Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
Хэргийн индекс | 188/2016/0124/Э |
Дугаар | 108 |
Огноо | 2016-08-18 |
Зүйл хэсэг | 215.3., |
Улсын яллагч | С.Оюунжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,
улсын яллагч С.Оюунжаргал,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Цогзолмаа, түүний өмгөөлөгч Д.Батбаяр (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0-200),
шүүгдэгч Ц.Хасгаа, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0-440) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Хэрээд овогт Цэцэгмаагийн Хасгаад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624000482 дугаартай 1 хавтаст хэргийг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Хэрээд овогт Цэцэгмаагийн Хасгаа, Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Манхан суманд 1988 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс захчин, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 17 дугаар гудамжны 56 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ПЖ88081974.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Ц.Хасгаа нь 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 11 цаг 55 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун салааны замд Hyundai Porter маркийн 36-91 АРХ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3а-д заасан “Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгсэлийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй, ...бол хөдөлгөөнөө үргэлжүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очино”, 2 дугаар хавсралт “энэ хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин ...машин механизмыг ашиглахыг хориглоно.” 6.2-т “дуут дохио ажиллахгүй болсон” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 43 настай эрэгтэй Цэрэндолгорын Ариундэлгэрийг мөргөж амь насыг хохироон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч Ц.Хасгаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг гаргах шаардлагагүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Цогзолмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хэрэг гарах үед байгаагүй учраас нөхцөл байдлыг сайн хэлж мэдэхгүй байна. Миний нөхөр тухайн өдөр монгол гэрийн цагаан бүрээс авахаар гэрээсээ гарч байна гэж надтай утсаар ярьсан. ...14 цагийн үед над руу замын цагдаагийн газраас утасдаж манай нөхрийн осолд орж нас барсан тухай мэдэгдсэн. Гомдолтой байна. ...Нийт 7.466.345 төгрөг нэхэмжилснээс 3.338.345 төгрөг даатгалаас авсан. Үлдсэн 4.528.000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд оршуулганд оролцохоор хөдөөнөөс ирсэн хүмүүсийн зардал 1.360.000 төгрөг, буян хураах буюу 21, 49 хоног хураах зардалд 1.463.900 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1.000.000, талийгаачийн оршуулгын зардалд 3.642.445 төгрөг юм” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Цогзолмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн орчим...нөхөр Ц.Ариундэлгэр намайг ажил дээрээ байж байхад утсаар яриад “би Хархорин зах орж гэрийн цагаан бүрээс авах гэж байна” гэж хэлсэн юм. ...Тэгээд л би ажил дээрээ 13 цаг өнгөрч байхад талийгаачийн утсаар Отгон гээд мөрдөн байцаагч яриад “энэ хүн замын осолд орчихлоо” гэж хэлсэн юм. Тэгж л анх осолд ороод нас барсан талаар мэдсэн. Нөхрийг маань Цэрэндолгор овогтой Ариундэлгэр гэдэг, 1969 оны 9 дүгээр сарын 05-нд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн, 47 настай хүн байсан. Эцэг, эхээсээ дөрвүүлээ, айлын 3 дахь хүүхэд, дээрээ 1 эгч, 1 ахтай, доороо 1 эмэгтэй дүүтэй. Ах, дүү нар нь хөдөө байдаг юм. 1986 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд 10 дугаар анги төгссөн бөгөөд Дарханы дулааны ТМС төгссөн юм. Бид хоёр 1996 онд гэр бүл болсон. Дундаасаа 2 хүүхэдтэй, хүүхдүүд маань 20-21 насных. 2006 онд манайх Улаанбаатар хотод ирсэн, тэрнээс хойш талийгаач энд тэнд харуулын ажил хийж байсан. Архи дарс уухгүй, томоотой, даруухан их мөрөөрөө л хүн байсан. Энэ мөргөсөн жолоочид гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлээ баримтаар гаргаж өгнө” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дахь тал),
- Гэрч Д.Баттөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Aero city-540” маркийн 42-85 УНӨ улсын дугаартай чиглэлийн тээврийн хэрэгсэлтэй “Ч-16 Баруун салаа 10 дугаар хороолол” чиглэлд ажил үүргээ гүйцэтгээд явж байсан. Тэгээд 11 цаг 55 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун салааны зам буюу Монлаагийн буудал дээр нийтийн тээврийн хэрэгсэлийн зогсоолд орж ертөнцийн зүгээр урагшаа харж зогсоод хүн суулгаад, буулгаж байж байтал...талийгаач залуу автобусанд орж ирээд картаа дарсан. Тэгтэл картны үлдэгдэл “хүрэлцэхгүй байна” гэж хэлтэл талийгаач залуу “өө пизда, би картаа сольсон байна” гэж хэлээд автобуснаас урд хаалгаар буусан юм. Тэгтэл хойд талаас 2 хүүхэн гараа даллаад гүйхээр нь тэр 2 хүүхнийг автобусныхаа баруун талын толинд хараад сууж байсан. Тэгтэл автобусны зүүн талд машины тоормос чахрах чимээ гарсан. Юу билээ гээд хартал автобуснаас буусан залуу автобусны урдуур замыг баруунаас зүүн чиглэлтэй гарч яваад портер машинд мөргүүлсэн. Портер машин баруун урд хэсгээрээ мөргөсөн юм. Мөргүүлсэн хүн газарт шидэгдээд босож ирэхгүй байсан. Дараа нь тоормосны мөрийг харахад нилээн хол тоормос гишгэсэн харагдаж байсан. ...Портер машин нилээн хурдтай явсан байх. Тэгээд автобусны урд талаар хүн гараад ирэхээр нь “хүн гарч ирнэ гэж тооцолгүй” хурдаа тохируулаагүй явсан байх. ...Уг осол болсон зам нь их нарийхан, 2 машин зөрөхөөр зам байгаа юм. Автобус зогсоолдоо орж зогсохгүй бол машин зөрөхгүй зам. Харагдах орчин чөлөөтэй, зам халтиргаа гулгаа байхгүй, машин тэргэний хөдөлгөөн бага, цаг агаар таатай байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),
- Иргэний хариуцагч Э.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Hyundai Porter маркийн 36-91 АРХ улсын дугаартай автомашин нь миний нэр дээр байдаг юм. Энэ машин нь 1999 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн 2014 онд Монгол Улсад орж ирсэн автомашин байгаа юм. Тухайн ослоос болж миний машинд гэмтэл учирсан, гэхдээ автомашиндаа үнэлгээ хийлгэхгүй. Ц.Хасгаад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Харин хохирогчийн хувьд Ц.Хасгаа нь буруутай нь тогтоогдвол эмчилгээний мөнгийг даатгалаар шийдүүлэх болно. Даатгал дээр Ц.Хасгаагийн нэр байгаа. Тухайн осол болох үед Ц.Хасгаа гэр орноо Архангай аймгийн Өгийнуур сум руу нүүлгэнэ гээд машин авсан байсан, тэр үедээ осол хийсэн юм. Би Ц.Хасгаагийн эхнэр Уранчимэгтэй төрсөн ах дүүгийн хүүхдүүд байгаа юм. Энэ машиныг Хасгаа бид хоёр хөдөө ээлжилж унадаг машин байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31, 32 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1013 дугаартай актад:
“...“Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:
1/ Авто осол: хавсарсан хүнд гэмтэл: 2 тал бөмбөлөг, бага тархины тархмал зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, зүүн 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал, баруун уушигны цус хуралт, голтын цус хуралт, хуйхны цус хуралт, нуруу, зүүн тохой, баруун хацар, баруун хөмсөг, дух, баруун чихний дэлбэнд зулгаралт.
2/ Тархи уушигны хаван, дотор эрхтэнүүдийн цус эргэлтийн хямрал. ДҮГНЭЛТ:
1. Талийгаачид 2 тал бөмбөлөг, бага тархины тархмал зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, зүүн 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал, баруун уушигны цус хуралт, голтын цус хуралт, хуйхны цус хуралт, нуруу, зүүн тохой, баруун хацар, баруун хөмсөг, дух, баруун чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд.
3. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна.
4. Талийгаач нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Дээрх гэмтлүүд нь хүний хүчнээс давсан үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
5. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38-40 дэх тал),
- Автотээврийн үндэсний төвийн “Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэг”-ийн төвийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 16/034657 дугаартай дүгнэлт:
“...1. 36-91 АРХ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
2. Уг автомашины дуут дохио ажиллахгүй...дугаарын гэрэл асахгүй, араа залгалт буюу авцуулах холбоо ажиллагаагүй, дугуйн хээний гүн буюу хоёрдугаар тэнхлэгийн дугуйн тоормос нь стандартын шаардлага хангахгүй байна.
3. Уг автомашины...дуут дохио, дугаарын гэрэл асахгүй, араа залгалт буюу авцуулах холбоо, хоёрдугаар тэнхлэгийн дугуйн тоормос, дугуйн хээний гүн нь 0.8-1 мм байгаа нь ослоос өмнө ашиглалтын явцад үүссэн байх магадлалтай байна.
4. Уг автомашины дугуйн хээний гүн буюу хоёрдугаар тэнхлэгийн дугуйн тоормос нь стандартын шаардлага хангахгүй байгаа нь уг осолд хэрхэн нөлөөлснийг тодорхойлох боломжгүй болно. Харин осолд нөлөөлсөн бол тоормосны зам уртсах байдлаар нөлөөлнө. Мөн дуут дохио ажиллахгүй байгаа нь ослоос урьдчилан сэргийлэх боломжгүй болно.
5. Уг тээврийн хэрэгсэл нь тоормосны шингэн дамжуулагтай тоормос нь стандартын шаардлага хангахгүй байна.
6. Тухайн автомашин нь энгийн шингэн дамжуулагтай ABS системгүй, тоормос гишгэх үед тоормосны мөр үүснэ.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46-48 дахь тал),
- Улаанбаатар хотын цагдаагийн газрын, Нийслэлийн замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн техникийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 352 дугаар дүгнэлт:
“...1. “Hyundai Porter маркийн 36-91 АРХ улсын дугаартай автомашины жолооч Ц.Хасгаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн
-2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ “хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”
-мөн дүрмийн 2 дугаар хавсралт “Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил”-ын
6. Бусад төхөөрөмж: 6.2-д заасан “Дуут дохио ажиллахгүй болсон” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...
2. Явган зорчигч Ц.Ариундэлгэр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн
-3.6 “Зам дээр үзэгдэлт халхалсан саад, тээврийн хэрэгсэл зогсож байх үед тэр хэсгээр зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа эсэхийг магадлан мэдсэн байвал зохино” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3. Автомашины хурдыг тодорхойлох боломжгүй болно. Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 16/034657 тоот дүгнэлтэд тоормос нь стандартын шаардлага хангахгүй мөн осолд тоормосны зам уртсах байдлаар нөлөөлнө гэснийг үндэслэн тухайн тээврийн хэрэгслийг хэдэн км/цагийн хурдтай явсан эсэхийг тогтооход учир дутагдалтай болно” гэсэн цагдаагийн ахмад Н.Шинэбаатарын дүгнэлт (хавтаст хэргийн 50-51 дэх тал),
-Техникийн шинжээч Н.Шинэбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...дүгнэлтийг гаргахдаа хэргийн газрын схем болон фото зураг, гэрчийн мэдүүлэг, түүнчлэн хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэж дүгнэлт гаргасан. ...”Hyundai Porter” маркийн 36-91 АРХ улсын дугаартай автомашины хойд хоёр тоормос ажиллахгүй байсан нь тоормосны мөр уртсах байдлаар осолд нөлөөлнө. Хэрэв хойд тоормос ажиллаж байсан бол зам дээр гарах тоормосны мөр богиносож ослоос болж учирах хор хохирлын хэмжээ буурна. ...Хойд 2 дугуйны тоормос барихгүй байсан тул тоормосны мөрөөр хурдыг үнэн зөв гаргах боломжгүй. Тийм болохоор хурдыг бодоогүй юм. Хэрэв 4 дугуй жигд стандартын дагуу барьж байсан бол хурдыг тогтоох боломжтой байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал),
- Иргэний хариуцагч Э.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтад өгсөн “...”Hyundai Porter” маркийн 36-91 АРХ улсын дугаартай авто машин нь миний нэр дээр байдаг юм. ...тухайн ослоос болж миний машинд гэмтэл учирсан, гэхдээ автомашиндаа үнэлгээ хийлгэхгүй. Ц.Хасгаад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Тухайн өдөр Ц.Хасгаа гэр орноо Архангай аймгийн Өгийнуур сум руу нүүлгэнэ гээд машин авсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал)
- Шүүгдэгч Ц.Хасгаагийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 12 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун салааны замд Э.Цэцэгмаагийн эзэмшлийн 36-91 АРХ улсын дугаартай ”Hyundai Porter” маркийн автомашинтай ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй 30-40 орчим км/цагийн хурдтай...ганцаараа замын нэгдүгээр эгнээгээр явж байтал автобусны буудал дээр зогсож байсан автобусны урд талаас буюу миний баруун гар талаас гэнэт хүн гүйгээд гараад ирсэн. Би тэр хүнийг тулж хараад л тоормос гишгээд л мөргөсөн. Тэгэхэд талийгаач гараараа толин дээр тогтоод явж байгаад машин зогсох үед шидэгдээд унасан. Миний унаж явсан машины урд хамар хэсэг хажууд зогсож байсан автобусны хамартай бараг зэрэгцэх үед тэр хүн...гэнэт гараад ирсэн. ...Тэгээд машинаа зогсоогоод буугаад ирэхэд нөгөө хүн газарт хэвтэж байсан. ...Тэгээд түргэний машин удаагүй ирэхэд хохирогч нас барсан байсан. Намайг автобусны хажуугаар гарах үед ямар нэгэн хөдөлгөөн байхгүй байсан. Тийм болохоор би автобусны хажуугаар 30-40 орчим км/цагийн хурдтай гарч явсан. Тухайн осол болсон зам маань их нарийхан, 2 машин л зөрөх хэмжээний зайтай юм. Автобус бол кармандаа орсон зогсож байсан. ...Тухайн осол болох үед өдрийн 12 цаг 00 минут болж байсан. ...Э.Цэцэгмаа гэх хүний машиныг тухайн өдөр хөдөө гэрээ нүүлгэх гэж гуйж унасан юм. ...тухайн үед замын нөхцөл байдал харагдах орчин чөлөөтэй, зам халтиргаа гулгаа байхгүй, машин тэрэгний хөдөлгөөн байхгүй, цаг агаар таатай байсан.
...машины хойд дугуйн тоормос сайн барихгүй байсныг мэдэж байсан. Их муу барьж байсан. Хойд дугуйн тормосоо засах гээд л байж байсан. Тэгэхдээ засаж амжаагүй. Харин сигнал 10 удаа дарахад 2-3 удаа дуугардаг байсан. Машиныхаа хойд тоормосыг янзлаагүй явж байсан нь миний буруу” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дахь тал),
-Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 2-3), зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 4-6), гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-13), цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 8, 9), гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14, 15), жолоочийн согтуурал шалгасан магадлагаа (хавтаст хэргийн 7), тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 35, 36),
-хохирогчийн иргэний үнэмлэхний хуулбар (хавтаст хэргийн 22), нас барсаны гэрчилгээ (хавтаст хэргийн 23), хохирлын баримт (хавтаст хэргийн 69-90, 96-104),
-шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 105), оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 106), жолоочийн лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн 112), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 109) дэх талуудад авагдсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:
Шүүгдэгч Ц.Хасгаа нь 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 11 цаг 55 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун салааны замд “Hyundai Porter” маркийн 36-91 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн
-2 дугаар зүйл буюу “Жолоочийн үүрэг”-ийн 2.3 дахь хэсгийн “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ” гэсний “а”-д заасан “Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгсэлийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй, ...бол хөдөлгөөнөө үргэлжүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очино,
мөн дүрмийн 2 дугаар хавсралт буюу “Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил”-ын 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан “дуут дохио ажиллахгүй болсон” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 43 настай эрэгтэй Цэрэндолгорын Ариундэлгэрийг мөргөж амь насыг хохироон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
-гэрч Д.Баттөрийн ”...автобуснаас буусан залуу автобусны урдуур замыг баруунаас зүүн чиглэлтэй гарч яваад портер машинд мөргүүлсэн. Портер машин баруун урд хэсгээрээ мөргөсөн юм....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),
-шүүгдэгч Ц.Хасгаагийн “...автобусны буудал дээр зогсож байсан автобусны урд талаас буюу миний баруун гар талаас гэнэт хүн гүйгээд гараад ирсэн. Би тэр хүнийг тулж хараад л тоормос гишгээд л мөргөсөн. Тэгэхэд талийгаач гараараа толин дээр тогтоод явж байгаад машин зогсох үед шидэгдээд унасан. ...машины хойд дугуйн тоормос сайн барихгүй байсныг мэдэж байсан. ..сигнал 10 удаа дарахад 2-3 удаа дуугардаг байсан. Машиныхаа хойд тоормосыг янзлаагүй явж байсан нь миний буруу” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1013 дугаартай акт (хавтаст хэргийн 38-40 дэх тал),
- Автотээврийн үндэсний төвийн “Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэг”-ийн төвийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 16/034657 дугаартай дүгнэлт. (хавтаст хэргийн 46-48 дахь тал),
- Улаанбаатар хотын цагдаагийн газрын, Нийслэлийн замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн техникийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 352 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 50-51 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын цагдаагийн газрын, Нийслэлийн замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн техникийн шинжээчийн 2016 оны 352 дугаар дүгнэлтэд “...2. явган зорчигч Ц.Ариундэлгэр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.6 дахь заалт “Зам дээр үзэгдэлт халхалсан саад, тээврийн хэрэгсэл зогсож байх үед тэр хэсгээр зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа эсэхийг магадлан мэдсэн байвал зохино” буюу явган зорчигчийн замын хөдөлгөөнд оролцох үүргийг зөрчсөн болох нь тухай зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн байгааг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.Хасгааг Тээврийн прокурорын газраас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Ц.Хасгаагийн гэм буруутайг тогтоож Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Хасгаа нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар тогтоогдсон болно. (хавтаст хэргийн 109 дэх тал)
Шүүхээс шүүгдэгч Ц.Хасгаад ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм хорын хохирлыг хариуцах этгээд болон учирсан хохирлын талаар.
1. Шүүгдэгч Ц.Хасгаа нь иргэн Э.Цэцэгмааг эзэмшлийн “Hyundai Porter” маркийн 36-91 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээрийн осол хэрэг гаргасан байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл...өмчлөгч ...өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч ...хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.
Иргэн Э.Цэцэгмаа нь шүүгдэгч Ц.Хасгаад өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлийг шилжүүлэн өгч замын хөдөлгөөнд оролцох эрх олгосон болох нь иргэний хариуцагч Э.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал), түүнчлэн тухай тээврийн хэрэгсэл Э.Цэцэгмаагийн өмчлөл, эзэмшлийнх болох нь (хавтаст хэргийн 35 дахь талд) тус тус авагдсан баримтаар тогтоогдож байна. .
Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцах этгээдээр буюу иргэний хариуцагчаар иргэн Э.Цэцэгмааг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байх ба иргэний хариуцагч Э.Цэцэгмаад мөрдөн байцаалтад иргэний хариуцагчийн эрх, үүргийг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр танилцуулж, Э.Цэцэгмаа нь эрх, үүрэг танилцуулсан баримтад гарын үсгээ зурсан байна.
Мөн шүүхээс иргэний хариуцагч Э.Цэцэгмаад шүүх хуралдааны товыг 2016 оны 8 дүгээр сарын 15-ны өдөр утсаар мэдэгдэх гэсэн боловч “утас нь холбогдохгүй” байсан талаарх баримт болон шүүх хуралдааны товыг шуудангаар хүргүүлсэн баримт (хавтаст хэргийн 137-138) хавсаргажээ.
Шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзвэл иргэний хариуцагч Э.Цэцэгмааг хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй ба харин дээр дурдсан Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг хариуцах этгээд гэж үзэв.
Мөн зам тээврийн осол хэргийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан байх тул “Бусдын...амь нас, эрүүл мэнд,....эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” талаар зохицуулсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Цогзолмаад учирсан гэм хорын хохирлын асуудлыг хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, нотлогдож буй хэмжээнд нь гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас явган зорчигч Ц.Ариундэлгэрийн амь нас хохирч, хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан оршуулгын зардалд 3.642.445 төгрөг, оршуулгын ажилд хөдөө орон нутгаас ирсэн хүмүүсийн зардалд 1.360.000 төгрөг, хохирогчийн буян хураах зардалд 1.463.900 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч авсаны зардалд 1.000.000 төгрөг буюу нийт 7.466.345 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Цогзолмаа нэхэмжилсэн байна.
Дээрх нэхэмжилсэн зардлаас нотлох баримтын шаардлага хангасан баримт нь (хавтаст хэргийн 69-72, 74, 75, 76 (34.080 төгрөг), 77-90, 96 (12.600 төгрөг), 97-100, 114 дахь тал) байна. Энэхүү баримтын нийт мөнгөн дүн нь 5.622.230 төгрөг болжээ. Иймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 7.466.345 төгрөгөөс нотлох баримтын шаардлага хангасан 5.622.230 төгрөгийг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу “Монгол даатгал” ХХК-ас Ц.Хасгаагийн жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын нөхөн төлбөрт 3.338.345 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн байх тул үлдэх 2.283.885 төгрөгийг иргэний хариуцагч Э.Цэцэгмаагаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Цогзолмаад олгох нь зүйтэй байна.
Иргэний хариуцагч Э.Цэцэгмаа нь өөрт учирсан хохирлоо шүүгдэгч Ц.Хасгаагаас иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Цогзолмаагийн нэхэмжлэлээс оршуулгын ажилд хөдөө орон нутгаас ирж оролцсон хүмүүсийн зардал гэх (хавтаст хэргийн 101-103) 1.360.000 төгрөгийн, оршуулгын ажилд өөрийн төрсөн эгч П.Сарантуяагаар Капитал банкнаас 524.098 төгрөгийн зээл авахуулж зарцуулсан гэх нийт баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх хэлэлцэхгүй орхиж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Цогзолмаа нь цаашид гарах бусад зардлаа хууль ёсны шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “B,С” ангиллын 677046 дугаартай үнэмлэхийг хэрэгт хавсаргаж ирүүлснийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ял хэрэглэсэнтэй холбогдуулан тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хэрээд овогт Цэцэгмаагийн Хасгааг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Ц.Хасгаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасч, 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Хасгаад оногдуулсан 3 (гурав) жил 1 (нэг) сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хасгаад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Монгол Улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Э.Цэцэгмаагаас 2.283.885 (хоёр сая хоёр зуун наян гурван мянга найман зуун наян тав) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Цогзолмаад олгож, иргэний хариуцагч Э.Цэцэгмаа нь өөрт учирсан хохирлоо, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Цогзолмаа нь оршуулгын ажилд хөдөө орон нутгаас ирж оролцсон хүмүүсийн зардал гэх 1.360.000 төгрөгийн, оршуулгын ажилд өөрийн төрсөн эгч П.Сарантуяагаар “Капитал” банкнаас 524.098 төгрөгийн зээл авахуулж зарцуулсан гэх нийт 1.884.098 төгрөг болон цаашид гарах бусад зардлаа хууль ёсны шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Ц.Хасгаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “B,С” ангиллын 677046 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.
8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж ялтан Ц.Хасгаад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Хасгаад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ