| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00418/И |
| Дугаар | 485 |
| Огноо | 2017-08-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 485
2017 оны 08 сарын 24 өдөр Дугаар 156/ШШ2017/00485 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00418/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Биндэр сумын 4 дүгээр багт оршин суух, Төгс овогт Цэдэн-Ишийн Оюун-Эрдэнэ /РД:СЖ85081605/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хэнтий аймгийн Биндэр сумын 4 дүгээр багт оршин суух, Ашбагад овогт Дэнсмаагийн Баярмагнай /РД:СЖ85041817/-д холбогдох
“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудтай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн Н.Болор-Уянга нар оролцов.
Хариуцагч Д.Баярмагнайд шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх ба нэхэмжлэгч Ц.Оюун-эрдэнийн зүгээс түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахаар тогтов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Оюун-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2008 онд Д.Баярмагнайтай танилцаж, улмаар 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтийн 023 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдөр охин Б.Ану нь төрсөн. Нөхөр Д.Баярмагнай нь Дулам гэгч 2 хүүхэдтэй хүүхэнтэй хамтран амьдрах болсон учир бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Б.Ануг миний асрамжинд үлдээж, эцэг Д.Баярмагнайгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Мөн шинэ гэр бүлд олгож байсан 500 000 төгрөг, шинэ хүүхдэд олгож байсан 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Нэхэмжлэгч Ц.Оюун-Эрдэнэ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Баярмагнай нь суусан цагаасаа гэр бүлдээ хайр халамж тавьдаггүй, архи дарс их уудаг, орон гэртээ тогтдоггүй, сумын Соёлын төвдөө хамт ажилладаг Дулам гэдэг хүүхэнтэй гэр бүлээс гадуур явж, одоо тэр хүүхэнтэйгээ амьдарч байгаа, гудамжинд охинтойгоо таарахдаа хүртэл хараагүй юм шиг царайлж, үр хүүхдээсээ зугтаж явдаг болсон. Намайг эзэмшсэн мэргэжлээрээ Улаанбаатар хот болон аймагт сургуульд багшлах гэхэд Биндэртээ хамт амьдарна гээд ажил хийлгэхгүй хөдөө байлгасан хүн. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Б.Ануг миний асрамжинд үлдээж, эцэг Д.Баярмагнайгаас хүүхдийн тэтгэлгийг гаргуулж өгнө үү. Шинэ гэр бүлд олгож байсан 500 000 төгрөг, шинэ хүүхдэд олгож байсан 100 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хариуцагч Д.Баярмагнай нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие гэрлэлт цуцлуулж, охиноо ээжийнх нь асрамжинд үлдээж хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед олгож байсан шинэ гэр бүлийн 500 000 төгрөг, шинэ хүүхдэд олгож байсан 100 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн үед хүүхдийнхээ сүү болон бусад гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан болно гэжээ. /хх-ийн 20х/
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Оюун-Эрдэнэ нь хариуцагч Д.Баярмагнайгаас “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох”-оор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.Оюун-Эрдэнэ нь хариуцагч Д.Баярмагнай нар нь 2008 онд гэр бүл болж, 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдөр охин Б.Ану төрсөн болох нь №023 дугаартай зохигчдын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 5х/, охин Б.Анугийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 6х/, Хэнтий аймгийн Биндэр сумын 4 дүгээр багийн засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай албан бичиг /хх-ийн 8х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ц.Оюун-Эрдэнэ, хариуцагч Д.Баярмагнай нар нь хоорондын таарамжгүй харьцаа болон хариуцагч Д.Баярмагнайгийн хувьд гэр бүлдээ анхаарал халамж үзүүлэхээ байж, гэр бүлээ орхин явж, гэр бүлээс гадуур өөр бусадтай хамтран амьдрах болсон нөхцөл шалтгааны улмаас зохигчид нь цаашид хамтран амьдрах боломжгүй болсон байх тул тэдний гэрлэлтийг цуцалж, охин Б.Ануг эх Ц.Оюун-Эрдэнийнх нь асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуульд зааснаар хариуцагчаас хүүхдийн тэтгэлгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Ц.Оюун-Эрдэнэ нь шүүх хуралдааны явцад шинэ гэр бүлд олгож байсан 500 000 төгрөг, шинэ хүүхдэд олгож байсан 100 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул энэ байдлыг шийдвэрт оруулан дурдах нь зүйтэй байна.
Зохигчид нь эд хөрөнгийн өөр маргаангүй тул энэ байдлыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч Төгс овогт Цэдэн-Ишийн Оюун-Эрдэнэ /РД:СЖ85081605/, хариуцагч Ашбагад овогт Дэнсмаагийн Баярмагнай /РД:СЖ85041817/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Б.Ануг нэхэмжлэгч /эх/ Ц.Оюун-Эрдэнийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2.1-т зааснаар охин Б.Ануг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Д.Баярмагнайн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос хүүхдийн тэтгэлгийг сар бүр мөнгөн хэлбэрээр тооцон гаргуулж, охин Б.Ануг тэжээн тэтгүүлсүгэй.
4 . Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
5. Нэхэмжлэгч нь шинэ гэр бүлд олгосон 500 000 төгрөг, шинэ хүүхдэд олгосон 100 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Ц.Оюун-Эрдэнэд даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан нь хүүхдийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүй ба хүүхдийн эцэг, эх болохын хувьд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг хэн алинд нь анхааруулсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 88 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баярмагнайгаас 88 850 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Оюун-Эрдэнэд олгосугай.
10. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР