| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00266/И |
| Дугаар | 482 |
| Огноо | 2017-08-18 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 482
2017 оны 08 сарын 18 өдөр Дугаар 156/ШШ2017/00482 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00266/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх тосгоны 1 дүгээр хороо, 51 дүгээр байрны 10 тоотод оршин суух, Боржигон овогт Дашзэвэгийн Ганзориг /РД:СЮ63112421/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгон 58 дугаар байрны 05 тоотод оршин суух, Харуул овогт Доржийн Золцэцэг (РД:СФ88081508)-т холбогдох
“891 390 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Каж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг, хариуцагч Д.Золцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Л.Наранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Ганзориг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бэрх тосгоны Нийгмийн даатгалын байцаагч ажилтай Д.Золцэцэг нь миний тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцсон материалыг хүлээн авч алга болгосон. Тэтгэвэр тогтоосон хугацаа 02 дугаар сарын 02-ны өдөр байхад 06 дугаар сараас тэтгэвэр олгож, 4 сар 9 хоногийн тэтгэврийг дутуу олгосон. 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төлж барагдуулах талаар тохиролцож, нотариатаар баталгаажуулсан. Иймд Д.Золцэцэгээс 891 390 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Каж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэтгэврийг олгоогүй олон сар байсан нөхцөлд сар бүр 2 хувиар нэмэгдүүлж олгож бай гэсэн хууль байдаг. Тэтгэвэр тогтоосон хугацаа 2014 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байхад 06 дугаар сараас тэтгэвэр олгож, 4 сар 9 хоногийн тэтгэврийг дутуу олгосон. 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төлж барагдуулах талаар тохиролцож, нотариатаар баталгаажуулсан. Иймд Д.Золцэцэгээс 891 390 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Золцэцэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Бэрх тосгоны Нийгмийн даатгалын байцаагчийн ажилд орсон. Тухайн үед ажилласан жил нөхөн тооцох тухай хууль хэрэгжиж байсан. Нэхэмжлэгч Д.Ганзориг нь 2013 оны 07 дугаар сарын 11-ны өдөр 1995 оны 09 дүгээр сараас 2000 оныг дуустал буюу 5 жил 4 сар нөхөн тооцуулах материал өгч 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ажилласан жил нөхөн тооцсоны шимтгэл болох 70 440 төгрөгийг тушаасан байдаг. Ганзориг нь хүүхдийн болзлоор өндөр насны тэтгэвэрт орох хүсэлтээ 2014 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өгсөн. Хүүхдийн болзлоор өндөр насны тэтгэвэрт ороход 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, ажилласан жил нь 20 жил хүрсэн эх өөрөө хүсвэл 50 настай тэтгэвэрт гарч болно гэдэг заалттай. Гэвч тухайн үед Д.Ганзориг нь 50 нас хүрсэн, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн боловч ажилласан жил нь хангалтгүй буюу 17 жил байсан тул тэтгэвэр нь хойшилсон. Ганзориг гуайн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулахаар өгсөн жил нь огт алга болоогүй, баталгаажилт ирэхдээ 2014 оны 06 дугаар сарын 10-нд баталгаажсан байдаг. Би 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Нийгмийн даатгалын дэвтэр нээж, 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр баталгаажилтын хуудсыг нь охин Алтанцэцэгт нь өгсөн. Мөн хувийн хэрэгт байгаа 1995 оны шимтгэл төлсөн лавлагаа нь 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Нийгмийн даатгалын архивын ажилтан Баярцэцэг гаргаж өгсөн байна. 2014 онд Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байранд засвар орж нэмж нэг давхар барихаар болж, хэлтэс замын эсрэг талын Монгол банкны байранд нүүж орсон. Тухайн үед Баярцэцэг нь Ганзориг гуай болон хэд хэдэн хүний материалыг алга болгож, тэр нь лавлагаа авахаар дарагдсан байсныг би өөрөө эрж олж авч байсан. Нийгмийн даатгалын хуульд шинээр тэтгэвэр тогтоохдоо хувийн хэрэгт шаардлагатай материал бүрэн болсон өдрөөс тогтооно гэж заасан бөгөөд Ганзориг гуайн тэтгэвэр баталгаажуулалтын хуудас ирсэн үеэс тогтоогдсон нь үнэн болох нь хяналтын байцаагч болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2 удаагийн шалгалтаар нотлогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Ганзориг нь хариуцагч Д.Золцэцэгт холбогдуулан “тэтгэврийн материал бүрдүүлж өгснөөс хойш авах ёстой байсан 4 сарын тэтгэврийн мөнгө болох 891 390 /найман зуун ерэн нэгэн мянга гурван зуун ер/ төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Ганзориг нь олон хүүхэдтэй эхийн болзлоор өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 2014 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Бэрх тосгоныхоо нийгмийн даатгалын байцаагч ажилтай хариуцагч Д.Золцэцэгт холбогдох материалуудаа хүлээлгэн өгсөн болох нь /хх-ийн 19х/ Дашзэвэгийн Ганзоригийн №68652 дугаартай тэтгэврийн хувийн хэргийн хуулбараар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгч Д.Ганзоригийн хувьд тэтгэвэр тогтоолгоход тухайн үед ажилласан жил нь дутаж байсан бөгөөд тэр үед хэрэгжиж эхэлсэн ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан болзол журмыг хангаж байсан тул 5 жил 4 сарыг нөхөн тооцуулахаар болж Д.Ганзоригийн уг ажилласан жил, нийгмийн даатгалыг нөхөн тооцож баталгаажуулсан баталгаажилтын хуудас /хх-ийн 25х/-ыг нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга С.Эрдэнэ 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бичилт хийж олгосон байна.
Баталгаажилтын хуудас ирсний дагуу Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Н.Цолмонбаяр нэхэмжлэгч Д.Ганзоригийн тэтгэврийг 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр тогтоож өгсөн байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т: нийгмийн даатгалын байгууллага нь тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл, холбогдох бичиг баримтыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан байна.
Маргааны үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Ганзоригийн ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон баталгаажилтын хуудас ирэхгүй удсан, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа нь оройтож гарсан байдал тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл тэтгэвэр тогтооход шаардлагатай баримтын бүрдэл хангагдаагүйгээс шалтгаалж тэтгэвэр нь хожуу тогтоогдсон байна.
Гэхдээ үүнд хариуцагч Д.Золцэцэгийн буруутай, хайхрамжгүй үйл ажиллагаа нөлөөлсний улмаас иргэн Д.Ганзоригийн тэтгэвэр 4 сараар саатуулагдан 891 390 төгрөгийн хохирол учирсан гэх байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч тал энэ байдлыг нотолж чадахгүй байна.
Нэхэмжлэгч тал нь хариуцагч Д.Золцэцэгийг тэтгэвэр тогтоолтонд гаргасан буруугаа хүлээн зөвшөөрч 831 390 төгрөгийг төлөхөөр баталгаа өгч, 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хэлцэл хийж өөрөө гарын үсэг зурж нотариатчаар баталгаажуулсан гэж маргаж байгаа боловч энэ хэлцэлд иргэн Д.Ганзоригийг төлөөлөх эрхгүй этгээд С.Каж оролцож гарын үсэг зурсан /хх-ийн 3х/ байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл болно.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэгэнт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж буй тул улсын тэмдэгтийн хураамжийг бүхэлд нь улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Д.Ганзоригийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Золцэцэгт холбогдох “түүнээс 891 390 /найман зуун ерэн нэгэн мянга гурван зуун ер/ төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Ганзоригоос улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 26 000 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 943 /есөн зуун дөчин гурав/ төгрөг дутуу төлсөн болохыг дурдсугай.
4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР