Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2017/02225

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг, *******,******* тоот хаягт оршин суух Боржигин овгийн С*******гийн М******* /РД:*******/-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.М*******, гэрч В.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие хуучин Хөдөө аж ахуйн яамны харьяа Цахилгаан сантехникийн тоног төхөөрөмжийн засвар угсралтын трестэд хийн ба цахилгаан гагнуурчинаар ажиллаж байсан. 1979 оны 01-р сарын 10-ны өдрөөс 1991 оны 09-р сарын 03-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Энэ хугацаанд ажиллаж байсан нотлох баримт нь архиваас гарч ирээгүй. Энэ хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоолгохоор Гэрч В.Х*******ыг дагуулан ирсэн. н.Д******* гэх гэрч хөдөө ажилтай яваа тул ирж чадсангүй. Энэ хугацаанд гагнуурчинаар ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Боржигин овгийн С*******гийн М******* нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д, хүний ажиллаж байсан байдал-ыг хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт зааснаар, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэж үзэн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт, Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу ажиллаж байсан байдлыг тодорхойлон ажилласан жилийг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт, Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтаар хавсаргана гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад С.М******* нь 1979 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл ХААЯ-ны Цахилгаан сантехник тоноглол угсралтын трестэд хийн болон цахилгаан гагнуурчнаар ажиллаж байсан болох нь дараах үндэслэлээр тогтоогдож байна.

Хэдийгээр ажилд томилсон болон чөлөөлсөн тухай тушаал нь байхгүй байх боловч хавтаст хэргийн 5 дахь талд хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт авагдсан мэдээллээр С*******гийн М******* нь 1979 оны 01 дүгээр 09-ны өдөр ХААЯ-ны Цахилгаан сантехник тоноглол угсралтын трестын даргын 45 дугаар тушаалаар томилон ажиллуулж, 1991 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 76 тоот тушаалаар ар гэрийн гачигдлын улмаас цахилгаан болон хийн гагнуурын ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогдож байна.

Хүсэлт гаргагчийг хүсэлтэд дурдсан хугацаа буюу 1979 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл ХААЯ-ны Цахилгаан сантехник тоноглол угсралтын трестэд хийн болон цахилгаан гагнуурчнаар ажиллаж байсан болох нь тухайн үед хамтран ажиллаж байсан гэрч В.Х*******ын шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлгээр мөн тогтоогдож байна гэж үзэв.

Иймд хүсэлт гаргагч С.Мөнх-Эрдэнийг 1979 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл ХААЯ-ны Цахилгаан сантехник тоног төхөөрөмжийн засвар угсралтын трестэд хийн болон цахилгаан гагнуурчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

Ажилласан жил тогтоолгох тухай хүсэлт гаргагч С.Мөнх-Эрдэнийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигин овгийн С*******гийн М******* /РД:*******/ нь 1979 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл ХААЯ-ны Цахилгаан сантехник тоног төхөөрөмжийн засвар угсралтын трестэд хийн болон цахилгаан гагнуурчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Мөнх-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН