Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
Хэргийн индекс | 179/2022/0076/Э |
Дугаар | 2022/ШЦТ/77 |
Огноо | 2022-03-02 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Н.Энхтулга |
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Н.Энхтулга,
Шүүгдэгч Л.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Лийн Дт холбогдох эрүүгийн 2238000000077 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Д нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Бг үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж орноос татаж унагаан толгой, нүүр хэсэгт цохих, цээж хэсэг рүү нь өшиглөх, чирэх зэргээр бие эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алим, дээд уруул, баруун, зүүн бугалга, нуруу, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000077 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Л.Д нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Бг “хүнтэй маргалдах гээд байх юм. Унт” гэж хэллээ гэх шалтгаанаар уурлаж, удаа дараа бие эрх чөлөөнд халдаж орноос татаж унагаан толгой, нүүр хэсэгт цохих, цээж хэсэг рүү нь өшиглөх, чирэх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Бгийн эрүүл мэндэд нь баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алим, дээд уруул, баруун, зүүн бугалга, нуруу, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Дийн өгсөн: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Бгийн өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 22 цагийн үед гэртэй байж байтал манай нөхөр Л.Д нь” хүнтэй маргалдах гээд байх юмаа гээд унт” гэж хэлсэн чинь орноос татаж унагаагаад цохиж дэвсээд хүчрэгдэхгүй байсан. Хамар амнаас цус гараад байхаар нь би гэрээсээ гарч зугтаад хашааныхаа арын хадны араар нуугдсан. Тэгээд ах Амартүвшин рүү залгаж хүрээд ирээч манай нөхөр зодоод байна гэж хэлсэн. Ах эгч хоёр нь хоёулхнаа байна очиж чадахгүй ээ гэж хэлсэн. Араас гарч ирээд машин тойруулж хөөгөөд чирээд гэр рүү оруулаад дахиад зодож байгаад унтаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх 13 тал/,
Гэрч Л.Гийн өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхнэр хүүхэдтэйгээ сум орж ирээд гэртэй архи уугаад эхнэртэйгээ муудалцаад эхнэрийгээ 2, 3 удаа хацар руу нь алдахаар нь би салгаад эхнэрийг нь гэр рүүгээ аваад явсан. Өөр бол зодож цохиж байсныг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,
Гэрч Н.Нын өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 26, 27-ны өдөр бид нар сумын төв руү Д, Б нартай цуг орж ирээд буцаад гэртэй хариад хоорондоо маргалдаад байсан. Тэгээд Д эхнэрээ ганц хоёр удаа гар, цээж рүү цохихоор нь салгаад эхнэрийг нь хүүхэдтэй нь гэр лүүгээ аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 98 дугаартай: “Б.Бгийн биед баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алим, дээд уруул, баруун, зүүн бугалга, нуруу, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Б.Бгийн биед шүд, зовхины цус хуралт гэмтэл нь тусдаа бусад цус хуралт нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 35 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Л.Дийн гэм буруугаа хүлээж өгсөн: “...2022 оны 01 сарын 20-нд манай эхнэр Б бид хоёр өдрийн 14 цагийн үед Жадамба гэдэг айлынд очиж цай уух гэж очсон. Тэгээд тэр өдрөө өдөржингөө Жадамба гэх айлынд байж байгаад оройны 18 цагийн үед гэртээ харьсан. Тухайн үед би Жадамбын гэрт жоохон архи уусан байсан болохоор нэлээн муудсан байсан. Гэртээ ирээд эхнэр Бтэй гэр бүлийн маргаанаас болоод нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон бас цээж хэсэг рүү нэг удаа хөлөөрөө тийрсэн. Үүний дараа манай эхнэр гэрээс гараад ах дүү нар луугаа залгаж хэлнэ гээд гэрээс гараад яваад өгсөн. Ингэж гарчихаад нээх удалгүй манай эхнэр буцаад ганцаараа ороод ирсэн. Тэгээд л үүнээс хойш нээх юм болоогүй би унтаад өгсөн. Энэ үйл явдлын дараа манай эхнэр цагдаад мэдэгдсэн юм шиг байсан. Би цагдаад хэзээ мэдэгдэснийг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Бгийн мэдүүлэг, гэрч Л.Г, Н.Н нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 98 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Л.Дийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч шүүгдэгч Л.Д нь эхнэр Б.Бг хардах, зодох зэргээр сэтгэл санааны болон бие махбодийн хэлбэрийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хэд хэдэн удаагийн үйлдлээр түүний эрүүл мэндэд нь баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алим, дээд уруул, баруун, зүүн бугалга, нуруу, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь нотлогдож байна.
Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Бгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Л.Дийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Л.Дийн үйлдэл идэвхтэй, хохирогч Б.Бгийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Л.Д гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Бгийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар: Шүүгдэгч Л.Дийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, хохирогч Б.Б нь гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 19/ авагдсан, хохирогч шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Л.Дийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Л.Дийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Дийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Л.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 45-52 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн Засаг даргын тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын баримт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Л.Д нь ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Л.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 32 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Л.Дийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Л.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Л.Д нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт хураан авсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л овогт Лийн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л овогт Лийн Дийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дт оногдуулсан бүр 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Л.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН