Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 572

 

      Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 3-18 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар:ОЭ63033067, Сийхт овогт Бадамын Цагцалмаагийн Б.Мөнхбатын ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Б.Цагцалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Мөнхбат нь 1980 оны 4 дүгээр сраын 20-ны өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестын Барилга материалын үйлдвэрийн дугуй зуухны үнс нурам цэвэрлэгчээр ажиллаж байсан бөгөөд ажлаас чөлөөлөгдөхдөө хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй, ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа аваад амьдралын шаардлагаар Улаанбаатар хот руу шилжсэн байгаа. Тухайн үед Барилга материалын үйлдвэрийн дугуй зууханд үнс нурам цэвэрлэдэг маш хүнд ажил хийж байсан тул өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор бичиг баримтаа бүрдүүлэх шаардлага гарсан. Тухайн байгууллагын санхүүгийн баримт аймгийн архивт бүрэн шилжиж ирээгүй тул Б.Мөнхбатын цалингийн түүвэр гүйцэт гарахгүй байгаа мөн хөдөлмөрийн дэвтэр байхгүйгээс улсад ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Б.Мөнхбатын 1980 оны 4 дүгээр сараас 1992 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестын Барилга материалын үйлдвэрт дугуй зуухны үнс нурам цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Б.Мөнхбат нь цэргийн алба хаагаагүй” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Б.Цагцалмаа нь Б.Мөнхбатын Увс аймгийн Барилга усралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн дугуй зуухны үнс нурам цэвэрлэгчээр 1980 оны 4 дүгээр сараас 1992 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

       1. Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн даргын 1980 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 28 тоот “БМҮ-ийн Батхүү овогтой Мөнхбатыг 1980 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дугуй зууханд үнс нурам цэвэрлэгчээр ажилд томилсугай” гэнх тушаалын хуулбар,

        2. Увс аймгийн Барилга угсралтын даргын 1989 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 113 тоот “Шагнах тухай” тушаалын хавсралтын 3-рт “Б.Мөнхбат, олгох тэтгэмж 300, тоосгон завод” гэж бичигджээ,

     3. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн “Б.Мөнхбатын цалинг шүүн үзэхэд цалин гараагүй тул шагнал авсан тухай байгууллагын даргын 1989 оны тушаалыг хуулбарлаж хавсаргав” гэжээ,

        4. Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1992 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 64 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Батхүү овогтой Мөнхбатыг Улаанбаатар хот шилжих болсон тул өөрийнх нь хүсэлтээр дугуй зуухны үнс нурам цэвэрлэгчээс 1992 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс...чөлөөлсүгэй” гэжээ,

        5. Итгэмжлэл,

       6. Гэрч Р.Цэрэннадмидын шүүхэд өгсөн: “Би 1979 оны 1 дүгээр сараас 1990 он хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестын Тоосгоны заводын дугуй зуухны тоосго шатаагчаар ажиллаж байсан. Б.Мөнхбат 1980 оноос эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн дугуй зуухны үнс нурам цэвэрлэж, тоосго зөөгчөөр ажиллаж байсан бөгөөд намайг 1990 онд ажлаас чөлөөлөгдөхөд тэндээ ажиллаад үлдсэн юм. Бид ажиллах хугацаандаа нэг ээлжинд хамт гарч ажиллаж байсан учраас би Б.Мөнхбатыг сайн таньж мэддэг юм. Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргаар Т.Батзул, Нүүнээ, С.Ургамал, Тоосгон заводын даргаар н.Баасанжав гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

       7. Гэрч Г.Гангаагийн шүүхэд өгсөн: “Би 1974 оны 8 дугаар сараас Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдэлд 1981 он хүртэл малчнаар, 1981 оны 6 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал Барилга угсралтын трестын Тоосгоны заводын дугуй зуухны галчаар тус тус ажиллаж байсан. Б.Мөнхбат 1980 оноос эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн дугуй зуухны үнс нурам зөөгчөөр ажиллаж байсан бөгөөд надтай ээлж солилцож ажилладаг байлаа. Манай тоосгоны завод 3 ээлжээр 24 цаг тасралтгүй ажиллаж тоосго үйлдвэрлэгдэг байсан” гэх мэдүүлэг,

       8. Гэрч Р.Цэрэннадмидын Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 525 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Г.Гангаагийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12  дугаар сарын 06-ны өдрийн 1109 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

     Б.Мөнхбат нь Увс аймгийн Барилга усралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн дугуй зуухны үнс нурам цэвэрлэгчээр 1980 оны 4 дүгээр сараас 1992 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал ажиллаж байсан болох нь Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн даргын 1980 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 28 тоот “БМҮ-ийн Батхүү овогтой Мөнхбатыг 1980 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дугуй зууханд үнс нурам цэвэрлэгчээр ажилд томилсугай” гэх тушаал, Увс аймгийн Барилга угсралтын даргын 1989 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 113 тоот “Шагнах тухай” тушаал, Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1992 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 64 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, гэрч Р.Цэрэннадмид, Г.Гангаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

        Иймд дээрхи нотлох баримтуудыг үндэслэн Б.Мөнхбатын Увс аймгийн Барилга усралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн дугуй зуухны үнс нурам цэвэрлэгчээр 1980 оны 4 дүгээр сараас 1992 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал 12 жил, 4 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Цагцалмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

     Нэхэмжлэгч Б.Цагцалмаад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Нэхэмжлэгч Б.Цагцалмаа миний бие нь төрсөн дүү Б.Отгонжаргалын сүү, хадаг тавих чухал ажил гарсан тул шүүх хуралд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Баатар бэйл овогт Батхүүгийн Мөнхбатын Увс аймгийн Барилга усралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн дугуй зуухны үнс нурам цэвэрлэгчээр 1980 оны 4 дүгээр сараас 1992 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал 12 /арван хоёр/ жил, 4 /дөрөв/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Цагцалмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР