| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2022/0077/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/89 |
| Огноо | 2022-03-15 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бын Дд холбогдох эрүүгийн 2138002960011 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 03-09-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн “Тайга” гэх нэртэй газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 30 ширхэг босоо модыг унагаж, 25.23 м3 модыг хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2138002960011 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 03-09-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн “Тайга” гэх нэртэй газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 30 ширхэг босоо модыг унагаж, 25.23 метр куб модыг хууль бусаар бэлтгэсэн нь эрх бүхий байгууллагын хяналтаар илэрсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д өгсөн: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт үзлэг хийсэн: “...Хөвсгөл аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн нутагт байрлах Тайга гэх газарт албаны 94-88 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Тариалан сумаас 47 км явж хэрэг гарсан гэх Тайга гэх газарт илрэх үзлэгийг эхлүүлэв. Мод бэлтгэсэн гэх газар нь уулархаг Ойн сан бүхий үргэлжилсэн ойн сантай уулын ар хэсэг байх бөгөөд газарт урд өмнө ойн цэвэрлэгээний ажлаар талбай тусгаарлалт хийж байсан байх тул унанги мод элбэг, мөн уулын ар хэсгээс иргэд хуурай мод бэлтгэдэг байх бөгөөд хуучин модны хожуул дүүрэн байв. Тайга гэх газарт Etrex PS-р цэг авахад /N 49.86996, E101.75527/ цэгийг зааж байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9 тал/,
Модонд үзлэг хийсэн: “...Үзлэг хийж буй газар нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын төв Засаг даргын тамгын газрын хашаанд ирсэн Б.Дын бэлтгэсэн гэх модонд үзлэг хийв. Модны шинж чанарыг харахад босоо унанги модноос бэлтгэсэн байх тул оролцогч нараар унанги босоогоор ялгаж 2 хэсэг болгож хураан хэмжилтийг сум дундын ойн ангийн инженер Б.Одончимэгээр хэмжүүлэхээр тогтов. Унанги гэх мод нь холтос гаднах байдал шинжээрээ өмхөрсөн, гол хэсэг нь өмхөрсөн модыг нь тусад нь хурааж хэмжилт хийхэд 22.74 метр куб болох нь тогтоогдож байв. Босоо модны шинж чанарыг тайралтын ором, мөр болон гаднах байдал өмхрөөгүй модны тусад нь хэмжихэд 25.23 метр куб болох нь тогтоогдож байв. Уг модны хоёр хэсэг хуваасан байдлаар гэрэл зураг дарж тэмдэглэлд кадр зураг хавсаргахаар тогтов..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 тал/,
2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаартай Прокурорын “Эд мөрийн баримтыг хураан тухай” зөвшөөрөл /хх-ийн 13 тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 14-15 тал/,
2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 3 дугаартай Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 17 тал/,
2022 оны 1 дүгээр сарын 11-ны өдрийн Мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 18-19 тал/,
Иргэний нэхэмжлэгч А.Мын өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 09-ний үеэр иргэн Д гэж хүн Тариалан сумын Баян бэлчир гэх газарт түлшний зориулалтаар мод бэлтгэсэн байсан. .. Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу тээвэрлэлт хийх зорилготой байсан. .. Даваа даваад доошоо буугаад явж байхад модны уулын бэлд их хэмжээний мод бэлтгээд хураасан байдалтай харагдсан. .. Д нь Хүрзэт нөхөрлөлийн 2-3 ширхэг гоожин, А гэх хүний нэртэй гоожин бичгүүдийг гаргаж ирж үзүүлсэн. Хаанаас мод бэлтгэж байгааг асууж мод бэлтгэсэн газар руу заалгаж очихоор явсан. Мод бэлтгэсэн газарт очиход Тариалан сумын 6 дугаар багийн нутаг Тайга гэх нэртэй газрын ойн сан бүхий газраас мод бэлтгэсэн байсан. Мод бэлтгэсэн газар мь болохоор нь мод бэлтгэлийн талбайгаас ашиглаж байсан бололтой газар байсан. Д гэдэг хүнээр ямар модноос бэлтгэснийг заалгахад босоо хуурай модны хожуул, унанги хуурай моднуудыг зааж байсан.... Хүрзэт нөхөрлөл нь 2021 онд Тариалан сумын 6 дугаар багийн нутаг Асгат нуруу гэх газраас мод бэлтгэлийн талбай тусгаарлуулж авсан. .. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 21-111028-29 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгүүдийг Хүрзэт нөхөрлөлийн ахлагч Л бичүүлж авсан. 21-110788 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Д нь ажлын байранд орж ирээд бэлтгэх эрхийн бичиг Хүрзэт нөхөрлөлийн нэр дээр бичүүлж авъя гэхээр нь хэр их хэмжээтэйг асуухад дунжаар зил 130 маркийн машинаар 2 тэвшийг бэлтгэнэ гэсэн. Нэг зил 130 маркийн машинд 15 куб/метр мод сайн ачвал ордог юм. Та дундаж ачна гэсэн болохоор 12 куб/метрээр тооцож хоёр машин модны эрхийн бичиг гэж 24 куб метрээр бичиж өөрөөр нь гарын үсэг зуруулсан. Энэ эрхийг бичгийг Д өгөхдөө унанги мод бэлтгэнэ шүү гэдгийг бол хэлж өгсөн... 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлын байранд дээр байхад А гэдэг эмэгтэй орж ирээд хүнд гоожин авч өгөх юм гэж асуухаар нь мод бэлтгэх хүнд л өгнө гэж хэлээд явуулсан. Үдээс хойш нь орж ирээд за болохгүй бол өөрийн нэр дээрээ л бичүүлж авахаас гэхээр нь өөрийнх нь нэр дээр бичиг өгсөн. Мод бэлтгэх газрын нэрийг асуухад Давааны араас бэлтгэнэ гэж хэлэхээр нь Тайга гэх нэртэй газраас бэлтгэнэ шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 27-28 тал/,
Гэрч М.Зын өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Тариалан сумын 2 дугаар баг болох Тайга гэх газар түлшний мод бэлтгэж эхэлсэн юм...Авсан байсан тухайн үед бид 2 сумын төв орж чадахгүй болоод таньдаг А гэж хүнээр авахуулсан. ... Манай нөхөр Д бид 2 Баян бэлчир гэх газар байж байхад Л гэж ах сумын төв рүү явж байсан. Би Л ах руу залгаж хүнс болон машины масло авахуулсан. Орой нь манайхаар ирээд явсан. Тэгэхдээ та 2 дугаар эрхийн бичиг авсан уу хувь хүнээр авсан юм уу нөхөрлөлөөс авсан уу гэж асуусан юм. Хувь хүнээр авсан гэж хэлэхэд надаас авч болно би давааны ар талыг хариуцдаг нөхөрлөлийн дарга гэж хэлэхэд нь мод бэлтгэх эрхийн бичиг авсан юм... Тухайн үед ар талыг хариуцдаг гэхээр нь бид 2 Тайга гэж газрыг хариуцдаг гэж ойлгоод манай нөхөр Д тэр газраас мод бэлтгэсэн юм.Тухайн үед мод бэлтгэх эрхийн бичгэн дээр байсан газрын нэрийн уншиж танилцаагүй байсан дараа үзэхэд Асгат булуу гэсэн газар байсан... Манай нөхрийн нэр дээр байдаг 71-32 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,
Гэрч Ж.Аийн өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Д над руу залгаад маргааш өглөө 12 метр кубийн мод бэлтгэх эрхийн бичиг аваад өгөөч гэээд миний утас руу машины марк улсын дугаар Дын регистрийн дугаар ирсэн би 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр М гэдэг байгаль хамгаалагч дээр очиж мод бэлтгэх эрхийн бичиг авах гэсэн боловч Дыг өөрөө байх шаардлагатай гээд өгөөгүй болохоор нь би өөрийн нэр дээр бичүүлж авсан. Энэ тухай Дд утсаар хэлэхэд за яах уу танай гэрээс хүн очиж авна. Та өгөөд явуулаарай гээд би өгч явуулсан... Би сайн мэдэхгүй. Миний эрхийн бичиг авсан байгаль хамгаалагч надад дамжуулж болохгүй гэдгийг надад хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,
Гэрч С.Лгийн өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 05-ны үед Д над руу залгаад танд мод бэлтгэх эрхийн бичиг байна уу байвал 20 метр кубыг өгөөч гэсэн би Дд мөнгөөр авахгүй 20 метр кубынх 80000 төгрөг л болдог гэсэн чинь Д авахаар болоод би хөдөө явах замдаа дайрч өгсөн...Би Хүрзэт ойн нөхөрлөлийн гишүүн юм. Надад ашиглаагүй 20 метр кубын эрхийн бичиг байсан болохоор өгсөн. Би 20 метр кубын эрхийн бичиг аваад удаагүй юм манай нөхөрлөл сумын айл өрхүүдийн түлшний хэрэгцээг хангах, мөн Мөрөн сум руу мод бэлтгэж нийлүүлэх зорилготой байсан. Би эрхийн бичгийг бусдад дамжуулж болохгүй гэдгийг сайн мэдэхгүй анзаарч уншаагүй болохоор л ийм асуудал боллоо... Намайг очиход Д нь 4 машин түлшний мод бэлтгэсэн байсан Баянбэлчир гэдэг газрын давааны аманд буулгаад хураасан байсан... Би түлшний мод бэлтгэх гэж авсан байсан... Тариалан сумын байгаль хамгаалагч Маар бичүүлж авсан. Уг эрхийн бичгүүдээр модоо бэлтгээгүй байсан. Шавар ус ихтэй болохоор модоо бэлтгэж чадаагүй байсан... 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шиг санагдаж байна. 10 куб метрээр бичигдсэн 2 ширхэг мод бэлтгэх эрхийн бичгийг Дд Баянбэлчир гэх газарт байхад нь өөрийн биеэр аваачиж өгөөд гоожингийн мөнгө гэж 80,000 мянган төгрөг бэлнээр авсан. Д намайг гоожин өгөхөөр очиход зил 131 маркийн машинаар зөөж ирээд буулгасан гурван тэвш түлээ байсан. Зил 131 машины тэшин дээр нь ачаатай нэг машин түлээ байсан. Д надад ярихдаа Тайга гэх газрын эхнээс модоо бэлтгэсэн гэж ярьж байсан. Мод бэлтгэсэн газарт бол очиж үзээгүй... Надаас нөхөрлөлийн нэр дээр гоожин бичүүлж авъя гэж асууж байгаагүй... Надаас энэ талаар асуугаагүй. Би зөвхөн өөрийнхөө бичүүлж авсан 20 куб/метр модны бичгийг л өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46, 48-49 тал/,
Гэрч Ц.Лын өгсөн: “...... Хууль бусаар мод бэлтгэсэн гэх Б.Дын хэрэгт дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон тогтоол цагдаагийн газраас ирүүлсэн. ..Тариалан суманд хэмжилт хийхээр очихдоо экологийн байцаагч Б, Л нар мод бэлтгэсэн Дыг оролцуулан модны шинж байдлаар нь унанги, босоогоор нь ялгасныг нь инженер Б.Одончимэг хэмжилт хийж дүгнэлт гаргасныг хянуулж, албан тоотоор цагдаагийн газарт хүргүүлсэн... Хуурай босоо мод нь экологид бол ач холбогдолтой. Яагаад гэвэл хөрсний нуралт, эвдрэлээс сэргийлэхээс гадна хөрсний ус, ан амьтадын үүрлэх үүр болж болдог нь экологийн тэнцлийг хадгалахад ач холбогдолтой юм. Жишээ нь хуурай модонд үүрлэсэн амьтад орчны залуу босоо нойтон модонд учрах гадны хөнөөлт шавьжнаас хамгаалж экологийн тэнцэлт байдлыг хадгалахад чухал нөлөө үзүүлдэг. Уг нөлөөлллийг судалсан судалгаа бол одоогоор хийгдээгүй байгаа.... Иргэн хүн ойн тухай хуулийн 3.1.15-д зааснаар унасан мод бэлтгэх боломжтой. Тэрнээс босоо хуурай мод бэлтгэхийг ойн тухай хуулийн 29.1.7.иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйи нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн бол хориглоно гэж заасан байдаг. Зохих зөвшөөрөл авсан ч босоо хуурай мод бэлтгэсэн нь хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ...Уг нөхөрлөл нь Тариалан сумын 6 дугаар багийн нутаг Асгат гэх газраас 2021 оны 02 дугаар сарын 24-ны өдрөөс мөн оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртлэх хугацаанд ойн цэвэрлэгээний ажлаар бэлтгэхээр гэрээ байгуулсан... Тухайн байгууллагаас заасан хугацаандаа модоо бэлтгэж чадаагүй бол нэг удаа тухайн сумын байгаль хамгаалагчийн тодорхойлолтыг үндэслэж гэрээг 14 хоногоор сунгах журамтай. Уг нөхөрлөлөөс сунгуулах хүсэлт ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,
Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” Сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 53 дугаартай: “
1. Б.Дын зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж тээвэрлэсэн гэх модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход түлээний зориулалтаар бэлтгэсэн хуурай унанги гэх шинэс мод 25.23 метр куб байв.
2. Иргэн Б.Дын зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж тээвэрлэсэн модонд модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцов.
Иргэн Б.Дын зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж тээвэрлэсэн модонд модны экологи эдийн засгийн үнэлгээ: Ойн нөөцийн төлбөр 3 дугаар муж, 1 метр куб шинэс модны үнэ төгрөгөөр шинэс 80.312 босоо, итгэлцүүр 1,0, модны хэмжээ босоо 25.23 метр куб, экологи эдийн засгийн үнэлгээ босоо 2.026.271,76 төгрөг.
Монгол улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь заалт / иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед зохих зөвшөөрөлгүйгээр аялал, зугаалгаар явахыг хориглоно/-ыг, 35 дугаар зүйлийн 35.4.2 дахь заалт / зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн/-ыг тус тус зөрчсөн байна.
Уг зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж тээвэрлэсэн модонд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсаралтыг үндэслэн нэг шоо метр модны экологи, эдийн засгийн үнэлгээ тооцох аргачлалаар тооцсон.
3. Иргэн Б.Дын зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж тээвэрлэсэн мод нь түлээний хуурай шинэс мод байв. Мод бэлтгэсэн Тариалан сумын 6 дугаар багийн нутаг Тайга гэх газар нь 2012 оны ой зохион байгуулалтын 55 дугаар хэсэглэлд хамаарах хамгаалалтын бүсийн 3 дугаар муж ойд хамаарч байна.
4. Дээрх мод бэлтгэсэн гэх Тариалан сумын 3 дугаар багийн нутаг Тайга гэх газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 64 тал/,
Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн ТХҮ-921/2594 дугаартай: “...Үнэлэгдэж буй цахилгаан хөрөөний үнэлгээг зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 1 дүгээр сарын байдлаар 70.000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх тайлан /хх-ийн 81-83 тал/,
Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн ТХҮ-921/2595 дугаартай: “...Үнэлэгдэж буй түлшний хуурай модны үнэлгээг зах зээлийн үнэ цэнгийг 2022 оны 1 дүгээр сарын байдлаар 1.261.500 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 88-90 тал/,
Ашид билгүүн ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн ХӨА: 1001028 дугаартай: “Б.Дын эзэмшлийн 71-32 ХӨВ улсын дугаартай 1996 онд уйлдвэрлэгдсэн 2007 онд Монгол Улсад орж ирсэн Вongo 3 соаch маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 2.000.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.
Жич: Урд бүфер хагарч зурагдсан, салхины шил хагарсан, урд зүун дохио хагарсан, кабин, суудал, салон, тэвш, дугуй элэгдэн урагдан, хонхойж, зурагдан, зэвэрсэн байдалтай байна...” гэх тайлан /хх-ийн 163-164 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дын яллагдагчаар өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын сарын 03-ны өдрөөс мөн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн нутаг Тайга гэх газраас түлшний мод бэлтгэсэн. .. Би тэд нарт нөхөрлөлийн Л гэдэг хүнээс 20 куб метр гоожингийн бичиг авсан байсныг үзүүлсэн. А гэдэг хүний нэрээр авахуулсан 12 куб метр гоожин үзүүлсэн. Мөн өөрөө байгаль хамгаалагч Мөнхжаргааас 24 куб метр модны гоожин авчихсан байсныг үзүүлсэн. Энэ 24 куб метр модны гоожинг болохоор Лгийн нөхөрлөлийн нэр дээр бичигдсэн байсныг дараа нь мэдсэн. Би болохоор өөрийнхөө нэр дээр л авсан гэж ойлгож байсан чинь нөхөрлөлийн нэр дээр М бичиж өгсөн байсан. Энэ гоожингийн бичгүүдийг тухайн үед үзүүлсэн. .. Доржсүрэн цагдаа мод бэлтгэсэн газраа зааж өг гэж хэлэхээр нь мод бэлтгэсэн газраа зааж өгсөн. Тэгээд Доржсүрэн цагдаа миний бэлтгэсэн дөрвөн машин модыг сумын төв рүү тээвэрлэн оруулж засаг даргын тамгын газрын хашаанд буулга гэж хэлэхээр нь захиргааны хашаанд өөрийнхөө зил 131 маркийн машинаар ачиж буулгасан... Босоо модноос ч бэлтгэсэн, унанги модноос ч бэлтгэсэн. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мод бэлтгэсэн газраа зааж өгч босоо модны хожуулыг тоолж үзэхэд 30 ширхэг хожуул тооллогдсон. Хужаагийн цахилгаан хөрөөгөөр модоо бэлтгэсэн... Байгаль хамгаалагч надад ямар ч санамж өгөөгүй. Босоо мод бэлтгэж болохгүй шүү гэж хэлээгүй. Би босоо мод бэлтгэж болно гэж бодоод л бэлтгэсэн... Л гуай манайд хоёр удаа жаахан халамцуу ирэхдээ би өөрийнхөө нөхөрлөл дээр талбай тусгаарлуулж авсан. Чи миний тусгаарлуулсан талбайгаас мод бэлтгэж авахгүй юу гэж хэлсэн. Тэгээд л 20 куб метр эрхийн бичгийг мод бэлтгэж байгаа газарт модоо бэлтгэж байхад авчирч өгсөн. Гоожингийн төлбөрийн мөнгө гэж 80,000 бэлнээр өгсөн... Би Лгээс гоожингийн бичиг авахдаа энэ эрхийн бичиг чинь хугацаа нь дуусчихсан байна гэж хэлэхэд хаалгаагүй л бол наадах чинь хүчинтэй байдаг гэж хэлсэн. Мөрөн орохоор л хаачихдаг байхгүй юу гэж хэлсэн. Надад мод бэлтгэж ачсан, ачаагүйг бол хэлээгүй.... Би нөхөрлөлийн нэр дээр бичүүлж авъя гэж хэлээгүй. Миний мод бэлтгэсэн газар бүгд л Хүрзэт нөхөрлөлийнх юм байна гэж ойлгож байсан. Тэрнээс нөхөрлөлийн нэр дээр бичүүлж авъя гэж хэлээгүй. Өөрийнхөө нэр дээр л гоожин бичүүлж авч байна гэж ойлгоод л мөнгийг нь тушаасан. Тэгсэн нөхөрлөлийн нэр дээр гоожин бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 111-114 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч А.М, гэрч Ц.Л, С.Л, Ж.А, М.З нарын өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” Сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 53 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/02 дугаартай дүгнэлт, ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн ТХҮ-921/2594 дугаартай тайлан, Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн ТХҮ-921/2595 дугаартай дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн ХӨА: 1001028 дугаартай тайлан, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Прокурорын “Эд мөрийн баримтыг хураан тухай” 2021 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаартай зөвшөөрөл, Мөрдөгчийн 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Эд мөрийн баримт хураан авсан тогтоол, тэмдэглэл, 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл зэрэг нь шүүгдэгч Б.Дын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Д нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй, дур мэдэн ойгоос ургаа мод тайрч бэлтгэсэн байна.
Шүүгдэгч Б.Дын эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстойг мэдсээр байж зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль орчин, экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 03-09-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн “Тайга” гэх нэртэй газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 30 ширхэг босоо модыг унагаж, 25.23 метр куб модыг хууль бусаар бэлтгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Дын гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 2026271 төгрөгийн шууд хохирол учирсан нь Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” Сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 6078813 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр тооцсон байх бөгөөд уг шүүгдэгч Б.Д нь 6078813 төгрөгийг төлөхөө илэрхийж 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр иргэний нэхэмжлэгч А.Мтай “Б.Д би хохирсон хэрэгтээ гэм буруугаа ойлгож байгаа, учруулсан хохирол болох 6078813 төгрөгийг харилцан 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав” гэх эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Б.Даас 6078813 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгох нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Дыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Дын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэргийн дугаар 115, 124-133 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны ар багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, мал, амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллого зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Тариалан сумын 6 дугаар багт оршин суудаг зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Дын үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, ...зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус зохицуулсан байна.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 71-32 ХӨВ улсын дугаартай Bongo 3 coach загварын тээврийн хэрэгсэл нь Б.Дын эзэмшилд байгаа нь хавтаст хэргийн авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийг үнэлсэн Ашид билгүүн хязгаарлагдмал хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн ХӨА:1001028 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон 2.000.000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг хурааж үнийн дүнгээс хохирлыг тооцож улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Хэрэгт Прокурорын 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 25.23 куб метр хэмжээтэй шинэс төрлийн 2.026.271 төгрөгийн үнэлгээ бүхий модыг хурааж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 70.000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан саарал өнгийн, цахилгаан хөрөөний арын бариул хэсэг нь хугарсан, чиглүүлэгч төмөртэй, цейфтэй цахилгаан хөрөөг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж, энэ хэрэгт шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бын Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б овогт Бын Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Б.Даас байгаль экологит учруулсан хохиролд 6.078.813 /зургаан сая далан найман мянга найман зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Дын эзэмшилд байгаа 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн үнэлгээ бүхий 71-32 ХӨВ улсын дугаартай Bongo 3 coach загварын тээврийн хэрэгслийг хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан прокурорын 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 25.23 м3 хэмжээтэй шинэс төрлийн 2.026.271 /хоёр сая хорин зургаа мянга хоёр зуун далан нэг/ төгрөгийн үнэлгээ бүхий модыг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн 2138002960011 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 70.000 /далан мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цагаан саарал өнгийн, цахилгаан хөрөөний арын бариул хэсэг нь хугарсан, чиглүүлэгч төмөртэй, цейфтэй цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН