| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00547/И |
| Дугаар | 551 |
| Огноо | 2017-08-11 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 551
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 13-40 тоотод оршин суух, 1975 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар:ОЮ75102377, Тугчин овгийн Буянтогтохын Баттулгын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газарт холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин 3.580.992 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийлгэх, өмгөөлөгчийн хөлс 300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/35 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 216 тоот шийдвэр гарснаар 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/15 тоот тушаалаар ажилдаа томилогдсон. Иймд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хооронд ажилгүй байсан хугацааны цалин 3.580.992 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300.000 төгрөгийн хамт гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Нансалмаа шүүхэд гаргасан тайлбартаа: “Бунятогтох овогтой Баттулгыг ажилд томилох тухай 216 тоот шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хангаж 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ажилд эгүүлэн томилсон. Мөн ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгааг мэдэгдэж байна” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Баттулга шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Баттулга нь Увс аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас ажилгүй байсан хугацааны цалин 3.580.992 төгрөг, өмгөөллийн хөлс 300.000 төгрөг нэхэмжилсэн. Уг нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин болох 3.580.992 төгрөгөө гаргуулж, өмгөөллийн хөлс 300.000 төгрөг гаргуулахаас татгалзаж байна. Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Нансалмаа нь миний ажилгүй байсан хугацааны цалин 3.580.992 төгрөг олгохыг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Баттулга нь хариуцагч Увс аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газарт холбогдуулан, ажилгүй байсан хугацааны цалин 3.580.992 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийлгэх, өмгөөлөгчийн хөлс 300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Баттулга нь өмгөөлөгчийн хөлс 300.000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч Увс аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар нь нэхэмжлэгч Б.Баттулгын ажилгүй байсан хугацааны цалин 3.580.992 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь Увс аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Нансалмаагийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Увс аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар нь нэхэмжлэгч Б.Баттулгын ажилгүй байсан хугацааны цалин 3.580.992 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Баттулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77.046 төгрөгөөс 40.923 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 36.123 төгрөг, хариуцагч Увс аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас 36.123 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Баттулгад олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Баттулгын ажилгүй байсан хугацааны цалин 3.580.992 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Увс аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Баттулгын тэмдэгтийн хураамжид төлсөн 77.046 төгрөгөөс 40.923 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 36.123 төгрөг, хариуцагч Увс аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас 36.123 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Баттулгад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР