Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/29

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Д даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д-,

Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Л.Т-,

Насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч А.С-,

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-ад холбогдох 2113000000165 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Насанд хүрээгүй шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2005 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт төрсөн, 16 настай, эрэгтэй, яс үндэс Монгол, бүрэн бус дунд боловсролтой, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар бүрэн дунд сургуулийн 11 в ангид суралцдаг, ам бүл-5, аав, ээж, 2 дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн Мурап байрны 7-10 тоотод түр оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Н овогт Б-Э-ний Э-, регистрийн дугаар УЖ...............,

 

Насанд хүрээгүй шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Е.Н-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.1. Улсын яллагч А.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн гэмт хэрэг нь өөрийн өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай..” гэв.

 

1.2. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э- мэдүүлэхдээ: “Миний бие хохирогч Е.Н-ы бие хүндэвтэр гэмтэл учруулсан явдалд маш их харамсаж байгаа. Цаашид энэ хэргээс сургамж авч дахиж хэрэг үйлдэхгүйгээр зөв явна гэдгээ шүүхэд илэрхийлж байна. Өнөөдөр эцэг, эхийнхээ нэр хүндийг унгаж байгаад харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид дахиж ийнхүү алдаа гаргахгүй, сайн хүн болохыг хичээх болно.”  гэв.

 

1.3. Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Л.Т- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналдаа: “Хохирогч болон та бүгдээс хүүхдийнхээ өмнөөс уучлалт хүсэж байна. Хүү маань нас бага болохоор цаашид дахиж ийм алдаа гаргахгүй гэж бодож байна. Шүүхээс хүүхдийн минь ирээдүй, амьдралыг бодож хөнгөрүүлж шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна.”  гэв.

 

1.4. Насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч А.С- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлэгч одоогийн байдлаар ерөнхий боловсролын сургуульд суралцдаг 11 дүгээр ангийн сурагч байна. Мөн гэмт үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Үүний зэрэгцээ учирсан хохирлын талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ж-гийн зүгээс хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн боловч манай талаас 90000 төгрөгийг сайн дураараа төлж өгсөн байдаг. Тэгэхээр шүүгдэгч Б.Э-ын хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзах ёстой гэж дүгнэж байна...”  гэв.

 

Хоёр: Эрүүгийн 2113000000165 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

 

1. Иргэн М.Ж-гаас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргасан гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

2. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-06 дахь тал/,

3. Насанд хүрээгүй гэрч Ж.Б-ээс гаргаж өгсөн СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 08-10 дахь тал/,

4. Насанд хүрээгүй хохирогч Е.Н-ы амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 18 дахь тал/,

5. Насанд хүрээгүй хохирогч Е.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 206 дахь тал/,

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

7. Гэрч М.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

8. Насанд хүрээгүй гэрч Н.А-ы  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/,

9. Насанд хүрээгүй гэрч Н.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 69- 71 дэх тал/,

10. Насанд хүрээгүй гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80, 82-83 дахь тал/,

11. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 453 дугаар дүгнэлт /хавтаст хэргийн 112-113 дахь тал/,

12. Шинжээч К.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 124 дэх тал/,

13. Насанд хүрээгүй яллагдагч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 208-209 дэх тал/ зэргийг,

 

Насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч А.С-аас:

1. Шүүх хуралдаанд хохирол төлж өгсөн талаарх ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /Шүүх хуралдаан тэмдэглэл/,

2. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э-ын сурагчийн хувийн хэрэг /хавтаст хэргийн 25-26 дах тал/,

3. Насанд хүрээгүй хохирогч Е.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/,

4. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э-ын насыг тоолсон тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 148 дах тал/,

5. Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 149 дэх тал/,

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/ зэргийг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э-, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Т- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

 

Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

 

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг,  

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлснийг түүний өмгөөлөгч А.С- дэмжин оролцож, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э-ад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж, улсын яллагчтай гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Е.Н-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Иргэн М.Ж-гаас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргасан “...хүү болох Нурсултаныг Өлгий сумын 2 дугаар бүрэн дунд сургуулийн хүүхдүүд зодож , гарыг нь хугалж гэмтэл учруулсан байна...” гэх утга бүхий гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-06 дахь тал/,

- Насанд хүрээгүй гэрч Ж.Б-ээс гаргаж өгсөн СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 08-10 дахь тал/,

- Насанд хүрээгүй хохирогч Е.Н-ы амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 18 дахь тал/,

- Насанд хүрээгүй хохирогч Е.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр өдөр хүүхдүүд зодолдож эхлэх үед Б.Э- цагдаа нар гэж орилох үед тэнд байсан бүх хүүхдүүд тал тал тийшээ зугтаж явцгаасан. Тэгээд би хаашаа зугтахаа мэдэхгүй онгорхой байсан машины граж руу орсон. Миний араас дагаж хоёрдугаар сургуулийн Б.Э- орж ирээд миний хойноос гараараа тэвэрч барьж авсан. Б.Э- бид хоёр ноцолдож байтал граж руу дахин гурван хүүхэд орж ирсэн. Үүний нэг нь Бээгий байсан. Харин үлдсэн хоёр хүүхдийг танихгүй. Би гражны буланд хагас суучихаад хоёр гараараа нүүрээ хамгаалах үед нэг нь миний зүүн гарын шуу хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэр үед нэг нь цагдаа нар ирлээ гэж хэлэхэд граж дотор байсан хүүхдүүд зугтаж явчихсан. Граж дотор үйл явдал 5-10 секундийн хооронд л болж өнгөрсөн. Би бусдад өшиглүүлсний улмаас миний зүүн гарын шуу хэсэг хугарч гэмтсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 206 дахь тал/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний хүү Е.Н-ы биеийн байдал сайн байгаа. Гэрээр эмчилгээ хийлгэсэн. 20 хоног гар нь гипстэй явж байгаад 21 дэх хоногт нь гипсийг нь авахуулсан. Миний хүүгийн гар нь гэмтэх үед нийт 3 удаа рентген зураг авахуулсан. Үүний эхний удаа аймгийн нэгдсэн эмнэлгээс үнэ төлбөргүй авсан. Дараа нь хоёр удаа мөнгө төлж рентген зураг авахуулсан. Мөн хоёр удаа эмийн сангаас эм авсан. Хоёр удаа рентген зураг авахуулахад 30.000 төгрөг гарсан. Мөн эмийн сангаас хоёр удаа эм авахад 58.900 төгрөг гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

- Гэрч М.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өнөөдөр ажлаасаа 13 цагийн үед гэртээ ирээд 14 цаг дөхөж гадагшаа гараад машиныхаа гражид жижиг сажиг юм хийж байтал гадуур хүүхдүүдийн орилсон дуу чимээ гарахаар нь би гражнаасаа гарах үед орцны үүдний хэсэгт олон хүүхдүүд тал тал тийшээ орилж гүйгээд явж байсан. Тухайн үед миний гражны баруун хаалга хаалттай, зүүн талын хаалга нь онгорхой байсан бөгөөд би гражны хаалганы ойролцоо газар зогсож байтал миний граж руу хоёр хүүхэд гүйгээд орсон ба араас нь мөн 3 хүүхэд дагаж гүйгээд орсон. Тэгэх хооронд би граж руугаа ороод хүүе больцгоо гэж хэлэхийн хооронд нэг хүүхэд надтай зөрөөд гүйгээд гарсан ба гражны баруун хаалганы буланд нэг хүүхэд хагас сууж байсан. Харин түүнийг өндөр нуруутай, буржгар үстэй, цэнхэр срочкон цамцтай сурагч буланд шахаж аваад гар луу нь нэг удаа өшиглөж авсныг харсан. Тэр өндөр нуруутай хүүхэд нэг гараа цэнхэр оосор шиг юмаар ороож авсан харагдсан. Би больцгоо гэж хэлж орох үед нөгөө сууж байсан хүүхдийг өшиглөсөн өндөр нуруутай сурагч шууд гараад гүйгээд явсан. Хажууд нь бас хоёр хүүхэд байсан. Тэд нарыг сайн анзаараагүй. Тэгээд гартаа өшиглүүлсэн хүүхдийг босгож ирэхэд зүүн гарын шуу хэсэг хэлбэрээ алдаад хугарсан байдалтай харагдахаар нь гражнаас гаргах үед манай хөрш Оспан уг хүүхдийг өөрийнхөө машинтайгаа эмнэлэг рүү аваад явсан...”, “...Өшиглөсөн хүүхдийг харвал танина. Үсэндээ шар өнгийн сорттой, өндөр нуруутай, биерхүү цайвар цэнхэр срочкон цамцтай байсан. Аль нэг гартаа цэнхэр юм ороосон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

- Насанд хүрээгүй гэрч Н.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бид нэг нэгэн рүүгээ дайраад хоорондоо дөнгөж зодолдож эхлээд 10 секунд ч болоогүй байхад хүүхдүүдийн нэг нь цагдаа ирлээ гэж орилсон. Тэгэхэд манай ангийн хүүхдүүд зугтахад нөгөө хүүхдүүд бидний араас хөөсөн. Тэр үед Е.Н- бидэнтэй хамт зугтаж яваад хоцорсон байна лээ. Бид Е.Н- үлдчихсэн болохыг мэдээд буцаж нөгөө газарт ирэхэд Е.Н- Данеско үйлчилгээний газрын дээд талд байрлах хоёр давхар байрнуудын урд байдаг гражнуудын хажууд зүүн гар нь хугарчихсан, түүний хажууд үл таних эрэгтэй хүн зогсож байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/,

- Насанд хүрээгүй гэрч Н.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Зодоон хурдан болж өнгөрсөн, зодоон эхлээд зарим нь ийш тийш зугтаад явсан. Тэгтэл над руу нэг өндөр биетэй хүүхэд гүйгээд ирэхээр нь би зугтаад өөр газар очоод байж байтал нөгөө талын хүүхдүүдээс нэг нь цагдаа ирлээ гэж чангаар орилох үед тэнд байсан хүүхдүүд тал тал тийш зугтаж явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа зодоон болсон газарт эргэж очиход манай ангийн Е.Н-ы гар нь хугарчихсан, ганцаараа гражны урд зогсож байсан ба үл таних настай эрэгтэй хүн түүнийг эмнэлэг рүү аваад явсан..., Б.Э- нь дээгүүрээ цэнхэр срочкон цамцтай, улаан алаг зангиатай, баруун гартаа цэнхэр өнгийн боксын бинт ороосон явж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-71 дэх тал/,

- Насанд хүрээгүй гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Надад зодооны үеийн өөрөө зодуулж байгаа бичлэг байгаа. Зодоон эхлэхээс өмнө би манай Пазелет байрны Шынгыс гэх нэртэй 10 дугаар ангийн хүүхдэд өөрийнхөө утсаа өгөөд бариад байж бай гэсэн. Харин тэр хүүхэд миний утсаар бичлэг хийсэн байна лээ...”, “...Б.Э- дээгүүрээ цэнхэр срочкон цамцтай, зүүн гартаа цэнхэр өнгийн даавуу ороосон явж байсан. Бичлэгээс харагдаж байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80, 82-83 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 453 дугаартай “...Е.Н-ы биед зүүн талын шуу ясны зөрсөн хугаралтай гэмтэл тогтоогдлоо. Е.Н-ы биед үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Е.Н-ы биед үүссэн гэмтэл нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтэл. Е.Н-ы дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 112-113 дахь тал/,

- Шинжээч К.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...А.М- эмчийн эмчлүүлэгчийн картанд бичсэн тархины даралт, тархины доргилт нь шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоогдоогүй гэдэг нь үзлэг хийх явцад үзэж харсан доргилтыг тогтоосон аргачлал, илэрсэн өөрчлөлт, эмнэлгийн бичиг баримт хөтлөх стандарт зэргийг баримтлаагүй. Өөрөөр хэлбэл шууд тархины доргилт, даралт гэж бичсэн байна...”, “...Е.Н-ы гарт шинээр үүссэн хугарал нь ясны зөрсөн шинэ хугарал байсан. Энэ нь хуучин гэмтэл биш...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 124 дэх тал/,

- Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э-ын “...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй...”, “...Би тухайн гражид орсны дараа миний араас А.А- орж ирсэн ба түүний араас танихгүй нэг хүүхэд орж ирсэн. Бид нар нийтдээ 5 хүүхэд гражид орж ирсний дараа гаднаас гражны эзэн гэх хүн орсон ирсэн байсан. Е.Н-ыг анх би нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 208-209 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Дөрөв. Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг  нь  хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

     Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

 Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирогч Е.Н-ы шуу ясыг хугалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, хууль эрх зүйн мэдлэггүй, эцэг, эхийн хараа хяналт сул зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Тав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд учирсан шууд үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын амь нас эрүүл мэндэд хууль бусаар, санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг  хариуцан арилгахыг үүрэг болгожээ.

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э-ын хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Е.Н-ы биед зүүн талын шуу ясны зөрсөн хугаралтай гэмтэл буюу түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Насанд хүрээгүй хохирогч Е.Н- нь нийт 3 удаа рентген зураг авахуулсан. Үүний эхний удаа аймгийн нэгдсэн эмнэлгээс үнэ төлбөргүй авсан. Дараа нь хоёр удаа рентген зураг авахуулахад 30.000 төгрөг гарсан. Мөн эмийн сангаас хоёр удаа эм авахад 58.900 төгрөг гарсан болох нь хавтаст хэргийн 13-15 дахь талд авагдсан баримтуудаар тус тус нотлогдож байна.

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Е.Н- нь гэмт хэргийн хохирол, хор уршигт нийтдээ 88.900 төгрөгийг насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э-аас гаргуулахаар нэхэмжилж, холбогдох нотлох баримтыг хавсаргасан нь хэргийн 13-15 дахь талд авагджээ.

Хэдийгээр насанд хүрээгүй хохирогч Е.Н-, түүний хууль ёсны төлөөлөгч М.Ж- нараас хохирол нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгчөөс гэмт хэргийн хохиролд гэж 90.000 төгрөгийг төлж барагдуулсан талаарх ХААН банкны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг гаргаж өгсөн байх тул насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Зургаа. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар  “2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэх дүгнэлтийг,

Насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч А.С-аас “...Улсын яллагчаас санал болгосон зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах боломжгүй гэж үзэж байна. Тус зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хойшлуулах боломжтой. Тэгэхээр Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 төрлийн гэмт хэргийг оногдуулах боломжтой. Энэ гэмт хэргийн хуулийн хариуцлага нь торгуулийн ял, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж болж байгаа. Харин энэ гэмт хэрэгт хорих ял оногдуулах боломжгүй байна. Тийм учраас 8.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг нь хойшлуулах боломжтой байна. Хэрвээ хойшлуулах боломжгүй гэж үзэж байгаа бол 450000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага оногдуулах мөн боломжтой байна. Миний үйлчлүүлэгчийн эцэг эх хоёулаа ажилтай хүмүүс байна. Түүний эх биеийн байцаалтаа өгөхдөө хаана ажилладаг тухай тодорхой тайлбарласан. Харин эцэг нь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга ажилтай. Тиймд эцэг эх нь хоёулаа орлоготой хүмүүс тул торгуулийн ялыг хүлээлгэх боломжтой байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 450000 төгрөгөөр торгох эсхүл улсын яллагчийн зүгээс гаргасан зорчих эрхийг хязгаарлах ялыг хойшлуулж өгнө үү гэсэн саналаа гаргаж байна.” гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” хэмээн хуульчилсан бөгөөд насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

Эрүүгийн хуулийн 8.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э- нь 2005 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэх өдөр 16 нас, 3 сар, 6 хоногтой, өнөөдрийн байдлаар 16 нас 9 сар 7 хоногтой болох нь хэрэгт хавсаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э-ын насыг тоолсон тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э- нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 149 дэх тал/-аар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, насанд хүрээгүй шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан yасанд хүрээгүй шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө цээрлүүлэн, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийгэмшүүлэх зорилгоор, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, насны байдал зэрэг хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй хүнд энэ хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж заасныг үндэслэн насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э-ад оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж, 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр тогтоов.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э-ад улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэр бүлийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:

Эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох;

Эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газар очихыг хориглох;

Эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих;

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх;

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих гэсэн үүргүүдээс нэгийг, эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ.

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э-ад оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.

Тодруулбал, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 1 /нэг/ сарын хугацаанд Баян-Өлгий аймагт оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.

Хэрэв насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй.

Долоо.Бусад асуудлаар:

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э- нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ж-гаас гаргаж өгсөн 3 ширхэг рентген зургийг өөрт нь буцааж, насанд хүрээгүй гэрч Ж.Б-ээс гаргаж өгсөн дуу, дүрсний бичлэг бүхий 1 ширхэг CD бичлэг, шинжээчийн дүгнэлт гаргуулах үеэр гаргаж өгсөн “Б.Э- 16 эр” гэх бичигтэй 1 ширхэг CD бичлэг зэргийг эрүүгийн 2113000000165 дугаартай хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж шийдвэрлэлээ.    

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э-ад урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ  нь:

 

1. Насанд хүрээгүй шүүгдэгч Н овогт Б-Э-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э-ад оногдуулсан 1 /нэг/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.

 

5. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э- нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э- нь хохиролд 90.000 /ерэн мянга/ төгрөг төлснийг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ж-гаас гаргаж өгсөн 3 ширхэг рентген зургийг өөрт нь буцааж, насанд хүрээгүй гэрч Ж.Б-ээс гаргаж өгсөн дуу, дүрсний бичлэг бүхий 1 ширхэг CD бичлэг, шинжээчийн дүгнэлт гаргуулах үеэр гаргаж өгсөн “Б.Э- 16 эр” гэх бичигтэй 1 ширхэг CD бичлэг зэргийг эрүүгийн 2113000000165 дугаартай хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.

 

8. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Э-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         А.ДАУРЕНБЕК