Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2020/0181

 

     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Н.

     Хариуцагч: “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагч.

      Нэхэмжлэлийн шаардлага: “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/69 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралтаар баталгаажсан нийгмийн даатгалын сангийн 104140699902.46 (нэг зуун дөрвөн тэрбум нэг зуун дөчин сая зургаан зуун ерэн есөн мянга есөн зуун хоёр төгрөг) гэсэн холбогдох хэсэг, мөн эрх хүлээн авагчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2050 дугаар албан бичгээр баталгаажсан 6000000 (зургаан сая төгрөг), 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 99 дүгээр албан бичгээр баталгаажсан 60000000 (жаран сая төгрөг) нийт 104.206.699.902.46 (Нэг  зуун дөрвөн тэрбум хоёр зуун зургаан сая зургаан зуун ерэн есөн мянга есөн зуун хоёр төгрөг дөчин зургаан мөнгө) төгрөгийн хадгаламжийг Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.8-д заасан төлбөрийн дараалалд бүртгэснийг хүчингүй болгож энэ хуулийн 73.1.5-д заасан “Даатгагдаагүй хадгаламжийн төлбөр”-т хамааруулан бүртгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.З, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, М.М нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Н газар шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/96 дугаар тушаалаар К ХХК-ийг албадан татан буулгаж, мөн улмаар А/97 дугаартай тушаалаар банкны эрх хүлээн авагчийг томилсон.

        Н нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг тус тус үндэслэн "К” ХХК-тай “Хамтран ажиллах гэрээ байгуулж, даатгуулагч, иргэдийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг харилцах дансанд байршуулан 2007 оноос хойш хамтран ажиллаж байсан болно.

         Тус банк нь 2016 оноос харилцах данснаас зарлагын гүйлгээ хийхгүй, улмаар төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт хангалтгүй болж, Нийгмийн даатгалын ерөнхий газраас Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалт "Заавал  байлгах нөөц  төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монгол банкнаас тогтоосон журмын дагуу  зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн он хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх  "Хамтран ажиллах гэрээ"-ний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгүүдийг удаа дараа тус тус зөрчсөн, нөгөөтээгүүр нийгмийн даатгалын сан /иргэд, даатгуулагчдын мөнгө хөрөнгө/-гийн харилцах данснуудын гүйлгээг өдөрт нь хийх, зарлагын гүйлгээ хийх боломжоор хангах, “Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”ын зарим шалгуур үзүүлэлтийг хангахгүй байсан тул мөнгөн хадгаламжийн гэрээг цуцлах, албан шаардлагуудыг тусгасан албан бичгүүдийг удаа дараа хүргүүлж, удирдлагуудын уулзалтыг хэд хэдэн удаа зохион байгуулж ажилласан боловч сайжраагүй хэвээр үргэлжилсээр албадан татан буулгах шийдвэр гарах хүртэл хугацаа болсон.

        Тухайлбал, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1/182, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1/505 тоот албан бичгээр зарлагын гүйлгээг цаг тухайд нь чирэгдэлгүй, зөв хийх, дээрх алдааг давтан гаргахгүй байх, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/1113 албан бичгээр удаа дараа албан бичгийн хариу ирүүлээгүй байх тул хугацаа тогтоон уулзалт хийхийг мэдэгджээ. Тус уулзалтаар мөнгөн хадгаламж эгүүлэн татах хугацаа, хуваарийг гарган ирvvлэхийг тохирсон боловч дахин хариу ирүүлээгүй байх тул эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/48 тоот албан бичгээр Монгол банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн биелэлтийн мэдээг тус тус үндэслэн “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-г цуцлах болсныг мэдэгдэж, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор Мөнгөн хадгаламж хэлбэрээр байршиж буй мөнгийг хүүгийн хамт холбогдох сангийн харилцах данснуудад шилжvvлж, харилцах данснаас зарлагын гүйлгээ хийх боломжоор бүрэн хангахыг мэдэгдсэн албан бичгийг тус тус явуулсан байдаг.

       Мөн 2016 оны 12 дугаар сард хийсэн удирдлагуудын уулзалтаар мөнгөн хадгаламжийг эгүүлэн татах хуваарь гарган ирүүлэх, хуваарийн дагуу харилцах дансанд төвлөрүүлэх тохиролцсон ч хариу ирүүлээгүй тул 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/291 тоот албан бичгээр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн "Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний хүрээнд тэтгэврийн зээлийн хүүг бууруулахад ажлыг эхлүүлэхэд эх үүсвэр шаардлагатай байгаа тул Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор эгүүлэн татах хуваарийг гарган яаралтай ирүүлэхийг мэдэгдсэн байдаг.

         Түүнчлэн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/1149 тоот албан бичгээр Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангаас арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журмын 3 дугаар зүйлийн 3.3.2 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол банкны зохистой харьцаа үзүүлэлтүүдийг хангаж ажиллаагүй, мөн дансны харилцах дансны гүйлгээг цаг хугацаанд нь хийгээгүй зэрэг асуудлууд удаа дараа гарсаар байгаа тул "Мөнгөн хадгаламжийн гэрээ"-ний хугацааг цаашид үргэлжлүүлэн сунгах боломжгүй тухай мэдэгдсэн. Мөн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1/1321 тоот албан бичгээр гэрээний биелэлтийг удаа дараа шаардсан боловч хариу ирүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул "Мөнгөн хадгаламжийн гэрээ”-ний хугацааг цаашид үргэлжлүүлэн сунгах боломжгүй тухай мэдэгдэж, сангийн харилцах дансанд шилжүүлэн зарлагын гүйлгээ хийх боломжоор хангахыг мэдэгдсэн.

     Мөн 2017 оны 05 дугаар сарын  08-ны өдрийн 1/1321 тоот албан бичгээр гэрээний биелэлтийг удаа дараа шаардсан боловч хариу ирүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-ний хугацааг цаашид үргэлжлүүлэн сунгах боломжгүй тухай мэдэгдэж, сангийн харилцах дансанд шилжүүлэн зарлагын гүйлгээ хийх боломжоор хангахыг мэдэгдсэн.

       Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/3395 тоот албан бичгээр 12 сард хугацаа дуусах мөнгөн хадгаламжийг сунгах боломжгүйг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1/903 тоот албан бичгээр мөнгөн хөрөнгийг бусад банкнуудад шилжүүлэх боломжоор хангахыг дахин дахин мэдэгдсэн ч хэрэгжүүлээгүй.

        Дээрх нөхцөлийн хүрээнд банк гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан, нөгөөтээгүүр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 15 өдрийн 33 дугаар тогтоолоор нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлээс арилжааны банкуудад мөнгөн хадгаламжийн 1 жилийн хүүгийн хэмжээг 15 хувиас багагүй байхаар батлагдсан, харилцах дансны мөнгөн хөрөнгөөс зарлагын гүйлгээг их дүнгээр гарган, бусад банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулах боломж бүрдүүлэхгүй байсан тул тус гэрээг дахин сунгах хүсэлт  ирүүлсэн.

        Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Засгийн газарт Нийгмийн даатгалын сан тус бүрийн сарын зарлагыг нарийвчлан тооцох, арилжааны банканд байршуулахдаа харилцах, хадгаламжийн зохистой харьцааг хангах, банкуудын хадгаламжийн дундаж хүүг баримтлан нэн даруй байршуулах, харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгийг хадгаламж хэлбэрт шилжүүлэх чиглэлийг өгсөн.

      Уг чиглэлийн дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэр, Кны 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/2293 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн К дахь иргэдийн мөнгөн хөрөнгийг 2018 он дуустал хугацаанд 15.2 хувийн хүүтэйгээр байршуулахаар гэрээ байгуулсан болно.

         Кны зүгээс гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйгээ эерэгээр тайлбарлаж, албан бичгээр хариу ирүүлж байсан. Тухайлбал, тус банкны 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/44 тоот албан бичгээр “...сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр банкны нэр хүндэд санаатайгаар халдсан гүтгэлэг, мэдээ мэдээллийг зохион байгуулалттайгаар явуулж, банкны үйл ажиллагаанд хүндрэл учруулах гэсэн оролдлого нэлээдгүй гарсан хэдий ч бид санхүүгийн зах зээлд шударга өрсөлдөөний зарчмаар ажиллаж үйл ажиллагаагаа хэвийн тасралтгүй явуулж байгаагаа Та бүхэнд уламжилж байна. Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөр болон Монгол банкнаас баримталж буй бодлогын дагуу Монгол Улсын эдийн засгийн хямрал, санхүүгийн хүндрэлийг зогсоож банкуудын эрсдэл даах чадварыг бэхжүүлэх зорилгоор арилжааны банкууд өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх ажлыг шат дараатай хийж байгаа тул мөнгөн хадгаламжийг Монгол банкны хүүтэй уялдуулан сунгаж өгөхийг хүсье" гэсэн мэдэгдэл ирүүлсэн байдаг.

     Дээр дурдсанчлан Н нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангаас арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам”-ын дагуу шаардлага хангахгүй байгаа учир Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 “...хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх боломжоор хангах"-ыг мэдэгдсэн албан бичиг хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй тул 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө харилцах данснаас мөнгөн гүйлгээ хийх, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын дагуу бусад банкуудад 14.0 хувиас дээш хүүтэй байршуулах боломжоор хангахыг дахин мэдэгдсэн нь хариу өгөлгүй байсаар Монгол банкны албадан татан буулгах шийдвэр гарсан билээ.

        Нийгмийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т зааснаар нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө нь даатгуулагч болон ажил олгогчийн Асан нийгмийн даатгалын шимтгэл болон бусад эх үүсвэрээс бүрддэг. Нийгмийн даатгалын сангийн нийт орлогын 94.8 хувийг ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэлийн орлого эзэлдэг. Мөн хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар эдгээр эх үүсвэрээс бүрдсэн нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг хууль тогтоомжид заасан болзол, журмын дагуу иргэд даатгуулагчдад тэтгэвэр тэтгэмж олгох, нийгмийн даатгалын байгууллага, үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны зардал, хуульд заасан бусад төлбөр зардлыг санхүүжүүлдэг.

     Нийгмийн даатгалын ерөнхий газраас Канд харилцах дансанд байршуулсан мөнгөн хөрөнгө нь иргэд, даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж олгоход зарцуулагдах буюу өөрөөр хэлбэл даатгуулагч, ажил олгогчоос даатгуулагч нийгмийн эрсдэлд өртөх үед тэтгэвэр, тэтгэмж авах зорилгоор хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр болно.

   Эндээс дүгнэн үзэхэд К-д байршиж байгаа нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгө нь улсын төсвийн, Засгийн газрын болон аль нэг байгууллага, аж ахуйн нэгжийн хөрөнгө бус зөвхөн ирээдүйд учрах санхүүгийн эрсдэлээ хамгаалуулах зорилгоор хөдөлмөрийн хөлс, орлогоосоо тооцон урьдчилан төлсөн даатгуулагчдын мөнгөн хөрөнгө юм.

      К-ны эрх хүлээн авагчид дээрх даатгуулагч, иргэдийн амьдралын баталгаа болсон тэтгэвэр, тэтгэмжид зориулагдах энэхүү мөнгөн хөрөнгийг Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5 дахь заалтад заасан "Даатгагдаагүй хадгаламжийн төлбөр"-т хамааруулж, богино хугацаанд бүрэн барагдуулахыг хүссэн албан бичиг холбогдох баримтын хамт хүргүүлсэн.

      Гэтэл К ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1670 дугаартай Н газарт хандсан "К ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-69 дүгээр тушаалаар Танай байгууллагын нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.8 дахь хэсэгт заасан төлбөрийн дараалалд бүртгэгдэж, 104, 140, 699, 902.46 /нэг зуун дөрвөн тэрбум нэг зуун дөчин сая зургаан зуун ерэн eсэн мянга есөн зуун хоёр төгрөг 46 мөнгө төгрөгөөр баталгаажуулсан болохыг мэдэгдсэн.

     Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.8 дахь заалтад "Засгийн газрын өр, төлбөр”-ийг хамааруулсан байдаг.

       Гэтэл “Засгийн газрын өр" гэдгийн Өрийн удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 зааснаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.8 дахь заалтад хуульчилсныг хэлнэ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь заалтад Засгийн газрын өрийг 2 үндсэн хэсэгт ойлгодог.

       Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8.а заалтад өрийн хэрэгслээр үүсгэж, Монгол Улсын Засгийн газар, аймаг, нийслэлээс бусдын өмнө хүлээсэн төлбөрийн үүргийг, 4.1.8.6 заалтад хууль болон гэрээнд заасны дагуу гаргасан Засгийн газрын өрийн баталгааны дүнг хуульчилсан.

     Тэгэхээр эхний нөхцөлд өрийн хэрэгслээр vvсгэсэн байхыг урьдчилсан нөхцөл" буюу гипотец нь шаардаж байна. "Өрийн хэрэгсэл" гэдгийг Өрийн удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтаар бүх төрлийн зээл, үнэт цаас болон өр үүсэх аливаа гэрээ, хэлцлийг хамааруулахаар заасан.

      Нийгмийн даатгал өөрөө "эв санааны зарчим"-ыг удирдлага болгон иргэд даатгуулагчдын мөнгөн хөрөнгийг аливаа өрийн хэрэгсэл болон зээл, үнэт цаасанд хамааруулахгүйгээр байршуулдаг.

       Нөгөөтэйгүүр Өрийн удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8.6 заалтын гипотец нь аливаа хууль буюу гэрээний үндсэн дээр гаргасан Засгийн өрийн баталгаа"-ны дүнг ойлгохоор хууль тогтоогч хуульчилсан.

        Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь хэсэгт “Засгийн газрын өрийн баталгаа”гэж баталгаа гаргуулагч нь гэрээнд заасан төлбөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдолд төлбөрийг баталгаа гаргуулагчийн өмнөөс төлж барагдуулахаар засгийн газрын хүлээсэн үүргийг заасан. Мөн энэ ойлголтод иргэд, даатгуулагчийн мөнгөн хөрөнгө хамаарахгүй тул Ром-Германы эрх зүйн тогтолцоотой Монгол Улсын Засгийн газрын өр" гэдгийг өөрөөр тайлбарлах аргагүй юм.

        Гэтэл "К” ХХК дахь эрх хүлээн авагч 2019 оны 09 дүгээр сарын 19- ний өдрийн А-69 дүгээр тушаалаар манай нэхэмжлэлийн шаардлагыг Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5 дахь хэсэгт буюу "Даатгагдаагүй хадгаламжийн төлбөр"-т хамаарах, даатгуулагч, иргэдийн амьдралын баталгаа болсон тэтгэвэр, тэтгэмжид зориулагдах энэхүү мөнгөн хөрөнгийг тус хуулийн 73.1.8 дахь хэсэгт зааснаар “Засгийн газарт төлөх өр төлбөр, албан татвар"-т хамааруулсан нь хуулийг буруу хэрэглэсэн байна.

       Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дэх хэсэгт зааснаар өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд мөнгөний тусламж авах эрхээр хангагдах хүрээнд Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу иргэн болон төр аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж бүрдүүлсэн, ирээдүйд тэтгэвэр, тэтгэмж олгоход зарцуулагдах дээрх мөнгөн хөрөнгийг Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5 дахь заалтад заасан "Даатгагдаагүй хадгаламжийн төлбөр"-т хамааруулж, даатгуулагч, иргэдийн амьдралын баталгаа болсон тэтгэвэр, тэтгэмжид зориулагдах энэхүү мөнгөн хөрөнгийг богино хугацаанд бүрэн барагдуулахыг даалгаж, К ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1670 дугаартай албан бичиг, "К" ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-69 дүгээр тушаалын Н-т хамааралтай холбогдох заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

      Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт Н болон “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн хооронд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн НД18 тоот “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан. Энэ нь хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан. Уг гэрээг Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулиудыг үндэслээд 2010 оны 25 тоот тушаалаар батлагдсан Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээ үзүүлэх, арилжааны банктай хамтран ажиллах журмыг үндэслэн тохирч байгуулсан. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Тухайлбал талуудын хооронд байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хамтран ажиллах гэрээний ерөнхий зүйл буюу 1.2 дахь хэсэгт Нийгмийн даатгалын байгууллага нь банктай хамтран ажиллахдаа ажил олгогч, даатгуулагч, тэтгэвэр тэтгэмж, тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагад нийгмийн даатгалын үйлчилгээний ая тухтай олон талын үйлчилгээ үзүүлэх боломж, байршлын хувьд тохиромжтой байх, Нийгмийн даатгалын сангийн орлого зарлагын гүйлгээг шуурхай, чирэгдэлгүй нийгмийн даатгалын үйлчилгээний хураамжгүйгээр гүйцэтгэх зарчмыг баримтална гэж заасан. Тухайн гэрээний 2.8 дахь хэсэгт талуудын эрх үүргийг бүхэлд нь дурдсан. Тэтгэвэр тэтгэмж үйлчилгээ үзүүлэх заалтын 3.1.1-д Банк нь тэтгэвэр авагчийн тэтгэврийн харилцах дансанд үлдэгдэл хүүг тооцож олгоно гэсэн зохицуулалттай. Мөн Нийгмийн даатгалын байгууллагын хүлээх эрх үүргийг 4 дүгээр бүлгээр зохицуулсан бөгөөд уг 4 дүгээр бүлгийн 4.2 дахь хэсэгт “банкны ажилтнуудын буруутай үйл ажиллагааны улмаас тэтгэвэр, тэтгэмжийн олголтыг саатуулсан, будлиантуулсан, “тэтгэвэр, тэтгэмжийг илүү, дутуу болгосон, тэтгэврийн данс сольж гүйлгээ хийсэн бол учирсан хохирлыг банкаар төлүүлнэ” гэсэн заалт байдаг. Түүнчлэн 5 дугаар бүлгийн 5.1-5.13 дугаар зүйл хүртэл Нийгмийн даатгалын байгууллагын өмнө буюу гэрээлэгчийн талын өмнө ямар эрх үүрэг хүлээхийг заасан. 5 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэгт банк нь хуулиар хориглоогүй банкны нууцад үл хамаарах мэдээллийг Нийгмийн даатгалын байгууллагаас шаардаж гаргах ёстой бөгөөд тухайн холбогдох заалтуудад хүү тооцож өгнө гэж заасан. Талуудын гэрээний зорилго нь Банкны тухай хуульд заасан мөнгөн хадгаламжийн эх хувийг бий болгож, эрх зүйн харилцаа үүсч байгаа. Өөрөөр хэлбэл, хамтран ажиллах гэрээнд тулгуурлан 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Н, “К” ХХК-ийн хооронд байгуулсан МХ19-0818 дугаартай мөнгөн хадгаламжийн гэрээ байдаг.

        2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “К” ХХК болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын хооронд байгуулсан МХ19-18 дугаартай мөнгөн хадгаламжийн гэрээнүүд нь хавтаст хэргийн 12, 19 дүгээр талд тус тус авагдсан. Талуудын хооронд байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн мөнгөн хадгаламжийн гэрээний зорилго нь хадгалуулагчаас хадгалагчид хадгалуулах мөнгөн хөрөнгийн дүн, хүүгийн хэмжээ, хугацаа, хүү төлөх журам, гэрээг цуцлах нөхцөл, талуудын эрх үүрэг хариуцлагыг зохицуулахад оршино. Энэ нь 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээнд тусгагдсан. Өөрөөр хэлбэл, тухайн гэрээ үнийн эрх зүйн байдлаараа ижил ч мөнгөн дүнгээрээ л өөр байгаа. Үүнийг шүүхээс анхаарч үзэхийг хүсч байна. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээгээр хадгалуулагч нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын санд 100 000 000 төгрөгийг байршуулахдаа 356 хоногийн хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй, холбогдох дансанд Нийгмийн даатгалын ерөнхий газрын ...тоот дансанд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хадгалуулах зохицуулалт байгаа. Дээрхээс үзэхэд талуудын хооронд мөнгөн хадгаламжийн харилцаа үүссэн. Гэрээний дуусгавар болох үндэслэл түүнийг цуцлахтай холбоотой харилцааг гэрээний 7 дугаар хэсэгт томъёолж өгсөн. Энэ гэрээ нь Нийгмийн даатгалын тухай хууль, Банкны тухай хууль, Иргэний хуулийн 454 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэл болгосон.

     2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн мөнгөн хадгаламжийн гэрээнд үйлдэврлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчитний даатгалын сангийн 187 390 000 төгрөгийг хадгалуулахаар гэрээ байгуулсан. Энэ нь нийт 3 сар буюу 90 хоногийн хугацаатай, жилийн 9 хувийн хүүтэй, үргэлжлэх хугацаа нь 1 жил юм.  Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт “мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ” гэсэн зохицуулалт үйлчилдэг учраас мөнгөн хадгаламжийн харилцаа үүссэн гэх үндэслэлтэй байна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас хадгалуулсан мөнгөө хугацаанд нь авч чадахгүй нөхцөл байдал үүссэний улмаас хэд хэдэн удаагийн албан шаардлагыг тухайн үеийн албан бичгээр “К” ХХК-д явуулж байсан. Үүнтэй холбоотой албан бичгүүд хавтаст хэрэгт авагдсан.

        Мөн банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.8-д “засгийн газарт төлөх өр төлбөр, албан татвар” гэж оруулсан байгаа. Үүнийг манайхаас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Засгийн газрын өр төлбөр биш бөгөөд Засгийн газрын тухай хууль болон Банкны тухай хуулийн зүйл заалтаар ямар мөнгөн хөрөнгийг Засгийн газрын өр төлбөр гэдгийг тодорхой томъёолсон байдаг. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын өр гэдэг нь Өрийн удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “Засгийн газрын өр” гэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.8-д заасан байдаг. Энэ Засгийн газар, аймаг нийслэлээс бусдын өмнө хүлээсэн үүргийг Засгийн газрын өр гэж шийднэ хэмээн тодорхойлсон. Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.8-д заасан дараалал гэж үзэхгүй байгаа. Харин даатгагдаагүй хадгаламжийн төлбөр буюу Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5-т заасантай уялдаж байна. Учир нь талуудын хооронд үүссэн эрх зүйн зохицуулалт нь Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийг баримталж, хамтран ажиллах гэрээ, мөнгөн хадгаламжийн гэрээнүүд үүссэн. Үүнтэй холбоотой маргааныг шүүх болон Үндсэн хуулийн цэц шийдвэрлэж байсан эсэхийг судалж үзэхэд Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт байсан. Холбоотой хэсгээс нь тодруулбал Нийгмийн даатгалын тухай хуульд заасан албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, хариуцлагаас чөлөөлөхтэй холбоотой асуудлыг зохицуулах зорилготой. Уг хуулиар Нийгмийн даатгалын тухай хуульд заасан нийгмийн даатгалын шимтгэл хугацаандаа төлөгдөөгүй алдангийг бусдад зөвшөөрөхөөр заасан нь нийгмийн даатгалд даатгуулагч иргэний Үндсэн хуулиар баталгаажсан эрхэд хохирол учруулсан хэмээн заасан. ...“Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг нь нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч иргэн ажил олгогчоос хуульд заасан үндэслэл журмын дагуу даатгалын санд төлж байгаа урьдчилсан төлбөр бөгөөд тухайн шимтгэлийг төлсөн байх нь даатгуулагчийн хувьд тэтгэвэр тэтгэмж, мөн төлбөр авах хууль ёсны эрхээ эдлэх үндэслэл болно” гэх тайлбар байдаг. Үндсэн хуульд заасны дагуу иргэд өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, хүүхэд төрүүлж, асрах болон хуульд заасан үндэслэл бий болсон тохиолдолд мөнгөн тусламж авах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах зэрэг эрхтэй байдаг. Иймд дээрх асуудлыг шийдвэрлэх нь Монгол улсад үүсч байгаа нийт тэтгэвэр авагчдын хувьд тэтгэвэр, тэтгэмж мөнгөн төлбөр авах иргэдийн ямар эрх ашиг сонирхлын зөрчиж байгаа талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой тайлбарыг хийх болно.

        Хэргийн  харьяалал яригдсантай холбоотой манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа “К” ХХК дахь эрх хүлээн авагчийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/69 тоот тушаалын хавсралтаар батлагдсан НДЕГт холбогдох хэсэг гэж тодорхой заасныг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Мөн холбогдох дарааллыг тогтоосноор ажил олгогч нийт 47 000, даатгуулагч 1.1 сая иргэдийн эрх ашиг, сонирхол хөндөгдөж байгаа. Энэ нь Засгийн газрын өрөөс тусдаа ойлголт бөгөөд тухайн нийгмийн даатгалын санд төвлөрсөн болохыг хуульд заасан үндэслэл бий болсон тохиолдолд даатгуулагчид олгож байгаа мөнгөн хөрөнгө юм.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан хууль журмын дагуу нэхэмжлэл гаргаж, хариуцагч хариу тайлбар өгч, өнөөдөр шүүх хуралдаан болж байна гэж ойлгож байгаа. Тиймээс хэргийн харьяаллын хувьд маргаан байхгүй гэж үзэж байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ нь Нийгмийн даатгалын ерөнхий газраас байгуулсан журмыг үндэслэл болгодог. Энэ нь арилжааны банкуудтай хэрхэн хамтран ажиллах талаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор батлагдсан. Уг журмыг үндэслэн Н даатгуулагчдын олгосон мөнгөн хөрөнгийг арвижуулах зорилгоор “К” ХХК-тай 2 удаагийн мөнгөн хадгаламжийн гэрээг тус тус байгуулсан. Иймд хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ, мөнгөн хадгаламжийн гэрээ болон Үндсэн хуулийн цэцийн удаа дараагийн дүгнэлтийг авч үзвэл нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн тайлбарыг бүрэн дэмжиж байна. Нийгмийн даатгалын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Н  нь “К” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулахдаа Нийгмийн даатгалын тухайн хуулийг үндэслэл болгосон.  Нийгмийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлд нийгмийн даатгалын сангийн орлогын эх үүсвэрийг тайлбарласан. Өөрөөр хэлбэл, орлогын эх үүсвэр нь хэд хэдэн холбогдох заалтуудаас бүрддэг. Уг үүсвэрээр нийгмийн даатгалын байгууллага нь 4 сантай бөгөөд үүнээс үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан болон ажилгүйдлийн даатгалын санд холбогдох мөнгөн хөрөнгийг “К” ХХК-д байршуулсан. Нийгмийн даатгалын байгууллагын сан тус бүрээр нь авч үзвэл  тэтгэврийн даатгалын сан нь орлого нь зарлагаа гүйцэхгүй байгаа. Мөн тэтгэмжийн даатгалын сан нь 2017 оноос хойш ажил олгогч байгууллагад төлдөг шимтгэлийн хувь хэмжээг нэмсэнтэй холбогдсон. Нийгмийн даатгалын үлдсэн 2 сан нь орлого нь зарлагаасаа давдаг. Үүнтэй холбоотой статистик судалгааг шүүхэд нотлох баримтаар өгсөн.

       Нийгмийн даатгалын байгууллага нь “К” ХХК татан буугдсанаас хойш нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Харин он онд нь холбогдох шаардлагыг удаа дараа гаргаж байсан. Гэтэл “Монгол банк” ХХК-ийн ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/96 дугаар тушаалаар “К” ХХК нь татан буугдсантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа” гэв.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “ Нийгмийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу ажил олгогч бол даатгуулагч, бусад эх үүсвэрээс тухайн мөнгө бүрдсэн. Үүнийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд “юунд зарцуулах” талаар тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл, энд байгаа 104 000 000 000 гаруй төгрөгийг хуульд заасан ...3 тохиолдолд хэрэглэх эрхтэй учраас энэ нь Засгийн газрын өр төлбөр биш иргэдийн мөнгө гэж үзэж байгаа” гэв.

       Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “К” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдох Н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

    1. Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд зохицуулсан төлбөр барагдуулах дарааллыг тайлбарлахын тулд нэн тэргүүнд үзэл баримтлалыг авч үзэх ёстой.

      Европын төв банкны банкийг татан буулгах болон түүнтэй холбоотой шийдвэрүүдийн тухай 2016 оны зөвлөмж/дүгнэлтийн 1.6 дахь хэсэгт “тэтгэврийн сан, тэтгэврийн компаниудын хадгаламж, улсын төсвийн шууд болон шууд бус хэрэглэгч болох Засгийн газар, Төв банк, аж ахуйн нэгжүүдийн хадгаламж, түүнчлэн орон нутгийн төсвийн шууд болон шууд бус хэрэглэгчид хамаарах орон нутгийн байгууллагуудын хадгаламж нь эрх бүхий мөнгөн хадгаламжид тооцогдохгүй” гэж заасан. Засгийн газрын хадгаламж нь олон улсын жишгийн хувьд бусад хувь хүн, хуулийн этгээдийн мөнгөн хадгаламжтай адилтгагдахгүй бөгөөд банк татан буугдсан тохиолдолд төлбөр барагдуулах дарааллын хувьд хадгаламж гэх хэсэгт багтдаггүй байна.

      Банкны тухай хуулийн 2010, 2018 онуудад батлагдсан нэмэлт, өөрчлөлтөөр дээрх үзэл баримтлалын хүрээнд, олон улсад мөрдөгдөж байгаа нийтлэг жишигт нийцүүлэх зорилгоор төлбөр барагдуулах дарааллыг шинэчилж, илүү нарийвчлан зохицуулсан ба иргэн, хувь хүн, хуулийн этгээдийн харилцах, хадгаламжийн нэхэмжлэлийн шаардлагыг Монгол банкны болон Засгийн газрын буюу төсвийн байгууллага, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн нэхэмжлэлийн шаардлагаас өмнө барагдуулахаар зохицуулсан.

         2. Түүнчлэн Төсвийн тухай хуульд заасны дагуу Нийгмийн даатгалын сангийн төсөв нь Монгол Улсын нэгдсэн төсвийг бүрдүүлдэг бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу холбогдох төсвийг хуримтлуулан зарцуулах эрх бүхий этгээд нь төрийн захиргааны байгууллага /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/ буюу төсвийн байгууллага юм. Мөн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглэх Иргэний хуулийн зарчмын дагуу Банкны тухай хуулийн 73.1.8-д заасан Засгийн газар гэдгийг нэхэмжлэлийн шаардлага гаргагч бусад хуулийн этгээдээс субъектийн хувьд илүү тодотгон нарийвчилсан зохицуулалт гэж үзнэ. Нийгмийн даатгалын байгууллагын Канд хадгалуулсан мөнгөн хөрөнгө нь хадгаламж хэлбэртэй өр төлбөр бөгөөд түүнийг шаардах эрх бүхий этгээд нь Засгийн газар байх тул Банкны эрх хүлээн авагчийн зүгээс төлбөр барагдуулах дараалал тогтоосон тушаалаар Нийгмийн даатгалын ерөнхий газрыг Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.8 дахь хэсэгт оруулан төлбөр барагдуулахаар шийдвэрлэсэн.

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3, 14 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд тус тус зааснаар Банкны эрх хүлээн авагч нь захиргааны байгууллагад хамаарахгүй байх тул хэргийн харьяаллын хувьд иргэний  хэргийн шүүхээр хянагдах маргаан гэж үзэж байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой гэж үзэж байна.

        4. Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.3-т заасан дараалал буюу даатгагдсан хадгаламж эзэмшигчийн шаардлагыг Хадгаламжийн даатгалын корпорацаас Банкан  дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу барагдуулахдаа иргэн, хуулийн этгээдэд олгосон. Ингэхдээ, тус хуулийн 7 дугаар зүйл /даатгалд үл хамаарах нөхцөл/-ийн 7.2.2 дахь хэсэгт “төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах нутгийн захиргааны байгууллага”, 7.2.3-т “эрүүл мэндийн, тэтгэврийн болон нийгмийн албан журмын даатгалын сан”-гийн хадгаламжийн даатгалд хамруулахгүй байхаар зохицуулжээ. Үүний дагуу иргэн, хуулийн этгээдэд олгосон 20.0 хүртэлх сая төгрөгийг нөхөн төлбөрийг Н-т олгоогүй. Үүнээс үзэхэд мөн иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны байгууллагын нэхэмжлэлийн шаардлагаас өмнө буюу тусдаа байхаар зохицуулсан байна.

     5.Нэхэмжлэгч нь Засгийн газрын өр гэх ойлголтыг Өрийн удирдлагын тухай хуульд зааснаар тайлбарласан. Тус хууль нь өрийн удирдлагын бодлого, зохицуулалтын хүрээнд өрийн зохистой түвшинг хангах, дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх, Засгийн газар, орон нутаг зээллэг хийх замаар өр үүсгэх, дамжуулан зээлдүүлэх, Засгийн  газрын баталгаа гаргах, тэдгээрийг бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршдог. Үүнээс үзэхэд Өрийн удирдлагын хуульд заасан Засгийн газрын өр гэх ойлголт нь Банкны тухай хуульд заасан Засгийн газарт төлөх өр, төлбөр гэх ойлголтоос өөр ойлголт болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь банк дампуурах, татан буугдах нь Иргэний эрх зүйн харилцааны асуудал байгаа. Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад зааснаар Захиргааны байгууллага бол банкны эрх хүлээн авагч биш бөгөөд банкны эрх хүлээн авагчаас гарч байгаа асуудал нь захиргааны акт биш юм. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн шүүх үүнийг хянаж байгаа нь хууль зөрчиж байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн гол үндэслэлээ талуудын хооронд байгуулсан Иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэрээг дурддаг. Тэгвэл гэрээтэй холбоотой маргаан нь захиргааны хэргийн маргаан биш бөгөөд үүсэх үр дагаврууд нь төрийн байгууллагууд иргэн хуулийн этгээдтэй зэрэгцэж оршихыг хүсэж байгаа нь буруу. Бидний зүгээс зэрэгцэж болохгүй талаар Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5 болон банкны хуулийн үзэл баримтлалд заасныг тайлбарлаж байгаа. Үүнтэй холбоотой баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

     Нэхэмжлэгчийн зүгээс Өрийн удирдлагын тухай хууль болон төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн үйлчлэх хүрээний зорилт нь Банкны тухай хуулийн үйлчлэх хүрээг зохицуулж өгөөгүй. Өрийн удирдлагын тухай хуульд улсын болон орон нутгийн төсвөөс иргэн төлөх нөхцөлтэйгөөр өр үүсэхэд түүнийг удирдахтай холбоотой харилцаа, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн үйлчлэх хүрээ нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсвийн тэнцлийн зорилгыг тусгах, санхүүгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцаа байдаг. Иймд уг 2 хуулийг үндэслэж мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулагдаагүй. Тиймээс энэ нь тухайн маргааны хууль зүйн үндэслэл болохгүй. Түүнчлэн даатгагдсан хадгаламжийн төлбөрт хамаарахгүй нөхцөлд төрийн байгууллага болон нутгийн өөрөө удирдах байгууллага, эрүүл мэндийн болон тэтгэврийн нийгмийн албан журмын даатгалын сангийн мөнгөн хөрөнгө хадгаламжийн даатгалд хамаарагддаггүй. Өөрөөр хэлбэл, зөвхөн иргэн, хуулийн этгээдийн даатгалын нөхөн төлбөр хамаарагддаг.

     Нийгмийн даатгалын санд төлөх үүрэг нь Засгийн газарт байгаа. Харин хадгаламж болгон байршуулж байгаа нь нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх арга хэрэгсэл байсан. Нийгмийн даатгалын сангийн хуулиар хүлээсэн үүрэг нь хэвээрээ бөгөөд төлөх ёстой. Тиймээс хариуцагчийн зүгээс Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.8-д заасны дагуу Засгийн газрын өр төлбөр мөн гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

      Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага нь банкны эрх хүлээн авагч биш юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-т “даатгалын тохиолдол” гэж Банкны тухай хуульд заасны дагуу Монголбанк банкийг албадан татан буулгах тухай шийдвэр гаргасныг даатгалын тохиолдол гэж ойлгоно. Харин “хадгаламж” гэж банкин дахь харилцах болон мөнгөн хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгийг тайлбарлаж, даатгалд хамаарах 20 000 000 хүртэлх төгрөгийг хадгаламжийн даатгалын корпорац төлнө. Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5-т заасан даатгагдаагүй хэсгийг банк төлнө. Гэхдээ дарааллын хувьд Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5-т заасны дагуу байна.

       Дараалал дээшилж байгаа нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал ойлгож харахгүй байна. Хэрвээ 3 шатны шүүх шийдээд дуусвал 31 байгууллагын 375 000 000 000 төгрөг байгаа бөгөөд бүгд Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5-т заасан руу орно. Тиймээс Н түрүүлж авна гэсэн ямар ч хуулийн зохицуулалт байхгүй. Үүнийг банкны тухай хуульд хувь тэнцүүлж болно гэж тодорхой заасан. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тодорхой заасан. Төсвийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Монгол Улсын нэгдсэн төсөв нь улсын төсөв, орон нутгийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвөөс бүрдэнэ”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8-т “Засгийн газрын гишүүн холбогдох төрийн захиргааны төв байгууллагын болон түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан бусад байгууллагын төсвийн захирагч”, 16 дугаар зүйлийн 16.4.4-т “төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга тус байгууллагын төсвийн” захирагч субъектийг хуульчилсан. Эдгээр заалтаас үзвэл Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрх нь төрийн эрх учраас өмчлөгч нь төр гэж үзнэ. Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр Банкны эрх хүлээн авагчийн А/69 тоот тушаалаар тогтоосон дараалалтай холбоотой хэд хэдэн маргаан шийдвэрлэгдсэн.

      Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт нь Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн төлбөр барагдуулах дараалалд хийсэн дүгнэлт биш гэдгийг дурдах нь зөв. Иргэний хэрийн шүүхээр банкны эрх хүлээн авагчаас тогтоосон А/69 тоот тушаалын холбогдох хэсгийн дараалалд оруулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Харин мөнгөн дүн нэхэмжилсэн шаардлага нэг ч гаргаагүй. Хуулийн этгээд татан буугдах, төлбөрийн чадваргүйд тооцох процесс ажиллагаа нь коллектив буюу хамтын шаардлагыг шийдвэрлэдгээрээ ганцаарчилсан маргаанаас ялгаатай байдаг” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

       Н дарга Д.З “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/69 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралтаар баталгаажсан нийгмийн даатгалын сангийн 104140699902.46 (нэг зуун дөрвөн тэрбум нэг зуун дөчин сая зургаан зуун ерэн есөн мянга есөн зуун хоёр төгрөг) гэсэн холбогдох хэсэг,мөн эрх хүлээн авагчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2050 дугаар албан бичгээр баталгаажсан 6000000 (зургаан сая төгрөг), 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 99 дүгээр албан бичгээр баталгаажсан 60000000 (жаран сая төгрөг) нийт 104.206.699.902.46 (Нэг  зуун дөрвөн тэрбум хоёр зуун зургаан сая зургаан зуун ерэн есөн мянга есөн зуун хоёр төгрөг дөчин зургаан мөнгө) төгрөгийн хадгаламжийг Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.8-д заасан төлбөрийн дараалалд бүртгэснийг хүчингүй болгож энэ хуулийн 73.1.5-д заасан “Даатгагдаагүй хадгаламжийн төлбөр”-т хамааруулан бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

       Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын сангийн дээрх үнийн дүн бүхий мөнгийг Кинд хадгалуулсан байхад энэ мөнгийг Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.8-д “Засгийн газарт төлөх өр төлбөр, албан татвар” гэсэн дараалалд оруулсан нь хууль бус бөгөөд энэ нь энэ хуулийн 73.1.5-д “даатгагдаагүй хадгаламжийн төлбөр”-т хамааруулж төлбөр барагдуулах дараалалд оруулах боломжтой гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага нь иргэний эрх зүйн харилцааны гэрээний үүргээс үүссэн маргаан байх тул Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой гэж тус тус маргажээ.

          Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/96 дугаар тушаалаар “К”-ыг албадан татан буулгаж, улмаар А/97 дугаар тушаалаар банкны эрх хүлээн авагчийг томилсон байна.

      Банкны эрх хүлээн авагч Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан эрхийн хүрээнд татан буугдсан банкны харилцагчийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах дансны үлдэгдлийг нэгтгэж энэ хуулийн 73 дугаар зүйлд зааснаар банкны хөрөнгийг худалдан борлуулсны орлогоос нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар төлбөрийн дарааллыг тогтоож А/69 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралтаар марган бүхий нийгмийн даатгалын сангийн 104.206.699.902.46 (Нэг  зуун дөрвөн тэрбум хоёр зуун зургаан сая зургаан зуун ерэн есөн мянга есөн зуун хоёр төгрөг дөчин зургаан мөнгө) төгрөгийн хадгаламжийг Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.8-д заасан төлбөрийн дараалалд бүртгэжээ.

        Шүүх Банкны эрх хүлээн авагчийн А/69 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралт болон 2050, 99 дүгээр албан бичгээр тус тус баталгаажсан нэхэмжлэгчид холбогдох хэсэг үндэслэлгүй гэж дүгнэн хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэсэн хүсэлтийг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

     Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар томилогдсон банкны эрх хүлээн авагч Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээд буюу захиргааны байгууллага бөгөөд түүний гаргасан шийдвэр энэ хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг бүрэн агуулсан Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх маргаан мөн байна.

      Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний нөхцөлийн талаар бус харин нийтийн эрх зүйн хүрээнд захиргааны байгууллагын гаргасан төлбөр төлөх дараалал тогтоосон үйл баримттай холбоотой байна.

       Өөрөөр хэлбэл даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд банкны эрх хүлээн авагч төлбөр барагдуулах дараалал тогтоохдоо нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байж болох тухай маргаан байх тул захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн болно.

      Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзах тухай хүсэлтийг хангах боломжгүй.

      Нэхэмжлэгч Н нь Ктай 2007 оноос хамтран ажиллаж ирсэн бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйл, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2013 оны 35 дугаар тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангаас арилжааны банкинд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам”-ыг тус тус үндэслэн нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор тус банктай “Хамтран ажиллах гэрээ” болон “Мөнгөн хадгаламжийн гэрээ” байгуулан сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангийн 104.206.699.902.46(нэг зуун дөрвөн тэрбум хоёр зуун зургаан сая зургаан зуун ерэн есөн мянга есөн зуун хоёр) төгрөгийн  үнийн дүн бүхий мөнгөн хөрөнгийг хадгаламж хэлбэрээр байршуулсан байна.

     Гэтэл “К” ХХК-ийг Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар албадан татан буулгаснаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан даатгалын тохиолдол үүсэж  банкны эрх хүлээн авагчийн шийдвэрээр Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан банкны хөрөнгийг худалдан борлуулсны орлогоос нэхэмжлэлийн шаардлагыг хангах дараалал тогтоох шаардлага үүсжээ.

      Ийнхүү хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу банкны эрх хүлээн авагч А/69 тоот тушаал гаргаж нэхэмжлэлийн шаардлага хангах дараалал тогтоосон байх бөгөөд Нийгмийн даатгалын сангийн түүний дотор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний болон ажилгүйдлийн даатгалын сангийн тус банкинд хадгалагдаж байсан 104 тэрбум төгрөгийн төлбөрийг Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.8-д “Засгийн газарт төлөх өр төлбөр, албан татвар” гэсэн ангилалд хамааруулан тогтоосон нь үндэслэл муутай болсон байна.

       Учир нь Н “К” ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллан болон мөнгөн хадгаламжийн гэрээний нөхцөлийг харахад Иргэний хуулийн 454 дүгээр зүйлд зааснаар мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулагдсан гэж ойлгогдохоор байх бөгөөд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, мөнгөн хуримтлал нь Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5-д “даатгагдаагүй хадгаламжийн төлбөр;” гэсэн ангилалд хамаарах боломжтой гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

       Нийгмийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Нийгмийн даатгалын төрөл тус бүр нь дараахь мөнгөн хөрөнгийн бие даасан сантай байна:”, энэ зүйлийн 4 дэх хэсэгт “үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан;", 5 дахь хэсэгт “ажилгүйдлийн даатгалын сан;”, 10 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын сангийн орлого дор дурдсан эс үүсвэрээс бүрдэнэ:”, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “даатгуулагчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл;”, 2 дахь хэсэгт “ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл;”, 3 дахь хэсэгт “сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү, үнэт цаасны арилжаанаас олсон орлого;”, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу дор дурдсан зориулалтаар зарцуулна:”, энэ зүйлийн 1-д “тэтгэвэр, тэтгэмж олгох;” гэж тус тус хуульчилжээ.

      Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд К-д байршуулсан нийгмийн даатгалын сангийн дээрх хөрөнгө нь даатгуулагчийн төлсөн шимтгэл бөгөөд хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэдийн тэтгэвэр тэтгэмжид зарцуулагдах хөрөнгийн эх үүсвэр байна.

      Гэтэл хариуцагч банкны эрх хүлээн авагч төлбөрийн дараалал тогтоохдоо уг хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газарт төлөх өр төлбөр, албан татвар гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна.

     Түүнчлэн Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь банкны мөнгөн хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын эрх зүйн үндсийг тогтоож, хадгаламжийн даатгалын сангийн ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 2 дугаар зүйлийн 2.1-д “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль.......энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.” гэж зохицуулжээ.

     Нөгөө талаар Н, К хооронд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан “Мөнгөн хадгаламжийн гэрээ” болон бусад хамтран ажиллах гэрээнүүд Иргэний хуулийн холбогдох заалтыг үндэслэж хийгдсэн бөгөөд  Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “дараахь этгээдийн хадгаламж хадгаламжийн даатгалд хамаарахгүй:”, 7.2.2-т “төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага:” гэж зохицуулсан байна.

    Үүнээс үзэхэд Нийгмийн даатгалын ерөнхий газрын мөнгөн хадгаламжийн гэрээний үндсэн дээр хадгалуулсан сангийн хөрөнгө даатгалд хамаарахгүй хадгаламжид хамаарч байгаа бөгөөд энэ утгаараа Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5-д заасан даатгагдаагүй хадгаламжийн төлбөр гэсэн ангилалд хамаарч жагсаалтад орж болохоор байна гэж дүгнэв.

     Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хүсэлтийг хэрэгсэхгүй болгон тус тус шийдвэрлэв.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус үндэслэн ТОГТООХ нь;

       1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн  4, 5 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.1, 7 дугаар зүйлийн 7.2, 7.2.2, Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/69 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралтаар баталгаажсан нийгмийн даатгалын сангийн 104140699902.46 (нэг зуун дөрвөн тэрбум нэг зуун дөчин сая зургаан зуун ерэн есөн мянга есөн зуун хоёр төгрөг) гэсэн холбогдох хэсэг,мөн эрх хүлээн авагчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2050 дугаар албан бичгээр баталгаажсан 6000000 (зургаан сая төгрөг), 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 99 дүгээр албан бичгээр баталгаажсан 60000000 (жаран сая төгрөг) нийт 104.206.699.902.46 (Нэг  зуун дөрвөн тэрбум хоёр зуун зургаан сая зургаан зуун ерэн есөн мянга есөн зуун хоёр төгрөг дөчин зургаан мөнгө) төгрөгийн хадгаламжийг Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.8-д заасан төлбөрийн дараалалд бүртгэснийг хүчингүй болгож энэ хуулийн 73.1.5-д заасан “Даатгагдаагүй хадгаламжийн төлбөр”-т хамааруулан бүртгэхийг хариуцагч “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид даалгасугай.

       2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийг энэ хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

      3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэл  нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдөхийг дурдаж харин энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар хариуцагч “К” дахь банкны эрх хүлээн авагчаас 70200 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсугай. 

       4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         А.НАСАНДЭЛГЭР