| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2022/0089/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/94 |
| Огноо | 2022-03-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сын Цид холбогдох эрүүгийн 2238000000037 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:.
Шүүгдэгч С.Ц нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12-р багт байрлах Нийтийн байранд 2021 оны 01 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө хохирогч Х.Цыг нүүр хэсэгт 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, няцралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000037 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч С.Ц нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12-р багт байрлах Нийтийн байранд 2021 оны 01 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө хохирогч Х.Цыг нүүр хэсэгт 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, няцралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Цийн өгсөн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргээ нэгтгэж шийдвэрлүүлмээр байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Х.Цын өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 00 цагаас 01 цагийн хооронд байсан байх 7 дугаар багт дүүгийндээ очоод буцаад харих гэж явж байхад манай хүргэнийх гаднаас нь харсан чинь гэрэлтэй болохоор нь шөнө болсон байхад унтаж амрах юу хийгээд байгаа юм бол гэж бодоод нийтийн байранд ороод хүргэнийхээ хаалгыг онгойлгож орох гээд татсан чинь урдаас нэг залуу үгүй зөрүү байхгүй шууд миний нүүр хэсэгт хоёр удаа цохиод авсан. Тэгсэн гэрт байсан хүмүүс нөгөө залууг цааш нь татаж авч салгаад гараад явсан... Би танихгүй. Хүргэнээсээ асуусан чинь Сын Ц байсан гэж хэлсэн... Би эрүүл байсан харин намайг цохисон залуу архи уусан согтуу байсан... Хаалгаар орж ирэхэд хоёр нүд рүү гараараа хоёр удаа цохисон. ..Одоо харин толгой нүдний уг руу өвдөөд байна... Би өөрөө хот тохижилтын компанид жолооч ажилтай хүн юм.Тэр залуу намайг цохисноос болж би 7 хоног ажилдаа явж чадаагүй. Би өдрийн 25.000 төгрөгийн цалин авдаг, мөн би эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгсөн байгаа. Тэгээд хохирол мөнгөн дүнгээрээ 250.000 төгрөг болно. Би 250.000 төгрөгийг миний биед халдаж зодсон залуугаас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 12 тал/,
Гэрч Н.Бийн өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 00 цагийн үед байх намайг гэртээ найзуудтайгаа байж байхад зүс таних Ц нь гэдэг залуу гаднаас нэг эмэгтэйн хамт орж ирээд бид ярьж суугаад нэг шил архи хувааж уусан юм. Тэгсэн С.Цтой хамт орж ирсэн найз охин гэж танилцуулсан эмэгтэй манай гэрээс гараад явсан. Тэгсэн Ц миний хажууд сууж байснаа гэнэт араас нь гарсан. Манай гэрийн хаалганы орж гарах үед хүмүүс зодолдох чимээ гарахаар босоод иртэл манай хадам аав намайг хэн цохичихвоо гэсээр гэрт ороод ирсэн. Тэгэхээр нь би Цийг цохичихлоо гэж бодоод араас нь гарсан чинь С.Ц нөгөө хамт явсан эмэгтэй хоёр байхгүй байсан. Тухайн үед тэр хоёр зугтсан байсан. Тэгээд манай хадам аав манай гэрээс гарч яваад бид нар унтаж амарсан... Би цохиж байхыг нь бол хараагүй цохиулаад орж ирэхэд нь харсан. Тэгэхэд хадам аавын зүүн талын нүд хавдсан, баруун тал нь ч гэсэн бага зэрэг хавдсан байсан. Цоос өөр цохих хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,
Гэрч А.Гын өгсөн: “...022 оны 01 дүгээр сарын 01-ний орой 21 цагийн үед Б гээд найзындаа очиход гэрт нь Бгийн эхнэр Б, Н тэр гурав байсан. Бид хэд хоёр том пиво хувааж уугаад сууж байхад Нийн гар утас руу Ц нь video call хийж залгаж байсан. Тэгсэн хажуугаас нь Б чи манайд хүрээд ирээч гэж хэлсэн. Удалгүй С.Ц нь нэг эмэгтэйн хамт Бгийн гэрт ирсэн С.Ц ирэхдээ нэг шил 0,75 граммтай хараа нэртэй архи авчирсан байсан. Тэр архийг нь бид нар хамт хувааж уугаад гэрт гэртээ харих гэж байтал С.Цтой хамт явсан эмэгтэй гараад явсан. Тэгсэн араас нь С.Ц гарах гээд үүдэн дээр явж байхад урдаас нь Бгийн хадам аав Х.Ц ах орж ирж таарсан. Тэгсэн С.Ц үгийн зөрүү байхгүй Ц ахын нүүр хэсэгт цохисон. Би Цийн ард явж байсан учир Цийг барьж аваад болиоч чи гэж хэлээд татаад гэрээс нь гаргасан... Миний харснаар нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг 17-18 тал/,
Гэрч Ц.Цийн өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 01-ний орой 19 цагийн үед манай нөхрийн найзууд болох Г, Н нар ар араасаа цуварч манай гэрт ирээд манай нөхөртэй хоёр найз нь хоёр том пиво уугаад сууж байхад нь гаднаас Ц гээд танихгүй залуу нэг эмэгтэйн хамт манай гэрт нэг шил архитай орж ирсэн. Тэр архийг нь тэд нар хувааж уусан. Тэд нар явах гэж байхад Ц гэж залуутай хамт орж ирсэн хүүхэн түрүүлээд манай гэрээс гараад явсан. Араас нь Ц гэж залуу гарсан. Урдаас нь манай аав орж ирж таараад Ц аавыг цохисон байсан. Би араас нь гараад хөөе гэж дуудсан чинь Ц ганцаараа гудамж руу гүйгээд орж байсан. Буцаад гэртээ орж ирэхэд аав намайг хэн цохичихвоо гэж байсан. Гадаа байхад Г аавыг чинь Ц цохисон шүү гэж хэлээд яваад өгсөн... Г, Н, Ц эхнэртэйгээ тэгээд манай нөхөр бид нар байсан... Хоёр нүд нь хөхөрч хавдсан байсан, өөрөөр гэмтэл харагдахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 54 дугаартай: “...Х.Цын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, няцралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Х.Цын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 24 тал/,
Шүүгдэгч С.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Би он солигдох үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багт байх Б гэдэг айлд нэг шил архитай очсон. Тэгээд авч очсон нэг шил архиа Б, Бгийн эхнэр, Г гэх хүмүүстэй хувааж уугаад гэрээс гарах гэтэл нэг өвгөн гэр рүү орж ирээд юун хүмүүс вэ гарцгаа гээд чанга дуугарахаар нь би цочоод тэр өвгөний нүд рүү нь нэг удаа цохичхоод гараад явсан. Ийм л зүйл болсон... Ямар нэгэн шалтгаан байхгүй. Би архи уугаад гэрээс гарах гэж байхад яг хаалган дээр тэр Ц гэх өвгөнтэй таарсан. Тэгээд юун хүмүүс вэ гээд чанга дуугарахаар нь би цочсондоо нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг хх-ийн 35-36 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Х.Цын мэдүүлэг, гэрч Н.Б, А.Г, Ц.Ц нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 54 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч С.Цийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч С.Ц нь Х.Цын эрүүл мэндэд зүүн нүдний зовхинд цус хуралт, няцралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.Цын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч С.Цийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч С.Цийн үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч С.Цийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Ц нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12-р багт байрлах Нийтийн байранд 2021 оны 01 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө хохирогч Х.Цыг нүүр хэсэгт 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, няцралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар: Шүүгдэгч С.Цийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Х.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт 250.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх боловч хэрэгт эмчилгээтэй холбоотой баримтыг хэрэг хавсаргаж ирүүлээгүй байх тул хохирогч Х.Ц нь 250.000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Цийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Цид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөхүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 39-42 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч С.Ц нь ам бүл 1, ганцаараа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 44-5 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч С.Цийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 129 дугаартай захирамжаар ялтан С.Цийн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 2 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялыг 3 жил 2 сар 1 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ХМШЗ/04 дугаартай шүүгчийн захирамжаар ялтан С.Цийн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 129 дугаартай захирамжаар 3 жил 2 сар 1 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 24 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жил 9 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн байна.
Харин ялтан С.Цийн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Цид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг 1 хоногийн хорих ялаар тооцон 2 сарын хугацаагаар хорих ял дээр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 11 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгч С.Цид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Энэ хэрэгт шүүгдэгч С.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Сын Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Сын Цийг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Цид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг нэг хоногийн хорих ялаар тооцон 2 сарын хугацаагаар хорих ял дээр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 (хоёр) жил 9 (ес) сар 24 (хорин дөрөв) хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 (хоёр) жил 11 (арван нэг) сар 24 (хорин дөрөв) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цид оногдуулсан 2 (хоёр) жил 11 (арван нэг) сар 24 (хорин дөрөв) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Х.Ц нь шүүгдэгч С.Цоос нэхэмжилсэн 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч С.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН