Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/32   

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

нарийн бичгийн дарга Т.Е,

улсын яллагч А.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б,

шүүгдэгч Е.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е.Б  т холбогдох эрүүгийн 2213000000041 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Е.Б, 1994 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс Казах, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 01 дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: БВ94******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Е.Б  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үед 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн орой Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт өвөлжиж байсан иргэн Б.Б н гэрээс “Таван нүдэн” нэрийн 2.500.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг хутгыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах “Хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Е.Б ээс мэдүүлэхдээ: Хулгай хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Уг хутгыг бусдад 40.000 төгрөгөөр зарсан гэв.

Хоёр: Эрүүгийн 2213000000041 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Иргэн Б.Б гаас 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 16 цаг 00 минутанд гэмт хэргийн талаар амаар гаргасан гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллагад хүлээн авсан тэмдэглэл, иргэн Ж.Е аас гаргаж өгсөн хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.Б , гэрч О.У , Ж.Е  нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээч “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн БӨА-22-040 дугаартай дүгнэлт, яллагдагч Е.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд, хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Е.Б ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Е.Б  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үед 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн орой Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт өвөлжиж байсан иргэн Б.Б н гэрээс “Таван нүдэн” нэрийн 2.500.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг хутгыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Иргэн Б.Б гаас 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 16 цаг 00 минутанд амаар гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дүгээр тал/,

- Иргэн Ж.Е аас гаргаж өгсөн хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-08 дугаар тал/,

- Хохирогч Б.Б н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Увс аймгийн Өмнөговь сумын 2 дугаар багийн иргэн бөгөөд өвөл Баяннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт өвөлждөг юм.

2021 оны 12 дугаар сарын 03-ны үед Улаанбаатар хотоос манай хамаатнууд болох Д.Г  нь хоёр залуугийн хамт ирсэн. Д.Г  нь өвөл манайхаас ирээд хүнсээ бэлдэж авдаг юм. Тухайн өдрийн орой Д.Г бид нар манай гэрт “Соёрхол” нэртэй 0.7 литрийн архинаас 2 шилийг уугаад сууж байтал манай доод айлын хүн болох н.Булган гэх эмэгтэй Баяннуур сумын 1 дүгээр багийн иргэн Е.Б  нь манайд согтуу ирээд агсам тавиад байна. Та ирээд болиулаад өгөөч хэмээн намайг дуудсан. Тухайн үед би Е.Б тэй утсаар яриад “чи болиоч” хэмээн хэлээд сууж байтал удахгүй Е.Б  манай гэрт өөрөө хүрээд ирсэн юм. Тэгээд бид архи ууж, мөн тавагтай махнаас идээд суусан. Удахгүй Е.Б  нь гэнэт гараад явсан. Би тухайн үед нийлээд халамцуу байсан болохоор сайн анзаараагүй юм. Маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр би хутгаа хайгаад асуутал эхнэр О.У тавагны хажууд байсан хутгыг Е.Б  бариад сууж байсан гэж хэлсэн бөгөөд би Улаанбаатар хотоос ирсэн хүмүүсийг явуулчхаад хутгаа хайхад олдоогүй. Дараа нь би Е.Б ээс удаа дараа асуухад би аваагүй гэж хэлсэн. Би түүнд миний хутгыг буцаагаад өгвөл цагдаагийн байгууллагад хандахгүй гэж хэлэхэд Е.Б  нь би аваагүй гээд байсан учир цагдаагийн байгууллагад хандсан.

...Би уг хутгыг 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос “Таван нүдэн” ХХК-иас 1,900,000 төгрөгөөр худалдан авч байсан.

...Надад одоо гомдол, санал байхгүй болно. Би хулгайд алдагдсан хутгаа буцаан авсан учир ямар нэгэн гомдол санал байхгүй болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-28 дугаар тал/,

- Гэрч О.У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тухайн өдөр гаднаас Баяннуур сумын 1 дүгээр багийн иргэн Е.Б  орж ирсэн ба тэд нартай хамт архи уугаад, хоол идээд сууж байсан. Тэгээд миний нөхөр Б.Б  болон Д.Г , түүний хоёр найз нар нь гадаа гарах үед Е.Б  нь мах идээд сууж байхдаа миний нөхрийн хутгыг гартаа барьж байсан. Тэгээд удалгүй Е.Б  нь манайхаас гараад яваад өгсөн. Маргааш нь Д.Г  болон түүний хоёр найз хот руу буцсаны дараа миний нөхөр хутгаа хайсан боловч хутга нь алга болсон байсан ба би түүнд Е.Б  гэх залуу бариад сууж байсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,

- Гэрч Ж.Е ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын дунд үе хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Би Баяннуур сумаас Өлгий сум руу явах зорилготой сумын төвд зогсож байхад 1 дүгээр багийн Е.Б  надтай уулзаж, та хутга худалдаж авах уу, хутга зарна гэсэн бөгөөд би түүнд хандаж ямар хутга вэ гэхэд хормойноосоо алтан шаргал толгойтой, бор модон иштэй урт хутга гаргаж ирсэн юм. Би тэгээд хэдээр зарах гэж байгаа юм бэ гэхэд 100.000 төгрөгөөр зарна гэсэн. Би Е.Б т уг хутгыг чинь 100.000 төгрөгөөр худалдаж авч чадахгүй. Надад одоо бэлэн байгаа нь 40.000 төгрөг байна гэх үед Е.Б  “за, за та худалдаж аваарай” хэмээн уг хутгыг өгч, надаас 40.000 төгрөг авч явсан. ...уг хутгыг Е.Б  хаанаас авсан талаар хэлээгүй. Би өөрийнх нь хутга гэж бодсон.

...Е.Б ээс 40.000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бэлнээр авсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, тайлбар /хавтаст хэргийн 20, 34-35 дугаар тал/,

- Шинжээч хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн БӨА-22-040 дугаартай “...Таван нүдэн ХХК-ны үйлдвэрлэсэн, алтан шаргал толгойтой, модон иштэй, алтан хээтэй, 2018 оны 08 дугаар сард худалдаж авсан хутга 2021 оны 12 дугаар сарын байдлаар 2.500.000 төгрөгийн үнэлгээтэй байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-45 дугаар тал/, 

- Ялагдагч Е.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баяннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт өдрийн цагаар энэ тэнд явж байгаад хэдэн хундага архи уугаад орой нь гэртээ халамцуу очсон. Дараагаар нь иргэн Б.Б н гэрт очсон, яг хэдэн цагийн үед очсоноо сайн санахгүй байна. Ямар ч байсан орой 20-21 цагийн хооронд байсан байх, тэгээд Б.Б н гэрт очиход тэднийд түүний ах дүү нар нь гэх 2, 3 залуу мах идээд, архи уугаад сууж байхаар нь би тэд нарын хажууд нь очиж суугаад хоол идсэн. Надад архинаас хундагалж өгсөн бөгөөд хэсэг сууж байгаад тэд нар гадаа бие засахаар гараад явангуут нь би Б.Б н хутгыг нь тэд нарт мэдэгдэхгүйгээр гутлынхаа түрийнд хийж аваад шууд гараад явчихсан. Тэд нар намайг хутгыг нь авч гараад явсныг огт мэдээгүй.

... дараа нь хулгайлсан хутгаа хэнд ч харуулахгүйгээр хэд хоног өөртөө, хувцасныхаа халаасанд байлгаж байгаад хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан хэд хоногийн дараагаар Баяннуур сумын иргэн Ж.Е д 40.000 төгрөгөөр худалдчихсан. Би хутгаа Ж.Е д зарахдаа түүнд хулгайлж авсан гэдгээ огт хэлээгүй, одоо гэмшиж байна. Хуулийн ойлголтгүйгээс болж хулгайн хэрэгт холбогдоод байна. Би Ж.Е д 40.000 төгрөгийг нь буцаагаад өгчихсөн болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Е.Б ийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Е.Б  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаагүй байхгүй хэмээн тайлбарласан болно. 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Е.Б  нь иргэн Б.Б н гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Б н “Таван нүдэн” нэрийн 2.500.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг хутгыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан өөрийн эзэмшилдээ авч, уг хөрөнгийг захиран зарцуулах бололцоо бий болгосноор тус гэмт хэрэг төгссөн байна.

Шүүгдэгч Е.Б ийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх, ашиглах эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарна. 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Е.Б ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Е.Б ийн шунахай сэдэлт, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах зорилго нь шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Е.Б ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б д 2.500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хохирогч Б.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “Би хулгайд алдсан хутгаа буцаан авсан учир ямар нэгэн гомдол, санал байхгүй” /хавтаст хэргийн 28 дугаар тал/ хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч Е.Б ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгч Е.Б т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Е.Б , түүний өмгөөлөгч нараас хохирогч Б.Б н хохирлыг бүрэн барагдуулж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн саналд яллагдагч Е.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Е.Б  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 110-111 дүгээр тал/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Е.Б т холбогдох эрүүгийн хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Е.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Е.Б  нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгүүлж байгаагүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Е.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Е.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Е.Б т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Е.Б т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Баяннуур сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх, мод тарих, тариа ногооны газар хагалах ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

4. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт шүүгдэгч Е.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, хувийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдаж, шүүгдэгч Е.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж заасан байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Е ы өгсөн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Е.Б  нь иргэн Б.Б гаас хулгайлж авсан хутгыг 40.000 төгрөгөөр худалдаж, ашиг олсон нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Е.Б ээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 40.000 төгрөгийг ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Е.Б  ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Б т 280 (хоёр зуун ная) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  Е.Б т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 (зургаа) цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Е.Б  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Е.Б т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Баяннуур сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх, мод тарих, тариа ногооны газар хагалах ажил тус тус хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.  Энэ хэрэгт шүүгдэгч Е.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Е.Б ээс гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 40.000 (дөчин мянга) төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт оруулсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Е.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Е.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ТАЛГАТ