЭН