Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/40

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж, шүүгч Ч.Мөнхтуяа, Б.Гантөгс нарын бүрэлдэхүүнтэй

Иргэдийн төлөөлөгч  Г.Ганчимэг

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

         Улсын яллагч Ц.Батзаяа

         Шүүгдэгч П.Д, түүний өмгөөлөгч Х.Энхбат /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Дд холбогдох 2216000000028 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

             Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ...-ний өдөр төрсөн, ... настай, бага боловсролтой, ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ...тоотын урд талын хаяггүй хашаанд оршин суудаг, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлтэй, 2018.05.03-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХ-ын 17.12-1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2018.12.17-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХ-ын 17.12-1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус ял шийтгэгдэж байсан. ... регистрийн дугаартай, Аливаа овогт П.Д.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ....байрлах өөрийн гэртээ 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 22 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Бтай орон дээрээс хөлөө буулгасангүй гэх шалтгаанаар маргалдаж,  Б.Бын хэвлий хэсэгт нэг удаа хутгалж түүний биед цээж, хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, зүүн бөөрөнд зүсэгдсэн шарх, цээжний хэвлийн хөндийд шингэн цус алдалт гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч П.Д гэм буруутай болох нь:

Шүүгдэгч П.Дын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “2022 оны 01 дүгээр сарын орой хөдөөнөөс оройны 8 цагийн үед орж ирээд найз нартайгаа хоол хийгээд байж байсан чинь Батбаатар, Буяндэлгэрэх хоёр надад 0.5 граммтай архи ундаа 2 авч ирж өгсөн. Авгай төрөөд бандитай боллоо гээд авчирч өгсөн. Тэрийг нь уучихаад ахиад 0.750 граммтайг аваад ирье гээд Буяндэлгэрэх такси бариад яваад өгсөн. Би хоосон байсан болохоор согтоод байсан. Тэр архийг ууж байхад Батбаатар орон дээр гуталтайгаа гараад хэвтээд байсан. Тэгээд би тэр үед гутлаа буулгахгүй байхаар нь уурлаад уурандаа шкафнаас хутга аваад дүрчихсэн байна лээ. Тэгээд нэг мэдсэн чинь цагдаа ороод ирчихсэн байж байсан. Тэр шөнөө эрүүлжүүлэхэд хоносон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би тухайн үед юу хийсэнээ мэдээгүй. Батбаатарыг хутгалсны дараа эхнэр хэлэхэд мэдсэн. Хохирогчид хохирлыг бүрэн төлж, эвлэрсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн “...би гэрийнх нь баруун талын орон дээр дээшээ хараад хэвтэж байсан. Гэрийн эзэн П.Д уурлаад байсан. Уурлаж байгаад алаад өгье гэж орилоод мөлхөө тавилганаас хутга гаргаж ирээд над руу хүрээд ирсэн. Намайг орноос босох үед П.Д миний зүүн хавирга, хэвлий хэсгээр гартаа барьсан хутгаараа 1 удаа дүрсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ71/,

 

Гэрч Г.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...П.Д уурлаж байснаа босож ирээд Батбаатарын зүүн талын хэвлий хэсэг рүү 1 удаа хутгаараа дүрсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ77/,

 

Гэрч Ө.М-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Хүүхэдтэй хүүхэн дуу дуулаад гиншээд байсан чинь П.Д нь харуй бүрий болсон байхад гэрт битгий гиншээд бай гээд нөгөө хүүхнийг ор руу түлхээд унагаачихсан. Мөн нөгөө залууг орон дээр битгий гуталтайгаа хэвтээд бай гэж хэлээд П.Д нь гал тогооныхоо тийшээ явсан. П.Д босоод гэрийнхээ хоймроор тойроод нөгөө залуу  дээр очсон. Нөгөө залуу нь намайг хутгалчихлаа ш дээ гэхээр нь П.Дын эхнэр П.Дын зүүн гарыг би баруун гарын нь барьж мушгиад хутгийг нь хаалгаар гадагш шидсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ81/,

 

Гэрч М.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...П.Д уурлаад гэрийн хоймор сууж байгаад босоод мөлхөө тавилганаас хутга аваад Батбаатарыг баруун талын орны урд талд зогсож байхад түүний урд хэвлий хэсэг рүү  хутгаар 1 удаа дүрсэн. Би араас нь нөхрийнхөө цамцнаас хойшоо татсан. Молом ах гараас нь хутгыг нь булааж аваад гаргаад шидсэн... ” гэсэн мэдүүлэг /ХХ83, 87/,

 

Гэрч Т.Г-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...зүүн талын 11-12 дугаар завсар хутгалагдсан шархтай байсан. Шархыг багажаар шалгаж үзэхэд нэвтэрсэн шарх байсан. Тэгэхээр нь аналгин, демедролыг өвдөлт намдаахаар, бекосалыг 4 мл цус тогтоохоор хийгээд нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэлт хийж ирээд хэвлийн хөндийг ЭХО-д шалгахад хэвлий хөндий дүүрэн шингэнтэй, өрцөн доор хий хурсан байсан. Өвчтөнд оношилгоо, шинжилгээ хийж байх явцад амьсгал зүрх судасны дутагдалд орсон болохоор яаралтай журмаар хэвлий нээж шалгах мэс засал хийгдсэн. Мэс заслын явцад хэвлийн хөндийг нээж шалгахад 11, 12 өрц цоорч, зүүн бөөр хүртэл эсгэгдсэн шархтай, бөөрний дээд булчирхай хүртэл хатгагдсан байсан. Бөөрийг оёж цус тогтоолт хийгээд өрцийг оёсон. 11, 12 дугаар хавирганы шархыг оёж цус тогтоолт хийж хэвлийн хөндийд хяналтын гуурс байрлуулж цус тогтоолтон доор хэвлийг үечлэн харж ариун боолт хийсэн....” гэсэн мэдүүлэг /ХХ85/,

 

Шинжээч эмч Д.Даваахүүгийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаартай “1.2. Б.Бын биед цээж, хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, зүүн бөөрөнд зүсэгдсэн шарх, цээж хэвлийн хөндийд шингэн цус гэмтэл тогтоогдлоо.  3. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл болно. Хэрэг учрал болсон гэх 2022.01.10-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл болно. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэл болон эмчилгээний үр дүнгээс хамаарна.  5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11, 3.1.13-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ” гэх дүгнэлт  /ХХ89-90/ болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ3-6/, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /ХХ7-8/, хохирогчийн өвчний түүх /ХХ43-67/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иргэдийн төлөөлөгч Г.Ганчимэг шүүх хуралд гаргасан саналдаа: Шүүгдэгч П.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Батбаатарыг орон дээрээс хөлөө буулгасангүй гэх шалтгаанаар биед нь санаатайгаар хүнд гэмтэл учруулсан тул гэм буруутай гэж үзэж байна гэв.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Дд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтайгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирлоо нөхөн төлсөн  байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч П.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч П.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч П.Дыг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч П.Дыг хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч П.Д нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

 

            Хэрэг үйлдэх үед ашигласан гэх хар өнгийн иштэй, бариул хэсэг нь 10 см урттай, ажлын хэсгийн урт нь 9 см урт хутга 1 ширхэг, Хараа нэртэй 0.750 литрийн савлагаатай, дотроо хагас шингэнтэй архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч Б.Бт 1.829.021 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Аливаа овгийн П.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч П.Дыг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дд оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ  өдрөөс эхлэн тоолсугай.

    5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар иштэй хутга, дотроо шингэн зүйлийн агууламжтай “Хараа” нэртэй архины шил зэргийг устгасугай.

   6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч Б.Бт 1.829.021 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА

                                   ШҮҮГЧИД                         Ч.МӨНХТУЯА

                                                                         Б.ГАНТӨГС