| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2022/0027/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/68 |
| Огноо | 2022-02-21 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., 27.11.1., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,
Шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Ад холбогдох эрүүгийн 2134001100406 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, Ч.А, 41 настай, эрэгтэй, яс үндэс казак, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, сүүлд:
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 491 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.А нь согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар багийн нутаг Худгийн өвөр гэх газар шороон замд Т.Приус 20 маркийн 8527 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 3.1/а, 3.5/а, 11.14, 12.3 дахь заалтуудыг зөрчиж, урдаа явсан улсын дугааргүй мотоциклийг мөргөж, мотоциклийн жолооч Б.Дгийн эрүүл мэндэд зүүн сүүжний дэлбэн ясны хугарал, зүүн өвдөгний үений урд чагтан холбоосны сунгалт бүхий хүндэвтэр хохирол, эд хөрөнгөд нь 1 753 600 төгрөгийн хохирол учруулж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2134001100406 дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч Б.Дгийн өгсөн: “2021 оны 5 дугаар сарын 11-ний шөнө манай 1-р фермд байх Ч.А гэх залуу өөр нэг танихгүй залуугийн хамт Борнуур орчхоод ирлээ гээд шөнө халамцуу ирсэн. Орж ирэхдээ тал шил архитай орж ирээд намайг шахахаар нь би өглөө эрт ажилтай гээд нөгөө хоёр архи уугаад хоёулаа унтаад өгсөн. Тэгээд өглөө 6 цаг өнгөрч байхад босоод үхэр малаа янзалчхаад гэрт ороод ирсэн чинь нөгөө хоёр сэрчихсэн нөгөө үлдсэн архиа уугаад сууж байсан. Намайг орж ирсэн чинь чи архи уух уу гэхээр нь би ажилтай архи уухгүй гэсэн. Тэгээд дахин нэг шил архи гаргаж ирээд намайг чи уу гэхээр нь би сумын төв рүү мотоциклтой орно болохгүй гэснээс эхлээд А үгээр идээд чи хэзээ архи уудаггүй болчихсон юм бэ гээд л над руу асаж эхэлсэн. Тэгээд нөгөөх согтуу “чи миний өвөлжөөнөөс нүү" гэхээр нь одоо нүүнэ гээд тэгээд босож ирээд намайг заамдаж хувцас хунар гинж тасдаад дайраад байхаар нь толгой зулай руу 2 удаа цохиод тэгээд ноцолдож байгаад салаад за хоёулаа одоо больё гээд больсон. Тэгээд түрүүлээд мотоциклтой ганцаараа хөдлөөд сумын төв рүү явж байтал араас А машинтайгаа шууд хөдлөөд мотоциклтой явж байсан. Миний араас ирж мөргөж унгаагаад мотоцикл дээгүүр гарсан. Энэ үед миний баруун хөл шилбээрээ хугарч бусад зүйл гэмтсэн. Атай манай охин цуг шахуу ирээд тэгээд цагдаад дуудлага өгсөн. Миний баруун хөл шилбээрээ хугарсан. Зүүн хөлний өвдөгний дотор талд няцралттай зүүн сүүжний аяганы яс гэмтсэн. Би гомдолтой байна. Би эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх 39, 43-44/,
Гэрч Д.Угийн өгсөн: “2021 оны 5 дугаар сарын 12-ны өглөө би Төв аймгийн Батсүмбэр сумын Улаан худаг гэдэг гэр хороололд эмээгийндээ байж байсан чинь аав Д миний 80142951 дугаартай утас руу залгахаар нь авсан чинь “намайг шөнөжин дарамталлаа цагдаа аваад хүрээд ир" гэсэн. Тэгэхээр нь би “хэн дарамтлаад байгаа юм бэ гэж” асуусан чинь А гэсэн. Тэгээд би арын айлын машинтай ах Буянхишигийг гуйсан чинь хамт явсан. Тэгээд хөдөө гэртээ яваад очсон чинь аав гэрээсээ гарч ирсэн. А ах бас нэг танихгүй ах тасраад гэрийн гадаа газар уначихсан байсан. Тэгээд би аавд та хоёр найзууд байж юундаа муудалцаад байдаг юм бэ гэсэн чинь аав А бид 2 учраа олчихно зүгээр гэсэн чинь А ах аавыг явъя гээд байсан. Тэгээд А ах нэлээд согтуу байхаар нь би А ахаа би машиныг чинь бариад хүргээд өгье гэсэн чинь үгүй би өөрөө явна гээд машинаа асаагаад зогсоод байсан. Аав тэгсэн чинь А ахыг чи явж бай би араас чинь очъё гэсэн чинь А ах үгүй чи урд ороод түрүүлээд яв гээд байсан. Тэгээд аав мотоциклоо унаад түрүүлээд хөдөлсөн. Тэгсэн А ах нөгөө танихгүй хүнтэйгээ хамт аавын араас нэлээд хурдтай явсан. Тэгэхээр нь би ирсэн машины жолоочтой хамт араас нь хөдөлсөн. Тэгээд гэрээс нэлээд явж байгаад бөөн тоос шороо босож аав харагдахгүй болоод А ахын машин замаасаа гараад зүүн гар руу эргээд зогссон чинь аав мотоциклтойгоо газар унчихсан харагдсан. Тэгээд би сандраад машинаасаа буугаад А ахын машин дээр гүйж очоод та яаж байгаа юм бэ аавыг дайрчихлаа гэсэн чинь машиныхаа цонхыг хаасан. Тэгээд би аав дээр гүйгээд очсон чинь хамт явсан жолооч ах аавыг мотоцикл доороос нь хөлийг гаргасан. Тэгээд би аавыг та гайгүй юу гэсэн аав дуугарахгүй байсан. Тэгсэн А ах машинтайгаа аймар хурдтай тоос манаруулаад яваад өгсөн. Тэгээд би А ахын эхнэр лүү нь утсаар ярьсан чинь А ах ингээд аавыг дайрчхаад яваад өглөө гэсэн чинь эхнэр нь намайг аваад явахгүй яасан юм бэ би энд унаагүй ядаж байхад чинь гээд намайг загнахаар нь би утсаа тасалсан. Тэгээд байж байх хооронд хамт явж байсан Буянхишиг ах цагдаа дуудсан байсан. Тэгээд цагдаа эмнэлэг ирж үзсэн. Намайг очиход А ах нэлээд согтуу хамт явж байсан ах тасраад газар уначихсан байсан. Манайх А ахын өвөлжөөн дээр хөлс мөнгийг нь өгөөд бууж өвөлжсөн. А ах тэр өдөр аавыг зайл гээд хөөсөн юм шиг байгаа юм. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдсан гэсэн.” гэх мэдүүлэг /хх 46-47/,
Гэрч Б.Бын өгсөн: “2021 оны 5 дугаар сарын 12-ны өглөө яг хэдэн цагийг сайн мэдэхгүй байна. Гэртээ байж байсан чинь манай ээжийн утас руу Д ахын эхнэр ярьсан. А, Дг мотоциклтой явж байхад нь араас нь дайрчхаад зугтаагаад явчихлаа туслаач гэж байна гэхээр нь би гараад харсан чинь Аы машин сумын төвийн чигтэй улаан галзуу жалга судаг дээгүүр хариалгаад давхиж яваа харагдсан. Тэгээд би ээжийн хамтаар хэргийн газар нь туслахаар очсон чинь Д ах мотоциклийн хажууд дээшээ харчихсан ухаангүй бололтой хэвтэж байсан. Тэгээд байж байтад цагдаа эмнэлэг хүрээд ирсэн. Дг тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна. Ер нь вакцин хийлгэсэн архи дарс хэрэглэхгүй байгаа гэж байсан. Би хэрэг гарахаас өмнө Д, А нартай таараагүй. Намайг ээжтэй хамт очиход Д ахын хүргэн гэж нэг сахалтай залуу, төрсөн охин, эхнэр Заяа гэдэг эгч байсан.” гэх мэдүүлэг /хх 49/,
Гэрч Л.Хгийн өгсөн: “2021 оны 5 дугаар сарын 11-ний шөнө нөхөр Д охин нарын хамт амарч байхад А, Хуанбек хоёр машинтай согтуу манайд ирээд тэгээд архи гаргаж ирээд манай нөхрийг уу гэсэн. Тэгээд нөхөр маань өглөө эрт сумын төв орно гээд архинаас нь уугаагүй. Тэгээд унтацгаасан өглөө 6 цагт босоод нөхөр бид хоёр үхэр малаа янзалчхаад А дахиад нэг шил архи гаргаж манай нөхрийн хамт ууна гээд тэгээд уухгүй ажилтай гэсэн чинь маргалдаж хувцасны энгэр заамыг нь урж гинжийг нь тасдаад хоорондоо ноцолдоод тэгээд манай нөхөр мотоциклоо унаад түрүүлээд явсан чинь араас нь А машинаа асаагаад давхиад явчихаар нь араас нь охинтой цуг яваад очсон чинь нөхөр Дг мотоциклтой нь дайрчихсан. А машинтайгаа зугтаагаад яваад өгсөн. Тэгээд охин цагдаа дуудаж нөхөр Дгийн хөл нь хугарсан гээд эмнэлэг рүү авч явсан. Ажилтай байсан болохоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, сумын төв орох ажилтай байсан. Манай өвөлжөөнөөс нүү гээд маргалдсан. Манай нөхөр шилжиж ирээд хэдэн маланд өвөлжөө олдохгүй тэгээд Атай танилцаж малаа өвөлжөөн дээр нь малласан юм.” гэх мэдүүлэг /хх 51/,
Эй Жэй Жэй Эм ХХК-ны 2021.10.15-ны өдрийн Б.Дгийн өмчлөлийн Арвай хурд маркийн мотоциклид 1 753 600 төгрөгийн үнэлгээ гаргасан үнэлгээний тайлан /хх 75-81/, 2021.9.07-ний өдрийн хохирогч Б.Дгийн өмчлөлийн мөнгөн гинжинд 61 000 төгрөгийн үнэлгээ гаргасан үнэлгээний тайлан /хх 91-97/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 4060 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Б.Дгийн биед зүүн сүүжний дэлбэн ясны хугарал, зүүн өвдөгний үений урд чагтан холбоосны суналт, тойгны дотор даруулган холбоосны хэсэгчилсэн урагдал, тархид доргилт, дух, зүүн дээд зовхи, хэвлийд зулгаралт, бүсэлхий, зүүн өгзөг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн өвдөгний үе, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй." гэх /хх 105-107/,
Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: "1.85-27 УБТ улсын дугаартай тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ч.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв. 2.85-27 УБТ улсын дугаартай тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ч.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/.тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); 3.5.Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/.Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; мөн дүрмийн 11.14.Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 3.Улсын дугааргүй Сонсунг маркийн мотоцикл жолоодож явсан Б Д нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв. 5.Хавтаст хэргийн материалтай уншиж танилцахад уг осолд замын нөхцөл байдал нөлөөгүй 6. Хавтаст хэргийн материалтай уншиж танилцахад 85-27 УБТ улсын дугаартай тоёота Приус-11 маркийн ээврийн хэрэгсэл жолоодож явсан Чоймурат овогтой А /НБ8104615/ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1, 11.14, 12.3, 3.5, 9.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн үйлдлүүдээс уг осол хэрэг үйлдэгдсэн байна гэж үзэв.” гэх /хх 113-115/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн "3.1.Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/.тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); 3.5.Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/.Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; мөн дүрмийн 11.14.Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтыг тус тус зөрчсөн буруутай үйлдлийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, хохирогчийн унаж явсан мотоциклийг нь машинаараа дайрч эд хөрөнгөд нь хохирол учруулсан, улмаар эмнэлгийн тусламж үзүүлэхгүйгээр хэргийн газрыг орхиж явсан үйлдэлд нь шүүгдэгч Ч.Аыг согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан, авто тээврийн гэмт хэрэг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Ч.Аы үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах цаг хүрээнд хамрагдаж байх учир Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ч.Аы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч миний үйлчлүүлэгч нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн нөхцөл байдал тогтоогдож, хохирол төлбөрөө төлж, хохирогчоос уучлалт гуйж, хохирогч гомдол саналгүй гэсэн учир Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү гэх саналыг тус тус гаргав.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь 2021 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдэж хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч 2015 оны 12 дугаар сарын 03-ний өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан "Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.", 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан "Энэ хуулийн 4.1-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-т заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна." гэх заалтуудад хамаарч байх тул шүүгдэгч Ч.Ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Хохирогч Б.Дд шүүгдэгч Ч.Аы буруутай үйл ажиллагааны улмаас Б.Дгийн мотоциклд шинжээчийн дүгнэлтээр 1 753 600 төгрөгийн хохирол учирсан /хх 81/, түүний зүүж явсан мөнгөн гинжийг 61 000 төгрөгөөр үнэлсэн /хх 97/, эмчилгээний болон ирэх очих унааны зардалд 1 554 427 төгрөг /хавтаст хэргийн 97, 130-134-р хуудсанд авагдсан/ нийт 3 369 027 төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хохирогч Б.Д болон түүний өмгөөлөгч шүүх хуралдааны товлосон цагт хүрэлцэн ирээгүй тул тэднийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдаж, хохирогч Б.Дгийн эрүүл мэндэд учирсан хохирлын баримтаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Ааас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Дд эмчилгээний болон эд хөрөнгийн хохиролд 3 369 027 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч гэм буруугийн шүүх хуралдаанаас завсарлага авч нөхөн төлсөн болохыг дурдав.
Эрүүгийн 2134001100406 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шил арчигчийн усны сав 1 ширхэг, тээврийн хэрэгслийн будагны хэлтэрхий 1 ширхэг, мотоциклийн хагархай эд зүйл зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ч.Аыг согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг, авто тээврийн гэмт хэрэг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3.Хохирогч Б.Д нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
4.Эрүүгийн 2134001100406 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шил арчигчийн усны сав 1 ширхэг, тээврийн хэрэгслийн будагны хэлтэрхий 1 ширхэг, мотоциклийн хагархай эд зүйл зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.Б
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сүрэнхорол,
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ч.Баярсайхан,
Шүүгдэгч Т.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Саарал адуу Төрмөнхийн Пүрэвдоржид холбогдох эрүүгийн 2134000000459 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, Саарал адуу Төрмөнхийн Пүрэвдорж, 1963 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2-р баг “Зүүн цуурай” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РФ63040471 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Пүрэвдорж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Пүрэвдорж нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1-р багийн нутаг “Хуцаагийн эх” гэх газраас 2021 оны 7 дугаар сараас 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 92 ширхэг буюу 4.7377 м3 шинэс модыг мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр бэлтгэж өөрийн эзэмшлийн хүрэн зүсмийн мориор зөөсөн үйл баримт тогтоогдсон
Энэ нь эрүүгийн 2134000000459 дугаартай хэрэгт авагдсан
Иргэний нэхэмжлэгч Ч.Баярсайханы өгсөн: “Би үнэлгээгээр гарсан хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна. Өөр нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,
Гэрч М.Баяржаргалын өгсөн: “Би мод бэлтгэсэн талаар бол мэдээгүй, надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, Зүүн цуурай гэдэг газар Т.Пүрэвдорж нь малын саравч барьсан талаар мэдсэн. Т.Пүрэвдорж хувьдаа машин байхгүй хэдэн хонь байдаг тэрийгээ мориор хариулаад явж байдаг юм байна лээ. Тухайн саравч барьсан модоо мориор чирсэн гэж байсан. Би Пүрэвдорж мод бэлтгэхдээ ганцаараа бэлдсэн гэж өөрөө надад хэлсэн бас ойр хавийн хүмүүсээс асуухад ганцаараа бэлдээд мориор бага багаар нь чирч малын саравч барьсан газартаа хураасан байсан. Тухайн модыг үзэхэд хуурай мод байсан.” гэх мэдүүлэг /хх 42/,
Шүүгдэгч Т.Пүрэвдоржийн өгсөн: “Би 2021 оны 7 сараас 9 дүгээр сарын 05-ныг хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг “Хуцаагийн эх” гэх газар ой модонд 4 метрийн урттай 92 ширхэг шургааг бэлдсэн. Тэгээд тэндээ модон дотор хурааж бэлдэж байгаад мориор чирээд Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар багийн нутаг “Зүүн цуурай” гэх газар хурааж байгаад малын саравч барьсан. Хэдэн метр куб гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Миний саравч барьсан газар мод бэлдсэн газар хоёр нь хоорондоо их ойрхон байдаг. Миний морь гэрийн гадаа байгаа. Гурван нүдэн чандмань тамгатай 11 настай хүрэн морь байгаа. Би мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Эрдэнэ сумын харьяат иргэн биш учраас надад мод бэлтгэх эрхийн бичиг олгохгүй гэж байсан. Тэгээд би хэдэн малаа онд оруулахын тулд зөвшөөрөлгүй мод бэлтгэж саравч барьсан. Тэр саравчаа одоо болтол дээвэрлэж чадаагүй байгаа. Хорхой идсэн хуурай мод байсан. Миний мод бэлдсэн газраас иргэд модоо авдаг зөвшөөрөлтэй газар байна лээ. Би хонио хариулах зуураа ганцаараа гар хөрөөгөөр хөрөөдөж бэлдээд мориор чирч цагаалаад саравч барьсан. Би ойгоос мод бэлтгэхдээ эрхийн бичиг авдаг гэдгийг бол мэднэ. Би уг нь Эрдэнэ суманд ирээд жил гаран мал маллаж амьдарч байна. Тэгээд удаа дараа малын саравч барих гээд мод бэлтгэх эрхийг бичиг авах гэж Эрдэнэ сумын засаг даргатай уулзсан боловч манай нутгийн иргэн биш учраас танд эрхийн бичиг олгох боломжгүй гэсэн. Тэгээд хэдэн малаа өвөлжүүлэхийн тулд мод бэлтгэсэн. Би ойгоос ургаа мод 24 ширхэгийг хөрөөдөж унагаасан. Тэр модноос нэг ширхэгээс нь 4 метрийн урттай 2 ширхэг мод гарч байсан бусад модыг нь тухайн газраас түүж авсан.” гэх мэдүүлэг /хх 81-82, 85-86/,
2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Шилмүүст төрлийн шинэс мод байна. 2.Нийт 4.7377 метр куб болж байна. 3.Хуурай мод байна. 4.Хууль бусаар бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг БОАЖ сайдын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралт “Ойн сангийн нэг шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээ”-ний дагуу, экологи эдийн үнэлгээг тооцоход 4.7377 м3х168655х1.8=1 498 266 төгрөг хэрэглээний мод, экологи эдийн засгийн үнэлгээ нь 1 498 266 төгрөг болж байна.” гэх дүгнэлт /хх 48-49/,
“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн үнэлгээний тайлан: “1 толгой адууны зах зээлийн үнэ 1 172 000 төгрөг болно.” гэжээ /хх 53-60/,
“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн үнэлгээний тайлан: “Гар хөрөөний зах зээлийн үнэ 5 600 төгрөг болно.” гэжээ /хх 65-75/,
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-26/, барьсан гэх малын саравчинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 17-23/, 4 метрийн урттай 92 ширхэг мод, 1 тооны адуу битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол /хх 24, 28/, гар хөрөөг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 30-31/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "Удаа дараа малын саравч барих гээд мод бэлтгэх эрхийг бичиг авах гэж Эрдэнэ сумын засаг даргатай уулзсан боловч манай нутгийн иргэн биш учраас танд эрхийн бичиг олгох боломжгүй гэсэн. Тэгээд хэдэн малаа өвөлжүүлэхийн тулд мод бэлтгэсэн." гэж мэдүүлснийг зөвтгөх боломжгүй бөгөөд,
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн ойгоос 24 ширхэг мод хөрөөдөж авсан буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд шинжээчийн дүгнэлтээр 1 498 266 төгрөгийн хохирол учирсан гэж үзэн шүүгдэгч Т.Пүрэвдоржийг зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Т.Пүрэвдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргаж,
Шүүгдэгч ямар нэг санал гаргаагүй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Т.Пүрэвдорж нь мал аж ахуй эрхлэн Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2-р баг “Зүүн цуурай” гэх газарт оршин суудаг, эхнэрийн хамт амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй талаархи ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 58 настай байна.
Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
Шүүгдэгчид холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Т.Пүрэвдорж нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт оршин суудаг байх тул шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2-р багийн нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгө түүний үнэ, ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгоно, мөн зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ...зэвсэг, зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байгаа бол албадан гаргуулахаар зохицуулсан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 тооны морь, гар хөрөө зэргийг хурааж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар,
гэмт хэрэг үйлдэж олсон 4.7377 м3 92 ширхэг шинэс модны үнэ 1 498 266 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 4 494 798 төгрөгийг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон 4.7377 м3 92 ширхэг шинэс модыг зарж борлуулсан үнийг тус тус Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.5-т зааснаар тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн 2134000000459 дугаартай хэрэгт 4 метрийн урттай 92 ширхэг мод, 1 тооны адуу битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол /хх 24, 28/, гар хөрөөг эд мөрийн баримтаар тооцсон хяналтын прокурорын тогтоол /хх 31/-ыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Саарал адуу Төрмөнхийн Пүрэвдоржийг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Пүрэвдоржийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Пүрэвдорж нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Т.Пүрэвдоржид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2-р багийн нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Пүрэвдоржоос байгаль орчинд учруулсан гэм хорын хохирол 4 494 798 /дөрвөн сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга долоон зуун ерэн найм/ төгрөг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Пүрэвдоржийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5 600 төгрөгийн үнэ бүхий гар хөрөө 1 ширхэг, 1 172 000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны морийг хурааж, зарж борлуулсны орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар,
гэмт хэрэг үйлдэж олсон 4.7377 м3 92 ширхэг шинэс модны үнэ 4 494 798 /дөрвөн сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга долоон зуун ерэн найм/ төгрөг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон 4.7377 м3 92 ширхэг шинэс модыг хурааж, зарж борлуулсан үнийг тус тус Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.5-т зааснаар тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
7.Эрүүгийн 2134000000459 дугаартай хэрэгт 4 метрийн урттай 92 ширхэг мод, 1 тооны адуу битүүмжилсэн мөрдөгчийн 2021 оны 10-р сарын 28-ны, 2021 оны 11-р сарын 08-ны өдрийн тогтоол, гар хөрөөг эд мөрийн баримтаар тооцсон хяналтын прокурорын 2021 оны 11-р сарын 08-ны өдрийн 26 дугаар тогтоолуудыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж,
шүүгдэгч Т.Пүрэвдорж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Пүрэвдоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.Б