Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/27

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Д ,

шүүгдэгч Х.Л  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Л д холбогдох эрүүгийн 2213000000030 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х.Л  , 1965 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 56 на , эрэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, физикч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Ерөнхий боловсролын сургуульд мужаан бөгөөд хөдөлмөр эрүүл ахуйн ажилтан, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Толбо сумын 05 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар БЮ65******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Х.Л  нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны орой 19 цагийн үед Баян-Өлгий аймгийн Толбо сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр, Өлгий-Хашаат чиглэлийн орон нутгийн засмал замаар 00-00 БӨҮ улсын дугаартай “Toyota axio” загварын цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас засмал замын хажуу хөвөөнд зогсож байсан “РАW” загварын 00-00 ХОҮ улсын дугаартай, хөх өнгийн ачааны тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн М.Х гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэн Т.М ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1.Шүүгдэгч Х.Л мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирлын хувьд хохирогч Т.М т 1.448.000 төгрөгийг төлж өгсөн, иргэний нэхэмжлэгч Х.М д 680.000 төгрөг төлж өгөх болно гэв.

Хоёр: Эрүүгийн 2213000000030 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 11-19 дүгээр тал/,

2.2. Хохирогч Т.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 106-107, 109-110, 115 дугаар тал/,

2.3. Хохирогч М.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 121-122, 124 дүгээр тал/,

2.4. Иргэний нэхэмжлэгч Х.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 118 дугаар тал/,

2.5. Гэрч Х.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 128-129 дүгээр тал/,

2.6. Гэрч Б.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 137-139 дүгээр тал/,

2.7. Гэрч Т.Е гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 141 дүгээр тал/,

2.8. Гэрч Б.И ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 146-147 дугаар тал/,

2.9. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч Х.Е ын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 94 дугаартай, хохирогч Т.М ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон дүгнэлт /1 дүгээр хавтасны 176-177 дугаар тал/,

2.10. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч Х.Е ын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 87 дугаартай, хохирогч М.Х гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон дүгнэлт /1 дүгээр хавтасны 205-206 дугаар тал/,

2.11. Шинжээч Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн хяналтын мэргэжилтэн, Улсын байцаагч Б.Ж ийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №01-1 дугаартай, “Toyota axio загварын 00-00 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтлийг тогтоосон дүгнэлт /1 дүгээр хавтасны 240-241 дүгээр тал/,

2.12. Шинжээч Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн хяналтын мэргэжилтэн, Улсын байцаагч Б.Ж ийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №01 дугаартай, “FAW загварын 00-00 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтлийг тогтоосон дүгнэлт /1 дүгээр хавтасны 250, 2 дугаар хавтасны 1 дүгээр тал/,

2.13. Шинжээч Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч А.М ийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаартай, жолооч Х.Л  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөн болохыг тогтоосон дүгнэлт /2 дугаар хавтасны 12 дугаар тал/,

2.14. Яллагдагч Х.Л н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 63-64 дүгээр тал/,

2.15. Х.Л д холбогдох эрүүгийн  2213000000030 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн ослын гурвалжин тэмдгийн хагархай гэх 22 ширхэг хэлтэрхийнүүд, хэргийн газрын үзлэгийн бичлэг СД 1 ширхэг,

2.16. Яллагдагч Х.Л гийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Л н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

1.1. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Л гийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан байх ба шүүгдэгч Х.Л гээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хэмээн мэдүүлэг өгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Х.Л  нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны орой 19 цагийн үед Баян-Өлгий аймгийн Толбо сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр, Өлгий-Хашаат чиглэлийн орон нутгийн засмал замаар 00-00 БӨҮ улсын дугаартай “Toyota axio” загварын цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас засмал замын хажуу хөвөөнд зогсож байсан “РАW” загварын 00-00 ХОҮ улсын дугаартай, хөх өнгийн ачааны тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Т.М ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:  

 - Хэргийн газар үзлэг хийсэн “...ослын газрын ажиглахад ертөнцийн зүгээр хойноос урагш буюу Өлгий-Хашаат чиглэлд явж байсан болзошгүй 00-00 ХОҮ улсын дугаартай нүүрс ачсан, хөх өнгийн ачааны тээврийн хэрэгсэл замын баруун талын зорчих хэсгийн баруун хажуу талд зогсох бөгөөд тус ачааны тээврийн хэрэгслээс урагшаа засмал замын зүүн талын зорчих хэсэг буюу эсрэг урсгалын хэсэгт цагаан өнгийн “Согоlla Axio” загварын 47-19 БӨҮ улсын дугаартай суудлын тээврийн хэрэгсэл урагшаа харсан байдалтай байв.

...хэрэгт ач холбогдолтой ачааны тээврийн хэрэгслийн хойд талд засмал зам дээгүүр ослын гурвалжин байрлуулсан хэсгийг 1 тоогоор, 1 тооноос эгц баруун тийш замын баруун ирмэгийн үргэлжилсэн цагаан шугаманд овоолж байрлуулсан чулууг В үсгээр тэмдэглэн уртаг, өргөрөгийг албаны “Garmin” маркийн төхөөрөмжийг ашиглахад №048°27 52”1, Е 090° 14 09”6” зааж үзүүлснийг тэмдэглэлд тусган гэрэл зургаар бэхжүүлэн авав. 1 тоогоос урагш ослын гурвалжин тэмдгийн хэлтэрхий хугархай байсан газрыг 3 тоогоор, ачааны тээврийн хэрэгслийн зүүн хойд буланг “А” үсгээр, суудлын тээврийн хэрэгсэл байрласан газрыг 2 тоогоор тус тус тэмдэглэн гэрэл зургаар бэхжүүлэн хэмжилт хийхэд замын өргөн нь 7,10 метр, засмал замын хоёр талын шороон хөвөө тус бүр 2,20 метр, В цэгээс 1 тоо хүртэл 90 см, В цэгээс 3 тоо хүртэл 2,30 метр, 1 тоогоос 3 хүртэл 2 метр, 1 тоогоос засмал замын голын тасархай цагаан шугам хүртэл 2,35 метр, 1 тоогоос А цэг хүртэл 22,30 метр, В цэгээс А цэг хүртэл мөн 22,30 метр, А цэгээс засмал замын голын цагаан шугам хүртэл 2,65 метр, А цэгээс 2 тоо хүртэл 35,20 метр, зайтай байсныг тэмдэглэлд тусгав. Үргэлжлүүлэн ачааны тээврийн хэрэгслийн байрласан хэсэгнээс засмал замтай хэмжилт хийхэд замын баруун талын ирмэгнээс ачааны тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуйны гадна ирмэг хүртэл 75 см, дотор ирмэг хүртэл 21 см, хойд хос дугуйны нийт өргөн нь 51 см, мөн замын баруун ирмэгнээс тээврийн хэрэгслийн баруун хойд дугуйны гадна ирмэг хүртэл 166 см, дотор ирмэг хүртэл 112 см, мөн тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуйны гадна талаас замын голын цагаан шугам хүртэл 2,65 метр, тээврийн хэрэгслийн зүүн урд дугуйны гадна талаас замын голын цагаан шугам хүртэл 2,73 метр, баруун хойд дугуйны гадна талаас шороон хөвөөний ирмэг хүртэл 50 см, баруун урд дугуйнаас шороон хөвөөний ирмэг хүртэл 45 см, мөн тээврийн хэрэгслийн зүүн урд дугуйны гадна ирмэгээс засмал замын баруун ирмэг хүртэл 65 см байсныг тус тус тэмдэглэлд тусгав.

Үзлэгийг үргэлжлүүлэн А цэгээс 2 тоо хүртэл 35,2 метрийн зайд суудлын тээврийн хэрэгслийн баруун урд крыло, баруун урд дугуй, обуд, барабан, амаржин, таван булын гол төмөр, тээврийн хэрэгслийн 00-00 БӨҮ улсын дугаар, будаг, буферний хэлтэрхий зэрэг эд ангиуд цацагдсан байдалтай байсныг тэмдэглэлд тусган суудлын тээврийн хэрэгсэлд хэмжилт хийхэд баруун урд хэсгээс замын голын шугам хүртэл 2,20 метр, баруун хойд дугуйнаас голын шугам хүртэл 2,10 метр зайтай байсныг тэмдэглэлд тусган тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд суудлын тээврийн хэрэгслийн баруун урд крыло, урд дугуй, барабан, амортизатор зэрэг эд ангиуд нь бүхэлдээ салж унасан, баруун урд жолооч талын хаалга нь хагас онгойсон байдалтай, хаалганы гадна тал бүхэлдээ эвдэрч гэмтсэн, баруун хойд дугуй хийгүй, баруун зүүн талын толинууд нь салж унасан байдалтай, тээврийн хэрэгслийн зүүн тал нь бүхэлдээ зурагдаж гэмтсэн, зүүн урд, хойд дугуй хийтэй, урд талыг үзэхэд баруун урд их гэрэл салж унасан байдалтай, дотор талд үзлэг хийхэд баруун буюу буруу талдаа жолооны хүрдтэй, автомат хроптой байх ба арааны рычаг нь “R” үсгэнд байрлаж байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Уг суудлын тээврийн хэрэгслийн жолооны хүрд болон зүүн урд салоны хэсгийн ослын аюулгүйн дэрнүүд нь гадагшаа гарсан байдалтай, машины дотор талын урд, хойд хэсэгт ямар нэгэн хэрэгт ач холбогдолтой эд мөрийн баримт, ул мөргүй байв.

Үзлэгийг үргэлжлүүлэн ачааны тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд уг тээврийн хэрэгсэл нь гадна ямар нэгэн маркгүй, хөх өнгийн кабинтай ачааны хэсэгтээ дүүргэж нүүрс ачсан, ачааны зориулалттай тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгслийг хойд талаас нь ажиглахад баруун тийшээгээ бага зэрэг хазайсан харагдах бөгөөд нарийвчлан хэмжилт хийхэд зүүн хойд талын тээшний булангаас газар хүртэл 1,12 метр, баруун хойд талын тээшний булангаас газар хүртэл 96 см, зүүн хойд талын тэнхлэгийн дугуйнаас дээшээгээ ачааны тээшний доод ирмэг хүртэл 23 см, урд тэнхлэгийн дугуйнаас тээшний доод ирмэг хүртэл 24 см бөгөөд баруун хойд талын хойд тэнхлэгийн дугуйн дээд ирмэгээс дээшээ тээшний доод ирмэг хүртэл 6 см, урд тэнхлэгийн дугуйн дээд ирмэгээс тээшний доод ирмэг хүртэл 5 см зайтай байсныг тус тус гэрэл зургаар бэхжүүлэв. Уг ачааны тээврийн хэрэгслийн баруун хойд талын урд хойд тэнхлэгийн хоорондох нум нь хугарч, төмөр бэхэлгээ нь тайлагдаж, эвдэрсэн байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Уг нум хугарсан гэх хэсэгт тээврийн хэрэгслийн жолооч банз мод тавьж домхратаар өргөж байрлуулсан байв.

 Уг тээврийн хэрэгслийн дотор кабинд үзлэг хийхэд зүүн буюу зөв талдаа жолооны хүрдтэй, механик араатай, араанаасаа салгасан, гар кардан татсан байдалтай байсныг гэрэл зургаар бэхжүүлэв.

Үзлэгийг үргэлжлүүлэн 1, В цэгээс А цэгийн хооронд үзлэг хийхэд ямар нэгэн тээврийн хэрэгслийн тоормосны болон шарвалтын мөр үүсээгүй байсныг тэмдэглэлд тусган 1 болон 3 тоогоор тэмдэглэсэн хэсэгт байсан ослын гурвалжин тэмдгийн хэлтэрхий 22 ширхгийг түүж авч, эд мөрийн баримтаар хураан авав...” тэмдэглэл /1 дүгээр хавтасны 11-19 дүгээр тал/,

- Хохирогч Т.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие хувиараа хар ажил хийдэг бөгөөд хэдхэн хоногийн өмнө өөрийн худ М тай цуг түүний туслах болоод бид хоёр Ховд аймгийн Ховд сумаас Баян-Өлгий аймгийн “Хотгор”-ын уурхайгаас нүүрс авахаар ирсэн. Манай худ М  хувиараа өөрийнхөө 00-00 ХОҮ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслээр “Хотгор”-ын уурхайгаас байнга нүүрс тээвэрлэж манай Ховд суманд аваачиж борлуулдаг хүн юм.

...М  бид хоёр 2021 оны 12 дугаар сарын 29-ний орой “Хотгор”-ын уурхайгаас нүүрс ачиж аваад Өлгий сум руу гарсан бөгөөд шөнө дунд Баян-Өлгий аймгийн төвд орж ирээд шууд Ховд аймаг руу гарсан юм.

Өглөө нь 12 дугаар сарын 30-ны өдөр 10 цагийн үед Толбо сумын харалдаа очингуут машины тээшний хэсэг баруун тийш хазайгаад дугуйг зуураад явах боломжгүй болохоор нь М  ах машинаа засмал замаас буулгах боломжгүй байсан тул замын баруун шороон хөвөөнд гаргаж зогсоогоод, машины хойд талд 30 орчим метр газар засмал зам дээгүүр ослын гурвалжин тэмдэг байрлуулаад тэмдгийн хойд хэсэгт чулуугаар түшиж байрлуулсан.

...би машиныхаа хажууд байж байгаад орой 19 цагийн үед машины шатахууны савны хажууд сав байрлуулах гээд машинаас буугаад жолооч талаар нь буюу зүүн талаар нь очиж байтал хойно машины гэрэл харагдахаар нь шатахууны савны хажууд бензинтэй савыг тавьж байтал нөгөө хойноос ирж байсан машин шууд ирээд ачааны тээврийн хэрэгслийн зүүн хойд буланг мөргөөд хүрээд ирэх мөчид би ч зугтах санаатай зогсож байсан газраасаа шууд машины доогуур орох үед баруун гуя руу тас түс болоод явчихсан. Дараа нь арай гэж газраас босоод машины кабинд ороод суусан.

...осол гарах үед өөр ямар нэгэн тээврийн хэрэгсэл зөрж өнгөрөөгүй. ...би тухайн үед машины хажууд ганцаараа байсан, өөр ямар нэгэн хүн байгаагүй.

...Миний эмчилгээнд одоогоор 1.448.780 төгрөгийн зардал гарсан байгаа. Цаашид энэ мөнгөнд эмчилгээ, эм тарианы мөнгө нэмэгдэх байх. Эмч нарын хэлж байгаагаар хоёр гурван жилийн дараа дахиж хагалгаанд орж хөлний хадаасыг нь авхуулна гэж байсан.

...энэ хугацаанд би ажил хөдөлмөр хийж чадаагүй. Иймд надад ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй хугацааны хохирлыг гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 106-107, 109-110, 115 дугаар тал/,

- Хохирогч М.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 30-ны орой 18 цагийн үед нөхөр Л  болон хүүхдүүд К , И , ач нар болох Н , А  нарын хамт аймгийн төвөөс Толбо сум руу нөхрийн машинаар гарсан юм. Машиныг нөхөр жолоодож явсан. Өөр жолоодох хүн байхгүй. Толбо сум руу очих хүртэл олон ч машинтай зөрсөн бөгөөд Толбо сум руу дөхөж очих үед юу болсныг мэдэхгүй, юу ч хараагүй нэг мэдэхэд тас түс болоод явчихсан.

...надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 121-122, 124 дүгээр тал/,

- Иргэний нэхэмжлэгч Х.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Би Х.Л гээс машины эвдрэл гэмтлийг засаж өгөхийг хүсэж байна. Миний машины хойд талын нэг дугуй буудчихсан байгаа. Өөр ямар нэгэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 118 дугаар тал/,

- Гэрч Х.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие наашаа аймгийн төв рүү явахаас өмнө машиныхаа хойно 30 алхаж байгаад 30 орчим метр зайд засмал зам дээгүүр ослын гурвалжин тэмдгийг байрлуулсан. Харин машинаа анх замын хажууд зогсоохдоо аль болох шороон зам руу гаргаж, машины зүүн талын дугуйг л замын цагаан шугамнд байрлуулж үлдээсэн. Машины хэмжээнээс нь хамаарч тэгж л байрласан. Би аймаг руу явах үед миний машинд туслах ажилтан М  машиныг хараад ганцаараа үлдсэн байсан. Аймгийн төв рүү ирээд сэлбэг хайсан боловч нумны бэхэлгээ төмөр огт олдохгүй байсан бөгөөд орой 18 цаг 40 минутанд миний дугаар луу Толбо сумын хэсгийн төлөөлөгч Х.Ж  99****** дугаараас залгаж “ачааны машин жолооч уу, энд аваар осол гарлаа хүрээд ирээрэй” гэхээр нь би шууд Толбо сум руу хамаатан Райымбектэй цуг түүний машинаар гарсан.

... Миний туслах М  осол болох үед баруун хөлөө машинд мөргүүлж аваад баруун хөлний яс нь хугарсан гэсэн. Тухайн үед түүний хажууд өөр хүн байгаагүй. Харин ослын дараа Толбо сумаас Өлгий рүү явж байсан С  /95******/ гэх иргэн машинтайгаа явж байгаад, ослын газарт зогссон гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 128-129 дүгээр тал/,

- Гэрч Б.С ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Бид нар Толбо сумын төвөөс наашаа гараад засмал замаар явж байгаад “Тоосгоны үйлдвэр”-ийн ойролцоо ирэхэд аймаг талаас нэг гэрэл ирж байснаа тоос босоод алга болчихоор нь осол аваар гарчхав уу гэж бодоод иртэл засмал зам дээгүүр аваар гарсан байсан. Анх гэрэл харагдаж байгаад тоос босох үед манай машин ослын газраас 500 орчим метр хол зайтай газар ирж байсан юм. Тэгээд ослын газарт дөхөж ирээд зогсоход замын хажуу хөвөөнд гаргаж байрлуулсан ачааны машины байсан ба засмал замын эсрэг урсгал талд нэг талын дугуй нь салчихсан байдалтай жижиг цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байсан. Улсын дугаарыг нь мартчихсан байна. Тэгээд жолооч Е  болон түүний ажилчид дөрвүүлээ машинаас буух үед жижиг цагаан өнгийн тээврийн хэрэгслийн хажууд очиход Толбо сумын иргэн Л  гэх хүний машин байсан бөгөөд машинаас эхнэр болон хүүхдүүд нь буугаад зогсож байсан ба нэг хүүхэд зам дээгүүр уйлаад сууж байхаар нь би тэр хүүхдийг замаас гаргасан. Би өөрөө Толбо сумаас гарахдаа хэдэн хундага архи уучихсан байсан тул жолоочид ойртож, хүрээгүй. Харин замын нөгөө талын шороон хөвөөнд байсан ачааны машин хажууд дөхөж очоогүй бөгөөд Е , А  нар аймгаас түргэн дуудсан бөгөөд хэсэг байж байгаад бид нар аймаг руу яваад өгсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 137-139 дүгээр тал/,

- Гэрч Т.Е гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай байгууллагаас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр буюу Пүрэв гаригт Толбо суманд ажиллаж байгаа хоёр цэг дээр ээлж солиод наашаа ирж байх замдаа урд нь манай байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан С гэх хүн Толбо сумын төвөөс аймаг руу дайгдаад явсан юм. Бид нар наашаа 30-ны өдрийн 19 цагийн орчимд гарсан бөгөөд Толбо сумаас наашаа гараад төв зам руу ороод явж байтал удалгүй мөргөлдсөн хоёр машин тааралдсан. Нэг нь том оврын ачааны машин байсан бөгөөд уг машины засмал замын хажуу талд шороон хөвөөнд гарч зогссон байдалтай байсан, харин нөгөөдөх нь цагаан өнгийн жижиг суудлын тээврийн хэрэгсэл байсан, уг жижиг машин нь засмал замын эсрэг урсгал тал руу ороод эвдэрсэн байдалтай зогсож байсан. Уг машины зүүн урд талын дугуй салсан байдалтай нийлэн эвдэрсэн байсан. Тэгээд бид нар цаанаас нь ирээд ослын газраас гаралгүй нийлэн зайтай газар зогсоод манай машинд дотор байсан ажилчид А , Идаят болон иргэн С  дөрвүүлээ буугаад ослын газарт байсан хүмүүст туслалцаа үзүүлэхээр дөхөж очсон. Бид нар машинаас бууж очиход том оврын машин нь нүүрс ачсан машин байсан ба уг машины баруун хажуу талд нэг эрэгтэй хүн сууж байх шиг харагдсан, өөр хүн байгаагүй. Бид нар ачааны машины хажууд байсан эрэгтэйгээс юу болсон талаар асуухад хөл өвдөөд байна гээд босож чадахгүй суугаад байсан бөгөөд манай ажилчин А  нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламж руу залгаж, эмч дуудаж байсан. Харин жижиг цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгслийн хажууд на  эмэгтэй хүн болон хэдэн хүүхдүүд байсан ба жолооч нь машин дотор жолооч талын суудалд өвдсөн байдалтай сууж байсан. Тэгээд бид нар аймгаас эмч дуудаж өгөөд наашаагаа аймаг руу хөдлөөд яваад өгсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 141 дүгээр тал/,

- Гэрч Б.И ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Байгууллагын машинаар жолооч Е , тасгийн дарга А  бид гурвуулаа Толбо сумын төв рүү ороод наашаа гарах гэж байтал манай ахмад ажилтан С  тааралдаад аймаг руу явах машин хайгаад байна гэхээр нь аймаг руу машиндаа суулгаад авч явсан. Тэгээд Толбо сумын төвөөс 12 дугаар сарын 30-ны өдрийн орой 19 цаг болж байхад гарсан бөгөөд төв засмал руу ороод хэсэг явж байтал бидний урдуур ойролцоогоор 500 метр орчим зайтай газарт эсрэг урсгал талаас нь нэг машины гэрэл ирж байсан харагдаад дараа нь тэр машины гэрэл гэнэт алга болоод тоос босох шиг болсон. Тэгэхлээр нь бид саяны машины гэрэл яачхав, юу болов гээд тоос боссон газар луу дөхөж ирээд зогссон. Тухайн үед засмал замын хажуу хөвөөнд байрлуулсан ачааны машин харагдсан бөгөөд уг машины урдуур замын эсрэг урсгал талд Толбо сум руу хараад жижиг цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгсэл зогсож байсан. Уг жижиг тээврийн хэрэгсэл нийлэн эвдэрч, гэмтсэн байдалтай харагдсан ба бид очиж зогсоход уг машины гадна эмэгтэй хүн болон хүүхдүүд зогсож байсан ба жолооч нь гэмтсэн байдалтай жолоочийн суудалд сууж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 146-147 дугаар тал/,

- Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч Х.Е ын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 94 дугаартай “1. Т.М ийн биед баруун дунд чөмөгний далд хугарал гэмтэл, баруун дунд чөмөгний дунд урд хэсэгт Зх2 см, гадна хэсэгт 5х6 см хүрэн хөхөлбөр өнгийн цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтэл байна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 176-177 дугаар тал/,

- Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч Х.Е ын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 87 дугаартай “1. М.Х гийн биед баруун талын богтос ясны доод бугуйны хүзүүний хэсэгт цууралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 205-206 дугаар тал/,

- Шинжээч Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн хяналтын мэргэжилтэн, Улсын байцаагч Б.Ж ийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №01-1 дугаартай “...2007 онд үйлдвэрлэсэн, 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Монгол улсад импортлогдсон “Toyota” загварын “Corolla Axio-Е140” загварын 0000 БӨҮ улсын дугаартай цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгслийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 10:35 цагт Цагдаагийн газрын журмын хашаанд шалгаж үзлээ. Уг тээврийн хэрэгсэл 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод 0000 УНК улсын дугаараар техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна. 

1. “Toyota Axio” загварын 0000 БӨҮ улсын дугаартай цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгсэлд эвдрэл, гэмтэл үүссэн байна.

2. Шинжилгээнд хүргүүлсэн “Toyota Axio” загварын 0000 БӨҮ улсын дугаартай цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл, гэмтлүүд нь зам дээр зогсож байсан өөр тээврийн хэрэгслийн араас нь мөргөсний улмаас үүссэн байна.

3. “Toyota Axio” загварын 0000 БӨҮ улсын дугаартай цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл, гэмтлүүд нь тухайн ослын улмаас үүсэн байна.

Ослын улмаас “Toyota Axio” загварын 0000 БӨҮ улсын дугаартай цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгслийн дараах эд ангиуд эвдэрч гэмтсэн байна.

Үүнд: - бүхээг бүрэн хэв гажсан,

- баруун талын урьд крыло, нүүр, урьд салхины шил, баруун талын урьд том гэрэл, баруун талын урьд амортизатор, гадна толь 2 ш, аккумлятор, баруун талын урьд дээд болон доод өндгөн тулгуур, радиатор, тормозны шланг 1 ш, баруун талын урьд хаалга, хаалганы шил 1 ш, урьд буфер, дугуйн обуд 1 ш, зүүн талын хойд гэрлийн шил 1 ш

- эдгээр эд ангиуд дахин засварлах боломжгүйгээр эвдэрч гэмтсэн учир шинээр солих шаардлагатай байна.

Уг тээврийн хэрэгслийн аралд ямар нэгэн хэв гажилт үүссэн эсэхийг энгийн нүдээр хараад тодорхойлох боломжгүй учир техникийн хяналтын төвд оношлогоонд оруулах.

Шинжилгээнд хүргүүлсэн “Toyota Axio” загварын 0000 БӨҮ улсын дугаартай цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгслийн бүхээг нь бүтэн замасктай байсан байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 240-241 дүгээр тал/,

- Шинжээч Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн хяналтын мэргэжилтэн, Улсын байцаагч Б.Ж ийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №01 дугаартай “... ”Faw” загварын СА1145 загварын, 2002 онд үйлдвэрлэсэн 0000 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн байдлыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 11:20 цагийн орчим Баян-Өлгий аймгийн Толбо сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр Өлгий-Хашаат чиглэлийн хар зам дээр замын хажууд зогсож байхад нь шалгаж үзлээ. Уг тээврийн хэрэгсэл нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймагт техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна. 

1. Шинжилгээнд хүргүүлсэн “Faw” загварын 0000 ХОҮ улсын дугаартай хөх өнгийн ачааны тээврийн хэрэгсэлд эвдрэл, гэмтэл үүссэн байна.

2. Шинжилгээнд хүргүүлсэн “Faw” загварын 0000 ХОҮ улсын дугаартай хөх өнгийн ачааны тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл, гэмтэл нь “Toyota Axio” загварын 0000 БӨҮ улсын дугаартай суудлын тээврийн хэрэгсэл хойноос нь мөргөсний улмаас үүссэн байна.

3. Шинжилгээнд хүргүүлсэн “Faw" загварын 0000 ХОҮ улсын дугаартай хөх өнгийн ачааны тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл, гэмтэл нь тухайн ослын үед үүссэн байна.

Ослын улмаас уг тээврийн хэрэгслийн дараах эд ангиуд эвдэрч гэмтсэн байна.

Үүнд: -зүүн талын хойд гэрэл,

-зүүн хажуугийн оврын шар гэрэл 2 ш.

-зүүн талын хойд дугуй хоёр хэсэг газраар 10-15 см орчим зүсэгдэж, хагарсан байна.

Дээрх эвдэрч гэмтсэн хойд гэрэл 1 ком, хажуугийн шар гэрэл 25 ш, дугуй 1 ш-ийг шинээр солих.

4. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 250, 2 дугаар хавтасны 1 дүгээр тал/,

- Шинжээч Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч А.М ийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаартай “1. “Toyota Axio” загварын 0000 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х овогтой Л  /БЮ65******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн доорх зүйл заалтыг зөрчсөн байна.

1.1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан жолооч аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчиж зогсоох арга хэмжээ аваагүй байна.

1.2. Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан жолооч аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон байна.

2. Шинжилгээ хийх явцад шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй болно” гэх дүгнэлт /2 дугаар хавтасны 12 дугаар тал/,

- Яллагдагч Х.Л н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 30-ны орой 18 цагийн орчим эхнэр хүүхдүүд болон ач нарын хамт Өлгий сумын төвөөс Толбо сум руу өөрийнхөө эзэмшлийн 00-00 БӨҮ улсын дугаартай “Toyota Axio” загварын цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгслийг жолоодож явж байтал Толбо сум руу дөхөх үед хэд хэдэн машинтай зөрсөн бөгөөд сүүлийн хоёр машин хоёулаа гэрэл шилжүүлэхгүй байхаар нь би ч гэсэн гэрлээ анивчуулаад дохисон боловч тэд нар ерөөсөө гэрэл шилжүүлэхгүй байсан. Тэр хоёр машины сүүлийн машинтай зөрөх үед миний машины урдуур замсал дам дээр чулуунд ирчихсэн байснаа харсан бөгөөд чулуунаас бултах гээд машиныхаа жолоог зүүн тийш дарсан боловч амжиж чадахгүй чулууг дайраад улмаар замын хажууд байсан машиныг мөргөсөн. Дараа нь юу болсныг мэдэхгүй. Нэг мэдэхэд эхнэр маань юм ярьж байсан. Ийм л юм болсон” гэх мэдүүлэг” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 63-64 дүгээр тал, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

- Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн БӨА-22-011 дугаартай “FAW загварын 00-00 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдэрч гэмтсэн эд ангид үнэлгээ хийхэд нийт 680.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон тухай дүгнэлт /2 дугаар хавтасны 43-47 дугаар тал/,

- Х.Л д холбогдох эрүүгийн 2213000000030 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн ослын гурвалжин тэмдгийн хагархай гэх 22 ширхэг хэлтэрхийнүүд, хэргийн газрын үзлэгийн бичлэг СД 1 ширхэг зэрэг бичгийн болон бичмэл бус нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тухайн цаг хугацаанд шүүгдэгч Х.Л гийн жолоодож явсан 00-00 БӨҮ улсын дугаартай “Toyota axio” загварын тээврийн хэрэгсэлд хохирогч М.Х , хүүхдүүд болох К , И , ач нар болох Н , А  нар зорчин явсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч томилж дүгнэлт гаргуулахад хохирогч М.Х гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба нэр бүхий хүүхдүүдийн эрүүл мэндэд хохирол учраагүй, гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь тогтоогдсон, мөн шүүгдэгч Х.Л гийн биенээс цусны дээж авч шинжээч томилж дүгнэлт гаргуулахад 0,3 хувийн этилийн спирт илэрсэн боловч Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаартай хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5 дахь хэсэгт зааснаар спиртийн агууламж 0,5 промиль хувьд хүрээгүй тул шүүгдэгч Х.Л г тухайн цаг хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэхгүй.  

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авч, шинжээчийн дүгнэлт гаргуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

1.2. Хууль зүйн дүгнэлт.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Х.Л  нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны орой 19 цагийн үед Баян-Өлгий аймгийн Толбо сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр, Өлгий-Хашаат чиглэлийн орон нутгийн засмал замаар 00-00 БӨҮ улсын дугаартай “Toyota axio” загварын цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтад заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас засмал замын хажуу хөвөөнд зогсож байсан “РАW” загварын 00-00 ХОҮ улсын дугаартай, хөх өнгийн ачааны тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн М.Х гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэн Т.М ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм. Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “захиргааны хэм хэмжээний акт” нь замын хөдөлгөөний дүрэм мөн болох нь дараах байдлаар нотлогдож байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, 4.2 дахь хэсэгт “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж заасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 239 дугаартай “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох бөгөөд шүүгдэгч Х.Л  нь автотээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй байна.

Шүүгдэгч Х.Л  нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлдээ санаатай, идэвхтэй үйлдлээр хандсан байх бөгөөд харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Т.М ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Л гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдэл, хохирогч Т.М ийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн обьектив, субьектив шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос шүүгдэгч Х.Л д холбогдуулан  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирчээ.

Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Л г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Х.Л гийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдал шууд нөлөөлсөн байна.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Х.Л  замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасны улмаас иргэн М.Х гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэн Т.М ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч томилж, гэмтлийн зэрэг тогтоосон тухай дүгнэлтээр тогтоогджээ.

2.1. Хохирогч М.Х  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гэмт хэргийн хор уршигт ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухай” мэдүүлсэн байна /1 дүгээр хавтасны 124 дүгээр тал/.

2.2. Хохирогч Т.М ээс мөрдөн шалгах ажиллагаанд “...Миний эмчилгээнд одоогоор 1.448.780 төгрөгийн зардал гарсан байгаа. Цаашид энэ мөнгөнд эмчилгээ, эм тарианы мөнгө нэмэгдэх байх. Эмч нарын хэлж байгаагаар хоёр гурван жилийн дараа дахиж хагалгаанд орж хөлний хадаасыг нь авхуулна гэж байсан.

...энэ хугацаанд би ажил хөдөлмөр хийж чадаагүй. Иймд надад ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй хугацааны хохирлыг гаргуулж өгнө үү” хэмээн мэдүүлж, гэмт хэргийн хор уршигтай холбоотой зарим нотлох баримтуудаа гаргаж өгч, гэмт хэргийн хор уршигт нийт 1.448.780 төгрөг нэхэмжилсэн байна.

Хэргийг прокуророос хянах явцад шүүгдэгч Х.Л  нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэн Т ын Т гийн ХААН банкин дахь 58********** дугаартай дансанд “М ийн төлбөр” гэх утгатай, 1.448.000 төгрөгийг 51********** дугаартай данснаас шилжүүлжээ /2 дугаар хавтасны 120 дугаар тал/.

Хохирогч Т.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэх үед “...хөлний хадаасыг авхуулна, ...хөдөлмөр эрхэлж чадаагүй хугацааны хохирлыг гаргуулах” тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг нотлох баримтуудаа мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.М ийн хөдөлмөр эрхэлж чадаагүй байсан хугацааны хөлсийг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Х.Л гээс цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.  

2.3. Иргэний нэхэмжлэгч Х.М гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд шүүгдэгч Х.Л гийн буруутай үйлдлийн улмаас шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн БӨА-22-011 дугаартай дүгнэлтэд дурдсанаар “FAW загварын 00-00 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдэрч гэмтсэн эд ангид үнэлгээ хийхэд  дугуй /зүүн хойд/-ны үнэ 550.000 төгрөг, гэрэл /зүүн хойд/ 50.000 төгрөг, хажуугийн оврын гэрэл 2 ш /зүүн/ 60.000 төгрөг, эд анги солиход гарах ажлын хөлс 20.000 төгрөг, нийт 680.000 төгрөг”-ийн хор уршиг учирсан болох нь тогтоогдсон ба иргэний нэхэмжлэгч Х.М  680.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Х.Л  төлж өгөхөө сайн дураараа илэрхийлсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Л гээс гэмт хэргийн хор уршигт 680.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Х.М д олгохоор шийдвэрлэв.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Хөхтолгой багаас явахыг хориглох дүгнэлтийг,

Шүүгдэгч Х.Л гээс “хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгөх” хүсэлтийг гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгч Х.Л д эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч Х.Л д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Л  нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. Мөн шүүгдэгч Х.Л  нь хувийн байдлын хувьд 1965 онд төрсөн, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Ерөнхий боловсролын сургуульд төрийн үйлчилгээний ажилтай, тодорхой тооны мал хөрөнгөтэй, энэ хэргийн улмаас эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтасны 159-160 дугаар тал/, хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч Х.Л г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч Т.М т гэмт хэргийн хор уршигт 1.448.000 төгрөг төлсөн байдал, иргэний нэхэмжлэгч Х.М д иргэний нэхэмжлэл 680.000 төгрөгийг төлж өгөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдал, эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгсний үндсэн дээр шүүгдэгч Х.Л д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Л д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Л  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэхээр шийдвэрлэв.

4. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт шүүгдэгч Х.Л нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Л гийн эзэмшлийн Самсунг А10 S загварын гар утсыг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр нь үлдээж, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн ослын гурвалжин тэмдгийн хагархай 22 ширхэг хэлтэрхийнүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэргийн хамт ирүүлсэн хохирогч Т.М ийн рентген зураг 1 ширхэг, хэргийн газрын үзлэгийн бичлэг 1 ширхэг СД-ийг эрүүгийн 2213000000030 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Л д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.Л  г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Л г 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Л д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Л  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Л гээс 680.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Х.М д олгож, шүүгдэгч Х.Л  хохирогч Т.М т 1.448.000 төгрөг төлж өгсөн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.М ийн хөдөлмөр эрхэлж чадаагүй байсан хугацааны хөлсийг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Т.М  шүүгдэгч Х.Л гээс цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Л  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Х.Л гийн эзэмшлийн Самсунг А10 S загварын гар утсыг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр нь үлдээж, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн ослын гурвалжин тэмдгийн хагархай 22 ширхэг хэлтэрхийнүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэргийн хамт ирүүлсэн хохирогч Т.М ийн рентген зураг 1 ширхэг, хэргийн газрын үзлэгийн бичлэг 1 ширхэг СД бичлэгийг эрүүгийн 2213000000030 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.  

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Л д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Л д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ТАЛГАТ