| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2022/0030/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/30 |
| Огноо | 2022-03-09 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/30
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Д даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Х.З-,
Шүүгдэгч С.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт С-ий Д-д холбогдох эрүүгийн 2113001450029 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч С.Д-н биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, Байгаль орчны экологийн менежмент мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт байгаль хамгаалагч ажилтай, ам бүл-7, аав, ээж, эхнэр, 3 дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С овогт С-ы Д, регистрийн дугаар БЕ.........,
Шүүгдэгч С.Д-н холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Д- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Даян авто засварын гурван замын уулзварт 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн орой 22 цагийн орчимд 11-71 БӨН улсын дугаартай “Toyota axio” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж заасныг тус тус зөрчиж хохирогч А.А-ийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас амь насыг нь хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.1. Улсын яллагч А.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэв.
1.2. Шүүгдэгч С.Д- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэм хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогчийн ар гэрт энэ гэмт хэргийн улмаас гарсан бодит хохирлыг төлж өгсөн” гэв.
1.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Д-н нь тохиолдлын нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, осол болсны дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдэгдсэн, мөн өөрийнхөө гэмт хэргийг илчилсэн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн, урд өмнө хэрэг зөрчил гаргаж байгаагүй, төрийн албанд ажилладаг, болгоомжгүй үйлдэгдсэн зэргийг харгалзан үзэхийг хүсэж байна.” гэв.
1.4. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Би өөрөө ч хүүхэд, ач зээ өсгөж байгаа хүний хувьд залуу хүний байдлыг харгалзан үзээд эхнэр бид хоёр уучилсан, цаашид ийм хэрэг гаргахгүй байх гэж бодож байна. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй. Дастархан болон оршуулгын зардалд гарсан хохирол гэж 5 сая төгрөг төлж өгсөн.” гэв.
Хоёр: Эрүүгийн 2113001450029 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
1. Иргэн Х.С-аас гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,
2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-12 дахь тал/,
3. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-19 дэх тал/,
4. Шүүгдэгч С.Д-н согтуурлын хэмжээг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 29 дэх тал/,
5. К-36 дугаартай хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
6. 11-71 БӨН улсын дугаартай Тоёота аксио маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 40-48 дахь тал/,
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 74-75, 128 дахь тал/,
8. Гэрч Б.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 78 дахь тал/,
9. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 140 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 87-88 дахь тал/,
10. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 47 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 103-106 дахь тал/,
11. Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 112-113 дахь тал/,
12. Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 131- 32 дахь тал/,
13. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Г-, Алтын-Көлик сургуулийн замын хөдөлгөөний дүрмийн багш С.Е-, Автотээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Т.С- нарын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дүгнэлт /хавтаст хэргийн 136-137 дахь тал/,
14. Шүүгдэгч С.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 202 дахь тал/ зэргийг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч С.Д-, түүний өмгөөлөгч Х.З-, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.А- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.
Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Д-н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд,
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хохирогч А.А-ийн амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.А- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлүүлж авсан, санамсар болгоомжгүйгээс үйлдэгдсэн хэрэг тул С.Д-д гомдох зүйлгүй, цаашид нэхэмжлэх хохирол төлбөргүй, гаргах санал хүсэлтгүй гэдгээ илэрхийлж оролцсон,
Шүүгдэгч С.Д- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлснийг түүний өмгөөлөгч Х.З- дэмжин оролцож, шүүгдэгч С.Д-д хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж, улсын яллагчтай гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч С.Д- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Даян авто засварын гурван замын уулзварт 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн орой 22 цагийн орчимд 11-71 БӨН улсын дугаартай “Toyota axio” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж заасныг тус тус зөрчиж хохирогч А.А-ийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Иргэн Х.С-аас гаргасан “...Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Даян авто засварын гурван замын уулзварт 11-71 БӨН улсын дугаартай суудлын тээврийн хэрэгсэл хүн мөргөж, зам тээврийн осол гаргасан байна...” гэх утга бүхий гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-12 дахь тал/,
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-19 дэх тал/,
- Шүүгдэгч С.Д-н согтуурлын хэмжээг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 29 дэх тал/,
- К-36 дугаартай хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
- 11-71 БӨН улсын дугаартай Toyota axio маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 40-48 дахь тал/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр өдөр талийгаач үдээс хойш хашаанд юм хийгээд явж байсан бөгөөд тамхи авна гэж хэлээд ээжээсээ мөнгө аваад ээж нь мөн эм аваад ир гэж мөнгө нэмж өгөөд явуулсан гэсэн. Яг хэдэн цагийн үед хашаанаас гарч явсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан тамхи, эм авахаар гарсан. Тэр чигтээ иргэж ирээгүй..., ...С.Д-н ар гэрийн зүгээс бидэнд 5.200.000 төгрөг өгсөн. Хохиролтой холбоотой нэмж өгөх баримт байхгүй. Мөн нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74-75, 128 дахь тал/,
- Гэрч Б.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...найз залуу С.Д- миний 99935952 гэх дугаар луу 99959042 гэх дугаараас над руу залгаад би одоо очлоо, чи дэлгүүрээ хаагаад байж байгаарай гэсэн. Тэгээд 22 цаг 30 минутын үед С.Д- ганцаараа 11-71 БӨА улсын дугаартай, цагаан өнгийн машинаар ирсэн. Тэгээд С.Д- ирэх үед манай аав, ээж над руу залгаад хоол болсон байна. Хурдан ирээрэй гэж хэлсэн. Тэгэхэд С.Д- за тэгвэл чамайг хүргээд өгье гээд аймгийн төвөөс Цагааннуур чиглэлийн засмал зам дээр явж байхад замын зүүн талаас эрэгтэй хүн гэнэт гарч ирээд тас хийсэн дуу гараад явсан. Тэгэхээр нь С.Д- нь машинаа зогсоогоод бид хоёр машинаас буугаад ирэхэд эрэгтэй хүн газар хэвтэж байсан..., ...Осол болох үед бидний урдаас ямар нэгэн машин ирж байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78 дахь тал/,
- Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 140 дугаартай “...С.Д-н биенээс авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 87-88 дахь тал/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 47 дугаартай “...Талийгаач А.А-ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын суурь ясны битүү гэмтэл, дух, баруун, зүүн хацар, баруун гарын тохойны шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гавал, тархины гэмтэл, дагзны том нүхнээс элсэн дагз руу үргэлжилсэн хугарал, дагзны баруун, зүүн тал, их тархины 2 тал бөмбөлгийн цус харвалт хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач хууч өвчингүй, цусанд нь промилль этилийн спирт илрээгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 103-106 дахь тал/,
- Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай “...Toyota axio маркийн 11-71 БӨН улсын дугаартай тээврийн хэрэгсэл техникийн хувьд бүрэн бүтэн байна. Тухайн тээврийн хэрэгслийн техникийн байдал осол гарахад нөлөөлөөгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 112-113 дахь тал/,
- Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Нэг мэдэхэд миний машины зүүн тал гурван замын уулзварын замын хажууд түргэний машин ирчихсэн байхаар нь машинаасаа буугаад харахад гурван замын уулзварын хэсэгт зам дээгүүр нэг хүн машинд дайрагдсан байдалтай хэвтэж байсан ба талийгаачийг мөргөсөн гэх цагаан өнгийн axio маркийн суудлын тээврийн хэрэгсэл гурван замын уулзварын хэсэг замын хажууд зогсож байсан..., ...би ямар түргэний машин ирэхээс өмнө кино үзээд сууж байхдаа ямар нэгэн тээврийн хэрэгслийг мөргөлдсөн чимээ болон тоормосны чимээ, мөн дуут сигналын чимээ сонсоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 131-132 дахь тал/,
- Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Г-, Алтын-Көлик сургуулийн замын хөдөлгөөний дүрмийн багш С.Е-, Автотээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагч Т.С- нарын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “...С.Д- нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөн байна...” дүгнэлт /хавтаст хэргийн 136-137 дахь тал/,
- Шүүгдэгч С.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр өдөр санамсаргүй зам тээврийн осол гаргасан. Тухайн өдөр би гэрээсээ гараад найз охиноо гэрт нь хүргэж өгөхөөр түүний ажилладаг Өлгий сумын 5 дугаар бүрэн дунд сургуулийн хойно байдаг Ахмарал нэртэй дэлгүүрээс нь машиндаа суулгаж аваад гэрт нь хүргэж өгөх санаатай явж байтал байгаль хамгаалагч н.М- над руу залгаад намайг авгад яваач гэхээр нь би тэр хүнийг гэрээс нь авахаар 5 дугаар сургуулийн хойд уулзвараас Цагааннуур тосгоны чиглэл рүү явсан. Найз охин маань дэлгүүрээсээ гарч машинд суухдаа аав ээж залгаж байна. Хоол болчихлоо гэж байна, намайг хурдан хүргээд өгчих гэж хэлсэн. Дараа нь н.М- залгаад гэрээс аваад явчих гэхээр нь би үнэнээ хэлэхэд жаахан яарсан байсан. Тэгээд н.М-г авахаар явж байгаад домбортой хөшөөний гурван замын уулзварт ирэнгүүт замын голын цагаан шугамд нэг хүн зогсож байхыг хараад би өөрөө тухай үед яараад явж байсан болохоор хажуугаар нь өнгөрөөд гарья гээд хажууд нь иртэл тэр хүний миний машин руу гүйж ирэнгүүт би машинтай зугтаад баруун дарахад тэр хүн машины зүүн толины хэсэгт цохигдож газарт унах шиг болсон. Тэгээд би машинаа уулзвараас гаргаад зогсоосон..., ...Тэр хүнийг замын голд байна даа гэж бодоод хажуугаар нь гараад явчихъя гээд тоормос гишгээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 202 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Дөрөв. Эрх зүйн дүгнэлт:
Шүүгдэгч С.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухайд Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлд “Хүн бүр амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан ба энэхүү хүний амьд явах жам ёсны үндсэн эрхэд халдсаны улмаас бусдын амь насыг хохироосон тохиолдолд гэм буруугийн санаатай эсхүл болгоомжгүй хэлбэрээс үл хамааран гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр зүйлчилж, хариуцлага хүлээлгэхээр хуульд заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч С.Д- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Даян авто засварын гурван замын уулзварт 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн орой 22 цагийн орчимд 11-71 БӨН улсын дугаартай “Toyota axio” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2-т “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж заасныг тус тус зөрчиж хохирогч А.А-ийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас амь насыг нь хохироосон байна.
Тодруулбал: Жолооч С.Д- нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, А.А-ийг автомашинаар мөргөж, амь насыг хохироосон нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.
Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “захиргааны хэм хэмжээний акт” нь замын хөдөлгөөний дүрэм мөн болох нь дараах байдлаар нотлогдож байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ”Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, 4.2-д “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж заасан байна.
Дээрх хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 239 дугаартай “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох бөгөөд шүүгдэгч С.Д- нь автотээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй байна.
Гэтэл шүүгдэгч С.Д- нь 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн орой 22 цагийн орчимд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2-т “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж заасныг гэх заалтуудыг тус тус зөрчиж, харанхуй үед жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй нь зам тээврийн осол гарах гол шалтгаан нөхцөл болсон нь хэргийн 136-137 дахь тал авагдсан, эрх бүхий шинжээч Э.Г-, С.Е-, Т.С- нарын дүгнэлтээр бүрэн нотлогдон тогтоогдсон байна.
Түүнчлэн тухайн осол гарах үед С.Д-н жолоодож явсан 11-71 БӨН улсын дугаартай, Toyota axio маркийн тээврийн хэрэгсэл нь осол гарахад нөлөөлөхүйц эвдрэл, гэмтэлгүй, техникийн хувьд бүрэн бүтэн байсан болохыг эрх бүхий техникийн шинжээч Е.Жанатхан тогтоож, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 11 дугаартай дүгнэлт гаргасан нь хэргийн 112-113 дахь талд авагдсан байна.
Шүүхийн шинжилгээний байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч А.А-ийн цогцост гавлын суурь ясны битүү гэмтэл, дух, баруун, зүүн хацар, баруун гарын тохойны шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гавал, тархины гэмтэл, дагзны том нүхнээс элсэн дагз руу үргэлжилсэн хугарал, дагзны баруун, зүүн тал, их тархины 2 тал бөмбөлгийн цус харвалт зэрэг гэмтлүүд учирсан байх ба амь хохирогч нь хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон.
Амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь зам тээврийн ослын үед буюу хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтойг шинжээч мөн тогтоосон байх тул шүүгдэгч С.Д-н Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчин зогсоох арга хэмжээ авалгүй, зам тээврийн осол гаргасан үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирсон гэж үзэв.
Шүүгдэгч С.Д-н Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.3-т заасан заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргаж, хүний амь нас хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгчийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдэл, хохирогч А.А-ийн амь нас хохирсон үйлдлийн хооронд шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон” шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос шүүгдэгч С.Д-д холбогдуулан үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирчээ.
Иймд шүүгдэгч С.Д-г “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хохирогч А.А-ийн амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Шүүгдэгч С.Д-н авто осол гаргасан үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирсон байх тул түүнийг гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгч С.Д- нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол буюу эмчилгээ, оршуулгын зардалд 5.200.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “надад цаашид нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй, бодит хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэж мэдүүлснийг үндэслэн энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Д-гээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.А-д олгох хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч С.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 2 сарын хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх санал, дүгнэлтийг,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.А- нь “шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг бүрэн төлж барагдуулсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх санал, дүгнэлтийг,
Шүүгдэгч С.Д-н өмгөөлөгч Х.З- эрүүгийн хариуцлагын хуралдаанд “С.Д нь тохиолдлын нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, осол болсны дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдэгдсэн, мөн өөрийнхөө гэмт хэргийг илчилсэн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн, урд өмнө хэрэг зөрчил гаргаж байгаагүй, төрийн албанд ажилладаг, болгоомжгүй үйлдэгдсэн зэргийг харгалзан улсын яллагчаас санал болгож буй хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар С.Д-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч С.Д- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3- д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Д-н үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч С.Д- нь хувийн байдлын хувьд 1995 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 26 настай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ам бүл 7, аав, ээж, эхнэр, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суудаг, төлөв даруу зантай иргэн болох нь хэргийн 206 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 214 дэх талд авагдсан багийн засаг даргын тодорхойлолт, 211 дэх талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч С.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан ” гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч С.Д-н гаргасан ослын хувьд тухайн үед гэнэт бий болсон хүчин зүйлд автаж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн байна.
Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийг эмнэлэгт хүргэх арга хэмжээ авсан, мөн цагдаагийн 102 дугаар утас руу залгаж мэдэгдсэн зэрэг нь нотлогдсон байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эдгээрийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.
Шүүгдэгч С.Д- нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, амь хохирогчийн ар гэрийнхэнд туслалцаа үзүүлэн гэмшсэн сэтгэлээ илэрхийлж 5.200.000 төгрөг төлсөн, хэдийгээр энэ гэмт хэргийн нийгмийн хор аюул, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ их байгаа ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.А- нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Болгоомжгүй үйлдэгдсэн гэмт хэрэг учраас ямар нэгэн гомдол саналгүй, шүүгдэгч С.Д- нь насны хувьд дөнгөж залуу хүн тул шүүхээс түүнд алдаагаа ойлгож ухаарах боломж олгож, хорих ял оногдуулахгүй байхыг хүсье” гэж мэдүүлсэн байна.
Гэмт хэрэг үйлдэж, бусдад гэм хор учруулсан этгээд хийсэн хэргийнхээ төлөө заавал цээрлэл амсах нь шударга ёсны зарчимд нийцэх хэдий ч нөгөө талаасаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгмээс тусгаарлуулахгүйгээр нийгэмд нь хүмүүжүүлэх нь эрүүгийн хариуцлагын бас нэг зорилго юм.
Иймд шүүгдэгч С.Д-н үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлоо төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэр бүлийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:
Эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох;
Эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газар очихыг хориглох;
Эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих;
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх;
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих гэсэн үүргүүдээс нэгийг, эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч С.Д-д оногдуулсан 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.
Тодруулбал, шүүгдэгч С.Д- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 2 жилийн хугацаанд Баян-Өлгий аймгаас оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.
Хэрэв шүүгдэгч С.Д- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан.
Шүүгдэгч С.Д-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж заасан тул түүний нийтийн албанд томилогдох эрхийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 3 жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолно.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч С.Д- нь энэ хэрэгт баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн саарал өнгийн хос пүүзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-д даалгаж, 2 ширхэг CD бичлэг зэргийг эрүүгийн 2113001450029 дугаартай хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт С-ий Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хохирогч А.А-ийн амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.Д-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Д-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч С.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч С.Д- нь энэ хэрэгт баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн саарал өнгийн хос пүүзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-д даалгаж, 2 ширхэг CD бичлэг зэргийг эрүүгийн 2113001450029 дугаартай хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.
8. Шүүгдэгч С.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК