| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 188/2018/0262/Э |
| Дугаар | 992 |
| Огноо | 2018-10-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 992
Б.Гт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Ч.Отгонбаатар,
нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 691 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Гт холбогдох 1708008800120 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Дүйнхэр тэргүүн овгийн Б-н Г, 1978 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн ................. гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн .................. тоотод оршин сууж байсан, /регистрийн дугаар: А..../,
- Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- мөн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 13.303.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өршөөн хэлтрүүлсэн,
- мөн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан;
Б.Г нь 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 1-7 тоотод оршин суух иргэн С.Аын монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, “Эм Эм Би Си” олон сувгийн антен, “Самсунг” загварын гар утас, зэс аяга, эмэгтэй савхин хүрэм, хонины мах, монгол гутал зэрэг эд зүйлсийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Дүйнхэр тэргүүн овогт Б-н Гыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Гыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гын урьдчилан хоригдсон 118 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Г бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Ч.Отгонбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Г мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэрийнх нь хаалга онгорхой байхаар нь ороод зурагтын төхөөрөмж, антенн, зэс аяга авсан. Тухайн айлаас би савхин хүрэм, гар утас зэргийг аваагүй” гэж мэдүүлдэг. Гэтэл анхан шатны шүүх иргэн С.Аыг хүн байнга амьдрах орон байр болох монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, ...гар утас, эмэгтэй савхин хүрэм, хонины мах, монгол гутал хулгайлсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр буцааж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 1-7 тоотод оршин суух иргэн С.Аын монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, “Эм Эм Би Си” олон сувгийн антен, “Самсунг” загварын гар утас, зэс аяга, эмэгтэй савхин хүрэм, хонины мах, монгол гутал зэрэг эд зүйлсийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч С.Аын “...ирэх үед гэрийн хаалгыг эвдээд унагаачихсан, гэр орны хамаг эд зүйлийг буулгасан байсан. Гудамжны үзүүрт байх түүхий эд авдаг хүнтэй уулзахад “Ганбаа гэх залуу танай гэрээс шар шуудайтай зүйл өргөөд гарч байсан” гэсэн. Би цагдаа нарын хамт Ганбаагийн амьдардаг гэрт очтол манайхаас алдагдсан зурагтын антен, аяга гарч ирсэн” гэх /хх-30-31, 33-34, 35-37/,
гэрч Н.Сайнжаргалын “...Ганбаа гэх залуу хулгай орсон гэх айлын урдаас шуудайтай зүйл аваад зүүн тийшээ явсан” гэх /хх-22-23/,
гэрч Д.Идэртуяагийн “...танихгүй айлын жорлонд бие засаад үлдсэн. Би тэр айлын хашаанаас гараад шил, түүхий эдийн цэг дээр шил ялгаад байж байсан” гэх /хх-24-25/ мэдүүлгүүд,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-88-89/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-15/, хураан авсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-19/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Гыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Ааас зориуд худал мэдүүлбэл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар сануулж авсан мэдүүлэгт “...гар утас, савхин хүрэм, хонины мах, монгол гутал зэрэг эд зүйлс байхгүй болсон” талаар мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлгийг няцаасан болон үгүйсгэсэн өөр нотлох баримтыг хэрэгт цуглуулж бэхжүүлээгүй байна.
Иймд шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Ч.Отгонбаатарын гаргасан “...Б.Г нь тухайн айлаас савхин хүрэм, гар утас зэргийг хулгай хийж аваагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр буцааж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 691 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 691 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Ч.Отгонбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ц. ОЧ