Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хажекберийн Талгат |
Хэргийн индекс | 161/2022/0025/Э |
Дугаар | 2022/ШЦТ/24 |
Огноо | 2022-02-17 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/24
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Орчуулагч хэлмэрч Б.Ж,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д ,
Шүүгдэгч Р.Б гийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.Т ,
Шүүгдэгч Б.А ийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.Н ,
Шүүгдэгч Р.Б , Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Б , Б.А нарт холбогдох эрүүгийн 2213000320028 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Р.Б , 1979 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 04 дүгээр багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: БВ79******,
2. Монгол Улсын иргэн, Б.А , 1999 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс Казах, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, ах нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 03 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: БВ99******,
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Р.Б , Б.А нар нь согтуугаар 2022 оны 01 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн үед Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ө.Д ын гэрт хоорондоо үл ялих зүйлээр маргалдаж, улмаар гадаа гарч харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Р.Б мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогчийн хувьд нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.
2. Шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогчийн хувьд нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.
Хоёр: Эрүүгийн 2213000320028 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: иргэн Р.Б аас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, хохирогч Р.Б , Б.А , гэрч С.Т , Т.Д , С.Ж , Ө.Е нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 131, 132 дугаартай дүгнэлт, шинжээч К.Х ын мэдүүлэг, яллагдагч Р.Б , Б.А нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, хууль зүйн дүгнэлт.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Р.Б , Б.А нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Р.Б , Б.А нар нь согтуугаар 2022 оны 01 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн үед Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ө.Д ын гэрт хоорондоо үл ялих зүйлээр маргалдаж, улмаар гадаа гарч харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Үүнд: 1. Хохирогч Р.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баяннуур суманд очсон бөгөөд С.Т , Ө.Е , Т.Д нарын хамт тус сумын 03 дугаар багт явж байгаад орой нь иргэн Ө.Д ын гэрт нь очсон. Ө.Д нь тухайн өдөр шинэ мотоцикл авсан бөгөөд бид үүнийг нь мялааж “Хараа” нэртэй 0.7 литрийн архийг хувааж уугаад сууж байтал гаднаас Б.А гэх залуу орж ирсэн.
Тухайн үед Б.А нь Ө.Е ад хандаж “Р.Б нь миний Өлгий сумын 04 дүгээр багт авсан хашаанд байсан худагт чулуу хийсэн байна” хэмээн хэлж байсан. Тэгээд Б.А уг асуудлын талаар хэрүүл маргаан гаргаж намайг гадаа дуудсан ба гадаа гармагц миний толгойны дух хэсэгт гараараа нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дугаар тал/,
2. Хохирогч Б.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би Ө.Д ын гэрт Ө.Д , С.Т , Ө.Е , Р.Б , Т.Д нарын хамт архи уусан. Тэр үед би Р.Б д хандаж “Та Өлгий сумын 04 дүгээр багт байрлах таны гэрийн хажуу талын манай худагт чулуу хийсэн юм уу” гэж асуухад Р.Б нь “би энэ талаар мэдэхгүй юм байна” гэж хэлсэн. Тэгээд би Р.Б аас уучлалт гуйсан бөгөөд Р.Б нь түрийтэй гутлаасаа хутгаа хайж байсныг нь хараад би түүнд “чи намайг хутгаар айлгах гэж гэж байгаа юм уу” гэж хэлээд түүнийг гадаа дагуулан гарч би Р.Б ыг нэг гараараа заамдаж аваад нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Р.Б нь миний баруун талын нүд рүү зүүн гараараа 1 удаа цохисон. Мөн миний нүүрэн тус газар хоёр гараараа 2-3 удаа цохисон. Мөн намайг газарт унасан байхад миний нуруу хэсэг рүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дүгээр тал/,
3. Гэрч С.Т ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2022 оны 01 сарын сарын 10-ны орой 19 цагийн үед Баяннуур сумын 03 дугаар багийн иргэн Ө.Д ын гэрт очсон. Намайг очиход Ө.Д ын гэрт Р.Б , С.Т , Т.Д, Ө.Е , Б.А нар архи уугаад сууж байсан. Намайг очиход уг залуус “Соёрхол” гэх нэртэй 0.7 литрийн архийг хувааж ууж байсан. Би уг архийг уугаагүй. Тэгээд уг архи дууссаны дараа “Соёрхол” гэх нэртэй 0.7 литрийн архинаас 3 шилийг дахиад бүгд хувааж уусан. Тэгээд сууж байтал Р.Б , Б.А нар хоорондоо худагны асуудлын талаар ярьж маргалдаж байсан. Р.Б нь хормойноосоо ямар нэгэн зүйл хайж байсан бөгөөд Б.А “чи хутга гаргах гэж байна уу” гээд Р.Б ыг дагуулан гадаа гарсан бөгөөд намайг гэрээс гарахад Б.А нь Р.Б ы дээр суусан заамдсан байдалтай байсан бөгөөд би очиж А.А ийг салгаж авах үед Р.Б нь босож ирээд Б.А ийн нүдэн тус газар нэг удаа цохисон. Тэгээд Б.А нь миний нүд рүү цохичихлоо хэмээн Р.Б ыг очиж газарт унагааж дээр нь сууж байгаад түүнийг 1-2 удаа цохиж, хоёр гараараа боож байх үед Т.Д бид хоёр салгаж авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дугаар тал/,
4. Гэрч Т.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...удалгүй бид араас нь гарахад Р.Б болон Б.А хоёр харилцан зодолдож байсан. Тэгээд бид хэд очиж Б.А , Р.Б нарыг хоёр тийш нь салгаж авсан.
...намайг харахад Р.Б нь Б.А ийн толгой хэсэг рүү гараараа цохиж байсан.
...биднийг салгаж авах үед Б.А нь Р.Б ы толгой хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед Р.Б нь миний дух хавдсан байна гээд байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дугаар тал/,
5. Гэрч С.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Б.А болон Р.Б нар хоёр удаа харилцсан зодолдсон бөгөөд бид хоёр удаа салгаж авсан. Тухайн үед Р.Б нь Б.А ийн нүд болон толгой хэсэг рүү цохиж байсан.
...Б.А нь мөн адил Р.Б ы толгой, нүд рүү гараараа 4-5 удаа цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дүгээр тал/,
6. Гэрч Ө.Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Биднийг гадаа гарахад Б.А болон Р.Б нар нь хоорондоо харилцан зодолдож байсан. Тухайн үед бид уг хоёр залууг салган авсан ба Б.А нь цагаан өнгийн суудлын машиндаа суугаад хөдөлсөн ба тухайн үед бид Р.Б ы машиныг асаах гээд түрж байхад Б.А буцаж ирсэн бөгөөд машинаас буугаад Р.Б тай зодолдож эхэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74-75 дугаар тал/,
7. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч К.Х ын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 131 дугаартай “1. Иргэн Р.Б ы биед тархины доргилтой, зүүн нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын нуруунд хавдартай, хамрын зүүн талд шархтай, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. Иргэн Р.Б ы дээрх гэмтэл нь 1-10 хоногт нэг хугацаанд үүссэн, шинэ гэмтлүүд болно.
3. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй болно.
4. Иргэн Р.Б ы дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,
8. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч К.Х ын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 132 дугаартай “1. Иргэн Б.А ийн биед тархины доргилтой, баруун нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын нуруунд, духанд тус тус шархтай, хамрын нуруунд хавдартай, доод эрүүний баруун талд хавантай, хамрын нүхний зүүн талд шархтай, дээд уруулд шархтай гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. Иргэн Б.А ийн дээрх гэмтэл нь 1-10 хоногт нэг хугацаанд үүссэн, шинэ гэмтлүүд болно.
3. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй болно.
4. Иргэн Б.А ийн дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,
9. Шинжээч К.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.А ийн биед буюу уруулд 1.2x0.5 см хэмжээтэй шархтай гэмтэл тогтоогдсон ба уг гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын зүй бус харилцаа нөлөөлсөн гэж үзлээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Р.Б , Б.А нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Р.Б , Б.А нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг, шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс шүүгдэгч Р.Б , Б.А нарын гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй хэмээн дүгнэлтээ гаргаж, гэм буруугийн талаар тус тус мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Р.Б нь хохирогч Б.А ийн эрүүл мэндэд “тархины доргилтой, баруун нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын нуруунд, духанд тус-тус шархтай, хамрын нуруунд хавдартай, доод эрүүний баруун талд хавантай, хамрын нүхний зүүн талд шархтай, дээд уруулд шархтай” хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.А нь хохирогч Р.Б ы эрүүл мэндэд “биед тархины доргилтой, Зүүн нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын нуруунд хавдартай, хамрын зүүн талд шархтай, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай” хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүх хуралдаанд улсын яллагчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүхээс шүүгдэгч Р.Б , Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Р.Б , Б.А нарын архидан согтуурсан байдал болон зүй бус харилцаа шууд нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Р.Б , Б.А нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.Б , Б.А нарын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216, А/422 дугаартай хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх заалтад заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хохирогч Р.Б , Б.А нараас мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд бие биенээсээ нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй хэмээн тус тус мэдүүлсэн тул шүүгдэгч Р.Б , Б.А нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхээс шүүгдэгч Р.Б , Б.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Р.Б , Б.А нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Р.Б , Б.А нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ тус тус бичгээр гаргасан байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн саналд яллагдагч Р.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал,
яллагдагч Б.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал тус тус гаргасныг яллагдагч Р.Б , Б.А нар нь хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 157, 158 дугаар тал/.
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Р.Б , Б.А нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Р.Б , Б.А нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Р.Б , Б.А нар урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар нотлогдож байна.
Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Р.Б , Б.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б ыг 460 (дөрвөн зуун жар) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 (дөрвөн зуун жаран мянга) төгрөгөөр, шүүгдэгч Б.А ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, уг торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч Р.Б , Б.А нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ хэрэгт шүүгдэгч Р.Б , Б.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Р.Б , Б.А нарт урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р.Б , Б.А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б ыг 460 (дөрвөн зуун жар) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 (дөрвөн зуун жаран мянга) төгрөгөөр, шүүгдэгч Б.А ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б , Б.А нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б , Б.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Р.Б , Б.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Р.Б , Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Р.Б , Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ