Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 571

 

       Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнговь сумын 4 дүгээр багт оршин суух, 1965 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар:ОД65020903, Булгадар овогт Ёндонгийн Жаргалын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Ё.Жаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ё.Жаргал нь 1965 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн. 52 настай. Би Увс аймгийн Тэс сумын 8 жилийн сургуулийн 7 дугаар ангид сурч байгаад 1980 оны сүүлээр сургуулиас гарч, 1981 оны 2 дугаар сараас эхлэн Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд малчнаар ажилд орж 1992 он хүртэл тус нэгдэлд ажиллаж байсан. Нэгдэл тарсны дараа манайх малаа хувьчилж авсан бөгөөд түүнээс хойш би хувийн мал маллан Тэс суманд амьдарч байгаад саяхнаас малын бэлчээрээ даган нүүж, одоо Зүүнговь суманд амьдарч байна. Тухайн үед “Лениний зам” нэгдэлд малчнаар ажиллаж байхад миний нэр дээр хөдөлмөрийн дэвтэр нээгдсэн боловч дэвтэр маань байнга “Лениний зам” нэгдлийн няравт байдаг байсан. Учир нь нэгдэлд ажиллаж байх үед бүх малчдын цалин хөлс хөдөлмөрийн дэвтэрт бичигдэж олгогддог байсан учраас хөдөлмөрийн дэвтрийг нэгдлийн нярав хариуцан хөтөлдөг байсан юм. Гэвч би “Лениний зам” нэгдлийг 1992 онд тарах үед хөдөлмөрийн дэвтрээ нэгдлийн няраваас авч чадаагүй байтал Тэс сумын захиргааны архив шатаж, миний хөдөлмөрийн дэвтэр үгүй болсон тул шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай боллоо. Би энэ жил би 52 настай, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд 2 жилийн өмнө буюу 50 настайдаа тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн боловч иргэний үнэмлэх дээрх төрсөн он зөрүүтэй, мөн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учраас тэтгэврээ тогтоолгож чадахгүй өдий хүрлээ. Ингээд архиваас ажиллаж байсан үеийнхээ цалинг шүүлгэж аваад холбогдох баримтуудыг цуглуулан шүүхэд хандаж байна. Миний бие нь нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуулиар 1990-2000 он хүртэлх 11 жилийн хугацааг нөхөн тооцуулж авсан. Иймд миний 1981 оны 2 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ё.Жаргал нь 1965 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 52 настай. Тэрээр 1980 оны сүүлээр сургуулиас гарч, 1981 оны 2 дугаар сараас эхлэн Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд малчнаар ажилд орж 1992 он хүртэл тус нэгдэлд ажилласан. Тухайн үед “Лениний зам” нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа хөдөлмөрийн дэвтэр нээлгэсэн боловч дэвтрээ аваагүй, нэгдлийн няравт байхад нь Тэс сумын захиргааны архив шатаж, Ё.Жаргалын хөдөлмөрийн дэвтэр шатсан тул шүүхэд хандсан. Ё.Жаргал нь нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуулиар 1990-2000 он хүртэлх 11 жилийн хугацааг нөхөн тооцуулж авсан. Иймд түүний 1981 оны 2 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэжээ. 

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Ё.Жаргал нь Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1981 оны 2 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:

       1. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гаргаж ирүүлсэн Ёндонгийн Жаргалын Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1981 оны 2 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

        2. Итгэмжлэл,

       3. Гэрч Р.Рагчаагийн шүүхэд өгсөн: “Би 1973 оноос Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдлийн малчнаар 1981 он хүртэл ажиллаад, 1981 оноос 1991 он хүртэл Увс аймгийн Тэс сумын 8 жилийн сургуульд галчаар ажилласан юм. Ё.Жаргал нь 1981 оны эхээр манай нэгдэлд малчнаар ажилд орсон бөгөөд би 1981 оны 9 дүгээр сард тус сумын 8 жилийн сургууль руу шилжихэд тэндээ ажиллаад үлдсэн хүн юм. Ё.Жаргалынх манайхтай айл хоршоо олон жил амьдарч сүүлдээ Ё.Жаргал манай малыг бас маллаж өгдөг байсан, ах дүү шиг болсон хүмүүс учраас нэг нэгнээ сайн таньж мэддэг юм. Түүний нөхөр н.Цэрэн нэгдлийн малыг маллаж байгаад сүүлийн үед морь уяж адуу хариулах болсон юм. Тухайн үед Тэс сумын “Лениний зам” нэгдлийн даргаар Д.Гомбосүрэн, Г.Норов, Н.Далай гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

       4. Гэрч Ц.Долгорын шүүхэд өгсөн: “Би 1975 оноос Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдлийн малчнаар 1981 он хүртэл ажиллаад 1981 оноос 2002 он хүртэл Таван тэс бага сургуульд цэвэрлэгчээр тус тус ажилласан юм. Ё.Жаргал нь 1979 оноос эхлэн “Лениний зам” нэгдлийн малчнаар ажилд орж 1981 онд намайг сургуульд шилжихэд тэндээ ажиллаад үлдсэн хүн байгаа юм. Тухайн үед Тэс сумын Лениний зам нэгдлийн даргаар Д.Гомбосүрэн, Г.Норов, Н.Далай гэх хүмүүс ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,

       5. Гэрч Р.Рагчаа, Ц.Долгор нарын Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

       Нэхэмжлэгч Ё.Жаргал нь Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1981 оны 2 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гаргаж ирүүлсэн Ё.Жаргалын Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1981 оны 2 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, гэрч Р.Рагчаа, Ц.Долгор нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

      Иймд нэхэмжлэгч Ё.Жаргалын Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1981 оны 2 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 8 жил, 11 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ё.Жаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Булгадар овогт Ёндонгийн Жаргалын Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1981 оны 2 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 8 /найм/ жил, 11 /арван нэг/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ё.Жаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР