Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/73

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,                     

              Улсын яллагч Б.Наранмөнх,

              Хохирогч Б.А,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,

              Шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цийн Нөд холбогдох эрүүгийн 2238000000048 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             

              Шүүгдэгч Ц.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт эхнэр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Ад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нүүрэн тус газарт нь удаа дараа алгадаж, үснээс нь зулгаан, баруун гарын шуу хэсэгт гутлаар цохих зэргээр бие эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь баруун гарын шуу ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000048 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

              Шүүгдэгч Ц.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр  Б.Аыг “намайг аавыгаа зодож алсан” гэж хэллээ гэх үл ойлголцлолын улмаас уурлаж түүний бие эрх чөлөөнд халдаж нүүрэн тус газарт алгадах, үснээс нь зулгаах, баруун гарын шуу хэсэгт гутлаар цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Аын биед нь эрүүл мэндэд нь баруун гарын шуу ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

              Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Нийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

              Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Аын өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ц.Нөд зодуулсан. Манай нутгийн ах гэрт маань ирж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Ц.Н 7 дугаар ангид байхдаа өөрийнхөө төрсөн эцгийг архичин гээд өшиглөж зоддог байсан талаар нь ярьсан. Хэрэгт гарах үед би Ц.Нөд хандаж чи төрсөн эцгийгээ зодож байсан хүн эхнэрээ зодох нь энүүхэнд байх гэж хэлсэн. Би эцгийгээ алсан гэж хэлсэн удаагүй...Хэрэг гарсны маргааш нь би миний гар хугарсан байна гэхэд би хонио эргүүлчихээд ирье. Ирээд би эмч дуудаад өгье гэж хэлээд шөнөжин архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд явсан. Маргааш нь манай нөхөр, найзтайгаа согтуу ирээд найзынхаа машиныг гуйж аваад намайг ганцаараа аймаг яв гэсэн... Өмнө 7 сартай жирэмсэн байхдаа Ц.Нөд зодуулж Цагдаагийн байгууллагад хандаж эрүүлжүүлэхэд хонуулж байсан. Тэр үедээ өргөдлөө буцааж байсан. Цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй болохоос өмнө нь олон удаа миний биед халдаж байсан бөгөөд миний ээжийг 3 удаа зодож байсан. Хүүхдээ төрүүлчихээд эмнэлгээс гараад ирж байхад зодож байсан удаатай. Ц.Н зодсоныхоо дараа хань нь одоо дахиж уухгүй, гар хүрэхгүй, ганц удаа уучлаач гэж гуйдаг байсан. Гэхдээ хэзээ ч хэлсэндээ хүрч байгаагүй…. Би гомдолтой байна..” гэх мэдүүлэг,

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Аын өгсөн: “...Тэгээд би айлаас хурга ишиг авах байсан болохоор зөвшөөрөөд сумын төв рүү явсан...Тэгэхээр би эмэгтэй хүнийг ганцааранг нь шөнө орой яаж явуулах юм бэ жаахан ч гэсэн дөхүүлээд өгье гэж хэлэхэд манай нөхөр босож ирээд нүүр рүү 3 алгадсан. Мөн гутлаараа толгой руу 4-5 удаа цохиод, нүүр рүү ахиж гутлаараа цохих гэж байхад нь баруун талын гараараа хамгаалсан. Миний гар хугарсан би орилоод гар хугалчихлаа гээд байж байхад О, Н хоёр нойл ороод орж ирж байсан. Миний гарыг хугалчихлаа гэж хэлэхэд Манай нөхөр Н манай найз Н, О хоёр руу наадах чинь худлаа баашилж байгаа юм гээд намайг үсдээд босгож ирээд дээгүүр өмсөж байсан хувцасыг тайлж шидээд өшиглөөд унагаасан. Би хоёр гараараа тулаад унасан. Цаашаагаа мөлхөөд хаалга руу явтал араас өшиглөөд нүцгэн гэрээс гаргасан. Хаалга түгжсэн хэсэг байж байгаад гэрээ онгойлгоод намайг ор гэсэн. Тэгээд Н миний гарыг сойж бойж өгсөн дараа нь бүгдээрээ унтаж амарсан ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

Гэрч Б.Агийн өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө хонио харуулчих явах замдаа нутгийн хүн болох Н гэх айлд очсон. Тэгсэн өнөөдөр цаг агаар жаахан тиймэрхүү юм уумаар өдөр байна гэсэн. Нийн эхнэр А сумын төв орж уух юм авья гэхээр Н ах чи Атай яваад ир би утсаар дэлгүүр рүү ярья гэсэн. Тэгэхээр А заавал чамтай зуг явмаар байна гээд Н ахыг аваад явсан. Тэгээд бид хэд сумын төв ороод 1 сагс лаацтай пиво 2 шил хараа аваад буцаад гэрийн зүг гарсан замдаа явж байхад 1 шил архийг дөрвүүлээ хувааж уусан. Тэгээд айлаас хурга авахдаа тэр айлын хүнд 1 шил архийг задалж хувааж уусан. Н ахынд очоод үлдсэн сагс пиво ууж байтал Нийн эхнэр А Ог авчирья гэж хэлсэн. Би машиныг нь унаад Ог авчирсан. Ууж суугаад Н ах унтлаа гээд орондоо хэвтэж байсан. Би гэрээс гараад нойл ороод буцаад ороод ирсэн чинь А Н ах хоёр хоорондоо хэрэлдсэн байсан. Тэгээд би тасраад унасан байна лээ. Ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

Гэрч Б.Нын өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 28-нд өглөө би найз Аынд босоод цай унд уугаад байж байтал гаднаас хажуу талын хөрш болох А гэх залуу орж ирээд шартаж үхлээ сумынхаа таньдаг дэлгүүрээс ганц архи зээлээд өгчих гэж Аын нөхөр Нөд хэлсэн чинь манай найз А миний найз ирсэн юм чинь бас ганц хоёр пиво ууя гэсэн. Тэгсэн Аын нөхөр Н дэлгүүрт зогсдог найз руугаа залгасан. ... бид 4 сумын төв рүү явсан шууд ороод дэлгүүр орсон Н, А хоёр дэлгүүр ороод 2 шил архи 1 сагс пиво аваад гараад ирсэн. Буцаад хөдөө гарсан замдаа Аын нөхөр Н, А, бид гурав 1 шил архи задлаад талд нь ортол ууссан. Тэгээд замаараа хурга ишиг авах гээд айлд очсон. Тэр айлдаа 1 шил архи хэдэн ширхэг пиво ууссан. Тэр айлаас 19 цагийн үед хурга ишигээ ачаад хөдөлсөн. Тэндээсээ Нийд очоод би хоол унд хийсэн. А А хоёр машинтайгаа О гэх хүнийг авчирна гээд явсан. Удаагүй тэр 3 ирээд хоол унд идээд үлдсэн пиво хувааж уусан. Пивоо дуусгаад Н ор руугаа орсон О гэх хүүхэн явлаа гэхээр нь А хүргэж өгье гээд хэлсэн чинь нөхөр Н нь наадах чинь ганцаараа явж чадна яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр О бид хоёр нойл орьё гээд гарсан нойл ороод буцаад орсон Аын хамар амнаас цус гарсан, гар хугарчихлаа гээд орилоод байхаар би Аын гарын үзье гэсэн намайг А ойртуулахгүй байсан. Би тэгэхээр нь хажууд байсан бүсийн аваад гарын сойж боох гээд сууж байсан чинь нөхөр Н наадах чинь худлаа баашлаад байна гэж хэлсэн. А орилоод байхаар нь арай хийж гарыг нь боож өгөөд унтах гэтэл Н Аыг алгадаад үсдээд хаалгаараа гаргасан. Тэгээд үүдээ түгжсэн А гадаа орилоод байхаар нь хаалга онгойлгож оруулж ирээд унтуулсан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 41 дугаартай: “...Б.Аын биед баруун гарын шуу ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. Б.Аын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт,  рентгений зураг / хх-ийн 34-35 тал/,

 “Хөвсгөл цээнэ” эмнэлэг дүрс оншилгооны тасгийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 33 тал/,

Шүүгдэгч Ц.Нийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Тухайн өдөр манай эхнэр А архи уучихаад над руу агсраад байхаар нь миний уур хүрээд гараараа 1 удаа нүүр рүү нь алгадаад, гутлаараа 1 удаа баруун мөр рүү нь цохьсон...” гэх мэдүүлэг хх-ийн 41 тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан бусад нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Аын мэдүүлэг, гэрч Б.А, Б.Н нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 41 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ц.Нийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Ц.Н нь эхнэр Б.Аыг зодож бие махбодийн хэлбэрийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд баруун гарын шуу ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан нь болох нь  нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Аын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ц.Нийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 Шүүгдэгч Ц.Нийн үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Ц.Н нь  гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Аын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хувьд шүүгдэгч Ц.Нийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.А гэм хорын хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэлийн баримтыг ирүүлээгүй, шүүгдэгч Ц.Н нь эмчилгээний зардалд 200.000 төгрөгийг төлсөн болох нь  шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан  тайлбараар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.А нь ажил хийж олох ёстой байсан орлого болон цаашид гарах зардал 10.800.000 төгрөгийг нэхэмжилж байгаа хэдий ч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд хохирогч Б.Аын ажил хийж олох ёстой байсан орлого болон цаашид гарах зардал 10.800.000 төгрөгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Нийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Нийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд нь шүүгдэгч Ц.Нөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар торгох ялыг сонгож хэрэглэсэн тохиолдолд хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгож, уг ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хөрөнгө орлого цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан 3 жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Нөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 44-48 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл Тээл багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ц.Н нь ам бүл 2, эхнэрийн хамт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Ц.Нөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар дөрвөн мянга таван зуу нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Нөд оногдуулсан 4500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 сарын хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх торгох ялын биелэгдээгүй арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Ц.Нөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Б овогт Цийн Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б овогт Цийн Нийг 4.500 /дөрвөн мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нөд оногдуулсан 4.500 /дөрвөн мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 225.000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 20 /хорь/ сарын хугацаагаар тогтоосугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.             

              5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.Нөөс хохирогч Б.А нь олох ёстой байсан орлого болох 10.800.000 төгрөгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

              6. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

              7. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Нөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН