Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2031

 

Н.Эын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/01742 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Э,

Хариуцагч Н.Ат холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Н.Аийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.Э,

Хариуцагч Н.А, түүний өмгөөлөгч Б.Баяраа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Н.Атэй орон сууц хөлслөх хөлслүүлэх гэрээ байгуулж 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 1 жил 6 сарын хугацаатайгаар Баянгол дүүргийн 19 хороо, 4 хороолол, 51 байрны 130 тоот Ү-2205013488 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг хөлслүүлсэн. Гэрээний хугацаа дуусахад Н.А цааш нь сунгаж суухаар болж 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл зах зээлийн ханшаар түрээсийнхээ мөнгийг төлж байсан. Түүнээс хойш байр хөлсөлсөн мөнгөө төлөөгүй. Орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа тул миний өмчлөлийн орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 51-130 тоотод олон жил амьдарч байна. Нэхэмжлэгч Н.Э Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 68-1-3 тоотод суудаг. Хамтрагч Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 51-27 тоотод оршин суудаг Д.Сарантуяа, Ч.Тэрбиш нар миний байрыг барьцаанд тавьж түр хугацаагаар байрны гэрчилгээг бусдад шилжүүлж 27 500 000 төгрөг авч санаатайгаар хуйвалдан хамтарч залилан хийж байгаа тул эдгээр иргэдийг эрүүгийн хэрэг үүсгэхээр шүүхэд гомдол гарган шалгуулахаар гомдол гаргасан тул нэхэмжлэгч Н.Эын нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Н.Э болон Н.А нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл байх тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Н.Аээс Баянгол дүүргийн 19 хороо, 4 хороолол, 51 байр, 130 тоот 1 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлж 26 000 000 төгрөгөөр худалдан авсан. Н.Ат 26 000 000 төгрөгийг бэлнээр баримт үйлдэж хүлээлгэн өгсөн. Х.Аптанцэцэг нь худалдсан байрандаа түрээсээр сууж байгаад 2011 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тухайн үеийн зах зээлийн ханшаар эргүүлэн худалдаж авна гэж хэлээд түрээсийн гэрээ байгуулсан.

Түрээсийн хугацаа дуусахад Н.Ат “одоо байраа сулла” гэсэн шаардлага тавьсан. Гэтэл Н.Атанцэцэгийн найз гэх Ч.Тэрбиш надтай уулзаж “бид нар удахгүй мөнгө орж ирэхээр байрыг худалдаж авна” гэж хэлсэн. Би тэр үед нь “тэгэх боломж байхгүй, миний одоо эрхэлж байгаа ажилд мөнгө хэрэг болоод байна” гэж хэлсэн. Ч.Тэрбиш гэдэг хүн надаас “ах нь 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гэхэд чиний хэлсэн мөнгийг өгье чи хийж байгаа ажлынхаа ашгийг бодоод хэлчих тэр мөнгийг чинь өгье” гэсэн. Тэгээд надаас уг байрыг 87 500 000 төгрөгөөр 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр худалдаж авахаар урьдчилсан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр болоход Ч.Тэрбиш, Н.А нар нь надад түрээсийн мөнгөнөөс өөр мөнгө өгөөгүй бөгөөд дахин түр хүлээгээч гээд хэдэн сар болсон. Би тэр үед тэд нарт “та хэд ингэж байрыг чинь худалдаж авч чадахгүй гэвэл би цаг хугацаа алдаад байна, таны амлаад байсан мөнгө нь худлаа болох юм байна” гэж хэлэхэд н.Тэрбиш одоо зах зээлийн үнэ нь 60 000 000 төгрөг байгаа үлдэгдэл 27 500 000 төгрөгт нь “би чамтай зээлийн гэрээ хийгээд авсан гэж бичээд өгье чи жоохон хүлээгээч” гээд байсан. Тэгээд Ч.Тэрбиш бид хоёр 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ хийсэн.

2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 75 000 ам.долларын гэрээ хүртэл байгуулсан. Эдгээр зээлийн гэрээний мөнгийг би аваагүй болно. Энэ хугацаанд байрны түрээсийн төлбөрөө хагас дутуу төлсөөр өдийг хүрсэн. Би Ч.Тэрбиш гэдэг хүнийг огт танихгүй, анх Н.Аээс байрыг худалдаж авахаар очиход энэ хүний эхнэр, хүү 2 нь хамт байсан. Би бодохдоо ах дүү нар нь юм байх гэж бодсон. Би эдгээр хүмүүст мөнгө төгрөг зээлээгүй. Н.Аээс орон сууцыг нь хуулийн дагуу худалдаж аваад мөнгөө төлсөн. Иймд намайг шударга өмчлөгчөөр тогтоож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51-130 тоот орон сууцыг хариуцагч Н.Аийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Н.Э, хариуцагч Н.А нарын байгуулсан орон сууц худалдах худалдан хавах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч сөрөг нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н.Аээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Эад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Ч.Тэрбиш, Д.Сарантуяа, Н.Э нар нь хуйвалдан миний орон сууцыг залилж авсан талаар би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гомдлыг шалгасан материал болон иргэний хэргийн материал дахь тайлбар баримтууд маш их зөрүүтэй байна. Орон сууц зарсан мөнгийг намайг аваагүй гэдгийг Ч.Тэрбиш, Д.Сарантуяа нар тодорхой тайлбарласан байдаг. Тэр ч бүү хэл миний орон сууцыг барьцаалан зээлийн гэрээ хийснийг нотлох баримт болох 27.5 сая төгрөгийн зээлийн гэрээний хувийг надад өгсөн.

Гэтэл иргэний хэргийн шүүхэд 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 27.5 сая төгрөгөөр авсан байр 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад буюу 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 87 500 100 төгрөг болж өсөн буцаан худалдах, худалдан авах хэлцэл байгуулсан гэсэн баримтыг үйлдэж өгсөн байна. Энэ бол Ч.Тэрбиш, Д.Сарантуяа нар нь Н.Эаас авсан зээлээ төлж чадахгүй болмогц миний байрыг төлбөрт тооцон үлдээх гэсэн заль гэж үзэхээс өөр аргагүй юм. Эдгээр хүмүүс эрүүгийн журмаар шалгагдах болохоороо миний байрыг буцааж өгнө, хохиролгүй болгоно гэж тайлбарлаад иргэний хэрэг үүсэхээр нийлж миний эсрэг баримт бүрдүүлэн ажиллаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

            Хариуцагч Н.А нь анхан шатны шүүхэд 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэл /хх 31/ гаргасныг шүүх хүлээн авч, нэхэмжлэгч Н.Эад мөн оны 06 дугаар сарын 08-ны өдөр гардуулсан байна. /хх 36/

            Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлтэй танилцаад 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хариу тайлбар /хх 38/ болон орон сууц худалдах, худалдан авах гэрээ, зээлийн гэрээ, мөнгө хүлээлгэн өгсөн баримт, Хаан банкны дансны хуулга зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргажээ. /хх 40-44/

Хариуцагч Н.А нь 6 дугаар сарын 13-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр мэдсэн тухай баримт хэрэгт авагдсан боловч үүний дараа 6 дугаар сарын 06-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбар, нотлох баримттай танилцсан тухай баримтгүй байна.

Шүүх хариуцагч шинээр ирсэн тайлбар, нотлох баримттай танилцаагүй, хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх хангагдаагүй байхад  түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг явуулж, хэргийн эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эдэлбэл зохих эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/01742 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ