Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/67

 

                                 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сийн Бт холбогдох эрүүгийн 2238000000053 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Быг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-өндөр сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр “Булжих” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 12 ширхэг босоо модыг унагаж, 3.9 м3 хуурай Шинэс модыг хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000053 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зөвшөөрөлгүйгээр Хөвсгөл аймгийн Чандмань-өндөр сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр “Булжих” гэх газраас ойд шинэс төрлийн хуурай ургаа мод хөрөөдөн 1.55 метрийн хэмжээтэй тайрч, нийт 12 ширхэг буюу 3.9 м3 мод бэлтгэн 85-66 ХӨВ улсын дугаартай Kia Frontier загварын тээврийн хэрэгсэл ашиглан Хөвсгөл аймгийн төв оруулж худалдах зорилгоор Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр суманд тээвэрлэж явсан нь эрх бүхий байгууллагын хяналтаар илэрсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б өгсөн: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт үзлэг хийсэн: “...Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Булжих гэх газарт сумын төвөөс 34 км зайд ирж албаны 45-48 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр ойн сан бүхий уулын өвөр хэсгээс бэлтгэж уулын бэл хэсэг рүү буулгаж ачсан уулын налуу хэсэгт үзлэгийг явуулав. Уг Булжих гэх газарт цэгийн байршилийг Garmin GPS-р тогтооход N:5017446 E:10102010-ийг зааж байв. Уг газраас бэлтгэсэн гэх модны хожуулыг тоолж үзэхэд 12 ширхэг босоо мод унагасан. Хожуулны мөртэй хожуул бүрийг 1-12 хүртэл дугаар хожуулны өндөр диаметрийг хэмжиж цэгийн байршилийг тогтоов...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “...Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг Булжих гэх газраас хууль бусаар мод тээвэрлэсэн гэх 85-66 ХӨВ улсын дугаартай хөх өнгийн пронтер маркийн тээврийн хэрэгслийн тэвшиний урт 2 метр 64 см, тэвшиний 1 метр 63 см хэмжээтэй ачааны тээврийн хэрэгсэл дээр тээвэрлэж явсан модны 1 метр 54 см хэмжээтэй 33 ширхэг шинэс мод байв. Уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь С.Б гэх хүний эзэмшигчийн нэр дээр байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-16 тал/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал /хх-ийн 17-р тал/,

Прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 05 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 18 тал/,

Эд хөрөнгө битүүмжилсэн 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн: “С.Бын түлээний хуурай 3.9 метр куб шинэс мод, пронтер маркийн 85-66 улсын дугаартай тээврийн хэрэгслийг Чандмань-Өндөр сумын засаг даргын тамгын газрын хашаанд битүүмжлэхээр тогтов...” гэх тэмдэглэл /хх-ийн 19-20-р тал/,

Эд мөрийн баримт /эд зүйл, баримт бичиг/-ыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 21-р тал/,

Прокурорын “эд мөрийн баримт хураан авах тухай” прокурорын зөвшөөрөл /хх-ийн 22 тал/,  

Эд мөрийн баримтаар түр хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 23-24-р тал/,

Иргэний нэхэмжлэгч Д.Бын өгсөн: “...С.Бын гэх хүний бэлтгэсэн тээвэрлэсэн 33 ширхэг түлээний мод Засаг даргын тамгын газрын хашаанд байгаа. Байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлж хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү..” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,

Гэрч Г.Бын өгсөн: “...Б нь 2022 онд мод бэлтгэх эрхийн бичиг авч байгаагүй... Би 2022 он гарсанаас хойш мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй байж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс иргэд гоожин авч эхэлсэн... Чандмань-Өндөр сумын 1 дүгээр багийн иргэдэд мод бэлтгэх эрхийн бичгийг ой сан руу орохоос өмнө эрхийн бичгээ авч цэвэрлэгээний журмаар модоо бэлтгэнэ гэж зөвлөн туслаж тайлбарлаж хэлж өгдөг. Гоожин авч байгаа иргэн бүрт босоо мод унагаж болохгүй гэдгийг анхааруулж хэлдэг. Иргэнд босоо мод бэлтгэх эрхийн бичиг олгодоггүй... Б нь 2021 онд гарал үүслийн гэрчилгээ авч байгаагүй... Иргэд утсаар болон өөрийн биеэр ярьж ойн сан бүхий газраас мод бэлтгэх эрх авмаар байна гэсний дагуу газар дээр нь очиж эрхийн бичиг олгож өөрийн биеэр мод бэлтгэлттэй танилцаж хяналт шалгалт хийж ажилладаг.... Би 2021 оны 4, 9 дүгээр саруудад Чандмань-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах айл өрхөд орж хууль сурталчилж хууль бусаар мод бэлтгэж болохгүй талаар хэлж ярьж боршур тарааж ажилласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 тал/,

Гэрч Ч.Нн өгсөн: “...Намайг мод ачиж байхад Булжих гэх газар ирж мод бэлтгэсэн би модноос ачилцаж өгөөд өөрийнх нь модыг ачсан... С.Б нь Бонго пронтер хөх өнгийн тээврийн хэрэгсэлтэй... 2022 оны дараах нь унагаж бэлтгэсэн модоо ачиж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

Хөвсгөл аймгийн “Нарс шинэсэн төгөл” Сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 4 дугаартай: 1.С.Бын бэлтгэсэн модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход 3.9 метр куб түлээний шинэс мод байв. 2. Уг мод нь түлээний мод мөн. С.Бын бэлтгэж, тээвэрлэсэн гэх мод нь түлээний зориулалтаар бэлтгэсэн хуурай шинэс мод байв. Мод бэлтгэсэн Чандмань-Өндөр сумын 2 дугаар багийн Булжих гэх газар нь 2012 оны ой зохион байгуулалтын ойн сангийн 391 дүгээр хэсэглэлийн 10 дугаар ялгаралд хамаарах хамгаалалтын бүсийн /1 дүгээр муж/ ойд хамаарч байна. 3. Хэрэв уг модыг эрхийн бичиггүй бэлтгэсэн бол хохирлын хэмжээг дараах байдлаар тооцно. Ойн нөөцийн төлбөр 1 дүгээр муж, 1 метр куб модны үнэ бүх хуурай мод 168655 төгрөг, экологи эдийн засгийн үнэлгээ 657754 төгрөг. 4. Мод бэлтгэсэн гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт хамаардаггүй. 5. Учирсан хохирлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “нэг шоо метр модны экологи-эдийн засагт үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон...” гэх дүгнэлт /хх-ийн 45-47 тал/,  

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2022/04 дугаартай: “С.Бын ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлбөрийг тооцоход экологи эдийн засгийн үнэлгээ 657754 төгрөг, ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ 1973262 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 52 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн автомашины текникийн үнэлгээний 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн ХӨА1000993 дугаартай: “...С.Бын эзэмшлийн 85-66 ХӨВ улсын дугаартай 2002 онд үйлдвэрлэгдсэн 2020 онд Монгол Улсад орж ирсэн Пронтер маркийн автомашины өнгө үзэмж, текникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 5.500.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх тайлан /хх-ийн 55-56 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн ТХҮ-921/2891 дугаартай: “ Цахилгаан хөрөө  1 ширхэг, Үнэлэгдэж буй үнэлгээг зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 1 дүгээр сарын байдлаар 100.000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 61-63 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн ТХҮ-921/2893 дугаартай: “ Хэрэглээний хуурай мод 3.9 м3.  Үнэлэгдэж буй үнэлгээг зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 1 дүгээр сарын байдлаар 195.000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов....” гэх дүгнэлт /хх-ийн 69-70 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Бын яллагдагчаар өгсөн: “...Манайх Чандмань-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Булжих гэх газарт өвөлжиж байгаа юм. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өглөө эрт гэрийнхээ ойролцоох газраас түлээний мод хийхээр ганцаараа явсан. Очоод 12 ширхэг хуурай мод огтолж унагааж, машинд ачих хэмжээтэй тайраад ойрхон газарт биеэрээ цагаалсан. Тэр өдрийн үдээс хойш бэлтгэсэн модоо өөрийнхөө пронтер маркийн 85-66 хөв улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нгийн хамтаар модоо бэлтгэсэн ачсан. Н болохоор модоо өмнө бэлтгэчихсэн байсан. Бид хоёр бие биеийнхээ бэлтгэсэн модыг машинд ачихад нь туслалцаад машиндаа ачсан. Модоо ачаад Чандмань-Өндөр сумын төв рүү явахдаа хүүхэд Ууганцэцэгийг суулгаад явсан. Сумын төв орж модондоо бичиг баримт аваад аймгийн төв рүү оруулж худалдчихаад буцаж ирэхдээ малынхаа хужир, давсыг аваад ирэх бодолтой явсан юм. Тэгсэн чинь сумын төв рүү ороод явж байхад цагдаа шалгаж зогсоосон. Цагдаа модны бичиг баримт асуухаар нь маргааш гоожингоо бичүүлж авна л гэж хэлэхэд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гээд модтой машиныг цагдаагийн хашаанд оруулсан...” гэх мэдүүлэг /хх 45 тал/, эд мөрийн баримтаар хураагдсан хөрөө зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Д.Б, гэрч Г.Б, Ч.Н нарын өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн “Нарс шинэсэн төгөл” Сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 4 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2022/04 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 05 дугаартай прокурорын тогтоол, прокурорын “эд мөрийн баримт хураан авах тухай” прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар түр хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол зэрэг нь шүүгдэгч С.Бын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч С.Б нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, дур мэдэн ойгоос ургаа мод тайрч бэлтгэн тээвэрлэсэн байна.

Шүүгдэгч С.Бын эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстойг мэдсээр байж зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль орчин, экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зөвшөөрөлгүйгээр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр “Булжих” гэх газрын ойд 3.9 м3 хуурай Шинэс төрлийн босоо мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 1.973.262 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.Бын гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 657754 төгрөгийн шууд хохирол /хх-ийн 45-46 тал/ учирсан нь Хөвсгөл аймгийн “Нарс шинэсэн төгөл” Сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 1.973.262 төгрөгийн /хх-ийн 52 тал/ хохирол, нөхөн төлбөр тооцсон байх бөгөөд уг шүүгдэгч С.Б нь 1.973.262 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч С.Баас 1.973.262 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Быг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Бын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэргийн дугаар 87-91 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Шивэрт багийн Засаг даргын тодорхойлолт, мал, амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллого зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 1 дүгээр багт оршин суудаг зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохиролоо төлөхөө илэрхийлсэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

 Шүүгдэгч С.Бын үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдууж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, шүүгдэгч С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавь нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, ...зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус зохицуулсан байна.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мөрдөгчийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 5 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 85-66 ХӨВ улсын дугаартай Kia Frontier загварын тээврийн хэрэгсэл нь Сийн Бын эзэмшилд байгаа нь хавтаст хэргийн 16 дахь талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийг үнэлсэн Ашид билгүүн хязгаарлагдмал хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ХӨА:1000993 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон 5.500.000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг хурааж үнийн дүнгээс хохирлыг тооцож, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт Прокурорын 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 05 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 3.9 куб метр хэмжээтэй шинэс төрлийн 657754 төгрөгийн үнэлгээ бүхий модыг хурааж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 100.000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан саарал өнгийн, цахилгаан хөрөөний арын бариул хэсгийг хар өнгийн лентээр ороосон, чиглүүлэгч төмөртэй, цейфтэй цахилгаан хөрөөг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж, энэ хэрэгт шүүгдэгч С.Б нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Сийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч З овогт Сийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, шүүгдэгч С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч С.Баас байгаль экологит учруулсан хохиролд 1.973.262 /нэг сая есөн зуун далан гурван мянга хоёр зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж  Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан прокурорын 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 05 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5.500.000 / таван сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 85-66 ХӨВ улсын дугаартай Kia Frontier загварын тээврийн хэрэгслийг хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан прокурорын 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 05 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 12 /арван хоёр/ ширхэг буюу 3.9 м3 хэмжээтэй шинэс төрлийн 657754 /зургаан зуун тавин долоо мянга долоон зуун тавин дөрөв/ төгрөгийн үнэлгээ бүхий модыг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн 2238000000053 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цагаан саарал өнгийн, цахилгаан хөрөөний арын бариул хэсгийг хар өнгийн лентээр ороосон, чиглүүлэгч төмөртэй, цейфтэй цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ хэрэгт шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН