Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/90

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Хохирогч Л.О,

Шүүгдэгч Ш.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шын От холбогдох эрүүгийн 2238000000087 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                

Монгол улсын иргэн, Х овогт Шын О, 1990 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютер техникийн инженер мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн РС90021415 дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Л.От гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж толгойн тус газарт  алгадах, зүүн гуя орчимд хутгаар  зүсэх зэргээр бие, эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хэнгэрэг хальсанд урагдал, зүүн гуянд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000087 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ш.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 2 дугаар багийн нутагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Л.Оыг Улаанбаатар хотод найзындаа хоносон гэж худлаа хэллээ гэх шалтгаанаар уурлаж,  удаа дараа бие эрх чөлөөнд халдаж толгойн тус газарт алгадах, цохих, зүүн гуя орчимд хутгаар зүсэх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Л.Оын биед нь хэнгэрэг хальсанд урагдал, зүүн гуянд сорви бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Оын өгсөн: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Оын өгсөн: Би 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр арван жилийн ангийнхны уулзалт болоод Улаанбаатар хот руу явсан юм. 5 дахь өдрийн орой 5 цагт уулзаад буцаад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр оройн 20 цагийн автобусанд суугаад бүтэн сайн өдрийн өглөө 11 цагт Мөрөнд ирсэн. Нэг өдөр, нэг шөнө л яваад ирсэн. 4-8 цагийн хооронд л уулзаад ирсэн байхад 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр намайг хардаж зодсон. 2022 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Оын найзынд очсон юм. Тэгээд О согтчихсон тэр өдөр болсон зүйлийн талаар юу ч санахгүй байгаа. Намайг үсдэж, алгадсан юм. Ийм үйлдэл дахин дахин гаргаад байгаа учраас Цагдаагийн газарт хандсан. Нэг удаа л зодсон. Ер нь дахин дахин гар хүрсэн болохоор засрах болов уу? гээд цагдаад хандсан.  Гэхдээ одоо бид хоёр эвлэрсэн. Мөрөнд амьдарч байгаа. Санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Л.Оын өгсөн: “...манай нөхөр О 2022 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө цагийг нь сайн санахгүй байна. Намайг ална гээд хутга бариад над руу дайрахаар нь “Би нөхрөөсөө зугтаад гэрийнхээ зүүн талын орон дээр очиж суусан”. Тэгээд орны урд очоод суухад миний зүүн талын хөлийн бүдүүн гуя орчим гартаа барьж байсан хутгаараа 1 удаа хутгалж гэмтээсэн. "Намайг Лувсаншаравын шээс манайхаас одоо зайл гэхээр нь гэрээсээ гарах гэхэд чи яасан их явдаг юм гэж хэлээд миний зүүн талын чих рүү хүчтэй 1 удаа алагдсан энэ үед миний чих маш их шуугаад байсан. Тэгэхээр нь би хамраа дарж байгаад нусаа нийх гэхэд миний зүүн талын чих гадагшаа үлээгдээд сэнгэнээд байсан. Миний чихний хэнгэрэг цоорсон юм байна гэж бодсон...Миний толгой их өвдөж байна, зүүн хөлийн гуянд ягаан өнгийн сорви үлдсэн. Тухайн үед бага зэрэг цус шүүс гарч байсан.  Одоогоор ямар нэгэн зүйл гараагүй эдгэрч байгаа. Харин зүүн талын чих юм сонсохгүй шуугаад байгаа ... Би 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот руу 4 хоног явж ангийнхантайгаа уулзаад ирэхэд манай нөхөр намайг хардаж хэрүүл хийж эхэлсэн. Тэгэж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө намайг зодож хутгалж гэмтээсэн.. Манай нөхөр намайг зодож хутгалахдаа архи уусан согтуу байсан...Би тухайн үед эмнэлэг болон цагдаад хандаж дуудлага өгөөгүй, болсон асуудлын маргааш нь манай нөхөр надаас уучлаарай гээд байхаар нь амьдрал үр хүүхдээ бодоод өнгөрөөсөн. ... Би баруун талын орон дээр сууж байтал чамайг ална гээд баруун гартаа хутгаа бариад далайсаар ирсэн. Энэ үед би орноос босоод 2 гараараа урдаас нь түлхэх гэхэд манай нөхөр намайг зөрүүлж түлхээд орон дээр суулгасан. Тэгээд баруун гартаа байсан хутгаараа миний зүүн гуя руу 1 удаа хутгалсан. Би уг нь хутганаас салгах өөрийнхөө хэмжээнд эсэргүүцэл үзүүлээд дийлээгүй. Манай нөхөр манай аав Лувсаншарав гэдэг хүний нэрээр дуудаад Лувсаншаравын шээсийг ална гээд орилоод байсан. Тэгээд чамайг буудаж ална бууны сум хаана байна гээд авдраас сум хайгаад байхаар нь би авдар ухах гэж байгааг нь зогсоох гэж ноцолдох үед миний зүүн талын чих рүү хүчтэй алагдаж миний чихний хэнгэрэг хагалсан байгаа...Би 2008 онд анх нөхөртэйгөө танилцаж байсан түүнээс хойш өнөөдрийг хүртэл хамт байгаа. Зан ааш төлөвийн хувьд их огцом түргэн ууртай намайг их харддаг, их харын сэтгэлтэй хүн, уур бухимдлаа дандаа архиар тайлдаг нэг архи уухаараа нэгээс хоёр хоног архи уудаг хүн байгаа...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл, цагдаагийн байгууллагаар шалгуулах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 17-19, 22-23, 26 тал/,

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 113 дугаартай: “Л.Оын биед хэнгэрэг хальсанд урагдал, зүүн гуянд сорви бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх хэнгэрэг хальсанд урагдал бүхий гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр зүүн гуяны сорви бүхий гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Л.Оын биед учирсан гэмтэл нь тухайн үедээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 36 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,

 Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 8-9 тал/,

2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаартай Прокурорын “эд мөрийн баримт хураан авах тухай” зөвшөөрөл /хх-ийн 10 тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13 тал/,

Шинжээч М.Батмөнхийн өгсөн: “...Л.Оын биед учирсан хэнгэрэг хальсны урагдал, зүүн гуянд сорви гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Нийлбэр дүнгээрээ  ч хөнгөн зэрэгт хамаарна...Л.Оын биед учирсан гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байсан. Зүүн гуяны сорви гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатгах үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ш.Оын гэм буруугаа хүлээж өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 05-ны оройн би өөрийн гэр бүлийн хүн болох Отай хардалтын улмаас болж муудалцсан. Энэ үед их уур хүрсэн учир эхнэрээ айлгах зорилгоор хутга авч далайсан. Тэгээд эхнэр надаас хутга булааж авах гэж ноцолдож байгаад санаандгүй зүүн талын гуя руу нь нэг удаа хатгачихсан. Мөн эхнэрийн зүүн талын чих рүү нэг удаа алгадсан. Үүний дараа 2022 оны 02 дугаар сарын 05-ны орой мөн хардалтын улмаас өөрийн эхнэртэй маргалдаж үснээс нь татаж алгадсан гэсэн. Үүнийг би өөрөө сайн мэдэхгүй байна. Манай эхнэр надад ярихдаа чи намайг машин жолоодоод явж байхад үснээс зулгаагаад хоёр удаа алгадсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Л.Оын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 113 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ш.Оын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Ш.О нь эхнэр Л.Оыг хардах зодох зэргээр сэтгэл санааны болон бие махбодийн хэлбэрийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хэд хэдэн удаагийн үйлдлээр түүний эрүүл мэндэд хэнгэрэг хальсны урагдал, зүүн гуянд сорви гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь нотлогдож байна.  

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.Оын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ш.Оын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ш.Оын үйлдэл идэвхтэй, хохирогч Л.Оын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Ш.О гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Л.Оын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар: Шүүгдэгч Ш.Оын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Л.О нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй,  хохирогч Л.О нь гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 26/ авагдсан, шүүгдэгч Ш.О, хохирогч Л.О нар нь 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр эвлэрсэн тул цаашид нэхэмжлэх зүйл гомдол, саналгүй гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 62-63/ авагдсан, хохирогч шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ш.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ш.Оыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.Оын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ш.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 58-61 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн Засаг даргын тодорхойлолт, 2021 оны жилийн эцсийн мал тооллогын А дансны хуулбар үнэн болохыг тодорхойлов гэх тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ш.О нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.  

Шүүгдэгч Ш.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 44 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Ш.Оын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Ш.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ш.О нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хуванцар иштэй, ажлын хэсэг нь 15.5 см, бариул хэсэг нь 11 см урттай, нийт 26.5 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Шын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овогт Шын Оыг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.От оногдуулсан бүр 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хуванцар иштэй, ажлын хэсэг нь 15.5 см, бариул хэсэг нь 11 см урттай, нийт 26.5 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч Ш.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН