Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/86

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Н.Баяр,

Шүүгдэгч Б.Ё, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн,

Шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Чад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.З, Э.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2134002870446 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, Б.З, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

2.Монгол улсын иргэн, Б.Ч, 1990 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бул 2, эхийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

3.Монгол улсын, Э.М,  29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, ажилтай, ам бул 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.З, Э.М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Б.З, Э.М нар нь бүлэглэн, согтуугаар 2021 оны 9 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд захиргааны хашаан дотор Б.Чыг зодож, эрүүл мэндэд "хамар ясны хугарал, уруулын салстад шарх, баруун хацар, хамар, дээд уруул, эрүү, баруун, зүүн шилбэ, хэвлийд зулгаралт, дээд уруул, дээд уруул, хамарт зөөлөн эдийн няцралт" бүхий хөнгөн хохирол  учруулсан,

 

Шүүгдэгч Б.Ч нь согтуугаар 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн орой Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд хэсгийн төлөөлөгчийн байрны гадна Э.Мтай муудалцаж, улмаар хамар тус газар нь цохиж эрүүл мэндэд нь "тархи доргилт, хамрын таславч мурийлт" бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2134002870446 дугаартай хэрэгт авагдсан

 

Б.Чын шүүгдэгч, хохирогчоор өгсөн: "2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс хойш Төв аймгийн сумдаар ажлынхантайгаа явсан. Эрдэнэсант суманд очоод манай нөгөө даатгалын компанийн эгчийн төрсөн өдөр болоод Эрдэнэсант сумын төвөөс жоохон холдуу довон дээр гарч салхилцгаасан. Тухайн үед авто тээврийн төвийн 4 хүн, захирал Н, "Номин даатгал"-ын захирал З, менежер Давка гээд залуу, "Монгол даатгал"-ын захирал М, менежер Дашка, "Бодь даатгал"-ын захирал С, "Миг даатгал"-ын менежер Байгаль гээд эдгээр хүмүүс байсан. Бид хэд тэндээ хоёр шил архи задалж уусан бөгөөд шөнө 22 цагийн үед тарцгаагаад Эрдэнэсант сумын Эрка гээд залуу бид хэдийг хүлээж аваад захиргааны ар талын байранд байх гэрт орж сууцгаасан. Тухайн үед М, З, Э гээд залуучууд жоохон маргалдаад байсан бөгөөд би тухайн үед задалсан архинаас нь хоёр татсан. Тэгээд тухайн айлаас З, М, Давка, С гээд бид хэд гараад алхаж байтал М, З нар намайг үзэлцье зодолдъё гээд байсан. Тэгээд би үзвэл нэг нэгээрээ үзчих гэж хэлсэн. Тэгээд зогсож байтал М намайг баруун гараараа уруул хамарын хэсэг рүү цохисон. Тэгээд миний хамарнаас цус гараад доошоо тонгойгоод босоход З хамар хэсэг рүү цохисон уг цохилтонд би нүүрний баруун талаараа унасан. Тэгээд цааш юу болсон талаар санахгүй байгаа нэг мэдсэн өглөө 6 цагт Эмнэлгийн үүдэнд явдаггүй микро машин дотор ганцаараа сэрсэн. Тухайн үед өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвар байсан. Бид хэд амрах гээд З, М, Давка гээд залуучуудтай гараад 30, 40 метр газар алхаад захиргааны ард очоод л ийм зүйл болсон. Би тухайн үйл явдлыг бүгдийг санаж байна. Маргааш нь би хэнтэй ч уулзаагүй шууд сумын Цагдаагийн байранд очоод хэсгийн төлөөлөгчид хэлтэл З л чамайг зодсон юм байна л даа Цагдаагийн байранд байхад л чамайг зодох гээд байсан гэж хэлж байсан. Би Эрдэнэсант сумаас замын унаанд суугаад хот руу шууд гэмтлийн эмнэлэг орсон. Өмнө нь Угтаалцайдам гээд сумуудаар явахад архи уусан үедээ М, Дашка гээд залуучууд нь намайг жоохон ялгаварлаад байсан. Энэ нь хэд хэдэн удаагийн тохиолдол, тухайн залуучууд бүгд цуг ажиллаад удчихсан хүмүүс. Тухайн үед З, М, Даваадорж нар байсан. Даваадорж угаасаа Зыг өмөөрөөд над руу дайраад байсан. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.

Мтай нүүрэлдүүлэн байцаалт өгөх үед өмгөөлөгч Баярмагнай гаднаас орж ирээд хөөе миний дүү ярьж байгаа юмаа мэдэж байгаа юм уу гээд нэлээд зандрангуй асуусан. Би мэдэж байгаа болохоор мэдүүлгээ өгч байна гэж хэлсэн. Тэгсэн чинь гарч явахдаа өрөөнөөс гарахынхаа өмнө М руу хараад юу ярихаа мэдэж байгаа биз дээ, ярьж тохирсноороо мэдүүлгээ өгөөрэй гэж хэлээд гарсан. Төв аймгийн Эрдэнэсант суманд 12 цагийн үед намайг М, З нар зодоход тухайн үед би ухаан алдсан байсан. Ухаан ороход би Төв аймгийн Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвийн үүдэнд түргэн тусламжийн хуучин эвдэрхий дугуй нь хагархай машин дотор сэрсэн. Шөнийн 12 цагт ухаан алдаад өглөө үүрээр 06 цагийн үед сэрж байна гэдэг бүтэн 6 цаг гаран ухаангүй хэвтсэн байна. Би ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг. Би ээжийгээ тэжээдэг. Тухайн үед би амь насаа алдсан бол яах байсан юм. Гомдолтой байна. Эмчилгээний зардалд 926 652 төгрөг нэхэмжилж байна. Миний ярьсан зүйл үнэн." гэх мэдүүлэг /хх 13-14, 15, 16-17, 155/,  

Шүүгдэгч Э.Мын өгсөн: “Төв аймгийн даатгалын компаниуд авто тээврийн үзлэгээр Төв аймгийн сумуудаар явж байгаа бөгөөд Төв аймгийн Эрдэнэсант суманд очиход даатгалын эгч Оын төрсөн өдөр болоод даатгалын компаниуд Эрдэнэсант сумын төвөөс зүүн тийш уулан дээр гарч 3 шил архи тойруулж уусан. Тухайн үед бараг 10 орчим хүмүүс байсан ба буцаад шөнө сумын төв дээр ирээд оношилгооны инженер Э, Бодь даатгалын захирал Ц, Номин даатгалын захирал З, менежер Давка гээд залуу хэсгийн төлөөлөгч Э, цагдаа Мийгаа, Ч, Б гээд залуучууд бид хэд захиргааны хойд талын баруун талын байранд хоёр шил архи уусан. Тэгээд би унтах гээд гараад явтал Ч араас гарч ирээд танай даатгалынхан яагаад намайг муу үзээд байгаа юм нэгийн эсрэг үзэх үү гээд миний хамар луу хальт цохисон. Аймаар бол цохиогүй. Би хариу үйлдэл ч үзүүлээгүй буцаад байрандаа орсон. Тэгээд Ч нь гадаа ганцаараа үлдээд үзэх хүн байна уу гээд орилоод байсан. Мөн З ахыг нэгийн эсрэг нэг үзье гээд гадаа нь орилоод байсан. Тэгээд З гарч яваагүй. Тэгээд тус байрнаас Э, Давка бид гурав гарч яваад би машин дотор орж унтсан.” гэх мэдүүлэг /хх 20, 24-25/,

Шүүгдэгч Б.Зын өгсөн: “Төв аймгийн даатгалын компаниуд авто тээврийн үзлэгээр Төв аймгийн сумдуудаар явж байгаа бөгөөд Төв аймгийн Эрдэнэсант суманд очход даатгалын эгч Оын төрсөн өдөр нь болоод даатгалын компаниудын хүмүүс Эрдэнэсант сумын төвөөс зүүн тийш уулан дээр гарч 1-2 шил архийг тойруулж уугаад буцаж сумын төвд ирээд Эркатай уулзъя гээд нэг шил архийг гэрт нь М, Даваадорж, Б, Чой гээд 8-9 хүн гэр нь орж архи тойруулж ууцгаасан. Тэгээд амрах нь амарцгаая гээд л цувраад гарч явсан. Би Чын биед халдаж гэмтэл учруулаагүй. Би Чтай өрөөнд архи ууж байхдаа ам мурийж хэрэлдэх нь хэрэлдсэн. Ч миний биед халдаж гэмтэл учруулсан зүйл байхгүй. М, Ч хоёр маргалдсан. М гаднаас орж ирэхдээ миний хамар луу цохиод цус гаргачихлаа гээд л орж ирсэн. Ч өөр хүмүүстэй маргалдаж зодолдсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 22-23/,

Гэрч Д.Эын өгсөн: “...Тамгын газрын хажуу талын байранд Б, Д, Ц, Ч, М, З, Давка гээд хүмүүс 2 шил архи тойруулж уугаад би Бгийн хамт гараад Тамгын газрын буудалд орж амарсан. Тэгээд өглөө босоход М, Ч миний хамар луу цохиод тэгээд гүйгээд авчихсан гээд л америк кино шиг юм яриад байсан. Тэгээд би Чтай уулзах гэсэн боловч тухайн үед байгаагүй. Тухайн өдөр З, Ч хоёр хоорондоо хэрэлдээд байгаа нь мэдэхгүй ярилцаад байгаа нь мэдэгдэхгүй ойлгомжгүй байсан. Намайг байхад миний дэргэд бол муудалцсан зүйл байгаагүй. Ч өөр хүмүүстэй маргалдаж зодолдсон зүйл байхгүй байхаа.” гэх мэдүүлэг /хх 29/,

Гэрч Б.Даваадоржийн өгсөн: “...сумын төв рүү ороод З гээд ахын найз тухайн сумын цагдаа Э ах нутгийн найз гээд шил архи задлаад уг архийг Б, Ц, Ч, М, З бид нар тойруулж уусан. Тэгээд тэр Чой гээд хүн чинь нэлээн согтолттой байсан бөгөөд З гээд ахтай амаараа жоохон маргалдсан. Тэгээд М гэх хүнтэй Ч гэх хүн гарч яваад М нь орж ирэхдээ намайг цохчихлоо гээд хамраас нь цус гарчихсан орж ирээд намайг Ч цохисон гэж хэлсэн. Тэгээд араас нь Ч орж ирсэн, орж ирэхдээ ямар нэгэн гэмтэл байхгүй байсан бөгөөд Ч нь буцаж гарч яваад эргэж ирээгүй яваад өгсөн. Тэрнээс хойш Э, М, З бид хэд байрнаас гараад явж амарцгаасан.” гэх мэдүүлэг /хх 31/,

Гэрч С.Бгийн өгсөн: “Би Зтай техникийн хяналтын үзлэгээр хамт явж байгаад танилцсан. Танилцаад 5-6 жил болж байх шиг байна. Чтай саяхан энэ хавар 5 сард л танилцсан. Харин Мтай мөн 2015 оноос хойш техникийн хяналтын үзлэгээр цуг яваад танилцсан. Тус өдөр техникийн үзлэгээр ирсэн хүмүүс О гээд захирлын төрсөн өдрийг тэмдэглэх гээд Төв аймгийн Эрдэнэсант сумаас наадмын талбайн тийшээ зүүн тийш холгүйхэн орой ажлаа тарчхаад бид хэд төрсөн өдрийг нь тэмдэглэх гээд явцгаасан. Тэгээд тэнд чихэр жимс идэж байгаад тухайн газраас орой 21 цаг өнгөрөөгөөд байхаа цагийг нь сайн санахгүй байна тарах нь тараад сумын төв рүү ирсэн. Тэгээд Цагдаагийн кубон руу Этой ороход М, З, С, Ч, хэсгийн төлөөлөгч болон Д гээд цагдаа нар байсан. Тэгээд дотор бид хэд 1 шил архи тойруулж уучхаад би амрах гээд байшингаас гараад буудалд орж амарсан. Намайг байхад тухайн хүмүүс зодолдсон зүйл байхгүй. Харин Ч нь гэдэг нөхөр тухайн үед байсан хүмүүс рүү агсраад орилоод байсан. Намайг байхад зодоон цохион болсон зүйл байхгүй. Би кубоноос Этой гарч явсан. Бид хоёрыг гарч явахад бусад хүмүүс бүгд кубонд үлдэцгээсэн. Намайг байхад орж ирээгүй. Өөрсдийгөө удирдах чадваргүй бол байгаагүй. Миний мэдэхээр тухайн өдөр зодолдсон цохилцсон зүйл байхгүй, би түрүүлээд амрах гээд явчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх 44/,

Гэрч Г.Тгийн өгсөн: “Тухайн суманд даатгалын компанийн хүмүүс, авто тээврийн хүмүүс байсан бөгөөд О эгчийн төрсөн өдрийг тэмдэглэх гээд сумын төвөөс ажлаа тарчхаад орой 19-20 цагийн үед ойрхон гарцгаасан. Тэгээд тэндээ чихэр жимс архи дарс ууж байгаад орой 22-23 цагийн үед сумын төв рүү орцгоосон. Тэгээд би Соёлын төвийн урд байсан Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотроо ганцаараа унтаж байсан, удалгүй М ах миний машинд орж ирж унтсан. Би төрсөн өдрийг тэмдэглэчхээд шууд машиндаа ирээд унтсан. М ганцаараа ирж миний машинд унтсан. Нэлээн согтолттой байсан машинд орж ирэхдээ ахыг нь Чой цохичихлоо гээд байсан. Ил харагдах гэмтэл шарх бол байгаагүй хамар нь жоохон хавдчихсан байх шиг байсан өөрийгөө хянаж чадахгүй чүй ай л машинд орж ирсэн. Миний ойлгосноор Чой нь М ахыг дагуулж гараад цохичихсон юм шиг байна лээ. Тэгээд М ах буцаж гэрт ороод нөгөө хэдтэй бөөндөө гарч ирэхэд Чой нь зугтаасан л юм шиг байна лээ. Би Чыг сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 46/,

Гэрч И.Цын өгсөн: “...М гаднаас намайг Чой мөргөчихлөө хамраас цус гарчихлаа гээд Эркад хэлж байсан. Би яг цохиж, мөргөж байгааг нь хараагүй. Би тэр талаар мэдэхгүй байна хүн болгоныг гарч орж байгааг бүртгээгүй.” гэх мэдүүлэг / хх 48/,

Гэрч О.У өгсөн: “Би Мтай 2015 онд ажлаар танилцаж байсан. Харин Зтай 2017 онд танилцаж байсан. Чтай саяхан 5 сард танилцсан. Оын төрсөн өдөр болоод сумаас зайдуу гараад төрсөн өдрийг нь тэмдэглээд архи тойруулаад ундаа ус уугаад сэрүүхэн байсан болохоор буцаад сум руу төв рүү явцгаасан. Тэгээд суманд ирээд буудалд байрлаж байсан бөгөөд буудал оргүй болчихсон байхаар нь би Монгол даатгалын машинд орж унтсан. Унтаж байсан чинь М, Ц, Э гээд хэсгийн төлөөлөгч нар машины ард байсан пиво авъя гээд тэрийг л авч гараад инээлдэж хөхрөлдөөд л зогсож байсан. Би Цагдаагийн байрны тийшээ очиж архи дарс уугаагүй. Өөрсдийн үйлдлийг хянах чадвартай байсан байхаа. Ч гэдэг чинь нэлээн хөөрөөд уучихсан байсан. Намайг байхад лав миний нүдэн дээр зодолдож маргалдсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 50/,

Гэрч Ө.Эын өгсөн: “Би өөрөө Төв аймгийн Зуунмод суманд төрж өссөн. Одоогоор Төв аймгийн Эрдэнэсант суманд хэсгийн төлөөлөгчөөр ажилладаг. 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд албан ажлаар явж байхад З гэх манай найз танай суманд техникийн үзлэгээр ирчихлээ даатгал хийж явна гээд залгасан. Тэгэхэд нь би маргааш яваад очно гэж ярьсан. Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумаас Төв аймгийн Эрдэнэсант суманд техникийн үзлэг явагдаж байгаа газар очиход дандаа миний таньдаг Төв аймгийн залуучууд байсан бөгөөд мэнд мэдчихээд салаад явахад З орой уулзъя гэх зүйл ярьсан. Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 01-ний орой 22 цагийн орчим би цагдаатайгаа эргүүлтэй явж байгаад гэр лүүгээ орох гэтэл гэрийн үүдэнд Зтай таарсан. Тэгээд бид гурав манай гэр лүү орсон. Тэгээд Зтай гэрт ороход Зын араас техникийн үзлэгээр ирсэн хүмүүс гээд М, Э, С гээд нийт 6 хүн орж ирсэн. Манай гэрт байж байгаад Зын авчирсан нэг шил архийг задлаад М тухайн архийг тойруулж хундагалж өгсөн. Анх орж ирэхдээ бүгд архи уучихсан халамцуу орж ирсэн. Даатгалын нэг эгчийнх нь төрсөн өдөр болсон юм гэсэн. Тэгээд архиа тойруулаад байж байтал араас нь 20 орчим минутын дараа Ч халамцуу орж ирсэн. Би Чтай цэцэрлэгийн нэг ангид байсан. Тэгээд орж ирээд удаан уулзаагүй найзууд багийн үйл явдлуудаа ярьцгааж суусан. Ч анх удаагаа даатгалаар явж байгаа юм шиг байна лээ. Нөгөө хүмүүс нь нийлээд жоохон дээрэлхсэн юм шиг байна лээ тэгээд Ч намайг харчхаад багийн найзтайгаа уулзлаа гээд жоохон хөөрчихсөн байсан. Ч нэлээн халамцуу орж ирсэн бөгөөд тухайн үед байсан хүмүүс рүү үг хаях шинжтэй нөгөө хэд нь ч гэсэн Чтай мөн адил маргалдчих гээд л уг хаялцаад байсан. Тэгээд сууж байтал Ч гараад араас нь М гараад явсан. Тэгээд М түрүүлж орж ирэхдээ намайг цохчихлоо гэж орж ирсэн хэн цохисон гэдгээ бол хэлээгүй. Тэгээд төд удалгүй байж байтал араас нь Ч орж ирсэн. Ч орж ирээд тэнд байсан хүмүүс рүү одоо халзагнахуу гэж хэлэхэд нь би тухайн хүмүүст одоо хоорондоо хэрэлдэж маргалдах зодоон цохионы асуудал байхгүй шүү гээд бүгдийг нь гэрээсээ гаргацгаасан. Нөгөө хүмүүсийн зарим нь Захиргааны буудалд зарим нь машинд унтацгаана гээд явцгаасан. Тэгээд би гэртээ амарсан. Маргааш өглөө нь Ч манайд ирээд намайг З, М нар цохиж зодсон гэж хэлсэн. Баруун нүдний хажууд зулгаралт үүссэн, хамар уруул нь шалбарч хавдсан байсан. Би 2018 оны 4 дүгээр сараас хойш хэсгийн төлөөлөгчийн ажлыг хийж байна. Эрдэнэсант сумын Эмнэлгийн урд талд явдаггүй ажилладаггүй микро шиг машин байдаг. Тухайн хүмүүс манай гэрт 2021 оны 9 дүгээр сарын 01-ний шөнө 22 цагаас 23 цагийн хооронд байсан санагдаж байна. Хамгийн сүүлд бүгд л гэрээс бөөндөө гараад явсан санагдаж байна. Харин Ч бол түрүүлээд гэрээс гараад явсан. Ч хүнд зодуулсныг маргааш өглөө нь өөрөөс нь мэдсэн. Эмнэлэг манай гэрээс 400, 500 орчим метр байгаа байхаа. Ч 2021 оны 9 дүгээр сарын 02-ний өглөө 07 цагийн орчим манай гэрт зодуулчихсан ирсэн.” гэх мэдүүлэг /хх 52-53, 55/,

Гэрч Ц.Дын өгсөн: “Тухайн өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд хэсгийн төлөөлөгчтэй эргүүлд явж байгаад кубоны гадаа ирэхэд З гэрийн гадаа ирчихсэн байсан. Тэгээд гэр лүү ороод байж байтал араас 3-4 хүн орж ирсэн сайн санахгүй байна. Тэгээд тэнд байсан хүмүүс нэг шил архи задлаад тойруулж уугаад хэсэг хугацааны дараа Чой гээд залуу нь гаднаас жоохон согтуу орж ирсэн. Орж ирэнгүүтээ нөгөө хэд рүүгээ хэл амаар өдөөд агсраад амжих уу гээд орилолдоод байсан. Тэгээд хэл амаар муудалцаж байтал М нь Чтай цуг гарсан гараад 5 минутын дараа М гээд залуу нь намайг Чой цохичихлоо гээд хамраас цус гарчихсан орж ирээд араас нь Ч орж ирээд З луу одоо нэгийн эсрэг нэг үзчихье би эрийн цээнд хүрчихсэн би том болчихсон одоо насны ялгаа байхгүй шүү гээд орилоод байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч та нар энд битгий муудалц гарцгаа явж амар гэхэд Чой нь түрүүлээд гараад явсан. Тэгээд 10 минутын дараа байхаа бид хэд бүгд гэрээс гарч яваад би гэртээ үлдсэн. Ямар нэгэн бэртэл гэмтэл байгаагүй. Харин Мын хамар нь цус болчихсон орж ирсэн. Ч  тэр хавьд байгаа хүмүүс рүү нь агсраад байсан. Тэгээд М Чтайгаа найз юм шиг байна лээ тэгээд миний хөгшөөн боль энээ тэрээ гээд л авч гарсан миний ойлгосноор. Кубоноос эхлээд Ч ганцаараа гарч явсан дараа нь бүгд бөөндөө гарч явсан орой 23 цагийн орчим л гарч явсан байхаа нэлээн л бүрэнхий болчихсон байсан. Кубон дотор нэг шил архи хувааж уусан анх ирэхдээ бүгд халамцуу байсан. Бүгд л ер нь ойролцоо согтолттой байсан. Өмнө архи ууж байсан талаар нь харж байгаагүй болохоор сайн мэдэхгүй л байна. Маргааш өглөө нь би техникийн үзлэгээр явахдаа кубоны үүдэн дээр 07 цагийн үед Чтай таарсан. Ч "би эмнэлгийн гадаа машин дотор ганцаараа унтаж байгаад сэрлээ төлөөлөгч чинь хаана байна гээд өнгөрсөн. Нүүр царайг нь анзаараагүй.” гэх мэдүүлэг /хх 57/,

Гэрч Т.Нгийн өгсөн: "Ч найзтайгаа уулзана гээд Эрдэнэсант сумын төвд машинаас буугаад үлдсэн. Би төлөөлөгч Мөнхзаяаг дуудаад машинаа бариулаад Мөнхзаяагийн гэр лүү тэндээ амарсан. Би Чыг найзтайгаа уулзана гэж хэлээд буухад ямар хүнтэй уулзах гэж байгаа талаар асуугаагүй маргааш нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 02-ний өглөө Ч над руу залгаад би хүмүүстэй муудалцаад хувцас муухай болчихлоо таны машинаас цүнх дотроос цэвэр хувцас авах гэсэн юм гэж ярьсан. Би Чын хувцсыг Эрдэнэсант сумын захиргааны урд талын зогсоол дээр хүргэж өгөхөд Ч маск зүүчихсэн маскийн дээд хэсэг хамрын хэсэгт шалбараад шархалсан байдалтай байсан. Наад нүүр чинь яасан юм бэ гэж асуухад би хүмүүстэй муудалцсан байна гэж хэлсэн. Чи наад маскаа аваадах гэхэд та айчих байх гээд маскаа авахгүй байсан. Би нүүрийг чинь харья гэж байгаад харсан чинь нүүр нь нэлээн шарх сорвитой болчихсон байсан. Улаанбаатар хот руу гэмтэл яв гээд би замын унаанд хэлж өгөөд явуулсан." гэх мэдүүлэг /хх 162/,

            Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 355 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1.Б.Чын биед хамар ясны хугарал, уруулын салстад шарх, баруун хацар, хамар, дээд уруул, эрүү, баруун, зүүн шилбэ, хэвлийд зулгаралт, дээд уруул, хамарт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Хамар ясны хугарал, уруулын салстын шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 61/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 356 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1.Э.Мын биед тархи доргилт, хамрын таславчны мурийлт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Тархи доргилт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 66/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаж, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай "миний үйлчлүүлэгч Э.М бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтлийг бүлэглэж учруулаагүй. Хохирогч Б.Чын мэдүүлгээр нотолж байгаа боловч Б.Чын мэдүүлэг нь зөрүүтэй, эх сурвалж нь тодорхойгүй мэдүүлэг өгдөг. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гэмтлийн зэргийг тогтоохоос бус Б.Чын биед учирсан гэмтлийг хэн учруулсныг тогтоохгүй. Хохирогчийг эрүүл мэндэд учирсан гэмтлийг хэн учруулсныг тогтоож чадаагүй, мэдүүлгийн зөрүүг гаргаагүй тул миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг тусгаарлаж прокурорт буцаах",

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн "миний үйлчлүүлэгч Б.Зыг бусадтай бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдохгүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон гэрчүүд Э.М, Б.З нарыг Б.Чыг цохиж зодсон зүйл огт болоогүй гэдгийг хэлдэг. Гэрч нар нь бүгд л үзсэн харсан зүйлээ ярьж байгаа. Гэрч нарын өгсөн мэдүүлэгт эргэлзэх зүйл байхгүй. Б.Зт гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй",

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр "миний үйлчлүүлэгч Б.Чын шүүх эмнэлгийн дүгнэлт мөн Э.М, Б.З нарын биед нь үзлэг хийсэн. Биед нь ямар ч гэмтэл гараагүй байна гэсэн. Гэтэл гэнэт 3 хоногийн дараа хамар нь мурийгаад явчихсан, мөн тархи доргилт юунаас үүссэн нь тодорхойгүй." гэж тус тус улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаж мэтгэлцсэн.

 

Гэсэн ч шүүгч өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг тухайн үед болсон үйл баримтад хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч нарыг гэм буруутай гэж дүгнэв.

 

Тухайлбал: Хохирогч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт "...тэгээд зогсож байтал М намайг баруун гараараа уруул хамрын хэсэг рүү цохисон. Тэгээд миний хамраас цус гараад доошоо тонгойгоод босоход З хамар хэсэг рүү цохисон уг цохилтод би нүүрний баруун талаараа унасан. Тэгээд цааш юу болсон талаар санахгүй байгаа нэг мэдсэн өглөө 6 цагт эмнэлгийн үүдэнд явдаггүй микро машин дотор ганцаараа сэрсэн. Тухайн үед өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвар байсан. Бид хэд амрах гээд З, М, Давка гээд залуучуудтай гараад 30, 40 метр газар алхаад захиргааны ард очоод л ийм зүйл болсон. Би тухайн үйл явдлыг бүгдийг санаж байна." гэж  тогтвортой мэдүүлсэн.

 

Эрүүгийн хуульд "Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.",

 "Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно." гэж хуульчилсан бөгөөд хохирогч Б.Чын эрүүл мэндэд "хамар ясны хугарал, уруулын салстад шарх, баруун хацар, хамар, дээд уруул, эрүү, баруун, зүүн шилбэ, хэвлийд зулгаралт, дээд уруул, хамарт зөөлөн эдийн няцралт" бүхий гэмтэл тогтоогдож энэ нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл болох нь Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 355 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 61/-ээр тогтоогдсон.

 

Хохирогч Б.Чын өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч Э.Мын өгсөн: “Миний хамар луу хальтхан цохисон. Аймаар бол цохиогүй. Би хариу үйлдэл ч үзүүлээгүй буцаад байрандаа орсон. Тэгээд Ч нь гадаа ганцаараа үлдээд үзэх хүн байна уу гээд орилоод байсан. Мөн З ахыг нэгийн эсрэг нэг үзье гээд гадаа нь орилоод байсан. Тэгээд З гарч яваагүй.” гэх мэдүүлэг /хх 20, 24-25/, шүүгдэгч Б.Зын өгсөн: “М, Ч хоёр маргалдсан. М гаднаас орж ирэхдээ миний хамар луу цохиод цус гаргачихлаа гээд орж ирсэн. Ч өөр хүмүүстэй маргалдаж зодолдсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 22-23/, гэрч Д.Эын өгсөн: “...тухайн өдөр З, Ч хоёр хоорондоо хэрэлдээд байгаа нь мэдэхгүй ярилцаад байгаа нь мэдэгдэхгүй ойлгомжгүй байсан.” гэх мэдүүлэг /хх 29/, гэрч Б.Даваадоржийн өгсөн: “...Чой гээд хүн чинь нэлээн согтолттой байсан бөгөөд З гээд ахтай амаараа жоохон маргалдсан. Тэгээд М гэх хүнтэй Ч гэх хүн гарч яваад М нь орж ирэхдээ намайг цохичихлоо гээд хамраас нь цус гарчихсан орж ирээд намайг Ч цохисон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 31/, гэрч Г.Тгийн өгсөн: “би Соёлын төвийн урд байсан Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотроо ганцаараа унтаж байсан, удалгүй М ах миний машинд орж ирж унтсан. Би төрсөн өдрийг тэмдэглэчхээд шууд машиндаа ирээд унтсан. М ганцаараа ирж миний машинд унтсан. Нэлээн согтолттой байсан машинд орж ирэхдээ ахыг нь Чой цохичихлоо гээд байсан. Ил харагдах гэмтэл шарх бол байгаагүй хамар нь жоохон хавдчихсан байх шиг байсан өөрийгөө хянаж чадахгүй чүй ай л машинд орж ирсэн.” гэх мэдүүлэг /хх 46/, гэрч И.Цын өгсөн: “...М гаднаас намайг Чой мөргөчихлөө хамраас цус гарчихлаа гээд Эркад хэлж байсан. Би яг цохиж, мөргөж байгааг нь хараагүй. Би тэр талаар мэдэхгүй байна хүн болгоныг гарч орж байгааг бүртгээгүй.” гэх мэдүүлэг /хх 48/, гэрч О.Уранбайгалийн өгсөн: “Би Мтай 2015 онд ажлаар танилцаж байсан. Харин Зтай 2017 онд танилцаж байсан. Чтай саяхан 5 сард танилцсан.” гэх мэдүүлэг /хх 50/, гэрч Ө.Эын өгсөн: “Ч анх удаагаа даатгалаар явж байгаа юм шиг байна лээ. Нөгөө хүмүүс нь нийлээд жоохон дээрэлхсэн юм шиг байна лээ тэгээд Ч намайг харчхаад багийн найзтайгаа уулзлаа гээд жоохон хөөрчихсөн байсан. Ч нэлээн халамцуу орж ирсэн бөгөөд тухайн үед байсан хүмүүс рүү үг хаях шинжтэй нөгөө хэд нь ч гэсэн Чтай мөн адил маргалдчих гээд л үг хаялцаад байсан. ...Ч орж ирээд тэнд байсан хүмүүс рүү одоо халзагнахуу гэж хэлэхэд нь би тухайн хүмүүст одоо хоорондоо хэрэлдэж маргалдах зодоон цохионы асуудал байхгүй шүү гээд бүгдийг нь гэрээсээ гаргацгаасан. ...Маргааш өглөө нь Ч манайд ирээд намайг З, М нар цохиж зодсон гэж хэлсэн. Баруун нүдний хажууд зулгаралт үүссэн, хамар уруул нь шалбарч хавдсан байсан. Тухайн хүмүүс манай гэрт 2021 оны 9 дүгээр сарын 01-ний шөнө 22 цагаас 23 цагийн хооронд байсан санагдаж байна. Хамгийн сүүлд бүгд л гэрээс бөөндөө гараад явсан санагдаж байна. Харин Ч бол түрүүлээд гэрээс гараад явсан. Ч хүнд зодуулсныг маргааш өглөө нь өөрөөс нь мэдсэн. Эмнэлэг манай гэрээс 400, 500 орчим метр байгаа байхаа. Ч 2021 оны 9 дүгээр сарын 02-ний өглөө 07 цагийн орчим манай гэрт зодуулчихсан ирсэн.” гэх мэдүүлэг /хх 52-53, 55/, гэрч Ц.Дын өгсөн: “Чой гээд залуу нь гаднаас жоохон согтуу орж ирсэн. Орж ирэнгүүтээ нөгөө хэд рүүгээ хэл амаар өдөөд агсраад амжих уу гээд орилолдоод байсан. Тэгээд хэл амаар муудалцаж байтал М нь Чтай цуг гарсан гараад 5 минутын дараа М гээд залуу нь намайг Чой цохичихлоо гээд хамраас цус гарчихсан орж ирээд араас нь Ч орж ирээд З луу одоо нэгийн эсрэг нэг үзчихье би эрийн цээнд хүрчихсэн би том болчихсон одоо насны ялгаа байхгүй шүү гээд орилоод байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч та нар энд битгий муудалцаа гарцгаа явж амар гэхэд Чой нь түрүүлээд гараад явсан. Тэгээд 10 минутын дараа байхаа бид хэд бүгд гэрээс гарч яваад би гэртээ үлдсэн. Ямар нэгэн бэртэл гэмтэл байгаагүй. Харин Мын хамар нь цус болчихсон орж ирсэн. Ч  тэр хавьд байгаа хүмүүс рүү нь агсраад байсан. Кубоноос эхлээд Ч ганцаараа гарч явсан дараа нь бүгд бөөндөө гарч явсан орой 23 цагийн орчим л гарч явсан байхаа нэлээн л бүрэнхий болчихсон байсан. Маргааш өглөө нь би техникийн үзлэгээр явахдаа кубоны үүдэн дээр 07 цагийн үед Чтай таарсан. Ч "би эмнэлгийн гадаа машин дотор ганцаараа унтаж байгаад сэрлээ төлөөлөгч чинь хаана байна гээд өнгөрсөн. Нүүр царайг нь анзаараагүй.” гэх мэдүүлэг /хх 57/, гэрч Т.Нгийн өгсөн: "2021 оны 9 дүгээр сарын 02-ний өглөө Ч над руу залгаад би хүмүүстэй муудалцаад хувцас муухай болчихлоо таны машинаас цүнх дотроос цэвэр хувцас авах гэсэн юм гэж ярьсан. Би Чын хувцсыг Эрдэнэсант сумын захиргааны урд талын зогсоол дээр хүргэж өгөхөд Ч маск зүүчихсэн маскийн дээд хэсэг хамрын хэсэгт шалбараад шархалсан байдалтай байсан. Наад нүүр чинь яасан юм бэ гэж асуухад би хүмүүстэй муудалцсан байна гэж хэлсэн. Чи наад маскаа аваадах гэхэд та айчих байх гээд маскаа авахгүй байсан. Би нүүрийг чинь харья гэж байгаад харсан чинь нүүр нь нэлээн шарх сорвитой болчихсон байсан. Улаанбаатар хот руу гэмтэл яв гээд би замын унаанд хэлж өгөөд явуулсан." гэх /хх 162/ мэдүүлгүүдээр Б.Ч, Э.М, Б.З нарын дунд үл ойлголцох хувийн таарамжгүй харилцаа үүссэн, Б.Ч нь Э.Мын эрх чөлөөнд халдсан зэргээс хохирогч Б.Чын эрүүл мэндэд учирсан гэмтлийг шүүгдэгч Э.М, Б.З нар учруулсан байх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Ч би Э.Мын эрүүл мэндэд хохирол учруулаагүй гэх боловч хохирогч Э.Мын эрүүл мэндэд "тархи доргилт, хамрын таславчын мурийлт" гэмтэл учирсан бөгөөд энэ нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 356 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх 66/ тогтоогдсон.

 

Энэ гэмтлийг шүүгдэгч Б.Ч учруулсан болох нь хохирогч Э.Мын өгсөн: “Ч араас гарч ирээд танай даатгалынхан яагаад миний муу үзээд байгаа юм нэгийн эсрэг үзэх үү гээд миний хамар луу хальтхан цохисон. Аймаар бол цохиогүй. Би хариу үйлдэл ч үзүүлээгүй буцаад байрандаа орсон.” гэх мэдүүлэг /хх 20, 24-25/ шүүгдэгч Б.Зын өгсөн: “М, Ч хоёр маргалдсан. М гаднаас орж ирэхдээ миний хамар луу цохиод цус гаргачихлаа гээд л орж ирсэн.” гэх мэдүүлэг /хх 22-23/, гэрч Б.Даваадоржийн өгсөн: "...тэгээд М гэх хүнтэй Ч гэх хүн гарч яваад М нь орж ирэхдээ намайг цохчихлоо гээд хамраас нь цус гарчихсан орж ирсэн.” гэх мэдүүлэг /хх 31/, гэрч Г.Тгийн өгсөн: “М ганцаараа ирж миний машинд унтсан. Нэлээн согтолттой байсан машинд орж ирэхдээ ахыг нь Чой цохичихлоо гээд байсан. Ил харагдах гэмтэл шарх бол байгаагүй хамар нь жоохон хавдчихсан байх шиг байсан өөрийгөө хянаж чадахгүй чүй ай л машинд орж ирсэн. Миний ойлгосноор Чой нь М ахыг дагуулж гараад цохичихсон юм шиг байна лээ.” гэх мэдүүлэг /хх 46/, гэрч И.Цын өгсөн: “...М гаднаас намайг Чой мөргөчихлөө хамраас цус гарчихлаа гээд Эркад хэлж байсан. Би яг цохиж, мөргөж байгааг нь хараагүй. Би тэр талаар мэдэхгүй байна хүн болгоныг гарч орж байгааг бүртгээгүй.” гэх мэдүүлэг / хх 48/, гэрч Ц.Дын өгсөн: “тэнд байсан хүмүүс нэг шил архи задлаад тойруулж уугаад хэсэг хугацааны дараа Чой гээд залуу нь гаднаас жоохон согтуу орж ирсэн. Орж ирэнгүүтээ нөгөө хэд рүүгээ хэл амаар өдөөд агсраад амжих уу гээд орилолдоод байсан. Тэгээд хэл амаар муудалцаж байтал М нь Чтай цуг гарсан гараад 5 минутын дараа М гээд залуу нь намайг Чой цохичихлоо гээд хамраас цус гарчихсан орж ирээд араас нь Ч орж ирээд З луу одоо нэгийн эсрэг нэг үзчихье би эрийн цээнд хүрчихсэн би том болчихсон одоо насны ялгаа байхгүй шүү гээд орилоод байсан.” гэх мэдүүлэг /хх 57/ болон шинжээчийн дүгнэлтээр /хх 66/ тогтоогдсон гэж үзэв.  

 

Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарыг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгч Э.М, Б.З нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн бусдын эрх чөлөөнд халдсан буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Чын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэн тэднийг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эрх чөлөөнд халдсан буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Мын эрүүл мэндэд   хөнгөн хохирол учирсан гэж үзэн түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр, шүүгдэгч Б.З, Э.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж,

шүүгдэгч, хохирогч Б.Чын өмгөөлөгч Н.Баярын зүгээс "Б.Ч ээжтэйгээ байдаг. Ээж нь тэтгэвэрт байдаг. Торгох ялын хэмжээг багасгаж 500 000 төгрөг болгож өгнө үү." гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Б.Зын өмгөөлөгч М.Мэндсүрэн, шүүгдэгч, хохирогч Э.Мын өмгөөлөгч Б.Баярмагнай нар улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналтай холбогдуулан санал хэлээгүй болно.

 

Шүүх шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 146-148/-р тогтоогдсон.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

 

Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

Эрүүгийн хуульд "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.",

"Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ." гэж хуульчилсан бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд ялгамжтай ялын санал оруулсан нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэн хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

 

Өмгөөлөгч Н.Баярын "шүүгдэгч Б.Ч нь  өндөр насны тэтгэвэрт байдаг эхийн хамт амьдардаг тул торгуулийн ялыг багасаж өгнө үү." гэх саналыг шүүгдэгч Б.Ч бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрөөгүй, түүний хувийн байдалд дүгнэлт хийн хүлээн авах боломжгүй гэж үзсэн.    

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

            Хохирогч Э.М хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдаж,

 

            хохирогч Б.Ч хавтаст хэргийн 122-136-р хуудсанд гэм хорын хохиролд эмчилгээний болон ирэх очих унааны зардлын баримт ирүүлснээс 806 398 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэн хангаж шүүгдэгч Э.М, Б.З нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.   

 

Эрүүгийн 2134002780446 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Ч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

  шүүгдэгч Б.З, Э.М нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З, Э.М нарыг тус бүрийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч, Б.З, Э.М нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч, Б.З, Э.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З, Э.М нараас 806 398 /найман зуун зургаан мянга гурван зуун ерэн найм/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Чад олгосугай.

 

6.Эрүүгийн 2134002780446 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Ч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч, Б.З, Э.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.БАТЖАРГАЛ