Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/93

 

                                                                                                                                                                                                                                                                                                                

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,                      

              Улсын яллагч М.Берикбол,

              Хохирогч Б.Б,

              Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,

              Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бгийн Тд холбогдох эрүүгийн 2238000000046 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

              Шүүгдэгч Б.Т нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сумын 6 дугаар багийн 26-05 тоотод 2021 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Бтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний чихийг хазаж эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэнгийн 1/3-ээс дээш хэсгийн тасралт, шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 223800000046 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

              Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 26-05 тоотод өөрийн гэртээ “хэл амаар доромжилж  хэрүүл маргаан үүсгэж, дургүй хүргэлээ” гэх шалтгаанаар хамт архи ууж байсан Б.Бтай барилцан, ноцолдож байхдаа зүүн чихийг нь хазсаны улмаас түүний биед нь зүүн чихний дэлбэнгийн 1/3-ээс дээш хэсгийн тасралт, шарх бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна

              Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тгийн өгсөн: ... Тухайн орой би ажлаа тараад гэртээ харьсан байсан. Цаг 21 цаг болж байсан. Тулгаа над уу яриад танайд ойрхон явж байна танайд очъё гэсэн. Удалгүй ирээд би машинд нь суусан. Тэгээд шууд дэлгүүр ороод 2 пиво 1 тамхи авсан. Төлбөрийг нь би хийсэн. Манай гэрийн гадаа буцаж ирээд манайд орох гэхээр нь хүүхдүүд дургүй байдаг юм, машиндаа суугаад ууя гэж хэлэхэд Тулгаа танайд ормоор байна гэхээр нь манайд орсон. 2 пиво ууж дуусаад н.Уийг дуудсан. н.У 1 жил архи авчирч өгөөд удахгүй явсан. Уийг явснаас хойш Б намайг хэл амаар доромжилж хэрүүл маргаан эхэлсэн. Үүнээс болж маргаан болсон.. гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

              Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бын өгсөн: ... Би өмнөх ажлаасаа маргаантай байдлаас болоод өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан юм. Тгийн төрсөн эгч нь Уртнасан гэх хүн ЗООНОЗ-ын дарга юм. Хүний хийх ажлыг надаар хийлгүүлэх гээд байхаар нь маргалдаад гарсан юм. Дараа нь Улаанбаатар хот руу явж ажилд ороод Улаанбаатар хотоос ирээд урьд ажиллаж байсан хамт олноо санадаг юм байна лээ. ... Тэр уулзалтыг би зохион байгуулсан. Гэхдээ надад мөнгө байгаагүй. Тэгээд Сэхлээд Тгийнд очих пивыг аваад С тухайн үед секцэнд яваад Ц бид хоёр үлдсэн. ... Ер нь бол манайд бас Т ахынд өмнө нь уудаг байсан. Намайг анх ажилд ороход Т ах архины хамааралтай хүн байсан. ... Хуучин ажилд байхад шалтгаан гаргаж ирээд л архи уух болчхоод байдаг байсан. Тэгээд ганц удаа санаачилга гаргаж ууя гээд уусан. ... Би сайн санасандаа очсон. Гэрт нь дургүй байхад нь очоогүй. У очсон. Би нэг ч удаа түүн рүү залгаагүй. Бид хоёр өмнө нь дотно харилцаатай байсан. У  уух болгондоо над руу маш олон залгадаг. Тэгж бодоод Т ахаар залгуулсан. Удалгүй У ирсэн. ... У явсны дараа та яагаад явуулчихав аа гэхэд өөрөө явчихлаа гэсэн. Би “та нар намайг ажлаас гаргасан” гээд тоглоом болгоод хэлсэн боловч сүүлдээ уурлаж эхэлсэн. Би та нар угаасаа ийм биз  дээ гээд үгээр идсэн. Энэ маргаан даамжраад Уртнасан гэх хүнийг яриад та нар угаасаа архины хамааралтай архичин биз дээ гэж хэлсэн. Тэгээд гараад барилцаж аваад Т над руу шууд дайрсан. Би үнэн биз дээ гээд цохиогүй. Намайг мөргөсөн. Би дагуулаад мушгихад газарт шороон дээр унасан. Босож ирээд байшингаа тойроод юм хайгаад байсан. Энэ юм олж ирээд цохих юм болов уу гээд айдастай гэр рүү нь орсон. Хувцсаа хайж байтал хаалга онгойгоод түлээний төмөр иштэй сүх барьж далайгаад дайрахад нь хажуу тийшээ болоод эргээд харахад тэр сүх шалан дээр унаж байсан. Тэгээд та яаж байгаа юм бэ? гэж хэлэхийн зуур л ирээд шууд дугтарсан. Миний чих гээд орилоод толь руу очоод харахад чих маань байхгүй болсон байсан. Тэр өдрөө 103 дээр очиход найдваргүй юм байна гэсэн. ... Өглөө нь чих хамар хоолойн эмнэлэг фэйсбүүкээр хайж байгаад Жаргалан эмнэлэг ороод чихээ оёулсан. ...Хамгийн дургүй хүрмээр зүйл нь миний хажууд утсаар ярихдаа ганц чих алгасчихаач дээ гэж үү гээд инээгээд яриад байсан. Би их гомдсон. ... Тэгээд шууд Улаанбаатар хот руу явсан.  2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хагалгаанд орсон. Чихний араас хоёр хэсэг газраас арьс авч чихийг маань нөхөөд, амьдрах амьдрахгүйг нь харж хүлээсэн. Ер нь амьдрах магадлал 70 хувь гэсэн. Хоёр дахь мэс заслаар чихний хэлбэртэй болгосон. Тэгээд 14 хоногийн гам барьсан. Эмнэлгээр явахад очер дараалал их хэцүү байсан. .... Хотоос шууд Мөрөнд ирээд байж байтал Т залгаад яаж байна гэхээр нь нөхцөл байдлаа хэлсэн. Улаанбаатар хотод айлд байж эмнэлгээр явлаа. Хэцүү байна. Зардал ийм мөнгө гарлаа гээд хэлэхэд ах нь 3 хүүхэдтэй, ажилгүй болох юм байна гэж хэлсэн. Би уг нь уучлалт гуйх болов уу? гэж бодсон юм. Би уг нь Улаанбаатар хотод ажилд ороод туршилтын хугацаагаар 1 сар болж байсан. Тэгээд энэ асуудлаас болоод очиж чадахгүй чихээ хасуулсан гэж хэлэлтэй нь биш гээд  даргадаа Мөрөнд амьдрахаар боллоо гэж хэлээд ажлаасаа гарсан. Сэтгэл санааны хохирол гэж асар их зүйл байдаг юм байна. Би одоо болтол баруун талаараа хэвтэж байгаа. Нөхсөн мах нь чихний мөгөөрстэй хавиралдаад өвдөөд байдаг. 3 сар баруун талаараа хэвтэж, эсхүл дээшээ харж хэвтэнэ гэдэг хэцүү юм байна. ... Намайг хохироогоод уучлалт гуйгаагүй. ...Хоёр дахь хагалгаанд ороход хэсгийн мэдээгүйжүүлэлт хийхэд бодит байдал мэдрэгдэж байсан. Би ой хүрээгүй хүүхэдтэй байсан. Би хүүхдээ орхиод явсан. Ар гэртээ санаа зовсон, Улаанбаатар хотод айлд байсан. ... Одоо би хөдөлмөрийн чадвар алдалт 15 хувьтай. Нэхэмжилж байгаа бодит баримт байгаа нь энэ болохоор надаас 6-7 сая төгрөг гарсан. Тухайн үед шүүх хуралд орно гэж мэдээгүй учраас баримт сайн бүрдүүлээгүй. ... Сэтгэл санааны хувьд энэ чихтэйгээ эвлэрч чадахгүй байна. Би сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, эмчилгээний баримттай зардал 4,060,000 төгрөгийг нэхэмжилж байна. Бусдыг нь баримтаа бүрдүүлээд дараа нь нэхэмжилнэ гэж бодож байна” гэх мэдүүлэг,

 

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Бын өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Мөрөн сумьын 12 дугаар багт Т гэж урд өмнө Зооноз өвчин судлалын төвд хамт ажиллаж байсан ахын гэрт ЗӨСТ-д жолооч хийдэг Цэднээ ах, Хэрлэнчимэг бид нар хамтд очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би Т ахаар урд өмнө хамт ажиллаж байсан У гэж эмэгтэйг дуудуулсан. У ирж хэсэг байж байгаад буцаад явахаар нь Уийг ямар учраас явуулсан талаар Т ахад хэлж Т ахыг би үгээр идэж намайг ажлаас гарсан гэж Уийг явуулж байгаа юм уу гэж хэлсэн. Тухайн үгнээс болж Т ахтай маргалдаж гэрээс гарч зодолдох юм болсон Т ахын эгч Уртнасан гэж хүн ЗӨСТ-д даргын ажил хийдэг юм. Т ахад эгчтэйгээ буюу Уртнасан даргатай адилхан архичин гэж хэлсэн. Тэгээд нэгнээ цохих гээд хэн хэнийгээ онож цохиж чадахгүй байсан ба хоорондоо нэг нэгнээ заамдаж авсан. Т чи ямар овоо банди вэ гээд ойр хавиар юм хайгаад байхаар нь гэр рүү орж хувцсаа аваад гарах гэтэл араас Т ах түлээний төмөр иштэй сүх авч орж ирэхээр нь би зугтсан. Тэгтэл гэрт байсан хүмүүсийн нэг нь сүхийг нь булааж авч газарт унагаж байсныг харсан. Тэгтэл Т ах над руу ирсэн.  Би иргээд Т ах руу очсон. Тэгээд мөн хоорондоо нэгнийгээ барьж авч зууралдсан. Тэгтэл миний хажуу талаас нудрах шиг болсон. Тэгтэл чих эвгүй болж халуу оргихоор нь толинд чихээ хартал миний зүүн талын чихийг тас хазсан байсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд миний чихний гуравны нэгийг тас хазсан байна гэсэн. Тухайн үед хамт байсан, харсан хүмүүс Т ахыг та яаж байгаа юм бэ гэж хэлж байсан. Би өөрөө ч гэсэн Т ахад та яаж байгаа юм бэ? Би охинтой хүн шдээ гэж хэлээд 103 дээр өөрийн биеэр явж очиж үзүүлэхэд миний чихийг оёх боломжгүй гэж хэлсэн. Тэгээд боолт хийлгүүлсэн. Маргааш нь гомдлын мөрт чи хамар хоолойн эмч Үүрийнбаяр гэж хүний эмнэлэгт үзүүлж оёдол тавиулсан. Одоо миний чих үхэжсэн байгаа ба чихний онгорхой хэсгийг өөр газраас мах арьс авч нөхсөн ба чих төлжиж эдгэх эсэх нь хэсэг хугацааны дараа тодорхой болно. Нөхөн төлжихгүй бол хиймэл чих орлуулна гэсэн...Хагалгаанд 5.000.000 төгрөгөөр орсон. ... Миний хувьд гомдолтой байна... Одоогоор надад Б.Тгийн зүгээс мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй, гар утсаар нэг удаа ч гэсэн над руу яриагүй... Би гомдолтой байна. Одоогийн байдлаар надаас 5.000.000 орчим төгрөгний эмчилгээ, эм тарианы зардал гарсан байна. Мөн цаашид гадаад руу гарч эмчилгээ хийлгэнэ, тэр зардлыг бас Б.Тгаас нэхэмжилнэ... Надад эмчилгээнд зарцуулагдсан 3.000.000 орчим төгрөгний баримт байгаа. Үүнийгээ хэргийн материалд тусгуулна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 19 тал/,

Гэрч Ж.Счимэгийн өгсөн: “...Би хамт ажиллаж байсан Б.Б, одоо хамт ажиллаж байгаа Ц ах нартай 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажлаа тарж нийлээд 5-6 ширхэг лаазтай пиво уусан. Тэгээд би эхнэр, хүүхдээ авах гээд Б, Ц ах нараас салаад явсан. Орой намайг заалнаас Б, Ц, Т ах нар ирж авсан. Тэгээд Т ахын гэрт очоод бид нар 1 шил архи уусан. Тэгээд Т, Б нар юунаас болсон юм маргалдаад байх шиг байсан. Тэгснээ гэрээс гараад буцаж орж ирсэн. Би гарч тамхи татах гээд гарахад зүгээр байх шиг байсан. Тамхи татаад буцаад ороод ирсэн чинь Б зогсчихсон зүүн талын чихнээс нь цус гарсан, чихнээс нь тасарсан хэсэг нь шалан дээр байхаар нь би юманд боож аваад Б ахтай эмнэлэг явсан. Намайг гадаа тамхи татах гээд гарахад Ц ах сандал дээр суугаад бараг тасарсан байсан. Би Б, Т ах хоёрыг бие биедээ халдах зодолдохыг хараагүй. Т ахын 3 хүүхэд нь гэрт өөр өрөөнд байсан байх. Б ах Т ах руу та яаж байгаа юм бэ миний чихийг хазчихлаа шдээ гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,

Гэрч Б.Уийн өгсөн: “...Намайг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн орой цагийн санахгүй байна. Т, Б нар гар утас унтарсан байхад залгасан байсан. Дараа нь Т ах 21 цаг өнгөрч байхад гар утсаар залгаад гэрт өөрөө мэдээд юм аваад ир гэхээр нь би 1 шил “Тайга” нэртэй архи авч очсон. Т ахын гэрт Б, Ц ах байсан. Би Т ахын гэрт 10 орчим минут болоод гараад гэр рүүгээ явсан. Орой намайг унтах гэж байхад Т ах залгаад Бын чихийг би хазчихсан байна, эмнэлэг явсан гэж хэлсэн. ... Намайг Т ахын гэрт очиход хоорондоо юм яриад зүгээр байсан. Б нэлээн согтсон байсан. Намайг явлаа гэхэд хажуу талд суугаад явуулахгүй, хаачих гээд байгаа юм гээд байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 27-28 тал/,

Насанд хүрээгүй гэрч Т.Пын өгсөн: “...Би аав Т төрсөн 2 дүүгийн хамт амьдардаг. 2021 оны 12 дугаар сарын сүүлээр байхаа /өдрийн нь санахгүй байна/ аавын ажлын газрын хүн орой дуудаад гээд гарсан. Тэгээд 1 цаг орчим болоод гэртээ орж ажлын газрын 2 хүнтэй орж ирсэн. Би дүү нартайгаа хойд талын жижиг өрөөндөө утсаар тоглоод хэвтэж байсан. Том өрөөнд аав нөгөө хүмүүстэйгээ юм яриад суух байсан. Тэр чихээ хазуулдаг ах аавыг пизда минь гээд янз бүрээр хэлээд байсан. Би тэр хүмүүсийн нэрийг нь мэдэхгүй хоорондоо барилцаад байгаа бололтой дуу, чимээ гараад байхаар нь жижиг өрөөнөөс гараад ирсэн чинь нэг ахын зүүн талын чих нь тасраад, цус гарсан байсан. ..Тэр чих нь тасарсан ах манай аав руу та яаж байгаа юм бэ гээд орилоод байсан... Аавын ажлын газрын 3 эрэгтэй хүн ирсэн байсан. Миний таних С ах байсан. Сүүлд аавын ажлын газрын У эгч ирээд удаагүй явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/,

Гэрч Л.Цийн өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажлаасаа тараад гэр рүүгээ явж байтал Бтай таарсан. Би Бын машин руу ороод суухад Схамт байсан. Бид гурав лаазтай пивонууд их хэмжээгээр уусан. Тэгээд нэг мэдэхэд би тухайн өдрийн маргааш өглөө нь Б.Тгийн гэрт сэрсэн. Би тэр орой юу болсон, ямар үйл явдал болсон болон Б.Тгийн гэрт хэзээ нь яаж очсон талаар ч мэдэхгүй, санахгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаартай: “...Б.Бын биед зүүн чихний дэлбэнгийн 1/3-ээс дээш хэсгийн тасралт, шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. Б.Бын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15%-иар тогтонги алдагдана...” гэх дүгнэлт /хх-ийн 41 тал/,

Шүүгдэгч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 22-ны орой би орой гэртээ байж байтал 21 цагийн үед өмнө хамт ажиллаж байсан Б над руу утсаар залгаад танайхтай ойрхон явна. Танайхаар ороод гаръя гэж хэлсэн. Тэгээд Б манай гадаа ирээд би гэрээсээ гараад Бын машинд суусан чинь Б, Ц гэх хүнтэй хамт явж байсан.Тэгснээ манайхаас хөдлөөд дэлгүүр орж 2.5 литрийн 2 ширхэг пиво аваад буцаж манай үүдэнд ирээд танайд орж ууя гэхээр нь би хүүхдүүд уурлаад байдаг юм. Машин дотор чинь ууя гэсэн чинь Б манайд орно гэсээр байгаад орж Б, Цэрэндорж бид гурав дэлгүүрээс худалдан авсан хоёр пиво уусан. Тэгээд пиво ууж байхдаа Б манай ажлын газрын У гэх хүүхнийг дуудаад өгөөч гэхээр нь би У рүү залгаж дуудсан. У манайд ирэхдээ 1 шил архи авч ирж өгөөд яваад өгсөн. Тэгээд бид гурав авч ирсэн архийг хувааж уугаад сууж байхад Б хэрүүл өдөөд Б бид хоёр муудалцаж эхэлсэн. Тэгээд би согтсондоо Бын зүүн чихнээс шүдээрээ хазчихсан юм. Тэгсэн чинь Б гэнэт цочоод угз татсан чинь Бын чих тасарчихсан юм. Ийм л зүйл болсон...Б архи ууж согтоод намайг У гэх эмэгтэйтэй хардаад байсан юм. Тэгээд над руу хэл амаар дайраад байхаар нь бид хоёр маргалдаж ноцолдсон. Ноцолдож байх явцдаа би Бын чихнээс хазсан. Өөр шалтгаан байхгүй...Б эхлээд намайг нэг цохиж, нэг өшиглөсөн. Гэхдээ миний биед учирсан гэмтэл байхгүй. Надад цохиулж, өшиглүүлсэндээ гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Бын мэдүүлэг, гэрч Ж.Счимэг, Б.У, насанд хүрээгүй гэрч Т.П, гэрч Л.Ц нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Тгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.Т нь Б.Бын эрүүл мэндэд зүүн чихний дэлбэнгийн 1/3-ээс дээш хэсгийн тасралт, шарх бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Бын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Тгийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 Шүүгдэгч Б.Тгийн үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Б.Тгийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Т нь 2021 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 26-05 тоотод өөрийн гэртээхэл амаар доромжилж  хэрүүл маргаан үүсгэж, дургүй хүргэлээ” гэх шалтгаанаар хамт архи ууж байсан Б.Бтай барилцан, ноцолдож байхдаа зүүн чихийг нь хазсаны улмаас түүний биед нь зүүн чихний дэлбэнгийн 1/3-ээс дээш хэсгийн тасралт, шарх бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Тгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Б.Б  нь гэм хорын хохиролтой холбоотой  14.060.000 төгрөгийг нэхэмжилж 15 хуудас бүхий нотлох баримтыг шүүхэд ирүүлжээ.

Хохирогч Б.Б нь эмчилгээтэй холбоотой зардалд 3.334.677 төгрөг,  эмчилгээ хийлгэхтэй холбогдуулан гарсан бензины зардалд 742.512 төгрөг,  сэтгэл  санааны хохирол 10.000.000 төгрөг, нийт 14.074.489 төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нотлох баримтын шаардлага хангасан эсэхийг үнэлж эм, эмчилгээний зардалд гаргасан 280.530 төгрөг,  эмчилгээний  үед зарцуулсан бензиний үнэ 480.464 төгрөг нийт 760.994 төгрөгийг  олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Тгаас 760.994 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бд олгох нь зүйтэй байна.

Дээрх зардлаас эмчилгээний  үед зарцуулсан бензиний үнэ  262.048 төгрөгийг  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 Өөрөөр хэлбэл хохирогч Б.Б нь Улаанбаатар хотын Улсын хоёрдугаар  төв эмнэлэгт 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 04-ны өдрүүдэд  хэвтэн эмчлүүлж байсан байх бөгөөд  дээрх хугацаанд хохирогч Б нь эмчилгээний  үед зарцуулсан бензиний үнэ гэх /90000, 95395, 76653/ нийт 262048 төгрөгийн баримтуудыг давхардуулан гаргаж ирүүлсэн байна.

Хохирогч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөгийн хохирлын баримт хангалттай нотлогдон тогтоогдохгүй, эм, эмчилгээтэй холбоотой 3.048.147 төгрөгийн хохирлын баримт нь эх хувиар авагдаагүй, канондсан баримт байх тул хохирогч Б.Б нь эмчилгээтэй холбоотой 3.048.147 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Тг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагч М.Берикбол эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах оногдуулах санал гаргаж байна. Уг ялыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоох саналтай байна.” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганчимэг эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “..өмгөөлөгч би улсын яллагчийг ялын саналыг дэмжиж байна.”  гэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т заасан хоёр төрлийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдал харагдаж байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн өөрийнх нь хууль бус, зүй бус үйлдэл гэмт хэрэг үйлдэгдэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна....Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж улсын яллагч дурдсан. ...Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаад торгох ялыг сонгож хэрэглэж өгнө үү. Мөн тухайн торгох ялын доод хэмжээнд ойртуулж торгуулийн ялын хэмжээг тогтоож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Тгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд хохирогч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ согтуурхаж, шүүгдэгч Б.Тг хэл амаар доромжлон, хэрүүл маргаан үүсгэсэн зэрэг хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 59-62 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мандал багийн Засаг даргын тодорхойлолт,  иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Т нь урьд ял шийтгэл эдэлж байсан, ганцаараа  ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, 3 хүүхдийн  хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 26-05 тоотод оршин суудаг, өрх толгойлсон эцэг зэрэг түүний хувийн байдал болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Тг өөрийн оршин суух Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явахыг хориглох хязгаарлалтыг 5/ сарын/ жилийн хугацаагаар  тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тайлбарлаж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч А овогт Бгийн Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А овогт Бгийн Тг 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар  шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тгийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Б.Тг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 5 /тав/ сарын хугацаагаар хязгаарласугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.Тд тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

              5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Тгаас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол эмчилгээний зардалд 760.994 /долоон зуун жаран мянга есөн зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бд олгож, хохирогч Б.Бын  нэхэмжилсэн эмчилгээний  үед зарцуулсан бензиний үнэ  262.048 /хоёр зуун жаран хоёр мянга дөчин найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн  сэтгэл  санааны хохирол 10.000.000 /арван сая/, эмчилгээтэй холбоотой зардал 3.048.147 / гурван сая дөчин найман мянга нэг зуун дөчин долоо/  төгрөг буюу нийт 13.048.147 арван гурван сая дөчин найман мянга нэг зуун дөчин долоо/ төгрөг болон  цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

              6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

              7. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН