| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00436/И |
| Дугаар | 487 |
| Огноо | 2017-08-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 487
2017 оны 08 сарын 24 өдөр Дугаар 156/ШШ2017/00487 Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00436/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би
Нэхэмжлэгч: ХААН банкны Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 6-26 тоотод оршин суух, Өлзийт овогт Жамцын Жаргалсайхан /РД:СЭ62062612/, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 5-11 тоотод оршин суух, Жамъян Гэцэл овогт Лувсанбалдангийн Саранцэцэг /РД:СЭ58022206/ нарт холбогдох
“зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 4 831 752 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий аймаг дахь салбарын захирал Б.Алимаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж.Жаргалсайхан, Л.Саранцэцэг нар нь 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хэрлэн суман дахь ХААН Банкны Хэрлэн тооцооны төвөөс 10 000 000 /арван сая/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1,8 хувийн хүүтэй хувийн хэрэглээний зориулалтаар, 2013 оны 11 дүгээр сарын 08-нд 2 780 686 /хоёр сая долоон зуун наян мянга зургаан зуун наян зургаан/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай сарын 1.5 хувийн хүүтэй хэрэглээний зориулалтаар, 2014 оны 07 дугаар сарын 08-нд 2 500 000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 1.5 хувийн хүүтэй хувийн хэрэгцээний зориулалтаар тус тус нэмж зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 5 ханатай гэр, хөргөгч /хятад/, угаалгын машин /хятад/, зурагт 26 инч /Тоshibа/, notebook, цалингийн орлого зэрэг зүйлсийг барьцаалсан. Ж.Жаргалсайхан, Л.Саранцэцэг нар нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 11 150 164.33 төгрөг, зээлийн хүүд 5 730 000.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 23 403 төгрөг төлсөнөөс өөр төлбөр төлөөгүй байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заагдсан үүргээ зөрчин гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк зээлийн гэрээг цуцлан зээлдэгч Ж.Жаргалсайхан, Л.Саранцэцэг нараас 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар дараах хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ/327 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, үндсэн зээлийн үлдэгдэл 3 289 320 төгрөг, зээлийн хүү 1 430 684 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 111 748 төгрөг, нийт 4 831 752 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-2х/
Хариуцагч Ж.Жаргалсайхан нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Хэнтий аймгийн Авто тээврийн үндэсний төвд бүртгэлийн мэргэжилтэн хийж байхдаа цалингийн зээл авсан болно. Үлдэгдэл 4 831 752 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ажлаас халагдаж зээлээ барьцааны эд хөрөнгөөр төлсөн. Би өөрийн гэсэн хөрөнгө байхгүй. Иймд үлдсэн зээлийг төлөхдөө ажилдаа ажилдаа эргэн орсны дараа төлөх боломжтой. Шүүхийн анхан шатны шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн болно гэжээ. /хх-ийн 34х/
Хариуцагч Л.Саранцэцэг нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ж.Жаралсайханы зээлийн үлдэгдэл болох 4 831 752 төгрөгийг төлөх боломжгүй бөгөөд 2016 онд өөрийн барьцаанд тавьсан 5 ханатай гэр, хөргөгч, телевизороо хураалгасан болно. Одоогоор өөрийн гэр оронгүй, тэтгэврийн зээлтэй. Иймд уг зээлийг Ж.Жаргалсайхан төлнө гэжээ. /хх-ийн 35х/
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий аймаг дахь салбар нь хариуцагч Ж.Жаргалсайхан, Л.Саранцэцэгт нарт холбогдуулан “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 4 831 752 төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ж.Жаргалсайхан, Л.Саранцэцэг нар нь 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 10 000 000 /арван сая/ төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 08-нд 2 780 686 /хоёр сая долоон зуун наян мянга зургаан зуун наян зургаан/ төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 08-нд 2 500 000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 1.5 хувийн хүүтэй хувийн хэрэгцээний зориулалтаар тус тус зээлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-ийн 1х/, 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ/57 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 9-23х/, хариуцагч нарын тайлбар /хх-ийн 34, 35х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий аймаг дахь салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Жаргалсайхан нь 4 831 752 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийг дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ХААН банкны Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Жаргалсайхан, Л.Саранцэцэгт нарт холбогдуулан “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 4 831 752 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Ж.Жаргалсайханы зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий аймаг дахь салбараас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 92 258 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.Жаргалсайхан, Л.Саранцэцэг нараас 46 129 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР