Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2014/0264

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

                                               ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

                                       ШҮҮХ ХУРАЛДААНЫ МАГАДЛАЛ

2014 оны 07 сарын 02 өдөр                    Дугаар 264                           Улаанбаатар хот

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, хариуцагч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 182 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Х, Ё.Э нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...1.Цагдаагийн байгууллага ЭБША явуулж, прокурор хяналт тавиад хуульд нийцсэн шийдвэр гаргасан байхад татварын хяналт шалгалтын дүрмээ зөрчин томилогдсон татварын улсын байцаагч Г.Х, Ё.Э нар эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийг үл харгалзан онц их хэмжээний дүн бүхий төлбөр ногдуулсан 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 263245 дугаар акт, ...2.Магадлагч-татварын улсын байцаагчийн дүгнэлтийг авч хэлэлцээгүй, прокурорын тогтоолд дурдсан татварын зөрчлийн үндэслэлийг илт гуйвуулан хэрэглэж үйлдсэн Нийслэлийн Татварын маргаан таслах зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 17 дугаар тогтоол, ...З.ҮТЕГ-ын Татварын маргаан таслах зөвлөл нь “М” ХХК-ийн гомдлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ Татварын ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийг хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа тул тус зөвлөлийн 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 50 дугаартай тогтоолыг тус тус хүчингүйд тооцож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн багасгахдаа: ...Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 17 дугаар тогтоол, мөн ҮТЕГ-ын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 50 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хасаж багасган, татварын улсын байцаагчийн 263245 дугаар бүхий “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” актыг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Х, Ё.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...“М” ХХК нь шалгалтаар 2931716.4 мянган төгрөгийн зөрчил... 2009 онд 30043.3, 2010 онд 29016173.1 мянган төгрөгийн ямаа болон адууны мах, дайвар бүтээгдэхүүний экспортын борлуулалтын орлогыг ААНОАТ-ын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй зөрчил нь ААНОАТ-ын тухай хуулийн 7 дугаар зүйл, уг зүйлийн 7.1, 7.3, 7.3.1, 8 дугаар зүйл, уг зүйлийн 8.1, 8.1.1, 15 дугаар зүйл, уг зүйлийн 15.1, 15.1.2 дахь заалтыг зөрчсөнийг тэмдэглэн Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-ийг үндэслэн татварын улсын байцаагчийн 263245 тоот актыг үйлдсэн...

Тус компанид холбогдох 260013 тоот дүгнэлтийг Баянгол дүүргийн прокурор шалгаад 197 тоот тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, татварын байгууллагад шилжүүлсэн. Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрмийн 2.2.5 дахь заалт нь татварын улсын байцаагч шалгасан аж ахуйн нэгжийнхээ дараа, дараагийн онуудыг давтан шалгахгүй гэсэн ойлголт. Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэжээ.

{

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 182 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 29 дүгээр зүйлийн 29.1.6, 74 дүгээр зүйлд заасныг баримтлан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 263245 дугаар актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1 дүгээр заалтад дээрх прокурорын тогтоолд “...ААНОАТ төлөх үндэслэл тогтоогдож байх тул..." гэж дүгнээд “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэж үзэж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосноос үзвэл зөвхөн эрүүгийн хэрэг үүсгэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж шийдвэрлэснээс бус “М” ХХК-ийн зөрчилд Татварын ерөнхий хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж шийдвэрлээгүй байна... гэжээ.

Прокурорын 197 тоот тогтоолын Олсон нь хэсэгт “...яллагдагч Л.Э...нийт 800 тонн мах гаргасан, 100 тонн тутмаас 1000.000 төгрөгийн цэвэр ашиг олсон гэж олсон ашгаас 10 хувийн ААНОАТ төлөх үндэслэл тогтоогдож байх тул...” гэж татвар ногдуулах орлогын дүнг маш тодорхой тогтоож өгсөн. Гэтэл шүүхийн шийдвэрт прокурорын тогтоолын гол ач холбогдол бүхий хэсэг буюу тодорхойлсон татвар ногдох орлогын хэмжээг орхигдуулан, зөвхөн “...ААНОАТ төлөх үндэслэл тогтоогдож байх тул...” гэх хэсгийг таслан авч хэрэглэсэн нь шийдвэр буруу гарахад хүргэсэн. Татварын улсын байцаагчийн үйлдсэн дүгнэлтэд үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалт явуулсны үр дүнд Л.Э-н гаргасан татварын зөрчил 8 сая төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 125-200 дахин нэмэгдүүлсэн хэмжээнээс бага байх тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн болох нь прокурорын тогтоолоос тодорхой ойлгогдож байхад шүүхийн шийдвэрт “...зөвхөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж шийдвэрлэснээс...татварын хуулиар хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж шийдвэрлээгүй байна...” гэсэнтэй санал нийлэхгүй байна.

Мөн шүүхийн шийдвэрт татварын улсын байцаагч прокурорын тогтоолд заавал гомдол гаргах үүрэггүй болохыг тодорхойлоод, татварын хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэй болохыг дэмжсэн заалт оруулсан байна. Прокурорын тогтоолыг татварын улсын байцаагч хүлээн зөвшөөрч байгаа бол гомдол гаргах үүрэггүй бөгөөд гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой. Харин татварын улсын байцаагч Ё.Э, Г.Х нар нь прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй атлаа тогтоолд зааж өгсөн хугацаанд дээд шатны прокурорт гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2 дугаар заалтад “...БГД-ийн татварын хэлтсийн дарга нь прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор “М” ХХК-ийн гаргасан зөрчилд нөхөн татвар болон хариуцлага тооцуулахаар урьд нь шалгаж тухайн зөрчлийг тогтооход оролцсон байцаагч Ё.Э-г томилсныг дээрх журмыг зөрчсөн гэж үзэхээргүй байна. Дээрх дүрэмд заасан “...татвар төлөгчийг шалгуулах’’-аар томилоогүй, харин урьд хийсэн шалгалтаар тогтоосон зөрчилд нөхөн татвар, хариуцлага ногдуулахаар үргэлжлүүлэн хийсэн шалгалт гэж үзэхээр байна” гэжээ.

Татварын ерөнхий хууль, татварын хяналт шалгалтын ажлын албаны дүрэм болон холбогдох эрх зүйн баримтуудад “...үргэлжлүүлэн хийсэн хяналт шалгалт...” гэсэн нэр томьёо болон ойлголт байдаггүй. Татварын улсын байцаагч Ё.Э анхан шатны шүүх хуралдаанд “...хяналт шалгалтын дүрмийн 2.2.5-т нэг татварын улсын байцаагч нэг татвар төлөгчийг шалгахдаа тухайн шалгасан оныхоо дараагийн оныг шалгахгүй гэсэн байдаг. Дүгнэлт бичсэн байцаагч дүгнэлтийн үр дагаврыг дуусах шат хүртэл хариуцах үүрэгтэй...” гэх мэт дүрэмд огт байхгүй заалтуудыг өөртөө зориулан зохиож ярьсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Бид анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа хяналт шалгалтын ажлын албаны дүрмийн хэд хэдэн заалтуудыг дурдсан боловч зөвхөн 2.2.5 заалтыг буруу тайлбарлан шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Хяналт шалгалтын ажлын албаны дүрмийн 1.4 дэх заалтад энэхүү зорилгыг хэрэгжүүлэхдээ ХШАЭН, Татварын улсын (ахлах) байцаагч Татварын ерөнхий ! хуулийн 23 дугаар зүйлд “...хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх, доод шатны байгууллага нь дээд шатны байгууллагадаа шууд захирагдах... болон дараах зарчмуудыг удирдлага болгон ажиллана” гэж заасан нь уг дүрмийн 2.2.5 заалтын үзэл баримтлал юм.

Дээрх заалтын “...бусдын нөлөөнд үл автах...” гэсэн зарчмыг хэрэгжүүлэхийн тулд дүрмийн 2.4-т “Татварын нягтлах хяналт шалгалт” заалтыг оруулж өгсөн ба ҮТЕГ-ын ХШАЭН нь 3 үндэслэлээр нягтлах, хяналт шалгалт хийх эрхтэй болохыг тодорхойлсон. Дүрмийн 2.4.4.6 заалт буюу “...хууль, хяналтын байгууллагын шийдвэр...” гарсан бол зөвхөн нягтлах, хяналт шалгалт хийж ( шийдвэрлэхээр заажээ. Татварын улсын байцаагч Ё.Э нь дүгнэлт үйлдэхдээ ААНОАТ-ын тухай хуулийн үзэл баримтлал болох “...татвар ногдуулах орлого буюу бизнесийн үйл ажиллагааны ашиг”-т татвар ногдуулах зарчмыг баримтлаагүй, хөндлөнгийн мэдээллийг хууль, дүрэм баримтлан нотлоогүй, онц их хэмжээний дүн бүхий зөрчил гэж үзэн эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр хуулийн байгууллагад шилжүүлсэн. Мөрдөн байцаалтын явцад их хэмжээний татвараас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдээгүй гэсэн нь нотлогдоод прокурорын дүгнэлт ирүүлсэн байхад уг тогтоолыг огт авч хэлэлцэхгүй, онц их хэмжээний дүн бүхий акт үйлдэж байгаа нь ТЕХ-ийн 23 дугаар зүйлийг зөрчсөн үйлдэл болох нь тодорхой. Татварын улсын байцаагчийн дүгнэлт болон акт үйлдсэн байдал нь хууль, дүрмээс үл хамааран хүссэн үйлдлээ гүйцэтгэж болохыг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, татварын улсын байцаагч “бусдын нөлөөнд автан” шийдвэр гаргасан тохиолдолд мөрдөн байцаах газар, прокурор зэрэг хууль хяналтын байгууллагуудын явуулсан ажиллагаа огт хамаагүй, хууль дүрмийг дагаж мөрдөхгүй байх боломжтой нь харагдаж байна.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3 дугаар заалтад нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...прокурорын тогтоолд гомдол гаргаагүй атлаа 9 сарын дараа гэнэт акт гаргаж төлбөр тогтоосон нь үндэслэлгүй” гэжээ. ТЕХ-ийн 11.1-д “Татвар нөхөн ногдуулах алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна...” гэж заасан тул “М” ХХК-ийн татвараа нуусан зөрчилд хариуцлага тооцсоныг “хугацаа хэтрүүлсэн” гэж буруутгах үндэслэлгүй байна” гэжээ. Татвар төлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны явцад татварын хөөн хэлэлцэх хугацааны талаар огт дурдаагүй.

Прокурорын 197 тоот тогтоолын 6 дахь заалт болох “7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах...” гэсэн үндэслэлийг татварын хөөн хэлэлцэх хугацаатай хутган гаргасан дээрх шийдвэрийг зөвшөөрөхгүй. Татварын улсын байцаагч Ё.Э нь татварын хяналт шалгалтын акт бичсэний дараа татвар төлөгчийг дуудаж гарын үсэг зурахыг шаардсан нь хяналт шалгалтын дүрмээ зөрчсөн үйлдэл. Анхан шатны шүүх хуралдаанд “...прокурорын тогтоол хүлээн аваад татвар төлөгчийг дуудаж баримт материал гаргаж өгөхийг шаардсан...” гэж худлаа тайлбар өгсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, давж заалдах гомдолд дурдсан үндэслэл зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч “М” ХХК нь татварын улсын байцаагчийн 2012 оны 263245 тоот актын тооцооллын талаар маргаагүй, харин “уг актыг угаасаа гаргах үндэслэлгүй байсан” гэж маргаж байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Прокурорын тогтоолд Л.Э нь 2009 онд 100 тонн, 2010 онд 700 тонн, нийт 800 тонн мах гаргасан, 100 тонн тутмаас 1.000.000 төгрөгийн цэвэр ашиг олсон ...олсон ашгаас 10 хувийн ААНОАТ төлөх үндэслэл тогтоогдож байх тул... гэж илрүүлсэн зөрчлийг прокурор тогтоосон”, “прокурорын тогтоолыг татварын улсын байцаагч нар хүлээн зөвшөөрч байгаа бол гомдол гаргах үүрэггүй ч гаргасан шийдвэрийг биелүүлэх ёстой... татварын хяналт шалгалт нь ...Татварын хяналт шалгалтын ажлын дүрмийн 2.2.5 дахь заалтыг зөрчсөн” гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл татварын улсын байцаагч А.Д, Ё.Э нарын 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 260013 тоот дүгнэлтийн дагуу “М” ХХК-ийн захирал Л.Э-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бөгөөд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б-н 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 197 дугаар тогтоолоор “яллагдагч Л.Э нь 2009 онд 100 тонн, 2010 онд 700 тонн, нийт 800 тонн мах гаргасан, 100 тонн тутмаас 1.000.000 төгрөгийн цэвэр ашиг олсон гэх олсон ашгаас 10 хувийн ААНОАТ төлөх үндэслэл тогтоогдож байх тул /хохирлын хэмжээ хүрээгүй/” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон дээрх тогтоолыг татвар төлөгчийн татвар ногдуулах орлогыг тогтоосон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Дээрх агуулга бүхий /зуучлалын гэрээгээр олсон ашгийг прокурор тогтоосон/ гомдлыг нэхэмжлэгч нь шат шатны Татварын маргаан таслах зөвлөлд гаргаж байсан төдийгүй шүүхэд дээрх үндэслэлээ тайлбарлаж байна.

Зуучлалын талаарх зохицуулалтыг Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410 дэх хэсэгт “хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх” гэж тодорхойлсон бөгөөд “М” ХХК-ийн өөрийн нэрээр экспортод мах, дайвар бүтээгдэхүүн гаргасан үйлдлийг Иргэний хуульд заасан “зуучлал”-ын үйл ажиллагаа гэж дүгнэх боломжгүй, харин бусдад “татвараас зайлсхийх боломж олгож байгаа үйлдэл” гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч компани нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т зааснаар “нэр, хаяг, тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, харилцах болон хувийн данс, гарын үсгийг бусдад ашиглуулан татвараас зайлсхийх боломж олгохгүй байх” үүрэгтэй бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт заасны дагуу тус компанийн “санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх” ёстой.

Хэдийгээр нэхэмжлэгч “800 тонн мах, дайвар бүтээгдэхүүнийг манайх борлуулаагүй, хятад хүмүүсийн гуйлтаар ямаа, адууны мах буюу дайвар бүтээгдэхүүнийг хилээр өөрийн компанийн нэр дээр гаргасан, ...татварын талаар мэдлэггүй байдлаасаа болж тайландаа тусгаагүй бидний алдаа болж...” гэж тайлбарладаг байх боловч Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй" юм.

Иймээс тус компанийг экспортын борлуулалтын орлогоо аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулан төлөөгүй гэж татварын улсын байцаагч нар дүгнэж акт тогтоосон нь үндэслэлтэй.

Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, 18.1.10, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 74,                                                  75 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол захиргааны хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалттай тул энэ дагуу хариуцлага тооцсон нь буруу биш байна.

Түүнчлэн Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрмийн 2.2.5-т зааснаар хариуцагч Ё.Э нь тухайн татвар төлөгчийг давтан шалгахаар томилогдоогүй, харин 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 260013 дүгнэлтээр “М” ХХК-д холбогдох 2931716.4 мянган төгрөгийн зөрчлийг шалгаж, эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгүүлэхээр Цагдаагийн газарт шилжүүлсэн бөгөөд прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан дээрх зөрчилд нөхөн татвар, хариуцлага ногдуулахаар шалгалтыг үргэлжлүүлэн хийсэн, мөн уг тогтоолд хуульд заасан хугацаанд гомдол гаргах эсэх нь татварын улсын байцаагчийн эрхийн асуудал тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

 

 

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 182 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 


Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

 

ШҮҮГЧИД                                                                   Ц.ЦОГТ

Д.БАТБАТАР

Э.ЗОРИГТБААТАР