Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 486

 

2017 оны 08 сарын 24 өдөр      Дугаар 156/ШШ2017/00486 Хэнтий аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

156/2017/00359/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би

           Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 6 дугаар гудамжийн 230 тоотод оршин суух, Хэрээт овогт Алтанбаатарын Минжин /РД:ЖЭ80060801/-гийн нэхэмжлэлтэй, 

            Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Дулааны 2-4 тоотод оршин суух, Их Монгол овогт Сандагдоржийн Оргилцэцэг /РД:СТ80030603/-т холбогдох

           “480 000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад                                                                                                                                           

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч А.Минжин нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 180 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 300 000 төгрөгийг тус тус 8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай С.Оргилцэцэгт зээлдүүлсэн. Иймд С.Оргилцэцэгээс 480 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/  

 

Хариуцагч С.Оргилцэцэг нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Уг 480 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Нэмж гаргаж өгөх нотлох баримт байхгүй гэжээ. /хх-ийн 23х/

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                               

                                                                                                      

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Минжин нь хариуцагч С.Оргилцэцэгт холбогдуулан 480 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч С.Оргилцэцэг нь 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 180 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 300 000 төгрөгийг тус тус 8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар /хх-ийн 1х/, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 8х/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 23х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч А.Минжингийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Оргилцэцэг нь хүлээн зөвшөөрч 480 000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийг дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

            Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. А.Минжингийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Оргилцэцэгт холбогдох “480 000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч С.Оргилцэцэгийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч А.Минжингээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 15 050 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.Оргилцэцэгээс 15 050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

             

ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР