Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 484

 

2017 оны 08 сарын 24 өдөр      Дугаар 156/ШШ2017/00484  Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00446/И

        Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багт оршин суух, Хайдав овогт Шагдарын Батчулуун /РД:СЭ57070111/-ын нэхэмжлэлтэй

        “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов.

         Нэхэмжлэгч Ш.Батчулуун нь миний бие Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багт оршин суудаг. Намрын ажил эхэлж, хадлан түлээ түлшээ бэлтгэх ажилтай тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ. /хх-ийн 33х/

          Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирж чадахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийв.

      

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Ш.Батчулуун нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1981 оны 01 дүгээр сараас эхлэн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан тал нэгдэлд малчнаар орсон. 1981 оны 01 дүгээр сараас 1991 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл тасралтгүй малчнаар ажилласан. Одоо тэтгэвэрт орох болчон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Анх ажилд орсон тушаал олдохгүй байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

 

          Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                             

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Хайдав овогт Шагдарын Батчулуун нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан тал нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

          Шүүх нэхэмжлэгч Ш.Батчулууны ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

          Нэхэмжлэгч Хайдав овогт Шагдарын Батчулуун нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан тал нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1х/, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 7х/, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан тал нэгдлийн даргын 1982 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 37 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 8х/, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан тал нэгдлийн даргын 1987 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 150 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 9х/, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан тал нэгдлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 103 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 10х/, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан тал нэгдлийн даргын 1989 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 83 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 11х/, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан тал нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 45 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 12х/, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 13-15х/, гэрч Х.Загдын мэдүүлэг /хх-ийн 23х/, гэрч С.Оюунчимэгийн мэдүүлэг /хх-ийн 26х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. 

      

            Түүнчлэн нэхэмжлэгч Ш.Батчулуун нь.1977.06.20-ны өдрөөс 1980.08.20-ны өдрийг дуусталх хугацаанд Барилгын цэргийн 021 дүгээр ангид цэргийн жинхэнэ алба хаасан болох нь Батлан хамгаалах яамны Төв архивын лавлагаа /хх-ийн 5х/-аар тогтоогдож байх туд уг байдлыг шийдвэрт оруулан дурдах нь зүйтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хайдав овогт Шагдарын Батчулуун /РД:СЭ57070111/-ыг Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан тал нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

          2. Нэхэмжлэгч Ш.Батчулуун нь.1977.06.20-ны өдрөөс 1980.08.20-ны өдрийг дуусталх хугацаанд Барилгын цэргийн 021 дүгээр ангид цэргийн жинхэнэ алба хаасан болохыг дурдсугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Батчулууны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгосугай.

 4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР