| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 185/2018/0195/Э |
| Дугаар | 991 |
| Огноо | 2018-10-30 |
| Зүйл хэсэг | 11.5.1., 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 991
Д.А, О.М нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч С.Тэгшжаргал,
шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Д.Рэнцэнбямба,
нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 563 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч С.Тэгшжаргалын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.А, О.М нарт холбогдох 1803000010053 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржигин овгийн Д-н А, 1977 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, .................. төвд жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны .............. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................./,
2. Хандсүрэн овгийн О-н М, 1966 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуягт танкны ашиглалтын инженер мэргэжилтэй, ..................... төвд шалгах механикчаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянгол дүүргийн ................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ...................../;
1. Д.А нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 12.25 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 7 буудлын замд Түргэн тусламжийн төвийн эзэмшлийн “Хьюндай Старекс” загварын 03-52 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т “Тээврийн хэрэгслийг зөвхөн зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Харин зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно” гэж заасныг зөрчсөнөөс “Автотерминал трэйд” компанийн эзэмшлийн “Хьюндай Аеросити” загварын 42-29УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс, уг тээврийн хэрэгсэлд 370.000 төгрөгийн шууд, нийт 490.400 төгрөгийн хохирол, Түргэн тусламжийн төвийн эзэмшлийн “Хьюндай Старекс” загварын 03-52УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 9.654.300 төгрөгийн шууд, нийт 10.614.300 төгрөгийн хохирол, зорчигч Б.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт,
2. О.М нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Түргэн тусламжийн төвд шалгах механикаар ажиллаж байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын З.а-д “бүрэн бус тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэж заасныг зөрчин бүрэн бус тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцуулснаас “Автотерминал Трэйд” компанийн “Хьюндай Аеросити” загварын 42-29УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 370.000 төгрөгийн шууд, нийт 490.400 төгрөгийн хохирол, Түргэн тусламжийн төвийн эзэмшлийн “Хьюндай Старекс” загварын 03-52УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 9.654.300 төгрөгийн шууд, нийт 10.614.300 төгрөгийн хохирол, зорчигч Б.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Д Д.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Прокуророос О.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
Боржигин овгийн Д-н Аыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Д.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Д.Аыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,
энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.А, О.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, О.М бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвөөс 1.267.402 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бт олгож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Ааас 10.614.300 төгрөгийг гаргуулж Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд олгож,
хохирогч Б.Б шүүхээс хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон цаашид гарах гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай Д.Ааас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
иргэний нэхэмжлэгч “Авто Терминал Трейд” ХХК-нд шүүгдэгч Д.А, иргэний хариуцагчаас төлөх төлбөргүй болохыг дурдаж,
хэрэгт хураагдан ирсэн ВС ангилалын №317776 дугаартай жолоочийн
үнэмлэхийг хууль ёсны эзэмшигч Д.Ат буцаан олгож,
О.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга
хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Ат урьд авсан хувийн баталгаа
гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч С.Тэгшжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн техникийн шинжээчийн 4297 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Хьюндай Старекс загварын 03-52 УНТ улсын дугаартай тусгай зориулалтын автомашины АBS системийн мэдрэгч утас салгасан тул ажиллахгүй. Ашиглалтын явцад үүссэн байна. Уг автомашины дугуйн хээ элэгдлийн хязгаарт хүрсэн, хээний гүн газарт тулах хэсгээр 1.6 мм хэмжээтэй байгаа нь MNS4598-2011 стандартын 5.14.3-д заасан “2 мм-ээс багагүй байх” зэрэг шаардлагууд хангахгүй байна гэж дүгнэсэн. Гэрч М.Баярлах нь мөрдөн байцаалтын шатанд “...Бид нар ертөнцийн зүгээр урдаас хойд зүг рүү 7 буудлын автобусны буудал өнгөрөөд 2 дугаар эгнээгээр явж байгаад 1 дүгээр эгнээ рүү шилжиж ороод 7 буудлын наад талын автобусны буудал руу дөхөж яваад автобусны буудлын нэгдүгээр эгнээнд зогсож байсан автобусны хойд талаас тоормос гишгэсэн боловч автобусны араас мөргөсөн” гэж мэдүүлсэн. Шинжээч В.Балжинням шүүхийн хэлэлцүүлэгт “...Тухайн осол гаргасан тээврийн хэрэгсэл нь нэг тэнхлэгт өөр өөр маркийн хээтэй дугуйнууд тавигдсан. Газарт тулах хэсгээрээ дүрэмд зааснаас элэгдсэн дугуйн хээтэй хөдөлгөөнд оролцож явсан. Уг осол болоход өрөөлдөх байдлаар нөлөө үзүүлсэн байна. Замын хөдөлгөөний 3 дугаар хавсралтын 3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг ашиглагч байгууллагын мэргэжлийн хүнээр болон шалгах механик байлцуулах шаардлагатай байна гэх заалтыг зөрчсөн” гэж мэдүүлсэн. Эдгээр нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад шүүгдэгч Д.Аыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг Замын цагдаагийн албаны техникийн 324 дугаартай шинжээчийн дүгнэлт хэмээн тодорхойлсон боловч уг дүгнэлт нь эргэлзээтэй байдлаар гарсан. Д.А нь Замын хөдөлгөөний дүрэмд заасан гүйцэж түрүүлэх дүрмийн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн боловч ямар тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн гэдгийг тодорхойлж өгөөгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй тохиолдолд шүүх үнэлэхгүй байх талаар хуулийн заалт байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч О.М “тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй” гэв.
Шүүгдэгч О.Мын өмгөөлөгч Д.Рэнцэнбямба тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 563 дугаар шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шинжээчийн дүгнэлтэд тухайн автомашины хээний гүн нь Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар автобус, троллейбусонд 2 мм-ээс доошгүй байх заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн. Гэтэл тухайн “Старекс” загварын автомашин нь тээврийн хэрэгслийн гэрчилгээнд зааснаар суудлын тээврийн хэрэгсэл буюу В ангилалд хамаарах тээврийн хэрэгсэл байна гэж тодорхойлсон. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шүүх шинжилгээний дүгнэлтийг эргэлзээтэй байна гэж үзэж, шүүхээс дахин бүрэлдэхүүн томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлтийг гаргасан шинжээчид шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодорхой тайлбаруудыг хийсэн. Энэ нь үндэслэлтэй тайлбар байсан.” гэв.
Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн, шалгах механикийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон шийтгэх тогтоолд эсэргүүцэл бичих гэсэн боловч тодорхой шалтгааны улмаас эсэргүүцэл бичих хугацаа өнгөрч, эсэргүүцэл бичээгүй. “103”-ийн шалгах механик нь бүрэн бус тээврийн хэрэгслийг ажилд гаргасан. Уг тээврийн хэрэгсэл нь нэг тэнхлэгт гурван өөр дугуйтай байсан. Улмаар жолооч нь гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийснээс урд явсан тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж, түргэн тусламжийн тээврийн хэрэгсэлд 10 сая гаруй төгрөгийн, зоригч эмчийн биед хүндэвтэр хохирол учирсан. Өмгөөлөгчийн гомдолд дурдсан гүйцэж түрүүлэх журмыг зөрчсөн зүйл байхгүй. Гүйцэж түрүүлсэн тээврийн хэрэгслийг тогтоогоогүй. Гэтэл хавтас хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг, ослын бүдүүвч, гэрч нарын мэдүүлэг, бусад нөхцөл байдлуудаар түргэн тусламжийн тэрэг төрөхийн яаралтай дуудлагаар явж байсан. Урдаа явж байсан миксерийг яаралтай дуудлагаар явж байсан учраас гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ зам тээврийн осол гаргасан гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлттэй, хэрэгт хяналт тавьж ажилласан прокурорын хувьд санал нэгтэй байгаа. Жолооч өөрөө тайлбарлахдаа эгнээ байраа солих үйлдэл хийсэн гэдэг. Жолоочийн өнцгөөс харах юм бол эгнээ байр солих үйлдэл хийхдээ хоёрдугаар эгнээнд явж байгаад нэгдүгээр эгнээнд орсон бол Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.11 дэх хэсэгт заасан хоорондын зайг бариад бусдыг мөргөхгүй, шүргэхгүй хэмжээтэй явах боломжтой байсан. Гэтэл үндсэн зорилго бол дуудлагаар яараад хурдан явах үйлдлийг хийж, Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар буюу баруун гар талаас гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн. Монгол Улс баруун гар талын хөдөлгөөнтэй, зүүн гар талтай тээврийн хэрэгсэл жолооддог ийм улс. Баруун гар талаас гүйцэж түрүүлэхийг эрс хориглосон дүрмийн заалттай. Тийм учраас энэ дүрмийг зөрчсөн нь нотлогдсон. Иймд өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. Жолоочийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, шалгах механикийн асуудлыг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Д.А нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 12.25 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Долоон буудал”-ын замд Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эзэмшлийн “Хьюндай Старекс” загварын 03-52 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т “Тээврийн хэрэгслийг зөвхөн зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Харин зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно” гэж заасныг зөрчсөнөөс “Автотерминал Трэйд” ХХКомпанийн эзэмшлийн “Хьюндай Аеросити” загварын 42-29 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөснөөс, уг тээврийн хэрэгсэлд 370.000 төгрөгийн шууд, нийт 490.400 төгрөгийн хохирол, “Хьюндай Старекс” загварын 03-52 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 9.654.300 төгрөгийн шууд, нийт 10.614.300 төгрөгийн хохирол, зорчигч Б.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
шүүгдэгч Д.Аын “...байгууллагын ззэмшлийн 03-52 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү шилжиж орох үед 1 дүгээр эгнээнд автобусны буудал дээр “Хьюндай Аэросити” загварын 42-29 УНҮ улсын дугаартай автобус хүн буулгаж байхыг би 7-8 метрийн зайнаас хараад тормос гишгэсэн боловч автомашин зогсолгүй, уг зогсож байсан автобусны хойд талаас нь мөргөсөн” гэх мэдүүлэг /хх1, х131-132/,
хохирогч Б.Бын “...урд нэг цемент ачдаг, зуурдаг автомашин явж байсан ба жолооч нөгөө автомашины хажуугаар гартал өмнө нэг автобус тулаад ирсэн. Тэгээд жолооч автомашинаа зогсоож чадалгүй нөгөө автобусны араас шууд очоод мөргөчихсөн” гэх мэдүүлэг /хх1, х29/,
гэрч Н.Ганзоригийн “...хүнээ буулгачихаад дөнгөж хөдлөөд явж байхад араас тас хийх чимээ гараад хүмүүс орилолдоод явчихаар нь буугаад хартал нэг түргэний автомашин мөргөсөн байсан” гэх мэдүүлэг /хх1, х86/,
гэрч М.Баярлахын “...автобусны буудал руу дөхөж яваад замын нэгдүгээр эгнээнд зогсож байсан автобусны хойд талаас тоормос гишгэсэн боловч автобусны араас мөргөсөн.” гэх мэдүүлэг /хх1, х93/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Бын биед баруун атгаал ясны хугарал, тархи доргилт, цээж, зүүн шилбэ, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх 10768 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх1, х95/,
Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн “...Жолооч Д.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т “Тээврийн хэрэгслийг зөвхөн зүүн талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Харин зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй...” гэх 685 дугаартай дүгнэлт /хх1, х123-124/,
Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн “...Д.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т “Тээврийн хэрэгслийг зөвхөн зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Харин зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй” гэх 324 дугаартай дүгнэлт /хх2, х48/,\
Вендо компанийн 07954570 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хх1, х79-80/,
“Ашид билгүүн" ХХК-ийн 1322 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хх1, х59/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Аыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Мөн Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн шүүгдэгч Д.Аын гэм буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан бөгөөд тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бус байсан нь шүүгдэгч О.Мын үйлдлээс болсон гэж үзэх шалтгаант холбоо байхгүй гэж дүгнэн прокуророос О.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
О.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо түүнийг цагаатгаж шийдвэрлээгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж зөвтгөх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч О.М нь Нийслэлийн түргэн тусламжийн төвийн шалгах механик буюу тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй ажиллагааг албаны хувьд хариуцсан ажилтны хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлд заасан субъектийн шинжийг хангасан хэдий ч түүнийг “ажил үүрэгтээ хариуцлагагүй хандаж, илт бүрэн бус, стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгсэл ажилд гаргасан” гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, техникийн шинжээчийн дүгнэлтэд “Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эзэмшлийн “Хьюндай старекс” загварын 03-52 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дугуйн хээ нь MNS4598-2011 стандартын 5.14.3-т “2,0 мм-ээс багагүй байх” шаардлагыг хангаагүй” гэж дүгнэсэн боловч шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон MNS4598-2011 стандартын 5.14.3-т “Суудлын автомашины төрөлд дугуйн хээний гүн 1,6 мм-ээс багагүй байх” гэсэн стандартад нийцсэн, хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар дугуйны хээ элэгдлийн хязгаарт хүрээгүй, хээний гүн газарт тулах хэсгээр 1,6 мм-ээс 1,9 мм байгаа нь тогтоогдсон тул “Хьюндай старекс” загварын автомашины дугуйн хээний гүн стандарт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, үүнийг техникийн ашиглалт хариуцсан ажилтан илрүүлэх боломжгүй байжээ.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж гарсан энэхүү осол жолооч Д.Аын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан заалтыг зөрчсөнөөс болсон, түүний үйлдэл уг гэмт хэрэгтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргалын гаргасан “...Д.Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 563 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулан, бусад заалтыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 563 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Прокуророос О.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “Прокуророос О.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, О-н Мыг цагаатгасугай” гэж өөрчилсүгэй.
2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 563 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч С.Тэгшжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ц. ОЧ