Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/81

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Н.Энхтулга,

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бийн Дд холбогдох эрүүгийн 2238000000093 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                

Монгол улсын иргэн, Ш овогт Бийн Д,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 6а-10 тоотод 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Л.Цтай маргалдаж улмаар түүний толгойн тус газар түлээний модоор цохиж эрүүл мэндэд нь зүүн зулайн хуйханд шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000093 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 6а-10 тоотод 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Л.Цтай маргалдаж улмаар түүний толгойн тус газар түлээний модоор цохиж эрүүл мэндэд нь зүүн зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дгийн өгсөн: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Л.Цын өгсөн: “...Өчигдөр буюу 2022 оны 02  дугаар сарын 21-ний өдрийн 19 цаг өнгөрч байхад Д над руу гар утсаар залгаад “ахаа Мөрөн суманд ирчихлээ, маргааш Улаанбаатар хот явж ажил хийнэ, өнөөдөр Б бид хоёр танайд очоод хоноё” гэж хэлсэн. Би Д, Б хоёр дүүгээ 10 дугаар багийн Түмэн дэлгүүрийн гаднаас очиж аваад гэртээ хамт очсон. Тэр хоёр надад нэг шил архи бэлэглэсэн. Түүнийг нь уугаагүй харин би Дтай 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр пиво 4 ширхэгийг хувааж уунгаа бид нар юм ярьцгааж манайд суусан. Д зөв зүгээр сууж байгаад учир зүггүй над руу агсраад янз бүрийн юм ярьж эхэлсэн. Намайг зодно гэж Д хэлсэн. Тэгэхээр нь би гадаа гаръя гээд хамт гараад би Дтай ноцолдож байгаад би газарт унасан. Тэгээд босох гэж байтал Д хашаанд байсан түлээгээр миний толгой руу цохьчихсон. Тухайн үед Б л сайн харж байсан. Өөр хүн байгаагүй. Гэр дотор маань манай эхнэр хүүхдүүд байсан. Миний толгойноос цус их гарсан тул түргэний эмнэлэг дуудаад би эмнэлэг дээр ирээд толгойндоо 4 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх 10 тал/,

Насанд хүрээгүй гэрч Д.Бгийн өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 13 цаг өнгөрч байхад найз Дгийн хамт Ханх сумаас замын унаанд суугаад Мөрөн суманд 19 цаг өнгөрч байхад ирсэн. Бид хоёр хамтдаа Улаанбаатар хот руу явж ажил хийх төлөвлөгөөтэй гарч ирсэн юм. Өчигдөр бид хоёр Мөрөн суманд байдаг хуурай ах Цынд 19 цаг өнгөрч байхад очсон. Гэрт нь очиход Ц ах болон түүний эхнэр жоохон хүүхдүүдийнхээ хамт байсан. Ц ахыг бид хоёр дайлахаар шийдэж 0.5 литрийн хэмжээтэй нэг шил Хараа нэртэй архитай очсон юм. Тэр архийг Ц ах Д хоёр хувааж уусан юм. Орой 22 цаг өнгөрч байхад Ц ах Д хоёр архиндаа халуураад нэг нэгнийгээ өдөж, маргалдаж эхэлсэн. Улмаар гэрээс гараад хашаан дотор хоёулаа ноцолдоод барьцалдаад байсан. Тэгтэл Ц хашааны булан руу унасан. Би очоод татаад босгох гэж байтал Д модны тайрдас газраас аваад Ц ахын толгой руу шидчихсэн юм. Толгойноос нь цус гарч эхэлсэн. Тэр үед Ц ахын эхнэр гэрээсээ гарч ирээд шууд эмнэлэг дуудсан. Удалгүй эмч нар ирээд бид нар эмнэлэг рүү хамт явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,

Гэрч Ч.Дгийн өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Л.Ц болон хүүхдүүдийнхээ хамт гэртээ байж байтал 20 цагийн үед Б.Д над руу гар утсаар залгаад "хот руу явах автобусандаа суух гэж байсан чинь хоцорчихлоо. өнөөдөр танайд очоод хоночихъё” гэж хэлсэн, би хариуд нь зөвшөөрсөн. Тэгээд Л.Ц гэрээс гараад Б.Д, Б хоёрыг манайд авч ирсэн. Б.Д Ханхаас ирж явах замдаа л архи уусан гэж яриад байсан, халамцуу байх шиг байсан. Би тэд нарт хоол унд хийж өгөөд өрөө рүүгээ ороод хэвтэж байсан. Тэр хооронд энэ гурав пиво хувааж уугаад байсан. Би 23 цагийн үед өрөөнөөсөө гарч ирээд тэд нарт ор засаж өгсөн. Тэгэхэд нэлээн согтоцгоосон байдалтай байсан, Б.Д Л.Цыг хэл амаар өдөж, агсраад байсан. Тэгснээ тэр хоёр муудалцаад гэрээс гарсан. Б бас хамт гарсан. Удалгүй Б манай нөхөр Л.Цтай хамт ороод ирсэн. Л.Цыг харахад толгойноос нь цус гарч байсан. Би юу болсон талаар асуухад Б надад “Д Ц ахын толгой руу модоор цохьчихлоо” гэж хэлсэн. Цын толгойноос нь цус гараад байхаар нь би эмнэлэгт дуудлага өгсөн. Тэгээд бид нар эмнэлэг дээр ирээд Ц толгойндоо 4 оёдол тавиулсан...Л.Ц, Б.Д нарын хооронд ямар нэгэн өр авлага, хонзонгийн асуудал байхгүй байх гэж бодож байна...Б.Д согтсондоо Л.Цд агсам тавиад хоорондоо муудалж гэрээс гарсан. Удалгүй Л.Цын толгойноос цус гоожчихсон орж ирсэн. Л.Ц Б.Дгийн биед халдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 145 дугаартай: “Л.Цын биед зүүн зулайн хуйханд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. 3. Л.Цын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 20 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Дгийн гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн гэмт үйлдэлдээ гэмшиж байна. Би Л.Ц ахаас уучлалт гуйж, эмчилгээндээ зориулаарай гээд 100.000 төгрөг өгсөн. Мөн би Л.Ц ахтай эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Л.Цын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Д.Б, гэрч Ч.Д нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 145 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Дгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч  Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 6а-10 тоотод 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Л.Цтай маргалдаж улмаар түүний толгойн тус газар түлээний модоор цохиж эрүүл мэндэд нь зүүн зулайн хуйханд шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь нотлогдож байна.  

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.Цын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Дгийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Дгийн үйлдэл идэвхтэй, хохирогч Л.Цын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Б.Дгийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар: Шүүгдэгч Б.Дгийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Л.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй хэдий ч шүүгдэгч Б.Д, хохирогч Л.Ц нар нь 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр эвлэрсэн тул цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 35/ хавтаст хэрэгт хавсаргаж ирүүлсэн байна. Хохирогч шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Дг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Б.Дгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 29-33 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртэглийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Д нь ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Ханх сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.  

Шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 38 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Дгийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуу нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт  хураан авсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Бийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш овогт Бийн Дг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхийг тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН