Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/31

 

      Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

      Улсын яллагч Я.Д-,

      шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-,

      шүүгдэгч Х.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.ж овогт Х-ын Х-д холбогдох эрүүгийн 2113001730024 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

     

      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн ...... сумын ... дүгээр багт оршин суух хаягтай, тус аймгийн ......... сумын ....... дугаар багт оршин суудаг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Н.ж овогт Х-ын Х-, регистрийн дугаар БВ...............

 

     Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч Х.Х- нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны үед тус аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.А-гийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж 10 ширхэг костюм, 25 метр шинэ торго, 1 ширхэг орос орны бүтээлэг, 2 ширхэг шинэ хөнжил, 1 ширхэг хуучин мөнгөн бүс, хамба 30 метр, 10 ширхэг срочик цамц, 15 кг ааруул, 1 ширхэг шинэ дэр зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 2.140.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1.1. Улсын яллагч Я.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.Х-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.” гэв.

 

1.2. Шүүгдэгч Х.Х- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.”  гэв.

 

1.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.Х- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэхийг хүсэж байна.”  гэв.

 

Хоёр: Эрүүгийн 2113001730024 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 05-08 дахь тал/,

2. Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-19, 23-26 дахь тал/,

3. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 27 дахь тал/,

4. 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн прокурорын №66 дугаартай эд мөрийн баримт хураан авах зөвшөөрөл, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, /хавтаст хэргийн 21-26 дахь тал/,

5. Эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 29 дэх тал/,

6. Хохирогч Х.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  мэдүүлэг /хавтаст хэргийн 41, 45-46, 50 дахь тал/,

7. Гэрч Х.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 52, 55 дахь тал/,

8. Гэрч Ш.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/,

9. Гэрч Ж.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65 дахь тал/,

10. Ашид билгүүн” ХХК-ний 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 21/230 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 84-89 дэх тал/,

11. Шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2/08 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 98-101 дэх тал/,

12. “Ашид билгүүн” ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн БӨА 22/014 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 109-113 дахь тал/,

13. Яллагдагч Х.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 133-134 дэх тал/ зэргийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-эс:

1. Шүүх хуралдаанд хохирогч Х.А-гийн нотариатаар баталгаажуулж шүүхэд гаргаж өгсөн баримт зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Х.Х-аас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

 

Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Х-ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд,

 

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан  “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг,  

 

Шүүгдэгч Х.Х- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлснийг түүний өмгөөлөгч С.Т- дэмжин оролцож, шүүгдэгч Х.Х-д хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж, улсын яллагчтай гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Х.Х- нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны үед тус аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.А-н хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж 10 ширхэг костюм, 25 метр шинэ торго, 1 ширхэг орос орны бүтээлэг, 2 ширхэг шинэ хөнжил, 1 ширхэг хуучин мөнгөн бүс, хамба 30 метр, 10 ширхэг срочик цамц, 15 кг ааруул, 1 ширхэг шинэ дэр зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 2140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 05-08 дахь тал/,

- Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-19, 23-26 дахь тал/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 27 дахь тал/,

- 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн прокурорын №66 дугаартай эд мөрийн баримт хураан авах зөвшөөрөл, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, /хх-ийн 21-26 дахь тал/,

- Эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 29 дэх тал/,

- Хохирогч Х.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие Өлгий сумын 4 дүгээр багт хүү болох О-ы хамт амьдардаг бөгөөд 2021 оны 10 дугаар сарын эхэнд Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Өлгий сумын 4 дүгээр багт байрлах өвөлжөөнд хүү болох О- үлдсэн байсан. Тэгээд К.О- нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Увс аймаг руу мал худалдаж авах гэж явсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр эмнэлгээс гараад гэрт очиход гэрийн цонхыг хагалж хулгай орсон байдалтай байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирэх хүртэл гэрийн хагалсан цонхыг гаднах талаас нь төмрөөр хөрш айлын хүн болох Ш.А- гэх хүнийг дуудаж ирээд хадуулсан. Яагаад гэвэл тухайн өдөр салхитай болохоор гэрт шороо орж байхаар гаднаас нь хаалгасан. Манай гэрт хүү болох О- гэрлэж магадгүй гэж өөрийн тэтгэврээс худалдаж авч байсан хуримын үед ашиглах шинэ костюм 10 ширхэг, шинэ торго 25 метр, орос одеаль 1 ширхэг, шинэ хөнжил 2 ширхэг, нас барсан нөхрийн өвлөгдөж ирсэн хуучин мөнгөн бүс 1 ширхэг, хамба 30 метр, срочик 10 ширхэг, 15 кг ааруул, шинэ дэр 1 ширхэг, зэрэг эд зүйлүүдийг хулгайд алдагдсан болно. ...гэрээс хулгайлагдсан эд зүйлүүдээс костюм 4 ширхэг, одеаль 1 ширхэг, торго ягаан өнгийн 2 метр, хөнжил 1 ширхэг, мөнгөн бүс хуучин 1 ширхэг, торго саатай 4 метр зэргийг хүлээж авсан. Манай байшингийн вакум цонхыг хагалж дотроос нь эд зүйлийг авч явсан. Уг цонхыг 220.000 төгрөгөөр хийлгэсэн ба уг цонх нь 1x1 метрийн хэмжээтэй цонх байсан. ...Нийт 1.298.000 төгрөгийн эд зүйл дээр 40.000 үнэлгээний үнийг нэмж, 1.338.000 төгрөгийн хохирол гарсан, цонхны үнэлгээ нэмэгдэх болно. ... үлдэгдэл хохирлоо одоог хүртэл барагдуулж аваагүй болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41, 45-46, 50 дахь тал/,

- Гэрч Х.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие хүүхдийн хамт Өлгий сумын 4 дүгээр багт оршин суудаг бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 10-н хэдэнд байх би гэрт сууж байхад орой 21 цагийн үед Х овогтой Х нэлээн согтуу том шуудайтай эд зүйлүүдийг өргөж манайд ирсэн. Том шуудайтай эд зүйлүүдийг танай гэрт түр хугацаагаар байлгаж баймаар байна. Одоо надад 15000 төгрөг хэрэгтэй болж байна. Та эдгээр эд зүйлүүдийг барьцаанд байлгаж надад 15000 төгрөг өгчих гэхээр нь би 15000 төгрөг өгч Х.Х-ы авч ирсэн эд зүйлүүдийг барьцаанд авч үлдсэн. Тэгээд Х.Х-ы өгсөн эд зүйлүүд манай гэрт байсан ба нэг өдөр цагдаа нар ирж аваад явсан. Тухайн үед Х.Х-аас чиний авч ирсэн эд зүйлүүд хулгайн эд зүйл биш үү гэж асуухад миний өөрийн гэрийн эд зүйлүүд байгаа. Маргааш ирээд танаас авч явах болно гэхээр нь Х.Х-ы үгэнд итгэсэн. Халых овогтой Х- гэх хүнийг сайн таньдаг бөгөөд манай гэр Өлгий сумын 4 дүгээр багт байрладаг болохоор заримдаа Х.Х- архи ууж манай гэрт ирж хонож явдаг. Тэр талаар нь сайн таньдаг. Ямар нэгэн хамаатан садангийн холбоо байхгүй болно. Х.Х- манай гэрт суудалтай саарал өнгийн дан костюм 1 ширхэг, цагаан саарал өнгийн хос костюм 1 ширхэг, ногоон өнгийн дан костюм 1 ширхэг, саарал өнгийн костюм 1 ширхэг, алаг өнгийн одеаль 1 ширхэг, ягаан өнгийн 2 метр торго 1 ширхэг, ногоон өнгийн хөнжил 1 ширхэг, хуучин мөнгөн бүс 1 ширхэг, саатай торго 2 метр 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг авч ирсэн бөгөөд өөр эд зүйл авч ирээгүй. Х.Х-ы авч ирсэн эд зүйлийг хэвээр нь манай гэрт байлгаж байсан. ...Би урд мэдүүлэхдээ буруу мэдүүлсэн байна, Х- дээрх эд зүйлсийг олж авсан гэсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52, 55 дахь тал/,

- Гэрч Ш.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Х овогтой А гэх хүнийг сайн таньдаг бөгөөд Өлгий сумын 4 дүгээр багт байрлах манай хөрш айлын хүн юм. Х.А- манай сумын хүн болдог. Манай хөрш болох Х.А- хүү болох К.О-ы хамт амьдардаг бөгөөд ихэнх үед К.О- бусад аймаг руу мал худалдаж авахаар явдаг ба ээж нь заримдаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг. Тэр үед хэдэн хоног гэрт нь хүн байхгүй үе ч байдаг. 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би Баяннуур сумаас ирж гэрт сууж байхад хөрш болох Х.А- ирж манай гэрт цонхоор хулгай орсон байна. Манай гэрийн цонхыг хагалсан байна. Та гэрийн цонхыг гаднаас нь төмрөөр хааж өгнө үү гэхээр нь очиж харахад байшингийн ертөнцийн зүгээр баруун талд харсан 2 вакум цонхны хойд талын цонхыг хагалж дотогшоо хүн орсон байдалтай байсан. Гэрийн дотор талд цонхны хажууд төмөр ор байсан ба уг орны дээд талын хөнжилд хүний гутлын мөр харагдаж байсан. Тэгээд уг мөр цонхны гаднах талд ч байхаар нь уг мөрийг устгахаас өмнө хагарсан цонхны шилээр хамгаалсан. Тэгээд Х.А-гийн авч ирсэн цагаан өнгийн төмрөөр 2 цонхыг гаднах талаас нь хадаасаар хадаж хааж өгсөн. Тухайн үед Х.А- цагдаа дуудсан байгаа цагдаа нар ирэх хүртэл цонхоор шороо ороод байна гэхээр нь тухайн хагалсан цонх болон урьд талын цонхыг гаднаас нь хааж өгсөн. Тэгээд би гэр лүүгээ явсан. Дараа нь цагдаа нар ирж шалгаад байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/,

- Гэрч Ж.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын сүүл байсан санагдаж байна, шөнө 22 цагийн орчимд Х- нь ганцаараа согтуу байдалтай ирсэн бөгөөд нуруундаа цоохор өнгийн шуудай үрсэн орж ирсэн. Тэгээд Х- нь манайд орж ирснээ шуудайтай эд зүйлээ бид нарт сая гудамжаар явж байгаад замаас олоод авлаа, надад одоо энийг тавьчихаар газар байхгүй байна, танайд түр байж байг гэж хэлээд шуудайгаа газарт тавьчхаад манайхаас нэг аяга цай уусан. Цайгаа ууж дууссаны дараа Х- нь манай ааваас 15.000 төгрөг түр зээлж байгаач, удахгүй өгнө гэж хэлж байсан. Тэр үед аав түүнд мөнгө төгрөг өгсөн эсэхийг би анзаарч хараагүй, тэр хүн гараад явсны дараагаар аав бид нарт мөнгө төгрөг өглөө гэж хэлж байсан. Х- нөгөө шуудайтай эд зүйлээ манайд үлдээгээд гарах гэж байхад нь би тэр хүнд та ямар учиртай юм авч ирээд үлдээх гээд байна, энийгээ өөрөө аваад яваарай гэж хэлэхэд шуудайтай эд зүйлсийг гадаа гэрийн үүдэнд гаргаад тавьчихсан чинь Х- буцаад манайд оруулаад ирэхээр нь би тэр хүнд уурлаад шуудайтай эд зүйлийг нь буцаад манайд оруулаад ирэхээр нь би тэр хүнд уурлаад шуудайтай эд зүйлийг нь буцаад гэрийн үүдэнд шидчихсэн чинь Х- нь согтуу байдалтай хүч өгөхгүй, энийг гудамжнаас олж авлаа, машинаас уначихсан юм шиг байна, би маргааш нөгөөдөр эзнийг нь олж байгаад өгнө, танайд түр байж байг гэж хэлээд дахиж оруулаад ирэхээр нь би нөгөө шуудайтай эд зүйлсийг дахин гаргах гэж байтал аав маань надад охин минь гаргаад хаячихвал нэг нь ирээд аваад явчихна, маргааш эзэн нь гараад ирвэл хүлээлгээд өгье, манайд байж байг гэхээр нь нөгөө шуудайг нь унтлагын өрөөнд оруулаад тавьсан. Х- манайхаас яваад өгсөн бөгөөд дахиж манайд ирээгүй. ...Сар гаруй хугацааны дараа хөрш болох О- нь Х- болон цагдаа нартай манай гэрт хүрч ирээд Х- танайд манайхаас хулгайлсан эд зүйлсээ тавьсан гэж байна, хаана байна гэхээр нь би шуудайтай эд зүйлсийг гаргаж өгсөн. ...Х- нь шуудайтай эд зүйлсийг манайд авч орж ирэхдээ гудамжнаас олж авлаа, нэг машинаас уначихсан юм шиг байна гэсэн юм ярьсан орж ирсэн. Тэр хүнээс удаа дараа хулгайн эд зүйл биш юм уу гэж асуухад тэр хүн биш, олж авлаа гэсэн юм ярьсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65 дахь тал/,

- Ашид билгүүн” ХХК-ний 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 21/230 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 84-89 дэх тал/,

- Шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “...хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гутлын улны мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Харин хэлбэр дүрс, хэмжээ зэрэг ерөнхий шинж тэмдгээр нь тодорхой хэсэг гутлын улны дардастай харьцуулах боломжтой. Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын улны мөр нь иргэн Х.Х-аас хураан авсан гэх баруун талын гутлын улны дардастай ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гутлын улны дардастай хэлбэр дүрс, хэмжээ зэрэг ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна” гэх 2/08 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 98-101 дэх тал/,

- “Ашид билгүүн” ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн БӨА 22/014 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 109-113 дахь тал/,

- Шүүгдэгч Х.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...прокурорын тогтоолтой танилцлаа, тогтоолыг бүрэн хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 133-134 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

4. Хууль зүйн дүгнэлт.

Шүүгдэгч Х.Х- нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдад мэдэгдэлгүй бусдын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар орсон, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх аргаар бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн дээрх баримтуудаар нотлогдож байна.

 

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсноор уг хэрэг үйлдэгдэж дууссанд тооцдог.

 

Шүүгдэгч нь хууль бусаар олсон эд зүйлсийг өөрийн дураар захиран зарцуулж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул дээрх хууль бус  үйлдэл нь төгссөн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр, санаатай үйлдсэнээр хохирогч Х.А-д хохирол учирсан байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь иргэн Х.А-н эзэмшлийн байшингийн цонхыг хагалж, хууль бусаар, нууцаар нэвтрэн орж “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг байшин нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хамаарна.

 

Шүүгдэгч Х.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.

 

Мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэргийн тайлбараас үзвэл орон байранд орж, машин механизм ашиглаж үйлдсэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирлын хэмжээ хэд байхаас үл хамаарч хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгай хийсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Х.Х-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул  дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Гэмт хэрэг гарахад хохирогчийн эд хөрөнгөө тогтмол хараа хяналтгүй орхисон байдал, шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал, дохиолол, камержуулалт байхгүй зэрэг нөлөөлсөн байна.

 

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Х.Х-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.А-д  2.290.000 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад 842.000 төгрөгийн хохирлын эд зүйлийг буцаан олгосон, үлдсэн 1.298.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байх тул түүнийг хохирогч Х.А-д төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад хохирогчид учирсан хохирлоос 1448.000 Төгрөг төлөх ёстой гэж дурдаж ирүүлсэн ба улсын яллагч шүүх хурлын хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Х- нь бусдад учруулсан хохирлоос 150000 төгрөгийг дутуу төлсөн байх тул уг хохирлыг гаргуулж хохирогчид олох нь зүйтэй гэх саналыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, хохирогч Х.А- шүүхэд ирүүлсэн баримтад “...надад 2.290.000 төгрөгийн хохирол учруулсанаас 842.000 төгрөгийн хохирлын эд зүйлийг буцаан өгсөн. Үлдсэн 1.298.000 төгрөгийн хохирлыг надад барагдуулж өгсөн тул одоо надад нэхэмжлэх, гомдол санал байхгүй” гэж нотариатаар баталгаажуулж шүүхэд баримт ирүүлсэн байх тул шүүгдэгч Х.Х- нь хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байна гэж шүүхээс үзлээ.

 

6.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах”  дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-эс шүүгдэгч Х.Х-д “...Миний үйлчлүүлэгч өөрийн гэмт хэрэг үйлсэн гэм буруугаа анхнаас хүлээн зөвшөөрч хохирлоо бүрэн барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэж заасныг үндэслэн 1 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү.”  гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Х-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” хэмээн хуульчилсан бөгөөд шүүгдэгч Х.Х-ы үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

 

Шүүгдэгч Х.Х- нь урьд ял шийтгүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 140 дэх тал/, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 143-144 дэх тал/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.Х-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Х-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

7. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг шаргал өнгий хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Х.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.ж овогт Х-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х.Х-ыг 1 /нэг/ жил,  3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-д оногдуулсан 1 /нэг/ жил,  3 /гурав/ сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг шаргал өнгий хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Х.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      А.ДАУРЕНБЕК