Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 576

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

    Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багт оршин суух, 1967 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар:ОМ67082027, Шаавай овогт Гулжаагийн Долгорын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Долгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Г.Долгор шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1967 онд төрсөн, 50 настай, ам бүл 6. Би 1983 онд 8 дугаар анги төгсөөд Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1983 оны 1 дүгээр сараас 1993 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд илгээлтийн малчин, саальчнаар ажиллаж байсан. Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учраас шүүхэд хандах шаардлагатай болсон юм. Иймд миний 1983 оны 1 дүгээр сараас 1993 оны 10 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Г.Долгор нь Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1983 оны 1 дүгээр сараас 1993 оны 10 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. Увс аймгийн Архивын тасгаас 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргаж ирүүлсэн Гулжаагийн Долгорын Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1983 оны 1 дүгээр сараас 1993 оны 10 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

2. Г.Долгорт Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлээс олгосон нэгдлийн гишүүний үнэмлэх,

3. Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн ерөнхий хорооноос 1990 оны 2 дугаар сарын 20-ны өдөр шагнасан диплом,

4. Г.Долгорын 1990 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн төрөлтийн түүхэд түүний Тариалан сумын нэгдэлд хоньчин гэж бичжээ,

5. Гэрч Д.Мундаажийн шүүхэд өгсөн: “Миний бие 1968 оноос Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн Гурван тээл бригадын зоо техникчээр 1970 он хүртэл ажиллаад улмаар цэргийн албанд явж 1973 онд халагдаж ирээд тус нэгдлийн Бургастай бригадын зоо техникчээр 1975 он хүртэл, 1975 оноос Хархираа бригадад 1983 он хүртэл зоо техникчээр, 1983 оноос 1991 он хүртэл Тарвагатай бригадын даргаар, 1991 оноос 1994 он хүртэл Тарвагатай багийн даргаар тус тус ажилласан юм. Г.Долгор нь 1983 оноос эхлэн 1993 он хүртэл Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн Үйлдвэр бригадад малчнаар ажиллаж байсан юм. Тухайн үед би өөрөө бригадын нийт малчдад мал аж ахуйн зөвлөгөөг өгч ажилладаг байсан, Г.Долгор нь монгол үхэр малладаг байсныг би санаж байна” гэх мэдүүлэг,

6. Гэрч Х.Дүрвээний шүүхэд өгсөн: “Миний бие 1981 оноос Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн Үйлдвэр бригадын малчнаар 1993 оныг дуустал ажиллаж байсан юм. Г.Долгор нь 1983 оноос эхлэн 1993 он хүртэл үхэр малладаг, саальчин байсан юм. Бид нэг нутгат төрж өссөн, малчин хүмүүсийн хувьд нэг нэгнээ сайн таньж мэддэг, нэг нэгдэлд хамт ажиллаж байсан нь үнэн. Түүний нөхөр н.Цэдэнгомбо мөн нэгдлийн малчнаар ажиллаж байсан. Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн даргаар М.Пүрвээ, Б.Палам, Ж.Сэртээ, Т.Пүрвээ, Г.Баазар, Ш.Цэндсүрэн гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

7. Гэрч Д.Мундаажийн Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүнийг ажилд томилсон Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн даргын 1973 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 13 тоот “Ажилд томилох тухай” тушаал,  Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн даргын 1983 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 63 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Тариалан сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1991 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 52 тоот “Багийн дарга томилох тухай” тогтоол, Х.Дүрвээний Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

      Нэхэмжлэгч Г.Долгор нь Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1983 оны 1 дүгээр сараас 1993 оны 10 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас гаргаж ирүүлсэн Г.Долгорын Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1983 оны 1 дүгээр сараас 1993 оны 10 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлээс олгосон нэгдлийн гишүүний үнэмлэх, ажиллаж байхдаа буюу 1990 оны 2 дугаар сарын 20-ны өдөр шагнуулсан диплом, Г.Долгорын 1990 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн төрөлтийн түүхэд түүний Тариалан сумын нэгдэлд хоньчин гэж бичсэн байдал, гэрч Д.Мундааж, Х.Дүрвээн нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

     Иймд нэхэмжлэгч Г.Долгорын Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1983 оны 1 дүгээр сараас 1993 оны 10 дугаар сарыг дуустал 10 жил, 10 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Долгорын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шаавай овогт Гулжаагийн Долгорын Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1983 оны 1 дүгээр сараас 1993 оны 10 дугаар сарыг дуустал 10 /арав/ жил, 10 /арав/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Долгорын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР