Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/82

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Н.Энхтулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс,

Шүүгдэгч Г.Ю нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ггийн Юд холбогдох эрүүгийн 2238000560075 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ю нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” зочид буудлын гаднаас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч О.Жийн эзэмшлийн “Тоуоtа аlliоn” маркийн 09-60 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000560075 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Г.Ю нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” зочид буудлын гаднаас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч О.Жийн эзэмшлийн “Тоуоtа аlliоn” загварын 09-60 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Юын өгсөн: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд эд зүйл/ баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтан/-д үзлэг хийсэн: “...Үзлэг хийж буй тээврийн хэрэгсэл нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 32-07 тоот хашаанд байв. Уг тээврийн хэрэгслийн гадна байдлыг харахад улсын дугааргүй хар өнгийн тоёота аллион маркийн суудлын тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгслийн гаднах байдал нь тоос шороонд дарагдсан байв. Үзлэг хийж буй тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг харахад уг тээврийн хэрэгслийн урд гупер эвдэрч хагарсан. Тээврийн хэрэгслийн урд хаалганы цонх онгойлох товчнууд байх хэсэг эвдэрсэн байв. Үзлэгээр өөр эвдрэл гэмтэлгүй байв...Эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад Д.Бат-Орших гар утсаар 6 кадр зураг авч бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11 тал/,

хохирогч О.Жийн өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө 10 цагийн үед гэрээсээ өөрийн эзэмшилийн 09-60 УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй найзындаа очих гээд ганцаараа явж байтал “Хишиг хур” хүнсний дэлгүүрийн хажууд Хундан хочит Ганаа гэгч хуучины танилтайгаа тааралдсан. Ганаа гурван хүнтэй хамт архи уусан бололтой явж байсан. Тэгтэл Ганаа танил ах болох Мэ ахынд очьё гэхээр нь тэд нарыг өөрийнхөө машиндаа суулгаад Мэ ахыг Мөрөн сумын 09 дүгээр багаас аваад Захын зүүн талд байрлах “Оч” буудалд очиж архи уусан. Тухайн уусан архиа “Хишиг хур" гэх хүнсний дэлгүүрээс анх тааралдахдаа 2 шил Хараа нэртэй 0.75 литрийн архи авсан байсан. Түүнийг буудалд уугаад би 12 цагийн үед тасарсан байсан. Тэгээд би унтаж байгаад 14 цагийн үед сэрэхэд тухайн буудалд Мэ ах, Ганаа, хамт явж байсан хүмүүсээс зүүн нүд нь хөхөрсөн байсан нэг залуу нь байхгүй байсан. Бусад нь тэр өрөөндөө архи уугаад согтуу сууж байсан. Тэгтэл миний буудлын гадна орхисон машин алга болсон байсан. Би хамт байсан хүмүүсээс асуухад хажуу өрөөнөөс бид нарын өрөөнд орж ирсэн зүүн нүд нь хөхөрсөн байсан залуу унаад зугтаасан. Мэ ах миний утсыг авч үлдсэн гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг /хх 16-17 тал/,

Гэрч О.Н өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө ээлжээ хүлээж аваад ажлаа хийгээд байж байтал оройн 19 орчим улсын дугааргүй хар өнгийн жижиг суудлын машин ирээд 100.000 төгрөгөөр бензин авах гэсэн юм таны данс руу шууд хийж болох уу гэж асуухаар нь тэг тэг гэж хэлтэл миний хаан банкны 5913134250 дугаарын данс руу 100.000 төгрөг орж ирсэн. Тэгтэл ах 90.000 төгрөгөнд нь бензин хийлгээд 10.000  төгрөгийг нь бэлнээр авчихъя гээд бэлнээр нь 10.000 төгрөгийг аваад явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,

Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн №2245617200096 дугаартай: “... Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-р багийн иргэн О.Жийн Тоуоtа Аllion маркийн 09-60 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 20.500.000 төгрөгөөр үнэлэв...” гэх тайлан /хх-ийн 31-32 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Г.Юын гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би Алаг толгойн нүүрсний уурхайд ажиллаж байгаад амраад 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр найзын хамт Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд амрах гэж ирсэн. Тэгээд найзындаа Мөрөн суманд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл байж байгаад найз маань хөдөө явах болоод би “Од” нэртэй буудал ганцаараа өрөө авч орсон. 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн өглөө 07 цагийн үед байхаа буудалдаа унтаж байтал хаалга цохиод байхаар нь онгойлгож өгсөн чинь нэг танихгүй эрэгтэй хүн уух юм байна уу ам хатаад байна гэхээр нь ундаа байсныг өгсөн. Тэгтэл тэр ах миний өрөөний цонхны тавцан дээр “Хараа” нэртэй 0.5 л архи байхыг хараад өөр энд архи байна гэхээр нь би нөгөө архийг аваад тэр ахтай хамт хувааж уусан. Би урд өдөр нь ганцаараа пиво уусан байсан. Тэгээд архиа ууж дуусах гэж байтал 5-6 хүн манай өрөөний урд талаас харсан өрөөнд орох шиг чимээ гарсан. Тэр надтай хамт архи уусан ах, ахын дүү байж бай гээд өрөөнөес гараад 15 орчим минутын дараа намайг дуудаад өрөөнд ороод ир гэхээр нь би орсон. Тэр өрөөнд 5-6 хүн байсан. Тэр хүмүүсийг би танихгүй. Тэр хүмүүстэй нийлж 1 шил “Хараа" нэртэй архи уугаад сууж байснаа санаж байна. Дахиж архи уусан үгүйг мэдэхгүй, санахгүй байна. Ингээд би хөдөө хээр гэгээ орж байхад хар өнгийн суудлын машины жолоочийн суудал дээр сэрсэн. Би ганцаараа машин дотор байсан. Миний ам хатаад би бууж цас идээд байж байтал ачааны жижиг машинтай хүн явж байхаар нь зогсоогоод би хаана байгаагаа асуусан чинь Могойн голтой ойрхон 10 км зайд байна гэж хэлсэн. Би юу хийсэн юм бол гэж бодоод, болсон асуудлыг санах гээд чадаагүй. Тэгээд Могойн голын уурхай ороод яахаа мэдэхгүй, айсан, сандарсандаа нөгөө унаж явсан суудлын хар өнгийн /нэрийг мэдэхгүй/ машиныг айлын хашааны гадаа үлдээгээд нүүрсний том машин гуйж суугаад Завхан аймаг орсон. Би Завхан аймаг ороод найзынхаа гэрт ороод байж байтал аав маань найзын гар утас руу залгаад надтай яриад чи юу хийгээд яваад байгаа юм, хүний машин авсан юм уу гээд байсан. Би согтууруулах ундаа их хэрэглэж тасарсан үедээ хүний машин аваад Могойн голын уурхай орсон байна лээ. Тэрнээс надад хүний машин хулгайлах, зарж борлуулах ямар нэгэн санаа зорилго байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч О.Жийн мэдүүлэг, гэрч О.Нийн мэдүүлэг, Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн №2245617200096 дугаартай тайлан /хх-ийн 31-32-р тал/, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Г.Юын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч  Г.Ю нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” зочид буудлын гаднаас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч О.Жийн эзэмшлийн “Тоуоtа аlliоn” загварын 09-60 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан нь нотлогдож байна.  

Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Г.Юын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэв.

Шүүгдэгч Г.Юын хувьд О.Жийн эзэмшлийн “Тоуоtа аlliоn” загварын 09-60 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч явахдаа уг автомашиныг авч ашиглах, захиран зарцуулах, ашиг орлого олох санаа зорилго агуулаагүй, харин өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтгүйгээр нэг газраас нөгөө газарт хүрэх унаа олох шаардлагаар бусдын өмчлөх эрхэд нь халдсан гэж үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Юыг Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэж үндэслэлтэй байна.

Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь шунахайн сэдэлтгүйгээр үйлдэгддэг бөгөөд материаллаг хохирол учирсан байхыг шаарддаггүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Өөрөөр хэлбэл дураараа аашилж, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусдын автотээврийн хэрэгслийг жолоодох сонирхол болон нэг газраас нөгөө газарт очих шаардлагын дагуу газраа хүрээд тухайн тээврийн хэрэгслийн хэрэгцээ сонирхол, шаардлага үгүй болох, ашиглаад тухайн тээврийн хэрэгслийг биет байдлын доголдолгүй буюу эд зүйлийг нь авахгүй үлдээх, тухайн эд автотээврийн хэрэгсэл болон түүний эд ангийг худалдан борлуулах, ашиг хонжоо олох, захиран зарцуулах идэвхитэй үйлдэл хийхгүйгээр тухайн хохирогч этгээдэд бодитой хохирол, хор уршиг учруулахгүйгээр үйлдэгддэгээрээ бусдын эд хөрөнгийг хулгайлах болон дээрэмдэх гэмт хэргээс ялгагдана.

Шүүгдэгч Г.Юын үйлдэл идэвхтэй, тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан байгаа үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шунахайн сэдэлтгүй, гэм буруугийн санаатай хэлбэртэй өмчлөх эрхийн эсрэг тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Юыг шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар: Шүүгдэгч Г.Юын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй хэдий ч шүүгдэгч Г.Ю, хохирогч О.Ж нар нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “эвлэрсэн тул цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 50-51 тал/ хавтаст хэрэгт хавсаргаж ирүүлсэн байна. Хохирогч шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Юыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Юыг тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Юд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Г.Юын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Юд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 42-44 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.Ю нь ам бүл 3, эцэг, эхийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.  

Шүүгдэгч Г.Ю нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 37 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Г.Юын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Г.Юыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Ю нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт  хураан авсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Ггийн Юыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц овогт Ггийн Юыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Юд оногдуулсан бүр 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ю нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Юд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Ю нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН